Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 0077

 

  Б.Бд холбогдох эрүүгийн хэргийн

                                                      тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.Э

Шүүгдэгч                                           Б.Б

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Б овогт Б-н Б,

   Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ      аймгийн      сумын     багийн       тоотод Д.Аыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар буюу зүүн цавь, зүүн гуяны дотор хэсэг, хошногоны амсрын дээд хэсгийг асаагуураар түлж, хошного руу нь сэрээ чихэж хошногоны хуниасанд шарх бүхий гэмтэл, нүүр болон биед гар болон хөлөөрөө цохиж тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, шанаа, хацар, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, нүүр хоёр гарын тохой, баруун шанаа, бүсэлхийн хэсэг, хоёр өгзөг, зүүн гуяны гадна хэсэг, баруун гуяны дотор дээд хэсэг, сарвуунд зулгаралт, баруун чихний дэлбээ, хоёр өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Б овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Б-г 5 /тав/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 23 хоногийн хорих ял, уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусд нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 38 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаа хураагдаж ирсэн 2 ширхэг сэрээ, 2 ширхэг хатаасан цусыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Бгээс 362.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д-н А-т олгож, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Г.Э эсэргүүцэлдээ:

 

“... Б.Бгийн цагдан хоригдсон 38 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай гэсэн нь зорчих эрхийг хязгаарлах ялаас хасахаар шийдсэн эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хасахаар тооцсон болох нь тодорхойгүй байна. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг хэзээнээс эхлэн эдлүүлэхийг тогтоолд тодорхой дурдаагүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчид 100.000 төгрөг төлсөн ...” гэв.

 

Прокурор Г.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ хууль зөрчөөгүй. Шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлага хангаагүй. Хорих, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаас хасах эсэхийг тодорхой заагаагүй, уг ялыг хэдий үеэс эхэлж эдлүүлэх талаар заагаагүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             

Давж заалдах шатны шүүх прокурор Г.Э-н эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ       аймгийн        сумын       багийн       тоотод хохирогч Д.Аыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар буюу зүүн цавь, зүүн гуяны дотор хэсэг, хошногоны амсрын дээд хэсгийг асаагуураар түлж, хошного руу нь сэрээ чихэж хошногоны хуниасанд шарх бүхий гэмтэл, нүүр болон биед гар болон хөлөөрөө цохиж тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, шанаа, хацар, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, нүүр, хоёр гарын тохой, баруун шанаа, бүсэлхийн хэсэг, хоёр өгзөг, зүүн гуяны гадна хэсэг, баруун гуяны дотор дээд хэсэг, сарвуунд зулгаралт, баруун чихний дэлбээ, хоёр өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

хохирогч Д.Аын “... Б дэлгүүрээс 0.5 литрийн Соёрхол архи, нэг лаазтай пиво авч бид гурав Б-н гэрт очсон. Ингээд бид гурав үргэлжлүүлээд уугаад байсан бөгөөд би согтоод тасарсан байсан... өглөө би ухаан ороод сэрэхэд Б-н гэрт сэрсэн бөгөөд Б, бас нөгөө ах нь байсан. Би явлаа гэхэд тэр ах нь гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн. Миний бие нил хөндүүр болсон байсан. Би тэд нараас намайг яачихсан юм бэ гэхэд дуугарахгүй байсан ... өмнө нь миний биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

гэрч Х.Б-н “ ... тухайн өдөр найз нь гэх А гэх залуу гаднаас ороод ирэхээр нь нэмж 2 шил архи авсан. Тэгээд бид гурав уусан. Өөр ямр нэгэн хүн байгаагүй. Тэгээд уугаад нилээн халаад байж байхад Б А луу уурлаад чи яахаараа манай найз охиныг уул руу аваачиж машинтай хүчинддэг юм гэсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад зодоон эхэлсэн. Зодолдоод байхаар нь салгах гэсэн чинь намайг Больхүү цохисон. Би манараад ухаан балартаад хэсэг унасан байсан.

... Тэгээд ухаан ортол А-г Б орон дээр цээж хэсгээр нь түшүүлчихсэн хөлөөр нь газар өвдөглүүлчихсэн өмдийг нь тайлсан байсан. Тэгээд би хараад босоод ирсэн чинь Б над руу ахаа баларсан гээд гартаа халбага барьчихсан байсан. Халбаганы үзүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би асуутал би энэ халбаганы бариул үзүүр хэсгийг нь А-н анус руу бөгс рүү хийчихлээ гэсэн. Тухайн үед А нилээн согтсон эсэргүүцэх сөхөөгүй байсан. Тэгээд үүр цайтал манайд А байж байгаад золголттой гэж хэлээд гараад явсан ... анх А-тай уулзахад түүнд ил харагдах гэмтэл, шарх байгаагүй ... Б, А нар ноцолдох үед Б түүний куртикнээс татахад урагдсан. Тэгээд А нь явахдаа куртикээ үлдээсэн байсан бөгөөд түүний куртик бөөлжис болчихсон муухай үнэртэй байсан бөгөөд намайг Б хаячих гэхээр нь би гаргаж хаячихсан юм ... ” гэсэн мэдүүлэг,

Б.Бгийн сэжигтнээр өгсөн “...Б ахын гэрт        багийн Эрин зуун дэлгүүрийн залгаа цэнхэр жижиг хаалгатай гэрт уулзсан ... бид гурваас өөр хүн байгаагүй. Архи ууж байгаад А бид хоёр үл ойлголцоод А-г би нүүр хэсэг рүү зүүн гараараа 2 удаа цохиод тэгээд нэг өргөөд газар шидсэн. Тэгээд тэр өдрөө тэндээ бид гурав унтаж амраад сэрсэн. Өглөө босоод би А-с гэртээ харих юм уу, эсвэл архи уух юм уу гэж асуухад А ууя гээд дэлгүүрээс бид гурав 3-4 шил архи дахиж авч уугаад нилээн орой болсон байсан цагийг нь санахгүй байна. Тэгээд бас согтсон учраас би А-г орон дээр гараад унт гээд хэвтүүлэхээр буцаж унаж ирээд байсан. А газар хөл дээрээ тогтож чадахгүй унаад газар хэвтээд унтсан байхад нь бөгсний нүх рүү нь 2-3 удаа сэрээний ар хэсгийн төмрийг чихсэн. Тэгээд би үүний дараа 2-3 удаа архи татаад тасраад унтсан байсан ... би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... би гуяны доторх хэсгийг асаагуураар түлсэн юм....” гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 144 дугаартай “ ... Д.Аын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, шанаа, хацар, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, нүүр, хоёр гарын тохой, баруун шанаа, бүсэлхийн хэсэг, хоёр өгзөг, зүүн гуяны гадна хэсэг, баруун гуяны дотор дээд хэсэг, сарвуунд зулгаралт, баруун чихний дэлбээ, хоёр өвдгөнд цус хуралт, зүүн цавь, зүүн гуяны дотор хэсэг, хошногоны амсрын дээд хэсэгт шарх, хуниасанд шарх гэмтэл тогтоогдлоо ... дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ... тус бүрдээ ... хөнгөн зэрэгт хамаарна ... ” гэсэн дүгнэлт,

Шинжээч Ч.Б-н “ ... зүүн цавь, зүүн гуяны доторх хэсэг, хошногоны амсрын дээд хэсэгт өндөр хэмний үйлчлэлээр үүсгэгдсэн шарх байжээ ... хүний арьс биеийг гэмтээх хэмжээний халуун зүйлийг ойлгож болно. Тэр нь шингэн зүйл, хий, гал гэх мэт юу ч байж болно...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1303 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн сэрээ дугаар 1 дээр цус илэрсэн ... илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Х.Б, Б.Б гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бгийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүнийг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн түүний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан , нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байх боловч уг ялыг биелүүлээгүй гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх шүүгчийн захирамжаар сольсон хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 23 хоногийн хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан 5 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Харин шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэхдээ түүний цагдан хоригдсон хоногийг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хасах, мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг хэдий үеэс эдлүүлэх талаар тодорхой заагаагүй орхигдуулсан байх тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 38 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 38 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасч, эдэлбэл зохих зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж эдлүүлэхээр тогтсугай” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.УРАНЧИМЭГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               З.ХОСБАЯР

 

                     ШҮҮГЧ                                      С.ЦЭЦЭГМАА