Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1092

 

 

 

 

 

 

 

 

 

“Р ” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00667 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Р ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б  холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардал 8 448 451 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Аюушжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Р  хотхон болон Тайм скүэр хотхонд “Р ” СӨХ үйл ажиллагаа явуулж байгаа. Хариуцагч нь СӨХ-ны төлбөрөө төлөөгүй, үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглаж байна. Хариуцагчаас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрийн үлдэгдэл 8 848 451 төгрөг байна.

Ж.Б  нь манай СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж цаашид ажилчдын цалинг тавьж чадахгүй, хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. Иймд хариуцагчаас 8 848 451 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Түлхүүрийг хүлээж авахдаа СӨХ-ны төлбөрийг төлнө гэсэн. “Р ” СӨХ-ийн хурал зарлаагүй, оршин суугчдыг оролцуулаагүй, гэрчилгээг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр авсан, шаардах эрх үүсээгүй, төлбөрийг төлөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3-т зааснаар хариуцагч Ж.Б аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,229,088 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р ” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 219 363 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 34 048 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Ж.Б  нь СӨХ-ны гишүүн тул СӨХ-ны төлбөр төлөх үүрэгтэй.  2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх нийт 8 448 451 төгрөгийн төлбөрөө төлөөгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ 76-р зүйлийн 76.1-т, 76.2-т тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шаардах эрхийг буруу тооцсон. Хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 3-н жилийн хугацааг тооцож 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны шаардлага гаргах эрхээ алдсан, хөөн хэлэлцэх өнгөрсөн байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Р ” СӨХ нь 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 09 дүгээр cap хүртэл cap болгон харилцан адилгүй СӨХ-ны төлбөрийг хариуцагч, Ж.Б аас шаардаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүхээс хөөн хэлэлцэх журмыг буруу тайлбарлан хэрэглэснээс үүдэж нэхэмжлэгч “Р ” СӨХ-ны шаардах эрх зөрчигдсөн байх тул СӨХ-ны төлбөр болох 4 284 000 төгрөгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Р ” СӨХ, хариуцагч Ж.Б  холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардалд 8 448 451 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгждэг.

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Р -1 301-320, ТХ201-218, Р  2 404-407, Тайм скүэр 501-511, Цэцээ гүн хотхон 101/104, Т/Х-1-7 байруудыг хамруулан “Р ” СӨХ-г бүртгэж 1 жилийн хугацаатай 18/63 тоот гэрчилгээг олгожээ. Улмаар уг гэрчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай сунгасан байна. /хх 5/

 

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хоорооны засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ж.Б  нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Тайм скүэр” хотхоны 504 тоот байрны 901 тоотод 5 ам бүлийн хамт оршин суудаг болохыг тодорхойлсон байна. /хх 24/

 

Иймд Ж.Б  нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар “Р ” СӨХ-ны гишүүн тул мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй юм.

 

Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх гишүүний зардлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна”, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасны дагуу тогтоосон байх учиртай.

 

“Тайм скүэр” хотхоны бүх гишүүдийн ээлжит хурлын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоолоор СӨХ-ны гишүүний иру 45 айл өрх буюу 56.7 хувиар тооцож, хурлаар СӨХ-ны зардлыг тохирсон гэж тодорхойлжээ. “Тайм скүэр” хотхоны СӨХ нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс Тайм скүэр 501-511 байруудыг хамруулан “Р ” СӨХ нэртэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

 

Улмаар “Р ” СӨХ нь гишүүдийн хурал зарлаагүй, оршин суугчын хуралд оролцуулаагүй гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нь эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан Р  СӨХ-ны “Тайм скүэр” хотхоны бүх гишүүдийн ээлжит 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01, 02 тоот тогтоолууд нь бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд үндэслэнэ гэх боловч уг тэмдэглэлийг баримтаар гарган өгөөгүй тул уг хурлын хүчин төгөлдөр байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг няцааж чадаагүй гэж дүгнэнэ. Иймд нэхэмжлэгчийн 28 сарын СӨХ-ын төлбөр болох 4 284 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж гомдлыг хангах боломжгүй.

 

Анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сараас 9 сар хүртэлх хугацааны төлбөрт 1 229 088 төгрөгийг хэрхэн тооцож сарын төлөлтийг 157 251 төгрөгөөс 157 406 төгрөгийн хооронд тодорхойлсон үндэслэл тодорхой бус болжээ. Гэвч анхан шатны шүүх хариуцагчаас СӨХ-ны төлбөрт 1 229 088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Р ” СӨХ-нд олгож шийдвэрлэсэн шийдвэрт Ж.Б  давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, мөн 1 229 088 төгрөгийн хэмжээнд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

Иймд хөөн хэлэлцэх хугацааг буруу тодорхойлсон гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00667 дугаар хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА