Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2020/00667

 


 

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2020/00667

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооөөрийн байранд байр, Р СӨХ  /РД:9895043/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тоотод оршин суух, Б  /РД:ШГ71093011/-д холбогдох

 

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 8.448.451 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагчийн өмгөөлөгч А, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүүгэр хороонд байрлах хотхон СӨХ-ны үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ юм. Хариуцагч СӨХ-ны төлбөрөө төлөөгүй боловч үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглаж байгаа, хариуцагч 8,848,451 төгрөгийн СӨХ-ны төлбөрийн үлдэгдэлтэй байна. Ж.Б  нь манай СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж цаашид ажилчдын цалинг тавьж чадахгүй гэх мэт СӨХ-ны хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 8,848,451 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Түлхүүрийг хүлээж авахдаа СӨХ-ны төлбөрийг төлнө гэсэн. Орцондоо ганцаараа амьдардаг байсан. Р СӨХ  зөвхөн хотхонд үйл ажиллагаа явуулж байгаад бусад барилга руу давуу эрхээр орж энэ холбоог байгуулсан. Шаардах эрх нь үүсээгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. 2019.03.26-нд гэрчилгээ авсанаар шаардах эрхтэй, үйл ажиллагаа явуулах болсон. СӨХ-ны төлбөр маш өндөр, СӨХ-ны хурал нь албан ёсны бус шударга биш. Мөн СӨХ-ны үйл ажиллагаа болон зөвшөөрөл аваагүй. Зөвшөөрлөө 2019.03.26-ны өдөр авсан. Т хотхоны СӨХ-ны эрхийг аваагүй. СӨХ-ны төлбөрийг Б  төлнө, гэвч нэхэмжлэгч талаас маш өндөр төлбөр шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Р СӨХ -ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Р СӨХ  нь 2016.01.20-ны өдрөөс эхлэн 2019.10.03-ны өдөр хүртэлх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 8.448.451 төгрөгийг Ж.Б аас гаргуулахыг хүссэн, хариуцагч хариу тайлбартаа СӨХ-ны дундаж тариф 50-60,000 төгрөгөөр тооцоолж дээрх хугацааны төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул Р СӨХ  шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3. дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилготой байна.

Р СӨХ -г бүртгэж 2018.03.26-ны өдөр олгогдсон 18/63 дугаар гэрчилгээ, СӨХ-ны дүрэм, Р хотхоны бүх гишүүдийн ээлжит хурлын 2013.10.13-ны өдрийн № 02 тогтоол, 2019.04.23-ны өдрийн УЗ-ийн хурлын 01 тогтоол, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар тус холбоо байгуулагдсан байна.

 

Хариуцагч Ж.Б  нь 2016.01.20-ны өдрөөс эхлэн 2019.10.03-ныг хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй шалтгаанаа Р СӨХ -ны тогтоосон үнэ тарифыг зөвшөөрөөгүй, сарын төлбөрийн хэмжээ хэт өндөр гэж тайлбарладаг боловч энэ талаар холбогдох газарт хандаагүй байна.

 

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө.

 

Талуудын тайлбар, харилцагчийн гүйлгээнээс үзэхэд хариуцагч Ж.Б  2016.01.20-ны өдрөөс эхлэн 2019.10.03-ныг хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ 4 жилийн турш биелүүлээгүй байхад Р СӨХ  нь 2019.07.25-нд бичгээр шаардлага хүргүүлсэн, 2019.10.07-нд шүүхэд хандсан байна.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заажээ.

 

Иймд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул өмнөх хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрхгүй, харин 2019.02.18-ны өдрөөс хойшхи төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзээд 2019 оны 2 сараас 9 сарын төлбөл зохих төлбөрийг харилцагчийн гүйлгээг үндэслэн /157,406+156,086+156,251+155,895+150,615+150,285+150,285+152,265/ нийтдээ 1,229,088 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Р СӨХ -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3-т зааснаар хариуцагч Ж.Б аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,229,088 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р СӨХ -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,219,363 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 34,048 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ