Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 01274

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг  даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01045 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д гийн хариуцагч А ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 9 322 720 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ТӨҮГ-ын Төв аймаг дахь авто тээврийн төвийн тасалбар түгээгчээр ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Үүнтэй холбоотой ажлаас халсан шийдвэрт маргаад шүүх тухайн хэргийг шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхээр хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шийдвэрлэгдээд 00198 дугаартай тогтоол гарсан. Б.Д г өмнө ажиллаж байсан тасалбар түгээгчийн орон тоонд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөрийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Үүнийг хариуцагч тал сайн дураар биелүүлээгүй, албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Шийдвэр гүйцэтгэх газарт тус ажиллагаа нь 2 жил орчим үргэлжилсэн. Энэ хугацаанд Б.Д өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан А ТӨҮГ-ын хүний нөөцийн дарга н.Дамбадаваатай нийт 5 удаа, тус албан тушаалд шинээр томилогдсон хүнтэй 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл нийт 3 удаа уулзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн эрхийн актыг иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын албан тушаалтай гадаадын иргэн, хуулийн этгээд хэн боловч заавал биелүүлнэ гэж заасан. Иймээс шүүхийн эрхийн актыг заавал биелүүлээд ажилд нь эгүүлээд томил, буцаад хэрхэн яаж шийдвэрлэх нь та бүхний эрхийн асуудал, тэрийгээ дараа нь шийдвэрлэ гэхэд ажил албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй байна, учир нь шүүхээр маргаан шийдвэрлэгдэж байх үед буюу 2017 онд тэтгэврээ тогтоолгосон байна, манай байгууллага тэтгэврийн насны хүнийг ажилд авахгүй, мөн та манай ажлын шаардлагыг огт хангахгүй компьютер дээр ч ажиллаж чадахгүй гэдгийг тайлбарлаад ажилд эгүүлэн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр зайлсхийж татгалзсан учраас эрх бүхий этгээдүүдэд гомдол саналаа бичгээр гаргасан. Гомдол саналын хариуг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Гомдол гаргасны дараа Авто тээврийн үндэсний төвтэй он гарахаас өмнө буюу он гарсны дараа 2 удаа уулзсан. Энэ үед Б.Д г ажилд томилох боломжгүй учраас 2018 оныг дуустал хугацааны цалинг олгоё, мөн нэг удаагийн тэтгэмжийг 6 сар хүртэл хугацаатай олгож шийдвэрлэнэ, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлнө гэж харилцан тохиролцсон. Хэрэв уг саналыг хүлээж авбал цалинг нь олгоно, харин ажилд эгүүлэн тогтоох боломжгүй та хүсэлт өргөдлөө өг гэж хэлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн хувьд тулган хүлээлгэж байгаа зүйл юм. Нэхэмжлэгч буюу төлбөр авагч Б.Д шүүхээр эгүүлэн тогтоосон албан тушаалд томилогдохгүй гэдгээ 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бичгээр гаргаж өгсөн. Харин цалинг нь 2020 он 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор өгөх юм бол ажил эгүүлэн тогтоолгохгүй гэсэн бичгээ гаргаж өгсөн. Үүнийг нэхэмжлэгч болон хариуцагч тал нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажилгүй байсан хугацааны олговор 13 000 000 төгрөгийг ажил олгогчоос өгсөн. Үүнтэй холбоотой 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргасан. Нэхэмжлэгч Б.Д 2018 оныг дуустал хугацааны цалин гаргуулж авч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр болсон ч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн 2018 оноос хойш хугацааны цалин шийдвэрлэгдээгүй орхисон. Иймд 2018 оноос хойших хугацааны буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны олговорт 9 322 720 төгрөг гаргуулахаар мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр шүүхийн эрхийн актыг биелүүлээгүй учраас биелүүлээгүй хугацааны олговроо шаардаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Д г шүүхээс ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан хэдий ч тухайн хүн нь 2017 оны 04 дүгээр сард тэтгэвэрт гарсан байсан тул тэтгэврийн насны хүнийг ажилд авахгүй гэдгээ илэрхийлсэн. 2020 оны 01 дүгээр сард Авто тээврийн үндэсний төв Б.Дэнсмаад санал тавьсныг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оныг дуустал ажилгүй байсан хугацааны хөлс мөн тэтгэвэрт гарах 6 сарын тэтгэмжийг олгосноор Төв аймгийн автотээврийн төвийн тасалбар түгээгчээр ажил томилуулахгүй гэх хүсэлтээ өөрөө бичгээр өгсөн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор баталгаажуулж гаргасан. Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гэх бичгээ өгсөн хэдий ч манайх тус өдөр өгч амжихгүй байна гэдгээ Б.Д гуайд хэлж холбогдож, ярилцаж байсан. Гэтэл Б.Д гуайн өмгөөлөгч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гээд шаардаад байна, эгч нь хүлээж байя гэж хэлээд эхний ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн. 6 сарын тэтгэмжийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын 2019 он дуусах хүртэлх хугацааны тайланг Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтэст өгсөн байгаа. Авто тээврийн үндэсний төв улсын хэмжээнд коронавирусээс шалтгаалсан нөхцөл байдлаас болоод нийгмийн даатгал дээр өр төлбөртэй байгаа. Санхүү, эдийн засаг тогтворжоод ирэхээр үүнийг төлөөд хэзээ ч бичилт хийхэд боломжтой. Мөн нэхэмжлэлийн шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан нэг жилийн цалин хөлстэй тэнцэх олговор шаардаж байна. Тухайн иргэн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 60 нас хүрсэн үед ажил олгогчийн санаачлагаар тэтгэвэрт гарах ёстой байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 55 настайдаа өөрийн хүсэлтээр 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тэтгэвэр тогтоолгосон байна. Үүнтэй дүйцүүлээд 6 сарын тэтгэмж авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож ажилд эгүүлэн тогтоолгохгүй гэдэг хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн байна. Энэ хүсэл зоригийг ажил олгогч хүлээж аваад ажилгүй байсан хугацааны цалин 13 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулаад тэтгэвэрт гарсан нөхөн олговорт 4 140 000 төгрөг олгосон байна. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах юм уу гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Нэхэмжлэгчийн хүсэл зориг хуулийн хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тухайн ажилтан өөрийнхөө хүсэл зоргийг илэрхийлсэн хүсэлтдээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгож өгнө үү, мөн тэтгэвэрт гарсан тул 6 сарын тэтгэмж олгож өгнө үү гэж хүсэл зоригоо илэрхийлж талууд үүнийг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар хариуцагч А ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9 322 720 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Б.Д г Төв аймгийн Автотээврийн төвд тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоосон дор заасан шүүхийн шийдвэр гарсан боловч түүнийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 1.2-т заасныг зөрчсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01745 дугаартай шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2146 дугаартай магадлалаар, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00198 дугаартай тогтоолоор иргэн Б.Д өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00198 дугаартай тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл, байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлт гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд үндэслэлгүй гэж үзэж, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн 001/ХТ2019/00146 дугаартай тогтоол гарсан нь Нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь түүнийг Төв аймгийн Автотээврийн Төвд тасалбар түгээгчийн ажилд томилоход саад болохгүй, тэрбээр тухайн ажил, албан тушаалыг гүйцэтгэхэд харшлахгүйг илэрхийлж байна. Шүүхийн эрхийн дээрх актаар иргэн Б.Д г ажилд эгүүлэн тогтоосон боловч түүнийг ажилд томилоогүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд тус ажиллагаа нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхэд чиглэж, иргэн Б.Д г ажилд томилуулах зорилготой байсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй боловч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ биелүүлээгүйд иргэн Б.Д гэм буруугүй бөгөөд түүнийг Төв аймгийн Автотээврийн төвд тасалбар түгээгчийн ажилд томилохгүй удаан хугацаа өнгөрсөн, энэ нь ажилгүй байсан хугацааны олговорын хэмжээг өсгөснөөр төрийг их хэмжээний өр төлбөрт оруулж байсан тул шүүхийн эрхийн актаар эгүүлэн тоггоосон ажилд томилуулахаас Төлбөр төлөгчийн саналаар татгалзаж, шийдвэр гүйцэттэх ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болгосон. Энэ нь ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхийг алдагдах үндэслэл болохгүй бөгөөд ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар өдөр хүртэл тооцсон. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2019/00146 дугаартай тогтоолын агуулгаас үзвэл иргэн Б.Д г Төв аймгийн Автотээврийн төвд тасалбар түгээгчийн ажилд томилох боломжтой байсан бөгөөд ажилд томилсон бол энэ хугацаанд цалин, хөлс авах боломжтой байсан боловч ажилд томилоогүй тул энэ хугацааны цалин, хөлс авч чадаагүй. Гэвч иргэн Б.Д г өндөр насны тэтгэвэр тогтоолгосныг түүнийг ажилтай байсан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.2-т “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ойлгохоор тайлбарласан бөгөөд энэ хугацаанд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь иргэн Б.Дэнсмаатай хөдөлмөрийн харилцаа тогтоогоогүй тул тэдгээрийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдагүй, түүнд Төв аймгийн Автотээврийн төвд тасалбар түгээгчийн ажлыг хүлээлгэн өгч, холбогдох тушаал, шийдвэр гараагүй. Иймээс иргэн Б.Д гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-д заасан байнгийн ажлын байранд ажилласан гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг ажилтай байсан гэж үзэх боломжгүй бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарсан нь ажилгүй байсан хугацааны цалинтдй тэнцэх хэмжээний олговор шаардах эрхийг алдагдуулахгүй. Иймд гомдлын шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч А ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 9 322 720 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын Төв аймгийн автотээврийн төвд тасалбар ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/790 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, уг тушаалыг шүүх үндэслэлгүй гэж үзэж, түүнийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тасалбар түгээгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговорт 4 195 220 төгрөг гаргуулж Б.Дэнсмаад олгохоор шийдвэрлэсэн үйл баримт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1745 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2146 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00198 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байна. /хх-17-30/

 

Нэхэмжлэгч Б.Д ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосныг хариуцагч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 00146 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл болохгүй  гэж дүгнэж хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх*29-30/

 

Хариуцагч байгууллага хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилоогүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Уг ажиллагааны явцад “...Төлбөр авагч Б.Дэнсмаа, төлбөр төлөгч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай харилцан тохиролцож ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлж, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин болох 13 551 250 төгрөгийг өгч, өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгодог тэтгэмжийг 6 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгохоор тохиролцон Төв аймгийн “Авто тээврийн төв” ТӨҮГ-т тасалбар түгээгчийн ажилд орохоос татгалзсан” тул түүний энэхүү хүсэлтийг үндэслэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20/02114 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх-8-9, 46, 48-49/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг “ажилд эгүүлэн тогтоолгохгүй гэвэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өгнө гэх хууль бус шаардлага тавьснаас болж  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг бичиж өгсөн” гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь буруу байгааг залруулж, талууд тохиролцсоноор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэлтийг зөвтгөж шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...ажилд томилсон бол энэ хугацаанд цалин, хөлс авах боломжтой байсан боловч ажилд томилоогүй тул энэ хугацааны цалин, хөлс авч чадаагүй. Б.Д г өндөр насны тэтгэвэр тогтоолгосныг түүнийг ажилтай байсан гэж үзэх үндэслэл болохгүй. Ажилтай байсан гэж үзэх боломжгүй бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарсан нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардах эрхийг алдагдуулахгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь шүүх өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардах эрхгүй гэх шүүхийн дүгнэлтийг залруулсан болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 120 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                   

                                                   ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ