Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2020/00562

 

2020 02 13

184/ШШ2020/00562

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б,

 

Хариуцагч: А.Д нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,116,054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн Б.Б, А.Днар нь ХасБанктай 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1570012008 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2016 оны 02 сарын 05-ны өдөр зээлдэгч Б.Бын ХБ дахь дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,473,497.36 төгрөг, зээлийн хүүд 841,544.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,045.33 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1570012008 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1070 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХБ нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1570012008 тоот зээлийн гэрээний 5.1.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 3,526,502.64 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх хүү 2,303,973.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258,578 төгрөг, нийт 6,116,054 төгрөгийг Б.Б, А.Днараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч А.Днь мөнгийн авч хэрэглээгүй гэдэг ч хамтран зээлдэгч болж зээлийн гэрээ байгуулсан тул үндсэн зээлдэгчийн адил эрх үүрэгтэй тул гэрээний үүрэг шаардсан шаардлагаас татгалзахгүй, 2 хариуцагчаас хоёулангаас нэхэж байгаа, үнийн дүнг хувьлах боломжгүй. Хариуцагч Б.Бын хариу тайлбар үндэслэлтэй байна, манайх буруу тооцсон байна, нийт 6,038,361.64 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Хас банкны нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 3,526,502.64 төгрөг, зээлийн хүү 2,226,281 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258,578 төгрөг, нийт 6,038,361.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Банк зээлийн хүүг буруу тооцсон байна гэжээ.

 

Хариуцагч А.Дшүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Миний бие 2013-2018 онд Б.Бтай нэг компанид хамт ажилладаг байсан. Б.Б нь Хас банкны 100 айл салбараас цалингийн зээл авахдаа Даваа найз нь цалингийн зээл авах гэж байгаа, манай аав иргэний үнэмлэхээ гэртээ орхисон, өөрөө хол явж байна гэнээ, найз нь өнөөдөр зээлээ авчихвал болох гээд байна, чи хүрч ирээд найздаа туслаад гарын үсгээ зураад өгчих гэж утсаар ярьсан. Тухайн үед Б.Быг зээлээ төлөхгүй ингэнэ гэж бодоогүй. Мөн тухайн зээлээс нэг ч төгрөг аваагүй гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч Б.Б, А.Днарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг болох 6,116,054 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, энэ талаар талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хуульд заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь зээлийн гэрээ байгуулах үед зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд буюу банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдох ба зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч тал нь гэрээ болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу 5,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгчид буюу хариуцагч тал нь хуульд заасан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй тул гүйцэтгээгүй зээлийн үүргийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь ...зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарь, Б.Бын дансны хуулга, зээлдэгчийн зээл төлөлтийн хуулга зэрэг баримтаар зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар нь хугацаандаа биелүүлээгүй, улмаар энэ нь гэрээ цуцлах үндэслэл гэж тайлбарладаг ба талуудын хоорон байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сард дууссан.

Тодруулбал зээлийн гэрээний 1.11-т Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг гэж, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж тус тус тооцогдох бөгөөд заасан хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гэж тооцогдоно. Ийнхүү хэсэгчилсэн үүргийг зөрчсөн нь гэрээний 4.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлд хамаарна, 5.1.1-т ...Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол Банк санаачлан гэрээг цуцална гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч ХБ ХХК-иас дангаар санаачлан зээлийн гэрээг цуцалж байгаа нь хуулийн үндэслэлтэй байна.

 

Нэгэнт зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас цуцалж байгаа тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа тул зээлдэгч зээлээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. Нэхэмжлэгч талын зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь гэрээнд заасны дагуу, хуульд заасан шаардах эрхийн хүрээнд байх ба тухайн шаардлага нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар, зээл, түүний хүүгийн тооцоолол, зээлдэгчийн дансны хуулга, зээлийн хуваарь зэргээр нотлогддог. Хариуцагч Б.Б нь зээлийн үүргийг буюу үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрдөг бөгөөд үндсэн хүүгийн тооцооллыг эс зөвшөөрч ...2,303,973.32 төгрөгийн зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 2 сарын 4-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулсан. 1 жилийн 21.6% хүүтэй, хоногоор тооцвол 1 хо 21.6 : 365 хо = 0.059% хүү болно. Нэхэмжлэлд дурдсан 1070 хо хүүгээр тооцвол 1070х0.059%=63.13%, төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 3,526,502.64 төгрөгийн 63.13% хүү нь 2,226,281 төгрөг байна гэх тайлбар, тооцоо гаргасныг нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч Манайх зээлийн хүүг буруу тооцсон байна гэж мэдүүлдэг тул нэхэмжлэлийн шаардлагын илүү тооцсон хүүг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал нь үндсэн зээлдэгч Б.Баас гадна хамтран зээлдэгч А.Доос зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа нь зээлийн гэрээний 3.1.6-д Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэнээс ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй, 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасантай нийцэх тул хамтран зээлдэгч А.Днь мөн зээлийн үүргийг үндсэн зээлдэгчийн адил хариуцах учиртай.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Б, А.Днараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,526,502.64, хүү 2,226,281 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285,578 төгрөг, нийт 6,038,361.64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХБ ХХК-д олгон, үлдэх хэсэг 77,692.36 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Бад 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн, тэрээр холбогдох баримтад гарын үсэг зурсан, хариуцагч А.Дид шүүх хуралдааны товыг мөн хуульд заасны дагуу утсаар мэдэгдсэн бөгөөд хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааныг товыг лавлах үүрэгтэй. Тус шүүх хуралдаанд хариуцагч нараас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй талаарх хүсэлтийг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Б.Б, А.Днарын эзгүйд иргэний хэргийг хэлэлцсэнийг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б, А.Днараас 6,038,361.64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77,692.36 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 111,564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ