Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/01045

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 срын 21 өдөр

                          181/ШШ2020/01045

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Д -н  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: А Ү Т  ТӨҮГ-д холбогдох

 

            Ажилгүй байсан хугацааны цалин 9,322,720 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батмөнх, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбат, өмгөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Дэнсмаа нь Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Төв аймаг дахь авто тээврийн төвийн тасалбар түгээгчээр ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Үүнтэй холбоотой ажлаас халсан шийдвэрт маргаад шүүх тухайн хэргийг шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхээр хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шийдвэрлэгдээд 00198 дугаартай тогтоол гарсан. Б.Дэнсмааг өмнө ажиллаж байсан тасалбар түгээгчийн орон тоонд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөрийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Үүнийг хариуцагч тал сайн дураар биелүүлээгүй, албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Шийдвэр гүйцэтгэх газарт тус ажиллагаа нь 2 жил орчим үргэлжилсэн. Энэ хугацаанд Б.Дэнсмаа өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын хүний нөөцийн дарга н.Дамбадаваатай нийт 5 удаа, тус албан тушаалд шинээр томилогдсон хүнтэй 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 10 сар хүртэл нийт 3 удаа уулзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн эрхийн актыг иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын албан тушаалтай гадаадын иргэн, хуулийн этгээд хэн боловч заавал биелүүлнэ гэж заасан.

Иймээс шүүхийн эрхийн актыг заавал биелүүлээд ажилд нь эгүүлээд томил, буцаад хэрхэн яаж шийдвэрлэх нь та бүхний эрхийн асуудал, тэрийгээ дараа нь шийдвэрлэ гэхэд ажил албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй байна, учир нь шүүхээр маргаан шийдвэрлэгдэж байх үед буюу 2017 онд тэтгэврээ тогтоолгосон байна, манай байгууллага тэтгэврийн насны хүнийг ажилд авахгүй, мөн та манай ажлын шаардлагыг огт хангахгүй компьютер дээр ч ажиллаж чадахгүй гэдгийг тайлбарлаад ажилд эгүүлэн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр зайлсхийж татгалзсан учраас эрх бүхий этгээдүүдэд гомдол саналаа бичгээр гаргасан. Гомдол саналын хариуг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

Гомдол гаргасны дараа Авто тээврийн үндэсний төвтэй он гарахаас өмнө буюу он гарсны дараа 2 удаа уулзсан. Энэ үед Б.Дэнсмааг ажилд томилох боломжгүй учраас 2018 оныг дуустал хугацааны цалинг олгоё, мөн нэг удаагийн тэтгэмжийг 6 сар хүртэл хугацаатай олгож шийдвэрлэнэ, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлнө гэж харилцан тохиролцсон. Хэрэв уг саналыг хүлээж авбал цалинг нь олгоно, харин ажилд эгүүлэн тогтоох боломжгүй та хүсэлт өргөдлөө өг гэж хэлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн хувьд тулган хүлээлгэж байгаа зүйл юм.

Нэхэмжлэгч буюу төлбөр авагч Б.Дэнсмаа шүүхээр эгүүлэн тогтоосон албан тушаалд томилогдохгүй гэдгээ 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бичгээр гаргаж өгсөн. Харин цалинг нь 2020 он 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор өгөх юм бол ажил эгүүлэн тогтоолгохгүй гэсэн бичгээ гаргаж өгсөн. Үүнийг нэхэмжлэгч болон хариуцагч тал нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажилгүй байсан хугацааны олговор 13,000,000 төгрөгийг ажил олгогчоос өгсөн. Үүнтэй холбоотой 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргасан.

Нэхэмжлэгч Б.Дэнсмаа 2018 оныг дуустал хугацааны цалин гаргуулж авч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр болсон ч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн 2018 оноос хойш хугацааны цалин шийдвэрлэгдээгүй орхисон.

Иймд 2018 оноос хойших хугацааны буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны олговорт 9,322,720 төгрөг гаргуулахаар мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр шүүхийн эрхийн актыг биелүүлээгүй учраас биелүүлээгүй хугацааны олговроо шаардаж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Дэнсмааг шүүхээс ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан хэдий ч тухайн хүн нь 2017 оны 04 дүгээр сард тэтгэвэрт гарсан байсан тул тэтгэврийн насны хүнийг ажилд авахгүй гэдгээ илэрхийлсэн. 2020 оны 01 дүгээр сард Авто тээврийн үндэсний төв Б.Дэнсмаад санал тавьсныг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оныг дуустал ажилгүй байсан хугацааны хөлс мөн тэтгэвэрт гарах 6 сарын тэтгэмжийг олгосноор Төв аймгийн автотээврийн төвийн тасалбар түгээгчээр ажил томилуулахгүй гэх хүсэлтээ өөрөө бичгээр өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор баталгаажуулж гаргасан. Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гэх бичгээ өгсөн хэдий ч манайх тус өдөр өгч амжихгүй байна гэдгээ Б.Дэнсмаа гуайд хэлж холбогдож, ярилцаж байсан. Гэтэл Б.Дэнсмаа гуайн өмгөөлөгч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гээд шаардаад байна, эгч нь хүлээж байя гэж хэлээд эхний ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн. 6 сарын тэтгэмжийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн.

Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын 2019 он дуусах хүртэлх хугацааны тайланг Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтэст өгсөн байгаа. Авто тээврийн үндэсний төв улсын хэмжээнд коронавирусээс шалтгаалсан нөхцөл байдлаас болоод нийгмийн даатгал дээр өр төлбөртэй байгаа. Санхүү, эдийн засаг тогтворжоод ирэхээр үүнийг төлөөд хэзээ ч бичилт хийхэд боломжтой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан нэг жилийн цалин хөлстэй тэнцэх олговор шаардаж байна. Тухайн иргэн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 60 нас хүрсэн үед ажил олгогчийн санаачлагаар тэтгэвэрт гарах ёстой байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 55 настайдаа өөрийн хүсэлтээр 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тэтгэвэр тогтоолгосон байна. Үүнтэй дүйцүүлээд 6 сарын тэтгэмж авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож ажилд эгүүлэн тогтоолгохгүй гэдэг хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн байна.

Энэ хүсэл зоригийг ажил олгогч хүлээж аваад ажилгүй байсан хугацааны цалин 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулаад тэтгэвэрт гарсан нөхөн олговорт 4,140,000 төгрөг олгосон байна.

Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах юм уу гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Нэхэмжлэгчийн хүсэл зориг хуулийн хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь тухайн ажилтан өөрийнхөө хүсэл зоргийг илэрхийлсэн хүсэлтдээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгож өгнө үү, мөн тэтгэвэрт гарсан тул 6 сарын тэтгэмж олгож өгнө үү гэж хүсэл зоригоо илэрхийлж талууд үүнийг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Дэнсмаа нь хариуцагч Автотээврийн үндэсний төвд ТӨҮГ-д  холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт  9,322,720 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т нь өндөр насны тэтгэвэрт гарсан тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгох боломжгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1745 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дэнсмааг урьд эрхэлж байсан Төв аймгийн автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож...” гэж шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2146 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 198 дугаар тогтоолоор уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

 

            Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч Автотээврийн үндэсний төв нь  нэхэмжлэгч Б.Дэнсмааг  Төв аймгийн автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй, ба талууд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Б.Дэнсмаад 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин 13,551,250 төгрөг болон өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох 6 сарын тэтгэмжийг нөхөн олговол Төв аймгийн автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажлын байранд томилуулахгүй” гэж тохиролцсон байна.

 

            Хариуцагч нь уг тохиролцооны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 13,551,250 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тэтгэмж 4,140,000 төгрөгийг Б.Дэнсмаад тус тус олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч нь “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд тогтоосон байхад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох үүрэгтэй. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт 9,322,720 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч нь “2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох үндэслэлгүй” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заажээ.

 

            Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаар тогтоолд “Б.Дэнсмаа анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тэтгэвэр тогтоолгосон үйл баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан” гэж дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүх Б.Дэнсмааг Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаар тогтоолд зааснаар 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тэтгэвэр тогтоолгосон гэж үзсэн ба талууд уг үйл баримтад маргаагүй болно.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговортой холбоотой ба нэхэмжлэгч Б.Дэнсмааг ажилгүй байсан гэж үзэх боломжгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардах эрхгүй байна.

 

            Хөдөлмөрийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-д заасан тэтгэвэр авагч ахмад настны хөдөлмөртэй адилтган үзэх боломжгүй, учир нь Б.Дэнсмаа өндөр настны тэтгэвэр тогтоолгосны дараа хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан үүсээгүй тул уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

 

Иймд, хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт  9,322,720 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Дэнсмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт  9,322,720 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Дэнсмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР