Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 0076

 

 

 

 

 

 

 

 

                                   А.Гад холбогдох эрүүгийн хэргийн

тухай

 

                                             

          Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                   Прокурор                                               Л.Э

                   Шүүгдэгч                                                А.Г

                   Нарийн бичгийн дарга                      Э.Булгантамир нарыг оролцуулан

 

                   Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч А.Гад холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   С овогт А-н Г,

А.Г нь 2022 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үргэлжилсэн үйлдлээр        аймгийн        сумын       багийн    дугаар байрны зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Ч.Ш-н      улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн баруун талын 1 ширхэг толь, иргэн Д.Э-н         улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толь, иргэн Г.Б-н          улсын дугаартай Соната-7 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толь зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 450.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: А.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

            Шүүгдэгч С овогт А-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-н Г-г дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гын цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон шүүгдэгч А.Гын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Гаас 160.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч-н Ш, 125.000 төгрөгийг гаргуулан хохирогч Гончигийн Б-д тус тус олгож,

 

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Э эсэргүүцэлдээ: 

 

“... Анхан шатны шүүх А.Гад оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний цагдан хоригдсон 40 хоногийг хэрхэн тооцож, эдлэх ялаас хасч, үлдсэн хэдэн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхийг тодорхой, ойлгомжтой зааж өгөөгүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байх тул хуулийн шаардлагад нийцүүлэн шүүгдэгч А.Гад оногдуулсан ялыг тодорхой болгох нь зүйтэй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Г тайлбартаа: “...Гаргах тайлбар байхгүй“ гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна ... Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Г нь 2022 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ           аймгийн     сумын        багийн     дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Ч.Ш-н эзэмшлийн    улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашины баруун талын 1 ширхэг толийг, иргэн Д.Э-н эзэмшлийн    улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашины зүүн талын 1 ширхэг толийг, иргэн Г.Б-н эзэмшлийн    улсын дугаартай Соната-7 загварын автомашины зүүн талын 1 ширхэг толийг тус тус үргэлжилсэн үйлдлээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч дээрх нэр бүхий иргэдэд 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Г.Б-н “...зогсоол дээр өөрийн     улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орсон ... маргааш нь гэрээсээ гараад эхнэрээ ажилд нь хүргэж өгөх гээд машиндаа суугаад хөдлөх гэж байгаад жолооч талын толь руу хартал машины минь толь байхгүй байсан, энэ үед би машинтайгаа хөдөлж яваад эхнэрээ ажилд нь хүргэж өгчихөөд задаргааны газруудаар явж байгаад 140.000 төгрөгөөр нэг толь худалдаж аваад солиулсан. Тухайн өдөр би хөдөө явчихаад орой ирсэн чинь манай эхнэр толь хулгайлсан хүнийг олсон байна гэж хэлсэн...тольны хайлшин суурийг хугалчихсан, утаснуудыг нь тасалчихсан болохоор дахин ашиглах боломжгүй ...” гэсэн мэдүүлэг,

хохирогч Ч.Ш-н “...гадна ил зогсоолд өөрийн      улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орсон. Маргааш нь өглөө нь гэрээсээ гараад машин дээрээ очтол машины баруун талын толь байхгүй байсан ба хугалаад авч явсан байсан ...” гэсэн мэдүүлэг,

хохирогч Д.Э-н “... зогсоол дээр өөрийн эзэмшлийн       улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орсон ... өглөө 06 цагийн үед босоод ажилдаа явах гээд машин дээрээ очиход миний машины зүүн талын толь нь байхгүй байсан, суурь хэсгээрээ хугарсан байдалтай байсан ...” гэсэн мэдүүлэг,

 “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1219,  2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1022, 1027 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангууд, шүүгдэгч А.Гаас 2 ширхэг толь хураан авсан тэмдэглэл, түүний яллагдагчаар өгсөн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Гын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Гыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхдээ түүний цагдан хоригдсон хоногийг хэрхэн тооцож эдлэх ялаас нь хасч тооцохыг шийтгэх тогтоолдоо тодорхой заагаагүй, хуулийн холбогдох заалтыг баримтлалгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ...  тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан тул шүүгдэгч А.Гын цагдан хоригдсон 40 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 320 цагийг эдлэх ялаас хасч, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 80 цагийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд прокурор Л.Э-ны “... А.Гад оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний цагдан хоригдсон 40 хоногийг хэрхэн тооцож эдлэх ялаас хасч, үлдсэн хэдэн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхийг тодорхой, ойлгомжтой заагаагүй ... ялын хугацааг тодорхой болгох нь зүйтэй...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Гын цагдан хоригдсон 40 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 320 цагийг эдлэх ялаас хасч, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 80 цагийн хугацаагаар тогтоосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ