Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1189

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ө ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00707 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Ө ийн хариуцагч “С” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагад 2011 онд үйлчилгээний ажилтнаар ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллахдаа сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “С” ХХК-ийн  ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Манай байгууллага ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг байнга зөрчдөгөөс болоод хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон цахим орчноос нэр нь салдаггүй. ҮЭ-ийн хорооны дарга тэргүүлэгч нар ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалахаар байгууллагынхаа удирдлагад шаардлага тавихаар хууль бус шийдвэр гарган ажилчдыг өдөөн турхирсан, хуурамч мэдээлэл цацсан, байгууллагын нууцад халдсан гэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдаж сахилгын шийтгэл ногдуулан намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох “С” ХХК-ийн  үйлчилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халагдсан өдөр болох 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш анхан шатны шүүх хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Ө нь “С” ХХК-д хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэнд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны гэрээтэйгээр үйлчилгээний ажилтан ажлын байранд ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн. Н.Ө нь сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан тул Хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Н.Ө ийн гаргаж байсан зөрчлүүд буюу 2019 оны 1, 3, 10, 11 дүгээр саруудад гаргасан зөрчлүүдийг дурдъя. Үүнд 2019 оны 01 дүгээр сарын 22-нд Н.Ө ийн шууд удирдах ахлах ажилтан нь захиалагч компани “О” ХХК-ийн удирдах ажилтантай ажлын байрны үзлэг хийж явах үед Н.Ө ийн хариуцан цэвэрлэгээ үйлчилгээ хийж байсан хэсгийн цагаан хэрэглэл тавьдаг өрөөнд буюу ажлын байранд ор тавьсан байсныг олж илрүүлсэн. Ажлын байранд унтдаг ор байх ёсгүй тул энэ талаар шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж, нэр бүхий удирдах ажилтнаас зөвшөөрөл авсан гэсэн нь “О” ХХК-ийн удирдах ажилтны нэрийг барьж худал хэлсэн болох нь тогтоогдсон. Энэхүү зөрчилд нь удирдах ажилтны зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аман сануулга өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөөний ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх хурлын үеэр компанийн өмчлөлд хамаарах мэдээлэл буюу албан бичгийг нийт ажилтнуудын дунд уншиж, бичиг дээрх мэдээллийг мушгиж, гуйвуулан тайлбарласан нь ажилтнуудыг ажилдаа гарахаас өмнөх сэтгэл санааг үймүүлж, аюулгүй байдалд болзошгүй эрсдэлийг үүсгэх зөрчил гаргасан. Н.Ө ийн уг үйлдлээс болж ажилтнууд ажилдаа гарахгүй байх, удирдах ажилтан руугаа дайрч давшлах гэх мэт эмх замбараагүй байдал үүсч ажил үйлчилгээ эхлэх цагаасаа хоцорч эхэлсэн байдаг. Гаргасан зөрчилтэй нь холбогдуулан Н.Ө т зөрчлийн хор уршгийг тайлбарлах, зөвлөх үүднээс хэлтсийн удирдлагатай уулзахыг үндэслэлгүй татгалзаж уулзсан байдаг. Энэхүү уулзалтаар гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байхаас гадна уулзалтын дараа зүй ёсны шаардлага тавьсан удирдах ажилтнаа үндэслэлгүйгээр гүтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөндлөнгийн хүмүүст компанийн дотоод асуудалтай холбоотой буруу ташаа, бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг тарааж, компанийн төдийгүй, хүний нэр төрд халдсан үйлдлийг нэмж гаргасан. Иймд Н.Ө ийн гаргасан үйлдлүүд дээр аман сануулга удаа дараа өгсөн байсан боловч үйлдлээ ухамсарлахгүй давтан ёс зүйгүй үйлдлүүдийг гаргасан тул 2019 ны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан зөрчлийг танилцуулж, бичгээр анхааруулсан. 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны хурал хийгдэж байх үед хурлыг үймүүлсэн зөрчлийг дахин гаргаж, эмх замбараагүй байдлыг ажилтнуудын дунд үүсгэсэн. Н.Ө нь энэхүү аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үйл ажиллагааны үеэр ажилтнуудын анхаарлыг татах, ажил үүрэг, аюулгүй ажиллагаатай холбоогүй мэдээлэл хийх зэргээр ажилдаа гарах гэж буй ажилтнуудын сэтгэл санааг үймүүлэх, хямраах, тавгүйтүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг ажилтны амь нас, эрүүл аюулгүй байдалд нөлөөлсөн үйлдлүүдийг удаа дараа давтан гаргасан. Энэ нь уул уурхайн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж буй аюулгүй ажиллагааг чандлан мөрдөх ёстой онцгой бүсэд ажиллаж буй ажилтан төдийгүй, ирсэн зочин гэх мэт хүн бүрийн мөрдөх ёстой дүрэм, журмыг шууд зөрчсөн үйлдэл юм. Мөн байгууллагын төдийгүй ажилтны нэр төрд халдсан, буруу ташаа, бодит бус, мушгин гуйвуулсан мэдээллийг хэвийн ажлаа хийж буй ажилтнуудад төдийгүй олон нийтэд ил, далд хэлбэрээр тарааж, хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж буй байдал нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах бодит хохирол гаргасан. Энэ үйлдлээс хамаарч ажил үйлчилгээ цагаасаа хоцорч эхэлсэн байдаг. Энэ талаар Н.Ө т компанийн зүгээс төдийгүй, Оюу Толгой кемпийн аюулгүй ажиллагааны журмыг зөрчиж буй тухай, энэ нь ажилтнуудын амь нас, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй талаар анхааруулга, зөвлөмжийг 2 дахь удаагаа дахин өгсөн ба дахин энэ зөрчил давтагдвал ажлаас чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ авах бүрэн үндэслэл үүссэн байгаа тухай амаар хатуу сануулж, анхааруулж хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-нд олон нийтийн сүлжээний хэрэгслийг ашиглан байгууллагын үйл ажиллагааны талаар үндэслэл, нотолгоо баримтгүй буруу ташаа, бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг орон даяар мэдээлсэн зөрчлийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор 11 дүгээр сарын 03-ны өдөр компанийн зүгээс Н.Ө тэй холбогдож, байгууллагын дүрэм журмыг хүндэтгэн биелүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, ёс зүйтэй ажиллахыг дахин хатуу анхааруулж, аман сануулга өгсөн байдаг. 11 дүгээр сарын 30-нд компанийн сарын шилдэг ажилтан шалгаруулдаг хурлыг үймүүлж, ажилтнуудад компанийн гаргасан шийдвэрийн талаар буруу ташаа, гуйвуулсан мэдээлэл тараасан зөрчлийг гаргасан. Мөн түүнчлэн олон нийтийн сүлжээний хэрэгслээр ажилтныг үндэслэлгүйгээр гутаан доромжлох, нэр төрд халдсан үйлдлийг гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх, 28 дугаар зүйлийн 28.1.8-т аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэж заасны дагуу ажил олгогч нь аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын талаар зааварчилгааг ажил эхлэхийн өмнө заавал өгөх үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэхэд саад болсон зөрчлийг гаргасан нь өөрөө ноцтой зөрчил бөгөөд өмнө нь зөрчлүүд гаргаж байсан тул давтан зөрчил гаргасан гэж үзэн ажилтан Н.Ө ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцнэ. “О” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй уурхайн салбарт ажиллаж буй үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээт компанийн ажилтан, мөн зочин ажил эхлэхээс өмнөх аюулгүй ажиллагааны хуралд заавал суух ёстой байдаг бөгөөд энэ хурлын ач холбогдол нь ажилд гарахаас өмнө нь ажилтны аюулгүй байдлыг хангах үүднээс үйл ажиллагааны зохион байгуулалтын талаарх цаг үеийн мэдээлэл, аюулгүй байдлын сүүлийн үеийн цаг үеийн мэдээллийг богино хугацаанд шуурхай хурал хийн мэдээлж, болзошгүй эрсдэлээс хамгаалахад оршдог. Энэ талаар “О” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан, өнөөдрийг хүртэл бүх үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээт компаниуд мөрдөн ажиллаж буй Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин /ЭМААБО/-ны удирдлагын тогтолцооны журмын 9 дүгээр хэсэг буюу Мэдээлэл харилцаа холбоо болон зөвлөгөө хэсгийн 2, 3 зүйлүүд болон 4.3 дугаар заалтад заасан байдаг. Н.Ө ийн зөрчлүүдийг “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Аюулгүй ажиллагааны зөрчлийн тухай журам-ын 6.1-д Аюулгүй ажиллагаа бол ажилтан бүрийн үүрэг хариуцлага бөгөөд ажилтнууд өөрийн болон хамтран ажиллагсдынхаа аюулгүй байдлын төлөө хариуцлагатай ажиллахын тулд аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд баримтлан, дагаж мөрдөх үүрэгтэй, 6.2-т “Үндэсний ажиллагаа бол ажилтан бүрийн үүрэг хариуцлага бөгөөд ажилтнууд өөрийн болон хамтран ажиллагсдынхаа аюулгүй дүрэм, журам, стандарт, зааварчилгаа, ажлын стандарт журам зэргийг заавал дагаж мөрдөх үүрэгтэй, 6.5.2-т “Өөрийгөө журам, стандартыг аюул, эрсдэлд оруулахгүй байх, 7.1-д “Гэрээт компанийн ажилтан зочин энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд түүнд ногдуулах сахилгын шийтгэлийг ажил олгогч нь хариуцна” гэж заасан заалтууд, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталсан Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 3.1, 10.2.4, 10.2.5 дахь заалтууд, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.1, 11.3, 11.5, 11.6 дахь заалтуудыг тус тус мөрдлөг болгон зөрчлийг илрүүлж, ажилтанд танилцуулж, зөвлөмж, зөвлөгөө, анхааруулгыг хууль журмын дагуу хэрэгжүүлэн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар тухай бүр авсан байдаг. Иймд Н.Ө ийн зөрчлүүд нь ажилтнуудыг ажлын байран дээрх аюулгүй байдлын зааварчилгаа авах, компани цагтаа ажлаа эхлүүлэхэд саад болж хэвийн үйл ажиллагааг алдагдуулах улмаар ажилтнуудад сэтгэл зүйд удаа дараа нөлөөлж, амь нас, эрүүл мэндэд нь болзошгүй эрсдэл учруулах үйлдлүүд тул тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.3- заасан бичгээр сануулга өгсөн. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 07, 22, 30-ны өдрүүдэд гаргасан зөрчлүүд нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.7, 5.1.10, 5.1.16 ба 5.1.18-д заасан ноцтой зөрчил байсан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан. Ийнхүү 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн HR2-1181 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан шаардлагыг хангасан болно. Иймд Н.Ө ийн гаргасан нэхэмжлэхийг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ө ийг “С” ХХК-ийн  Оюу Толгой төслийн салбарт Үйлчилгээний хэлтэст Үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 713 828 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Н.Ө т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Ө ийг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “С” ХХК-аасулсын тэмдэгтийн хураамжид 74 371 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 болон хөдөлмөрийн гэрээ ба хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг нэрлэн заажүндэслэн гаргасан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн НК2-1181 дугаартай Н.Ө ийн “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг анхан шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээг цуцлаж, дуусгавар болгосон тушаал гэж үзсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг заалтыг баримтлаагүй гэж буруутгасан.  Гэтэл ажил олгогч нь НК2-1181 дугаартай Н.Ө ийн “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг “хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай гэж тушаал гэж нэрлэж байгаад, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.10, 5.1.16, 5.1.18 дахь заалтыг, хөдөлмөрийн дотоод журмын 11.7.9, 11.7.18, 11.7.12 зэрэг заалтыг баримтласан байгаагаар тус тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад үндэслэн гаргаж буй тушаал болох нь тодорхой байгаа. Анхан шатны шүүхээс Н.Ө ийн гаргасан зөрчлүүд болох ажлын байранд унтах ор байрлуулсан ажилчдын ор бүхий байрлах байр тусдаа байдаг. Энэ талаар “О” ХХК-аас зөвшөөрөл авсан гэж худлаа хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 23-нд ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх хурал дээр ажил гүйцэтгэхэд хамаарахгүй мэдээлэл хийж, мушгин гуйвуулж, ажилчдын сэтгэл санааг үймүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 23-нд ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх хурал дээр хурлыг үймүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-нд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ТВ-ээр үндэслэлгүй, буруу ташаа, бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл хийсэн. Эдгээр үйлдлүүдэд нь амаар сануулах зэрэг арга хэмжээ авсан гэж байгаагаас үзэхэд тухайн үйл баримт болсон нь тодорхой байгаа боловч Н.Ө ийг ажлаас чөлөөлөх ноцтой шалтгаан мөн эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан хэдий ч Н.Ө ийн гаргасан гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй байх тул түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл шүүхээс нэрлэсэн заасан эдгээр зөрчлийг гаргасан болохыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аман сануулга өгсөн, 2019 ны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан зөрчлийг танилцуулж, бичгээр анхааруулсан. Оюу толгой кемпийн аюулгүй ажиллагааны журмыг зөрчиж буй тухай, энэ нь ажилтнуудын амь нас, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй талаар анхааруулга, зөвлөмжийг 2 дахь удаагаа дахин өгсөн ба дахин энэ зөрчил давтагдвал ажлаас чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ авах бүрэн үндэслэл үүссэн байгаа тухай амаар хатуу сануулж, анхааруулсан бичлэгт шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн олон нийтэд үндэслэлгүй худал мэдээлэл хийсэнтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр компанийн зүгээс Н.Ө тэй холбогдож, байгууллагын дүрэм журмыг хүндэтгэн биелүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, ёс зүйтэй ажиллахыг дахин хатуу анхааруулж, аман сануулга өгсөн. Эдгээр баримтуудыг бичгээр болон 2 бичлэгт шүүхээр үзлэг хийлгэж бэхжүүлсэн. Эдгээр зөрчлүүдийг гаргаж байсан тул НР2-1181 дугаартай тушаалын 1 дэх заалтад зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан болохыг дурддаг. Үүгээр Н.Ө нь зөрчлүүдийг удаа дараа гаргасан байгаа нь тогтоогдсон, түүний зарим зөрчил нь 2019 оны 10 дугаар сарын 31 болон 2019 оны 11 дүгээр сарын 23-нд гаргасан зөрчлүүд нь ноцтой зөрчил байсан гээд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заалт болох ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн ноцтой зөрчлийг гаргасан гэдгийг аль алинд хамаарч байгаа гэж хариуцагч тал нотлох баримттайгаар тушаалыг тайлбарлаж байхад шүүхээс бүх зөрчлүүд нь ноцтой биш байна гэж хариуцагч талын баримт, тайлбарыг үндэслэлгүйгээр харгалзан үзэхгүй шийдвэр гаргасан. Анхан шатын шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааны журмыг зөрчсөн. Н.Ө ийн гаргасан зөрчлүүдийн 2 нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх хуралд саад болсон, үймүүлсэн байгаа тул ажил олгогчийн заавал мөрдөн ажилладаг “О” ХХК-ийн Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчны удирдлагын тогтолцооны журмыг хариуцагчид хуулбар хувь байсан тул шүүхийн шаардлага хангахгүй байсан учраас шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хангахгүй орхисон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-т заасан ажил олгогч аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй. Улмаар хариуцагч нь “О” ХХК-аас уг журмын бүрэн хэмжээнд авч чадалгүй зөвхөн Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийг өөрөө шүүхэд гаргаж өгсөн. Уг журмаас хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа хариуцагч байгууллагын хувьд яагаад зайлшгүй хийгдэх, тодорхой зорилготой, тусгай арга хэмжээ болохыг уг арга хэмжээний үеэр ажилчин хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хамаарахгүй зүйлийг хийх боломжгүй болохыг шүүхэд тайлбарлах, үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй болсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг шүүх зөрчсөний улмаас хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Мөн шүүхэд 3 сиди бичлэг гаргаж өгсөн ба 1 сиди бичлэгт үзлэг хийхийг хялбар болгож уг бичлэгийг текстээр сийрүүлэн шүүхэд өгсөн ба уг текстэд үг үсгийн зөрүү байсан тул хариуцагчаас үзлэг хийхдээ үг үсгийн зөрүүг арилгаж нотлох баримтын шаардлага хангуулахыг хүсэхэд шүүгч хүлээн авахгүй сидиг нотлох баримтаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчин үндэслэлгүй хассан. Уг сиди нь Н.Ө ийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны зөрчилд холбогдуулан Хүний нөөцийн менежер А.Идэрээс зөрчлийг тайлбарлан Сануулга өгсөн талаар цаашид анхаарах зүйлийг хэлсэн бичлэг байсан нь хэрэгт ач холбогдолтой баримт байлаа. Иймд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу давтан зөрчил гаргасан нь тогтоогдож улмаар тушаалд дурдсаар байхад ноцтой зөрчил биш гэж хэт нэг талыг барьсан мөн тушаал агуулгаараа уг заалтыг үндэслэсэн байгааг үнэлээгүй мөн хариуцагчийн хүсэлтийг үндэслэлгүй татгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, хариуцагчийн шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаасан байгааг хянан үзэж хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж давж заалдах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт биечлэн оролцох хүсэлтэй тул боломжийг олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“С” ХХК-ийн  захирлын 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн HR2-1181 дугаар тушаалаар тус компанийн Оюу Толгой төслийн салбарт Үйлчилгээний хэлтэст Үйлчилгээний ажилтан ажилтай Н.Ө нь хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн 5.1.7, 5.1.10, 5.1.16, 5.1.18 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11-р зүйлийн 11.7.9, 11.7.18, 11.7.22 дахь хэсгүүдэд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан тул 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-1, 2, 7, 17, 26/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй.

 

Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох баримтад үндэслэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэл болгож 3 ширхэг сиди бичлэгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж, уг бичлэгт үзлэг хийлгэж, хэргийн бодит байдал, гэм буруутай эсэх байдлаа нотлохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2020/03033 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн гаргаж өгсөн 3 ширхэг сидинд үзлэг хийлгүүлэх хүсэлтийг хангаж, үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдсэн байна. Гэвч тэмдэглэлд үзлэгээр юу илэрсэн нөхцөл байдлын талаар заагаагүй, хариуцагчаас сиди бичлэгийг цаасан дээр буулгасан гэх бичгийн баримтуудтай тулган үзлэг хийх журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Маргааны зүйл болох нэхэмжлэгчийн зүгээс сахилгын давтан зөрчил болон ноцтой зөрчил гаргаж байсан эсэх нөхцөл байдалд хамааралтай нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч өөрөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх журамтай.

Хариуцагчаас гаргасан тус компанийн мөрдөн ажилладаг “О” ХХК-ийн “Эрүүл мэнд Аюулгүй ажиллагаа, Байгаль орчны удирдлагын тогтолцооны журам”-ын шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2020/02471 дүгээр шүүгчийн захирамжаар хангахгүй орхисон нь буруу. Уг Эрүүл мэнд Аюулгүй ажиллагаа, Байгаль орчны удирдлагын тогтолцооны журам буюу тухайн байгууллагаас тогтоосон дүрэм журмыг зөрчсөн эсэх нөхцөл байдалд хамааралтай уг баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримт бүрдүүлэх талаарх шүүхийн алдаа болсон байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн журмаар нотлох баримтыг бүрдүүлэх талаарх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Нэхэмжлэгчийн сахилгын зөрчил гаргасан эсэхтэй холбоотой баримтууд нь хоорондоо зөрүүтэй, өөр бусад баримтаар давхар нотлогдоогүйгээс үзвэл хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00707 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 371 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                   

                                                   ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 

                                                                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ