Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 3926

 

 

 

 

 

 

                       2020        11          10   

         101/ШШ2020/03926

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.А  ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Х -т холбогдох,

 

20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Миний бие Б.А  нь ах Б.А ын хамт 2018 оны 09 сард Ш.Х , Ш.Д  нартай хамтарч Япон сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон. Миний бие энэхүү бизнесээ эхлүүлэхийн тулд 2018 оны 09 сарын 27-ны өдөр ээж Н.Ц гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу 5 дугаар байрны 9а тоот, 96 тоот хоёр орон сууцыг Капитрон банкинд 70 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэх зорилгоор 25 000 000 төгрөгийг 2018 оны 10 сарын 05-ны өдөр Ш.Х ын Хаан банкны 5114278983 дансанд шилжүүлсэн. Ингээд автомашины сэлбэг оруулж ирэх бизнес амжилтгүй болж хөрөнгө оруулсан 20 000 000 төгрөгийг Ш.Х аас нэхэмжилсэн боловч Ш.Х  өгөхгүй хохироож байна. Арга буюу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Ш.Д , Ш.Х  нар залилж мөнгийг минь өгөхгүй байна, гэм бурууг шалгаж хохиролгүй болгож өгөхийг хүссэн өргөдөл гаргасан боловч иргэд хоорондын хэлцэл байна, шүүхэд ханд гээд 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 5/703 дугаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын мэдэгдэх хуудсаар гомдлыг хулээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхэд Ш.Х аас 20 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Б.А , Ш.Х  нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны үндсэн дээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ш.Х  нь хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, түүний дансанд шилжүүлсэн мөнгийг буцаан өгөөгүй байгаа. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд хариуцагч тал энэ бол хамтран ажиллах гэрээ байсан, Ш.Х  нь Япон улсаас автомашин оруулж ирж, үүргээ биелүүлсэн гэсэн тайлбарыг хийж байна. Энэ харилцаанд хөрөнгө оруулагч нь Б.А  байсан, Ш.Х ын данс руу мөнгө шилжүүлсэн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Харин  Ш.Х  нь 20 000 000 төгрөгт Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэх үүрэг хүлээсэн, гэвч хөрөнгө оруулагч Б.А т 20 000 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх автомашины сэлбэгийг хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгсөн талаар ямар нэг нотлох баримт байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 06 сарын 07-ны өдөр шилжүүлсэн 10 000 000 төгрөгнөөс Ш.Д ийн шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг хасаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн 20 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Хариуцагч Ш.Х  нь нэхэмжлэгч Б.А ийн 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ш.Х ын төрсөн дүү, автомашины сэлбэгийн худалдаа эрхэлдэг Ш.Д той нэхэмжлэгч Б.А  болон түүний ах Б.А  нар харилцан тохиролцож Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэн худалдах, олсон ашгаа хуваахаар 2018 оны 09 сард хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, өөрсдийн зүгээс 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. Гэвч тохиролцсоны дагуу 50 000 000 төгрөгийг оруулаагүй бөгөөд өөрсдийн ээжийн байрыг барьцаанд тавьж зээл авснаас 30 000 000 төгрөгийг энэхүү хамтын бизнестээ оруулсан байдаг. Энэхүү 30 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг Ш.Д ид өгч, үлдсэн 25 000 000 төгрөгөөр нь Япон улсаас 4 ширхэг Делика автомашин авч ирүүлэхээр Ш.Д ийн ах Ш.Х т шилжүүлсний дагуу хариуцагч Ш.Х  нь тэдний даалгаврыг биелүүлж, захиалсан автомашинуудыг нь худалдан авч задлан оруулж ирэн тэдэнд хүлээлгэн өгсөн. Үүнээс өөрөөр тэдний хамтын ажилд оролцоогүй. Хөрөнгө оруулаагүй, олсон ашгаас нь хуваан авахаар тохирсон зүйлгүй. Харин ч банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байна, мөнгө зээлээч гэхээр нь 2019 оны 06 сарын 27-нд 1 170 000 төгрөг, 2019 оны 05 сарын 10-нд 10 000 000 төгрөг, 2019 оны 02 сарын 11-нд 320 000 төгрөгийг тус тус зээлдүүлж тус болсон, тэднээс авах авлагатай юм. Мөнгө өгч, авч байсан, зээлэв гэсэн мөнгийг тооцоогүй нэхээд байгаа. Ш.Д , Б.А , Б.А  нар нь оруулж ирсэн сэлбэгээ анхны тооцоолж байсан үнээрээ худалдан борлуулж чадаагүй зарим сэлбэгүүд нь доголдолтой байснаас ашиг олж чадаагүй гэсэн байдаг. Энэхүү ашиг олж чадаагүй нь сэлбэгийг оруулж ирсэн, тэдэнд хүлээлгэн өгсөн Ш.Х т хамаагүй юм. Ш.Д  түүний дүү гэдэг нь төлбөрийг хариуцах үндэслэл болохгүй. Тус хэргийн жинхэнэ хариуцагч нь Ш.Х  биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээ байна. Хамтран ажиллах гэрээгээр Ш.Х  нь ямар үүрэг хүлээсэн бэ гэдгийг шүүх хуралдааны явцад дэлгэрэнгүй дурдсан. Хариуцагч Ш.Х  нь хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, үүргээ биелүүлсэн. Гэрээн дээр автомашиныг оруулж ирээд хэнд хүлээлгэж өгөх талаар байгаагүй. Б.А  нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг болон шүүхэд гэрчээр асуусан тэмдэглэл дээр тодорхой ярьсан байдаг. Иргэний хуульд хамтран ажиллах гэрээ байгуулсан талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэсэн заалт байдаг. Хураамжийг яаж төлж болдог вэ гэхээр мөнгөөр эсхүл хөрөнгөөр түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж байдаг. Талууд нь хамтран ажиллах гэрээ байгуулаад Ш.Х ын хувьд үйлчилгээ үзүүлж Япон улсаас Делика маркийн автомашиныг оруулж, ирж үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хураамжийг төлсөн гэж ойлгож болно. Үүнээс үүсэх хариуцлагыг эн тэнцүү хэлбэрээр хариуцах талаар хуульчилсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн үндсэн дээр хариуцагч Ш.Х  нь өөрт оногдсон үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Ш.Х т холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь хууль зөрчөөгүй, түүнд олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрх олгогдсон байна.

 

Хариуцагч Ш.Х  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

             Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрийн ах Б.А ын хамт 2018 оны 09 сард Ш.Х , Ш.Д  нартай хамтарч Япон сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсоны дагуу хариуцагч Ш.Х т 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч бизнес амжилтгүй болсон тул хариуцагчийн шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг буцаан авахаар шаардсан гэж тайлбарлаж байна.

 

             Нэхэмжлэгч Б.А  нь 2018 оны 10 сарын 05-ны өдөр нийт 25 000 000 төгрөгийг хариуцагч Ш.Х ын данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь дансаар мөнгө авсныг хүлээн зөвшөөрч, мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар маргаагүй.

 

             Хариуцагч Ш.Х  нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.А тай хамтран ажиллахаар тохиролцоогүй, захисан автомашины сэлбэгийг хүлээлгэн өгсөн гэх, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг тус тус гарган мэтгэлцсэн.

 

             Хэргийн үйл баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Ш.Х  нь түүний төрсөн дүү Ш.Д , нэхэмжлэгч Б.А  болон түүний ах Б.А  нар Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэн худалдах, олсон ашгаа хуваахаар харилцан тохиролцсоны дагуу дүү Ш.Д ийн хүсэлтээр нэхэмжлэгч Б.А аас шилжүүлсэн 25 000 000 төгрөгөөр Япон улсаас 4 ширхэг Делика автомашиныг задлан оруулж ирэн Ш.Д ид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

            Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр зохицуулсан бөгөөд зохигчдын тайлбараар талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна. Хамтран ажиллах гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул талууд гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй.

 

Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй тул хамтын үйл ажиллагааны зорилго, талуудын оролцоо, хураамж, хувь, ашиг, алдагдлыг хуваарилах асуудлаар хэрхэн тохиролцсон талаар нарийвчлан тогтоох боломжгүй байна. Мөн зохигчдын тайлбараар талуудын хамтын үйл ажиллагааны талаарх тохиролцоог нарийвчлан тогтоох боломжгүй байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хамтын үйл ажиллагаатай холбоотой өөрсдийн тайлбарыг баримтаар нотолж чадахгүй байна.

 

Хариуцагч Ш.Х  нь нэхэмжлэгч Б.А ийн ээж Н.Ц гийн данс руу 2019.02.11-ний өдөр 320 000 төгрөг, 2019.04.26-ны өдөр 1 750 000 төгрөг,  2019.05.27-ны өдөр 1 750 000 төгрөг, 2019.06.07-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019.06.27-ны өдөр 1 170 000 төгрөг, нийт 14 990 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь түүний ээж Н.Ц гийн данс руу шилжүүлсэн эдгээр мөнгөн шилжүүлгийг хамтран ажиллах гэрээтэй холбоотой мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй боловч 2019.06.07-ны өдрийн 10 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн 25 000 000 төгрөгөөс хасч тооцон, 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, хариуцагчийн шилжүүлсэн дээр дурдсан бусад мөнгөн шилжүүлгийг хариуцагчаас Н.Ц д зээлсэн мөнгө, Ш.Д  банкнаас авсан зээлийн хүүг төлнө гэсний дагуу түүний ах Ш.Х  мөнгө шилжүүлж байсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилахаар, 478.11-т хамтын үйл ажиллагаанаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцахаар,  478.12-т гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилахаар заасан.

 

Зохигчид хамтын үйл ажиллагааны ашиг, алдагдлыг хуваарилах асуудлаар хэрхэн тохиролцсон талаар нарийвчлан тогтоох боломжгүй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн ээжийн данс руу мөнгө шилжүүлснээр хамтын үйл ажиллагааны ашиг, алдагдлыг хариуцах үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хариуцагч Ш.Х  нь шилжүүлсэн 25 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий автомашины сэлбэгийг хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн гэх, нэхэмжлэгчийн эхнэр Х.Т гийн данс руу 11 281 000 төгрөг, нэхэмжлэгчийн ээж Н.Ц гийн данс руу 14 990 000 төгрөгийг шилжүүлсэн тул төлөх төлбөр байхгүй гэх зөрүүтэй тайлбаруудыг гарган мэтгэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч нь шилжүүлсэн 25 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий автомашины сэлбэгийг хүлээлгэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, уг тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж нэхэмжлэгч Б.А ийн  хамтын үйл ажиллагаанд оруулж шилжүүлсэн 25 000 000 төгрөгөөс хариуцагч Ш.Х ын буцаан шилжүүлсэн 14 990 000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 10 010 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 990 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Х аас 10 010 000 /арван сая арван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 990 000 /дөрвөн сая есөн зуун ерэн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Ш.Х аас нэхэмжлэлийн шаардлагаын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 175 110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Х аас 10 010 000 /арван сая арван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 990 000 /дөрвөн сая есөн зуун ерэн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Ш.Х аас нэхэмжлэлийн шаардлагаын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 175 110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР