Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1172

 

 

 

 

 

 

 

 

 

“Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00704 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Н  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 112 865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н  нь “И ” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/016/12/06 тоот зээлийн гэрээг байгуулж 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд “Т” ХХК-ийн эзэмшлийн, Сонгинохайрхан дүүрэг 32 хороо, Шинэ хотын төвийн зүүн талд байрлах 20 000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрыг мөн өдрөө БГ/016/06 тоот барьцааны гэрээ байгуулж барьцаалсан. /барьцаанд тавьсан газар эзэмших эрхийг “Т” ХХК-аас ББСБ-ын хувьцаа эзэмшигч Г.Б  нэр дээр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан, 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон/.

Мөн өдрөө дахин ЗГ/016/12/06-2 тоот зээлийн гэрээг байгуулж 10 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Баяндавааны арал голын тохойд, 2 га талбай газрыг мөн өдрөө БГ/016/06-2 дугаар барьцааны гэрээ байгуулж барьцаалсан. /газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрхийг Н гээс Б 2017 оны 6 сарын 08-ны өдөр мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ийн өдөр тус тус олгосон/ 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээ байгуулж 27 600 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай тус тус зээл авсан.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 523 тоот шийдвэрээр “И ” ХХК-ийн нэр “Г ” ХХК болж өөрчлөгдсөн.

Зээлдэгч Ч.Н н зүгээс барьцаанд тавьсан газруудыг худалдан борлуулах замаар зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах тухай хүсэлтийг тавьж түүний 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2, ЗГ/017/04/06 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж зээлүүдийг хааж өгөх хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт байрлах газар эзэмших эрхийг С.Ж , Төв аймагт байрлах газар эзэмших эрхийг Д.Жамьяд шилжүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг зээлдэгч болон зээлдүүлэгч тал хүлээн зөвшөөрч худалдан борлуулсан. Барьцаанд тавьсан газруудыг худалдан борлуулахад гарсан зардалд ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн газрын төлбөрт 3 872 000 төгрөг, ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээний төлбөрт 7 119 880 төгрөгийг тус тус суутган тооцсон.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 20 000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг Ч.Н  нь С.Ж  2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр худалдсан бөгөөд худалдан авагч С.Ж нь нийт үнийн дүнгээс 100 000 000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээний төлбөрт 63 569 227 төгрөг, ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээний төлбөрт 25 438 893 төгрөг тус тус суутган тооцсон.

Зээлийн гэрээний барьцаанд тавьсан Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Баяндавааны арал голын тохойд, 2 га талбай бүхий газар эзэмших эрхийг иргэн Д.Жамьянд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан 15 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээний төлбөрт суутган тооцсон ба ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон.

Харин 3Г/017/04/06 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс 11 112 865 төгрөгийг зээлдэгч Ч.Н  төлөөгүй үлдэгдэлтэй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээний зүйлийг хүлээлгэж өгөөгүй. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 4 сарын хугацааны хүү нь ороод 12 000 000 төгрөг болно. Мөн энэ өдөр 10 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй дахин зээлсэн. Энэ нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр буюу 3 дахь зээлийн гэрээ байгуулагдах үед дуусч байгаа. Хүүтэйгээ нийлээд төлөх төлөлт нь 12 000 000 төгрөг 2 зээлийн нийлбэр 24 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын сарын 06-ны өдөр очиж уулзан зээлийг төлөх мөнгө байхгүй гэж хэлсэн.

Зээлийн гэрээний хугацааг сунгах боломж байгаа эсэхийг тодруулахад 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2 гэрээний нийт зээл, хүүг тооцож 27 600 000 төгрөгөөр зээлийн гэрээг байгуулах санал тавьсан ба хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан. 10 000 000 төгрөгийн 2 удаагийн нийт 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, гэрээний зүйлийг авсан.

Уг 2 гэрээний үүргийг дуусгахаар Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах аялал жуулчлалын зориулалттай газраар хаалгах хүсэлт тавьсны дагуу уг 2 гэрээг хаасан. Миний бие Сонгинохайрхан дүүрэг 32 хороо 20 000 м.кв газраа С.Ж  250 000 000 төгрөгөөр худалдан 150 000 000 төгрөгийг өөрөө авч, үлдэх 100 000 000 төгрөгийг “Г ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б С.Ж  шилжүүлсэн, Г.Б  бидний хооронд өмнө тооцоотой байсан өөр зээлийн гэрээнд тооцуулсан.

Барьцаа хөрөнгүүдийг хувьцаа эзэмшигч Г.Б  нэр дээр шилжүүлэх шаардлага тавьдаг байсан тул нэр дээр нь шилжүүлж өгч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Н гээс зээлийн гэрээний үүрэгт 11 112 865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 192 756 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх ЗГ/016/12/06 тоот зээлийн гэрээ эхэлсэн он сарыг буруу тооцож үндэслэлгүйгээр хэмжээг бууруулсан. Тодруулбал ЗГ/016/12/06 тоот зээлийн гэрээ нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн бөгөөд гэрээний 2.3-т “Зээлийн хугацаа иъ зээлдэгч зээлийг бэлнээр хүлээн авсан өдрөөс эхлэх бөгөөд энэ өдрөөс хүү тооцож эхэлнэ...” гэж заасны дагуу зээлийг олгосон өдрөөс буюу Сонгинохайрхан дүүргийн газар эзэмших эрх худалдсан 2019 оны 05 дугаар сарын 02-ний өдөр хүртэл тооцож нийт хүү нь 14 136 988 төгрөг, үүнээс нийт 3 удаагийн төлсөн 1 200 000 төгрөгийг хасвал 12 936 988 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 2 501 905 төгрөг, үндсэн зээл 10 000 000 төгрөг нийт 25 438 893 төгрөгийн авлага үүссэн байсан.

Мөн ЗГ/016/12/06-2 тоот зээлийн гэрээ эхэлсэн он сарыг буруу тооцож үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг бууруулсан. Тодруулбал ЗГ/016/12/06-2 тоот зээлийн гэрээ нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн бөгөөд зээлийн хүүг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн буруу тооцоолсон. Зээлийн гэрээний 2.3-т “Зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг бэлнээр хүлээн авсан өдрөөс эхлэх бөгөөд энэ өдрөөс хүү тооцож эхэлнэ...” гэж заасны дагуу зээлийг олгосон өдрөөс буюу гэрээний эхлэх хугацаа Сонгинохайрхан дүүргийн газар эзэмших эрх худалдсан 2019 оны 05 дугаар сарын 02-ний өдөр хүртэл тооцож нийт хүү нь 14 136 988 төгрөг, үүнээс нийт 3 удаагийн төлсөн 1  200 000 төгрөгийг хасвал 12 936 988 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 2 501 905 төгрөг, үндсэн зээл 10 000 000 төгрөг, нийт 25 438 893 төгрөгийн авлага үүссэн байсан.

Үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн газар эзэмших эрх худалдсан 2019 оны 05 дугаар сарын 02-ний өдөр хүртэл тооцож нийт 25 438 893 төгрөгийн авлага үүссэн байсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн газар эзэмших эрх худалдсан мөнгөнөөс 7 119 880 төгрөгийг суутгаж, 18 319 013 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн бөгөөд Төв аймгийн газар эзэмших эрх худалдсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тооцож үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 11 228 602 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 601 614 төгрөг, нийт 21 830 243 төгрөгийн авлага үүссэн байсан.

Анхан шатны шүүх 317017/04/06 тоот зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолохдоо хүүгийн хэмжээг үндэслэлгүйгээр бууруулсан. Зээлийн гэрээний дагуу зээл олгосон өдрөөс 3 сарын хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хүүг тооцоогүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны хүүг шаардсан, 2.1.1-т заасны дагуу тооцож үзвэл нийт 22 сарын хүү 30 170 962 төгрөг болж байна. Мөн үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн хүүг хассан нь буруу юм. Учир нь Зээлийн гэрээний 3.2-т Зээлдэгчийн үүрэг, 3.2.2-т “Зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгуй тохиолдолд гэрээний 2.4-т заасан нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлөх” гэж тодорхой заасан байгаа.

317017/04/06 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн газар эзэмших эрх худалдсан 2019 оны 05 дугаар сарын 02-ний өдөр хүртэл тооцож нийт хүү нь 30 170 962 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 5 798 265 төгрөг, үндсэн зээл 27 600 000 төгрөг нийт 63 569 227 төгрөгийн авлага үүссэн байсан.

Барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцааны гэрээг хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж байгуулсан ба гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан бөгөөд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Барьцааны гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд хэрхэвч харшлахгүй.

Мөн талууд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүхээс барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэмээн дүгнэсэн нь алдаатай шийдвэр болсон.

Хариуцагч Ч.Н гээс ББСБ-ын хувьцаа эзэмшигч Б Төв аймгийн газар эзэмших эрхийг захиран зарцуулах эрхийг 2 удаа буюу 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус тус итгэмжлэлээр олгосон. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлийн хугацаа дуусан байсан тул Ч.Н н зүгээс ББСБ-д 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “Миний бие Ч.Н  нь өөрийн санхүүгийн асуудлаас хамаарч ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2, ЗГ/017/04/06 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж зээлүүдийг хааж өгөх хүсэлтийн дагуу талууд Төв аймгийн газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дахин итгэмжлэл үйлдсэн. Шүүх 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлийг үнэлээгүй орхигдуулсан.

Итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хэрхэвч хамаарахгүй. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор тайлбарласан байгаа. Талууд харилцан тохиролцож Иргэний хуульд заасны дагуу хүсэл зоригоо хангалттай илэрхийлж Төв аймгийн газар эзэмших эрх шилжүүлэх итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан үйлдсэн. Өөрөөр хэлбэл, талууд итгэмжлэл үйлдэхдээ барьцааны гэрээг халхавчлах зорилго агуулаагүй, харин эсрэгээр Ч.Н н зүгээс ББСБ-д 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу Төв аймгийн газар эзэмших эрхийг зарж борлуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр итгэмжлэл үйлдсэн.

Иймд анхан шатны шүүхийн “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж үзээд Төв аймгийн газрыг 35 000 000 төгрөгт тооцож үүргийн гүйцэтгэлийг хааж байгаа нь үндэслэлгүй Мөн талууд итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хариуцагч итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүхээс итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэмээн дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хуурч гарын үсэг зуруулсан баримтаар зээл олгосон байна, зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Ч.Н гийн хүсэлт гэх баримтыг “Г ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Б  нь хэлж зуруулсан бөгөөд дээрх баримтад мөнгө хүлээж авсан, шилжүүлсэн, мөнгө хүлээлгэн өгөв гэсэн утга агуулга байхгүй. Зээлийн гэрээний онцлог нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр буюу мөнгөн хөрөнгийн өмчлөх эрх зээлдэгчид бодитой шилжсэн байхыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүх мөнгө хүлээлгэж өгсөн, авсан гэх нэг ч баримт байхгүй байтал хуулийг буруу тайлбарлаж 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэж түүнээс хүү, алданги тооцож хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21, 22, 23 дугаар зүйлд заасны дагуу тайлан тооцоо хөтөлдөг, зээлийн хувийн хэргийн бүртгэлтэй улирал бүр зээлийн тайлан тооцоогоо Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгдөг хуулийн этгээд 2017 оны 4-р сарын 06-ны өдрийн ЗГ/017/04/06 тоот гэрээний дагуу зээл олгосон гэх хэрэгт хамааралтай, холбогдолтой чухал баримтаа гаргаж өгөхгүй байхад нэхэмжлэгчийн тайлбараар, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 317017/04/06 тоот гэрээнд хувьцаа эзэмшигч Г.Б  худал хэлж хариуцагчаар гарын үсэг зуруулсан. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/016/12/06 тоот гэрээ болон мөн өдрийн ЗГ/016/12/06-2 тоот гэрээний төлөх нийт хүүгийн хамт төлөх 24 000 000 төгрөгийг нэгтгэж 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3Г/017/04/06 дугаар зээлийн гэрээ бий болсон. 2017 оны зээлийн гэрээний дагуу ямар нэгэн мөнгө эд хөрөнгө хүлээж аваагүй. Хугацаандаа зээлээ төлж чадаагүй учир Г.Б  10 000 000 төгрөгийн 2 гэрээний хугацаа дууссан өдөр дээрх 2 гэрээг нийлүүлж ийм гэрээ байгуулахыг хүссэн. 3 cap хүүгүй гэж байгаа боловч 24 000 000 төгрөгийн 5 хувиар тооцож 1 200 000*3=3 600 000 төгрөгийн хүүг урьдчилж тооцож нэмсэн. 10 000 000 төгрөгийн 2 гэрээг Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах аялал жуулчлалын зориулалттай 2 га газраар хаалгахыг хүссэн. Г.Б  ч хүлээн зөвшөөрч зээлийг хаасан. 3 дахь гэрээ буюу 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/017/04/06 тоот гэрээ бодитойгоор байгуулагдаж мөнгө шилжүүлж аваагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг өөрөө хариуцах үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх 2020 оны 3-р сарын 02-ны өдрийн шүүх хурлаар нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн баримт байхгүй, санхүүгийн зохицуулах хорооноос тайлан гаргах боломжгүй, тайланд тусгагдаагүй, касснаас гарсан ч кассын баримт үйлдээгүй, байгууллагын дансны хуулгаас харагдахгүй гэх худал тайлбарт хөтлөгдөн өмнөөс нь нотлох баримт цуглуулсан ба шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулж нэхэмжлэгчийн өмнөөс нотлох баримт цуглуулсан.

Хариуцагч Ч.Н  нь 2015 оны 6, 7 сард “И ” ББСБ-с авсан 100 000 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд хувьцаа эзэмшигч Г.Б  нэр дээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Москва 46/1 байрны 96, 57 тоот 3 өрөө 2 орон сууцнуудыг шилжүүлсэн. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дугаар магадлалаар орон сууцнуудыг 100 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги нийт 174 593 550 төгрөгийн гүйцэтгэлд албадан чөлөөлүүлэх шийдвэр гарсан.

Г.Б  нь 2019 оны 4 сард хариуцагч Ч.Н тэй уулзаж 174 593 550 төгрөгийг төлж хохирлыг арилгасан тохиолдолд орон сууцнуудыг буцааж шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Хэлэлцээрийн дагуу Ч.Н  нь Сонгинохайрхан дүүргийн 32 Шинэ хотын төвийн зүүн талд байрлах 20 000 м.кв үйлдвэрийн зориулалттай газраа иргэн С.Ж  250 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч С.Ж нь газрын төлбөрийн 100 000 000 төгрөгийг Б төлсөн. Гэвч Г.Б  100 000 000 төгрөгийг хүлээн авсан хэрнээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хүсэлт гаргасан. Талууд 2019 оны 4 сард байраа авч үлдэхийн тулд эхний ээлжид 100 000 000 төгрөг, үүнээс 3 сарын дараа үлдэгдлийг төлөхөөр харилцан тохирсон байсан ч 57, 96 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаар шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн. Улмаар нэхэмжлэгч ББСБ-ийн хувьцаа эзэмшигч Г.Б өөс орон сууцнуудаа буцааж авахаар төлсөн 100 000 000 төгрөгөө буцаан шаардахад үндэслэлгүй их хэмжээний мөнгө шаардсан тул Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Б ийг хариуцагчаар татаж 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан.

Гэтэл Г.Б  нь би мөнгийг аваагүй ББСБ авсан гэж худал тайлбар гаргаж огт зээлийн үүргийн гүйцэтгэлтэй холбоогүй, дуусгавар болсон зээлийн материалыг нэхэмжлэгч “Г ” ХХК-аар гаргуулж зээлийн төлбөрт тооцсон мэтээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн 100 000 000 төгрөгийг хэрхэн тооцсоноос дээрх мөнгө нь зээлийн төлбөр төлөхөөр шилжүүлсэн мөнгө биш болох нь тодорхой харагдана.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ч.Н гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б өөс 100 000 000 гаргуулах 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хэргийг хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэлд Г.Б  “би хүний байр авмааргүй байгаа учраас энэ газрыг нь зараад бүх мөнгөө авч болно гэдгээ Ч.Н  хэлсэн”, “Би таны байрыг авмааргүй байна, мөнгөө төлөөд байраа ав гэсэн” гэх тайлбараас нэхэмжлэгч зээлийн төлбөрт тооцуулах зорилгоор 100 000 000 төгрөг төлөөгүй болох нь тодорхой харагдана.

Ч.Н  нь нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 317016/12/06 тоот гэрээгээр зээлсэн 10 000 000 төгрөг, мөн өдрийн ЗГ/016/12/06-2 тоот зээлийн гэрээгээр зээлсэн 10 000 000 төгрөгийг Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах аялал жуулчлалын зориулалттай 2 га газраар хаалгасан. Өр төлбөр байхгүй.

Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, байгуулагдаагүй зээлийн гэрээ буюу 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/017/04/06 тоот зээлийн гэрээнээс хүү алданги тооцож 56 580 000 төгрөг, дуусгавар болсон 10 000 000 төгрөгийн 2 гэрээнд мөн дүгнэлт хийж 47 120 000 төгрөг, газар шилжүүлэхтэй холбогдон гарсан зардал 7 232 000 төгрөг, нийт 11 932 000 төгрөгийг хариуцагч Ч.Н  нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн гэсэн хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч “Г ” ХХК нь хариуцагч Ч.Н  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 112 865 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 523 тоот тушаалаар “И ” ХХК-ийн оноосон нэрийг “Г ” ХХК болгож өөрчлөх зөвшөөрөл олгожээ. Талуудын хэн аль нь байгууллагын нэр өөрчлөгдсөн талаар маргаагүй.

 

“И ” ХХК, Ч.Н  нар нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/016/12/06 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Ч.Н  нь 10 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор мөн өдрөө БГ/016/12/06 тоот барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шинэ хотын төвийн зүүн талд 20 000 м.кв үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалжээ. /хх17-18, 19-22/

 

Мөн “И ” ХХК болон Ч.Н  нар нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/016/12/06-2 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Ч.Н  нь 10 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрөө БГ/016/12/06-2 тоот барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Баяндавааны голын тохойд 2 га аялал жуучлалын зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалжээ.

 

Талууд дээрх 2 зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, зээлийн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс зээл олгох зохицуулалтад хамаарч байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 2 зээлийн гэрээний үүргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Ч.Н н үүргийг 47 120 000 /23 560 000+23 560 000/ төгрөгөөр тодорхойлсон нь зөв болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дээрх 2 гэрээний дагуу хүү төлөх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гэж шүүх хуралдаан дээр тодруулж, тайлбарласныг анхан шатны шүүх үндэслэж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцжээ. /хх 114/

 

Харин “И ” ХХК, Ч.Н  нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан ЗГ/017/04/06 тоот зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч 27 600 000 төгрөгийн зээлийг зээлдэгчийн эзэмшилд шилжүүлж өгснөө нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан уг гэрээний 2.1.6-д зээл олгох хэлбэрийг “бэлнээр” гэж заасан болон Ч.Н гээс “Г ” ХХК-нд 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр олгосон бичгийн баримтад “Миний бие Чойжоо овогтой Н  нь өөрийн санхүүгийн асуудлаас хамаарч ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2, ЗГ/017/04/06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, зээлүүдийг хааж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн хариуцагч Ч.Н г нэхэмжлэгч “Г ” ХХК-аас 27 600 000 төгрөгийг авсан байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчжээ. /хх 84/

 

“И ” ХХК-ын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зарлагын баримтад Ч.Н  27 600 000 төгрөгийн зээл олгов гэсэн тэмдэглэл үйлдсэн боловч уг баримтад Ч.Н  гарын үсэг зураагүй байна. /хх 96/ Түүнээс гадна ЗГ/017/04/06 тоот зээлийн гэрээний 2.1-д “уг гэрээ нь ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2 тоот зээлийн гэрээ болон БГ/016/12/06-2 тоот барьцааны гэрээний салшгүй хэсэг бөгөөд барьцаа хөрөнгө дээр тулгуурлаж зээлдүүлэв” гэж зааснаас дүгнэвэл уг гэрээний дагуу 27 600 000 төгрөгийн зээлийн гэрээ нь өмнөх 2 зээлийн гэрээний үүргийг нэгтгэсэн гэх хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй байна.

 

Иймд “Г ” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/017/04/06 тоот зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхгүй юм.

 

“Т” ХХК-ийн захирал Ч.Н  нь Б 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шинэ хотын төвийн зүүн талд байршилтай 20 000 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлэхээр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, “Т” ХХК-ийн мөн оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/192 тоот албан бичгээр уг газрыг Г.Б  нэр дээр шилжүүлж, эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргасан хүсэлт,

мөн Ч.Н гээс Б 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Баяндавааны голын тохойд 2 га аялал жуучлалын зориулалттай газар эзэмших эрхийг захиран зарцуулах, эрх шилжүүлэх, худалдан борлуулах, холбогдох бичиг баримтад төлөөлөх, төлөөлж гарын үсэг зураг эрхийг олгосон итгэмжлэл, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн мөн агуулгаар олгосон итгэмжлэл зэрэг баримтуудаас дүгнэвэл Ч.Н  нь дээрх зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэл зоригийг илэрхийлсэн гэдэг нь тогтоогдож байна.

 

Г.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шинэ хотын төвийн зүүн талд 20 000 м.кв үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг С.Ж , 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээний дагуу Төв аймагийн Эрдэнэ сумын 1-р баг, Баяндавааны голын тохойд 2 га аялал жуучлалын зориулалттай газар эзэмших эрхийг Д.Ж  тус тус шилжүүлжээ. /хх 36, 39/

 

Ч.Н  дээрх газар эзэмших эрх худалдсан үнээс 100 000 000 төгрөгийг, мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийг худалдагч Д.Ж  худалдсан үнэ болох 15 000 000 төгрөгийг тус тус Б шилжүүлсэн, нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсныг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүргээс хасч нэхэмжлэл гаргаснаар тогтоогдож байна.

 

Иймд Ч.Н  нь “Г ” ХХК-д ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 47 120 000 төгрөг төлөхөөс 115 000 000 төгрөгийг төлжээ. Уг мөнгөн дүнгээс газар эзэмших эрх шилжүүлсэнтэй холбоотой гарсан зардал 7 232 000 төгрөгийг хасч тооцвол 60 648 000 /67 880 000-7 232 000/ төгрөгийг Ч.Н  нь зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн гэж дүгнэхээр байна.

Хариуцагч илүү төлсөн 60 648 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00704 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 756 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 800 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                               Э.ЗОЛЗАЯА