Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1120

 

 

 

 

 

 

 

 

 

“Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00818 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б  холбогдох,

 

Түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 28 549 694 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Чагнаа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Туул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н.Б-тай  түрээсийн гэрээ байгуулж 5 дугаар давхрын 648 м.кв талбайг 1м.кв-г 20 000 төгрөгөөр тооцон түрээслэхээр болсон. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр тооцох хугацааг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөр тооцож эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хариуцагч талын түрээсийн талбайн хэмжээг багасгах хүсэлтийг хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд талбай хуваалтын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн ба энэхүү хугацаанд тохиролцсоны дагуу түрээсийн төлбөр тооцоогүй болно.

Манай байгууллагын зүгээс хөндлөнгийн Барилгын зураг төслийн “Уул дөлс” ХХК-аар баталгаат хэмжилт хийлгэхэд 453 м.кв талбайн хэмжээ гарсны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс дээрх бодит хэмжээгээр талбайн түрээс тооцсон. Мөн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээний дагуу эд хөрөнгийг нь битүүмжилсэн.

Хариуцагч нь түрээсийн гэрээний 6.1-д заасан түрээс болон бусад төлбөрийг гэрээний 6.3-т заасан хугацаанд, гэрээний 8.2.3 Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасны дагуу төлөх үүрэгтэй ба үйл ажиллагаа эхэлснээс хойш удаа дараа гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулан 7, 8 дугаар сарын 50 хувийн хөнгөлөлтийг цуцалж, нийт төлөх ёстой үлдэгдэл 41 509 694 төгрөгөөс гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон урьдчилж авсан 12 960 000 төгрөгийг суутгасан.

Иймд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Т-19/071 тоот түрээсийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 28 549 694 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагатай 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Соло Молл худалдааны төвийн 5 дугаар давхарт 648 м.кв талбайн 1 м.кв-г нь 20 000 төгрөгөөр тооцон гулгуурын төв, кафены зориулалтаар түрээслэхээр түрээсийн гэрээг байгуулсан. Улмаар тус талбайд иж бүрэн засвар хийсэн бөгөөд засварын нийт зардал 26 061 575 төгрөг болсон.

Гэтэл түрээсийн талбайн агааржуулалт байхгүй, үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй байсан тул түрээсийн талбайг багасгах хүсэлт гаргаж улмаар 453 м.кв талбай болсон боловч агааржуулалт нь шаардлага хангахгүй байсан. Гэтэл түрээслэгч нь миний эзэмшлийн 108 нэр төрлийн эд зүйлийг битүүмжилж хураасан бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй. Мөн энэ хугацаанд 12 960 000 төгрөгийн барьцаа болгож урьдчилж авсан.

Түрээсийн төлбөр цаг хугацаанд төлөгдөөгүй шалтгаан нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болсон. Барилгад салхивчийн систем буюу агааржуулалтгүй байхгүй учраас барилга дотор маш бүгчим учраас 7, 8, 9 дүгээр сард хүн орж ирээд, гараад явж байсан. Салхивч тавиулах гэж удаа дараа хүсэлт тавихад, одоо тавих гэж хугацаа алдсаар 9 сарын сүүлээр салхивчний систем тавьсан.

Энэ хооронд бид хоёр сарын түрээсийг хий төлж хохирол учирсан. 10 дугаар сарын 01-ний өдөр засварын ажлыг эхэлье гэхэд 10 000 000 төгрөг төлөөд засварын ажил эхэл, манайхыг лацадсан гэсэн тайлбар өгсөн. 20 хоногийн хугацаанд лацдаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон тул лацадсан хоногийн төлбөрийг нэхэмжилнэ гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2019 оны 02 сарын 14-ний өдрийн Т-19/017 тоот түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Н.Б  /РД:ХД85102416/-гаас 10 466 622 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “Д ” ХХК /РД:2724456/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 083 072 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 898 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 252 615 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие “Д” ХХК-тай үйлчилгээний зориулалт бүхий талбай түрээслэх түрээсийн гэрээг байгуулаж 1м.кв талбайг 20 000 төгрөгөөр тооцож 648 м.кв талбайг түрээсэлсэн ба улмаар уг талбайд бүрэн засвар хийсэн. Гэтэл түрээсийн талбайн агааржуулалт байхгүй үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй байсан бөгөөд улмаар маргаан үүссэн. Түрээсийн хугацаанд барьцаад өгсөн мөнгөн хөрөнгийг түрээсийн төлбөрт суутган авсан бөгөөд улмаар түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж миний өмчлөлийн 108 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хураан авсан.

Хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээ хуулийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, түүний үр дагавар 108 төрлийн эд зүйлийн үнэ болох 112 963 274 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тусдаа нэхэмжлэлээ гаргах боломжтой гэж үзэн хүлээж аваагүй нь үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна.

Мөн түүнчлэн талууд түрээсийн гэрээ хийсэн гэдэгт маргаагүй байхад шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь хуулийн шаардлага хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч “Д ” ХХК нь хариуцагч Н.Б  холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд нийт 28 549 694 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Д ” ХХК, Н.Б  нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Д ” ХХК нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, Соло мол худалдааны төвийн 5 дугаар давхар, 501 тоотод байрлах 648 м.кв талбайг 3 жилийн хугацаатай Н.Б  эзэмшүүлж, ашиглуулах, Н.Б  нь 1 м.кв-г 20 000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрийг 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн “Д ” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 11-15/

 

Ж.Б  2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн талбайн хэмжээг багасгах тухай хүсэлтийг “Д ” ХХК-д гаргасан, талууд талбай хэмжээг 453 м.кв болгон багасгаж, гэрээний дагуу уг талбайг гулгуурын зориулалтаар ашиглах, түрээсийн төлбөрийг 2019 оны 05 сараас мөн оны 12 сарыг хүртэл хугацаанд зохих ёсоор бүрэн төлөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч дээрх хугацаанд түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлж чадаагүй болох үндэслэлээ “түрээсийн талбай агааржуулалтгүйгээс үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй байсан, түрээслүүлэгчийн зүгээс 10 дугаар сард 20 хоног талбайг ашиглах боломж олгоогүй, лацадсан” гэх тайлбарыг гаргаж маргасан ба үүнтэй холбоотой “түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 56 209 999 төгрөг, засвар хийсэн зардал 26 061575 төгрөг, мөн 108 эд зүйлийг хураан авсан барааны үнэ 30 691 700 төгрөг, нийт 112 963 274 төгрөг” гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 183/ШЗ2020/04657 дугаар захирамжаар “ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр эсэхийг дүгнэж шийдвэрлэдэг тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, түүнчлэн саатуулан барьцаалсантай холбоотой хохирлын талаарх шаардлагыг тусад нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой” гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж.Б  нь түрээсийн эд зүйлд хийсэн засан сайжруулсантай холбоотой зардал, саатуулан барьсан эд зүйлийн үнэ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь “Д ” ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамаарал бүхий байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэх учиртай.

 

Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохицуулсан гэрээний үүрэгт хамааралтай нарийвчлан зохицуулсан хэм хэмжээний зохицуулалтыг хэрэглэлгүйгээр үүргийн ерөнхий ангийн зохицуулалтыг үндэслэж дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хууль хэрэглээний хувьд буруу болно.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 416 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                       

                             ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

 

                                                                                   Э.ЗОЛЗАЯА