Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0774

 

  “А м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ю.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 671 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А м” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 671 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэ талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “уг хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:                “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангаж өргөдөл гаргаагүй байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь хэсэг “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа хавсаргаагүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд тус тус анхан шатны зураг зүйн шүүлт хийхэд “А м” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасны дагуу дээрх хуулийн хориглосон талбайтай давхцалтай байсан. “А м” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө бүрдэлийн хамт Ашигт малтмалын тухай хуулийн нөхцөл шаардлагад нийцүүлэн хуулийн хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргаж өгөөгүй тул ашигт малтмалын хайгуулын XV-007941 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Кадастрын хэлтсийн УУКСС-д 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бүртгэлтэй байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоохтой холбоотой гомдолоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгч “А м” ХХК нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч  “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө  бүрдэлийн хамт хуульд заасан шаардлагад нийцүүлэн хугацаандаа гаргаж өгөөгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон” гэж маргадаг.

          Анхан шатны шүүх “А м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан  хэрэглэжээ.   Тодруулбал,

         Нэхэмжлэгч “А м” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст /хуучнаар/ хандаж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасантай нийцсэн байна.

          Хариуцагч нь дээрх өргөдлийг хүлээн авсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг явуулах бөгөөд хуулийн 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ”, 26.3.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх”, 26.3.4-т “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх” гэж зааснаар өргөдлийн бүрдэл дутуу байгаа тохиолдолд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариу, хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон талбайтай давхцалтай байгаа тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг 20 хоногийн хугацаанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

Гэвч тухайн үед хуульд заасан хэлбэрээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй, харин тухайн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж 2015 оны 6 дугаар сарын 02-нд давхцлаа арилгах талаар утсаар мэдэгдсэн, нэхэмжлэгчээс ирүүлсэн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 14 тоот албан бичгээр солбицолд өөрчлөлд оруулсаныг бүртгэж шүүлт хийсэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6/8535 тоот албан бичгээр тус компанийг Засгийн Газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны хамгаалалтын энгийн бүстэй давхцалтай байсныг хасч уг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан болохыг мэдэгдсэн, 2016 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэгдээгүй байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талаар хэлэлцэж хуулийн дагуу хянан шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгасан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас, 6/8535 тоот албан бичиг, зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байх ба ийнхүү нэхэмжлэгчид хүлээлт үүсгэсэн боловч зохих журмаар шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг  анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Төрийн захиргааны байгууллага хуульд заасан журмаар өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж нэхэмжлэгчид хүлээлт үүсгэсэн, хуулиар хориглосон талбайтай давхцалтай эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад удаа дараа хандаж байсан зэрэгт дүгнэлт хийвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхгүй, нэхэмжлэгч “А м” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдолд Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хариу өгсөнөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцсоныг буруутгах боломжгүй юм.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

          Анхан шатны шүүх нэхэмжлэгч “А м” ХХК-ийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт гомдол гараагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүйг дурьдах нь зүйтэй. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

              

                          

                                       ШҮҮГЧ                                            Ц.ЦОГТ   

                                       ШҮҮГЧ                                            С.МӨНХЖАРГАЛ 

                                       ШҮҮГЧ                                           О.НОМУУЛИН