Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1146

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00944 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.А-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Х-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт шилжүүлсэн 20 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А  нь өөрийн ах Б.А-ын  хамт 2018 оны 09 дүгээр сард Ш.Х , Ш.Д  нартай хамтарч Япон автомашины сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон.

Уг бизнесийг эхлүүлэхийн тулд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ээж Н.Ц-ийн  өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 5 дугаар байрны 9а тоот, 9б тоот хоёр орон сууцыг Капитрон банкинд 70 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэх зорилгоор 25 000 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ш.Х ын Хаан банкин дахь 5114278983 тоот дансанд шилжүүлсэн.

Ингээд автомашины сэлбэг оруулж ирэх бизнес амжилтгүй болж, хөрөнгө оруулсан 20 000 000 төгрөгийг Ш.Х аас нэхсэн боловч өгөхгүй. Иймд 20 000 000 төгрөгийг Ш.Х аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ш.Х ын төрсөн дүү автомашины сэлбэгийн худалдаа эрхэлдэг. Ш.Д той Б.А  болон түүний ах Б.А  нар хамтран Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэн худалдах, олсон ашгаа хуваахаар 2018 оны 09 дүгээр сард хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, өөрсдийн зүгээс 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байдаг.

Гэвч тохиролцсоны дагуу 50 000 000 төгрөгийг оруулаагүй бөгөөд өөрсдийн ээжийн байрыг барьцаанд тавьж зээл авснаас 30 000 000 төгрөгийг уг хамтын бизнест оруулсан байдаг. Уг 30 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг Ш.Д ид өгч, үлдсэн 25 000 000 төгрөгөөр нь Япон улсаас 4 ширхэг Делика автомашин авч ирүүлэхээр Ш.Х-т шилжүүлсэн ба Ш.Х  нь тэдний даалгаврыг биелүүлж, захиалсан автомашинуудыг худалдан авч задлаж, тэдэнд хүлээлгэн өгсөн.

Үүнээс өөрөөр тэдний хамтын ажилд оролцоогүй. Хөрөнгө оруулаагүй, олсон ашгаас нь хуваан авахаар тохирсон зүйлгүй. Банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байна, мөнгө зээлээч гэхэд нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1 170 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 320 000 төгрөгийг тус тус зээлдүүлж тус болсон. Тэднээс авах авлагатай.

Ш.Д , Б.А , Б.А  нар нь оруулж ирсэн сэлбэгээ анхны тооцоолж байсан үнээрээ худалдан борлуулж чадаагүй зарим сэлбэгүүд нь доголдолтой байснаас ашиг олж чадаагүй гэсэн байдаг. Энэхүү ашиг олж чадаагүй зарим сэлбэгийг худалдан борлуулж чадаагүйд Ш.Х  хамааралгүй. Ш.Д  түүний дүү байгаа нь төлбөрийг хариуцах үндэслэл болохгүй. Иймд тус хэргийн жинхэнэ хариуцагч нь Ш.Х  биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Х аас 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Х аас 257 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгож шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэхдээ талууд хамтран ажиллахаар тохиролцсон боловч амжилтгүй болсон гэж тайлбарласан. Хариуцагч хамтран ажиллахаар тохиролцоогүй гэж маргасан.

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны зүйлийг зөв тодорхойлж, Б.А аас ямар үндэслэлээр Ш.Х-т мөнгөн хөрөнгө шилжсэн, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол гэрээгээр ямар ажил хийгдсэн, хэн, ямар үүрэг хүлээсэн, Ш.Х аас Б.А  мөнгөн хөрөнгө шилжүүлсэн эсэх, шилжүүлсэн бол хасч тооцох эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх байжээ.

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээг тодорхойлж, харилцан тооцогдох эсэхэд дүгнэлт өгөөгүй нь алдаатай болжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00944 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 566 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                                                      

                               ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                   Э.ЗОЛЗАЯА