Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00818

 


 

2020 оны 4 сарын 07 өдөр                               Дугаар 183/ШШ2020/00818                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ................оршин байрлах, АХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн тоотод оршин суух, Б д холбогдох,

 

Түрээсийн гэрээний төлбөрт 28 549 694 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........., түүний өмгөөлөгч .............. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.                       

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н.Бтай түрээсийн гэрээ байгуулан .............. талбайг 1м.кв-г 20 000 төгрөгөөр тооцон түрээслэхээр болсон. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр тооцох хугацааг хойшлуулж, 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөр тооцож эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хариуцагч талын түрээсийн талбайн хэмжээг багасгах хүсэлтийг хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд талбай хуваалтын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн ба энэхүү хугацаанд тохиролцсоны дагуу түрээсийн төлбөр тооцоогүй болно. Манай байгууллагын зүгээс хөндлөнгийн Барилгын зураг төслийн “Уул дөлс” ХХК-иар баталгаат хэмжилт хийлгэхэд 453 м.кв талбайн хэмжээ гарсны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 18- ны өдрөөс дээрх бодит хэмжээгээр талбайн түрээс тооцсон. Мөн 2019 оны 12 сарын 10-ны өдөр гэрээний дагуу эд хөрөнгийг нь битүүмжилсэн. Хариуцагч нь түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т заасан түрээс болон бусад төлбөрийг гэрээний 6.3-т заасан хугацаанд, гэрээний 8.2.3, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасны дагуу төлөх үүрэгтэй ба үйл ажиллагаа эхэлснээс хойш удаа дараа гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулан 7, 8 дугаар сарын 50 хувийн хөнгөлөлтийг цуцалж, нийт төлөх ёстой үлдэгдэл 41 509 694 төгрөгнөөс гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон урьдчилж авсан 12 960 000 төгрөгийг суутгасан. Иймд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Т-19/071 тоот түрээсийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 28 549 694 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Б миний бие 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ........худалдааны төвийн 5 дугаар давхарт 648 м.кв талбайн 1 м.кв-г нь 20 000 төгрөгөөр тооцон гулгуурын төв кафены зориулалтаар түрээслэхээр түрээсийн гэрээг байгуулсан. Улмаар тус талбайд иж бүрэн засвар хийсэн бөгөөд засварын нийт зардал 26 061 575  төгрөг болсон. Гэтэл түрээсийн талбайн агааржуулалт байхгүй, үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй байсан тул түрээсийн талбайг багасгах хүсэлт гаргаж улмаар 453 м.кв талбай болсон боловч агааржуулалт нь шаардлага хангахгүй байсан болно. Гэтэл түрээслэгч нь миний эзэмшлийн 108  нэр төрлийн эд зүйлийг битүүмжилж хураасан бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй ба энэ хугацаанд 12 960 000 төгрөгийг барьцаа болгож урьдчилж авсан. Түрээсийн төлбөр цаг хугацаанд төлөгдөөгүй шалтгаан нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болсон. Барилгад салхивчийн систем буюу агааржуулалтгүй байхгүй учраас барилга дотор маш бүгчим учраас 7, 8, 9 дүгээр сард хүн орж ирээд, гараад явж байсан. Салхивч тавьж өгөөч гэж удаа дараа хүсэлт тавихад, одоо тавих гэж байна түрээсийг чинь 50 хувь хөнгөлж байна гээд 9 сарын хорин хэдэнд салхивчний систем тавьсан. Энэ хооронд бид хоёр сарын түрээсийг хий төлөөд хохиролтой байгаа тул төлбөрийг төлөхгүй. 10 дугаар сарын 01-ний өдөр засварын ажлыг эхэлье гэхэд 10 000 000 төгрөг төлөөд засварын ажил эхэл гээд манайхыг лацадсан. 20 хоногийн хугацаанд лацдаж бид нарыг үйл ажиллагаа явуулаагүй мөн лацадсан хоногийн төлбөрийг нэхэж байгаа” гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч Н.Бд холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал 28 549 694 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

   Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

   Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2019 оны 05 сарын                 01-ний өдрөөс 12 сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд хамаарах түрээсийн үлдэгдэл төлбөр, мөн хугацааны ашиглалтын зардалыг тус тус гаргуулах...” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “...түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдэх хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл, талбайд иж бүрэн засвар хийж 26 061 575 төгрөгийн зардал гаргасан гэтэл түрээсийн талбай агааржуулалтгүйгээс үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй байсан.” гэж тус тус тайлбарлаж байна.

 

   Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

   Талуудын хооронд 2019 оны 02 сарын 14-ны өдөр 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, Solo mall худалдааны төвийн 5 дугаар давхарт байрлах 501 тоот 648 м.кв талбайг 1 м.кв-г 20 000 төгрөгөөр тооцож, 1 сарын түрээсийн төлбөр 12 960 000 төгрөг байхаа,  түрээсийн төлбөрийг 2019 оны 05 сарын 01-ны өдрөөс эхлэн тооцохоор тохиролцжээ.

 

   Улмаар түрээслэгч буюу хариуцагч нь 2019 оны 10 сарын 09-ны өдөр түрээсийн талбайг багасгах хүсэлт гаргасны дагуу талбай хэмжээг 453 м.кв болгон багасгаж, талбайн хэмжээг өөрчилсөнтэй холбоотой засварын ажил хийх 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс 11 сарын 17-ны өдрийн хооронд түрээсийн төлбөр тооцохгүйгээр тохиролцжээ. Хариуцагч нь гэрээний дагуу талбайг гулгуурын зориулалтаар ашигласан үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хамаарах ба хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн тул талуудын хэн аль нь гэрээний үүрэг шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар  эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2022 оны 03 сарын 05-ны өдөр дуусах бөгөөд хариуцагч Н.Б нь гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй юм.

 

Зохигчид 2019 оны 05 сараас 12 сарыг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг зохих ёсоор бүрэн төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй ба харин 2019 оны 07, 08 сард агаажуулалтын систем суурьлуулахтай холбоотойгоор түрээсийн төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тохирсон болох нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгчийн тооцооны дэлгэрэнгүй гэх санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн түрээслүүлэгчийн зүгээс 10 сард 20 хоног талбайг ашиглах боломж олгоогүй лацадсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул талбайг ашиглах боломж олгоогүй хугацааны хөлсийг шаардах эрхгүй юм.

 

Мөн 2019 оны 05 сараас 12 сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөр 443 072 төгрөгийг хариуцагчаас шаардаж байх боловч тэрээр шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд 2019 оны 05 сараас 12 сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны гэрээний үүргийн дутуу төлөгдсөн 10 466 622 төгрөгийг хариуцагч Н.Бгаас гаргуулж, нэхэмжлэгч АХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 083 072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 898 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 252 615 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2019 оны 02 сарын 14-ний өдрийн Т-19/017 тоот түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Н.Б /РД:......../-гаас 10 466 622 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч АХХК /РД:......../-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 083 072 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 898 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 252 615 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ