Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/00704

 

2020 оны 03 сарын 23 өдөр              Дугаар 183/ШШ2020/00704            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,0 дугаар хороо, Сүхбаатарын талбай, Сити таур 00 давхарт 0 тоот хаягт байрлах, Г. Ф ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй

       Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Нүхт амины орон сууцны 00 0 тоот хаягт оршин суух Б овогт Ч. Н /РД:ЧД00000000/-д холбогдох,

       Зээлийн гэрээний үүрэгт 11,112,865 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү хөтлөв.                                                                                       

 ТОДОРХОЙЛОХ нь: 

          Нэхэмжлэгч Г. Ф ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н нь Их цолмон капитал ББСБ-тай ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулж 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 'Төмөр транс ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг 32 хороо, Шинэ хотын төвийн зүүн талд байрлах 20000 м2 үйлдвэрийн зориулалттай газрыг мөн өдрийн БГ/016/12/06 дугаар Барьцааны гэрээ байгуулж барьцаалсан. /барьцаанд тавьсан газар эзэмших эрхийг Төмөртранс ХХК-иас ББСБ-ын хувьцаа эзэмшигч Г.Б нэр дээр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан, 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон/. ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулж 10,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Баяндавааны арал голын тохойд, 2 га талбай газрыг мөн өдрөө БГ/016/06-2 дугаар барьцааны гэрээ байгуулж барьцаалсан. /газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрхийг Нэргүйгээс Г.Б 2017 оны 6 сарын 08-ны өдөр мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ийн өдөр тус тус олгосон/ 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээ байгуулж 27,600,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай тус тус зээл авсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 523 тоот шийдвэрээр Их цолмон капитал ББСБ ХХК-ийн нэр Г. Ф ББСБ ХХК болж өөрчлөгдсөн. Ч.Н нь дээрх зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бөгөөд түүнд зээлийн төлбөрөө төлөхийг амаар болон бичгээр удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрөө төлөөгүй. Зээлдэгч Ч.Н зүгээс барьцаанд тавьсан газруудыг худалдан борлуулах замаар зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах тухай хүсэлтийг амаар болон бичгээр ББСБ-д удаа дараа тавьж түүний 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Миний бие Ч овогтой Н нь өөрийн санхүүгийн асуудлаас хамаарч ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2, ЗГ/017/04/06 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж зээлүүдийг хааж өгнө үү гэх хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт байрлах газар эзэмших эрхийг С.Ж, Төв аймагт байрлах газар эзэмших эрхийг Д.Ж шилжүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг зээлдэгч болон зээлдүүлэгч тал хүлээн зөвшөөрч худалдан борлуулсан. Барьцаанд тавьсан газруудыг худалдан борлуулахад гарсан зардалд ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн газрын төлбөрт 3,872,000 төгрөг, ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээний төлбөрт 7,119,880 төгрөгийг тус тус суутган тооцсон. Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, 20,000 м2 талбай бүхий газар эзэмших эрхийг Ч.Н нь иргэн С.Ж 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр худалдсан бөгөөд худалдан авагч С.Ж нь нийт үнийн дүнгээс 100,000,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээний төлбөрт 63,569,227 төгрөг, ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээний төлбөрт 25.438,893 төгрөг суутган тооцсон. Зээлийн гэрээний барьцаанд тавьсан Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Баяндавааны арал голын тохойд, 2 га талбай бүхий газар эзэмших эрхийг иргэн Д.Ж 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан 15,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээний төлбөрт суутган тооцсон. ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон. Харин 3Г/017/04/06 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс 11,112,865 төгрөгийг зээлдэгч Ч.Н төлөөгүй үлдэгдэлтэй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцогдож нэмэгдэж байдаг ба зээлийн гэрээний заалтыг баримтлан зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 11,112,865 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

           Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээний зүйлийг хүлээлгэж өгөөгүй. 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 4 сарын хугацааны хүү нь ороод 12,000,000 төгрөг. Мөн энэ өдөр 10,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй дахин зээлсэн. Энэ нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр буюу 3 дахь зээлийн гэрээ гэрээ байгуулагдах үед дуусч байгаа. Хүүтэйгээ нийлээд төлөх төлөлт нь 12,000,000 төгрөг 2 зээлийн нийлбэр 24,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын сарын 06-ны өдөр очиж уулзан зээлийг төлөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Зээлийн гэрээний хугацааг сунгах боломж байгаа эсэхийг тодруулахад 2017.04.16-ны өдөр 2 гэрээний нийт зээл,хүүг тооцож 27,600,000 төгрөгөөр зээлийн гэрээг байгуулах санал тавьсанг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан. 10,000,000 төгрөгийн 2 удаагийн нийт 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, гэрээний зүйлийг авсан. Уг 2 гэрээний үүргийг дуусгахаар Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах аялал зуучлалын зориулалттай газраар хаалгах хүсэлт тавьсаны дагуу уг 2 гэрээг хаасан. Миний бие Сонгинохайрхан дүүрэг 32 хороо 20000 м.кв газраа С.Ж 250,000,000 төгрөгөөр худалдан 150,000,000 төгрөгийг өөрөө авч, үлдэх 100,000,000 төгрөгийг Г. Ф ББСБ ХХК эзэмшигч Г.Б руу С.Ж шилжүүлсэн, Г.Б бидний хооронд өмнө тооцоотой байсан өөр зээлийн гэрээнд тооцуулсан.Барьцаа хөрөнгүүдийг хувьцаа эзэмшигч Г.Б нэр дээр шилжүүлэх шаардлага тавьдаг байсан тул нэр дээр нь шилжүүлж өгч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв

      Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Г. Ф ББСБ ХХК нь хариуцагч Ч.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,112,865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ

      хариуцагч Ч.Н 2016.12.06-ны өдөр ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд 'Төмөр транс ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг 32 хороо, 20000 м2 үйлдвэрийн зориулалттай газрыг БГ/016/12/06 дугаар Барьцааны гэрээ байгуулж барьцаалсан. Барьцаанд тавьсан газар эзэмших эрхийг Төмөр транс ХХК-иас ББСБ-ын хувьцаа эзэмшигч Г.Б нэр дээр шилжүүлэх гэрээ байгуулсан,

     2016.12.06-ны өдөр ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг зээлж, барьцаанд Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Баяндавааны арал голын тохойд, 2 га газрыг БГ/016/06-2 дугаар барьцааны гэрээ байгуулж барьцаалсан. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Ч.Н-ээс Г.Б 2017.06.08, 2019.11.01-ний өдөр тус тус олгосон.

      2017.04.06-ны өдөр ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээ байгуулж 27,600,000 төгрөг зээлсэн. Сонгинохайрхан дүүрэгт байрлах газар худалдсан төлбөр 100,000,000 төгрөгийг С.Ж авсан, Төв аймаг, Эрдэнэ сумын газраар зээлийн үүрэгт тооцож авах зөвшөөрлийг Ч.Н өгсний дагуу уг газрыг 15,000,000 төгрөгөөр худалдаж дээрх гурван зээлийн гэрээний үүрэгт болон газар худалдсан зардал зэрэгт тооцсон бөгөөд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үлдэх үүрэг 11,112,865 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

         Хариуцагч Ч.Н шүүхэд гаргасан тайлбартаа: 2016.12.06-ны өдөр ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг, 2016.12.06-ны өдөр ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг тус тус нэхэмжлэгчээс зээлж, зээлийн гэрээний зүйл нийт 20,000,000 төгрөг авсан.  Уг хоёр зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүүг нэгтгэн 2017.04.06-ны өдөр ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээ байгуулсан, дээрх хоёр гэрээний нийт үүрэг нэгтгэгдээд 27,600,000 төгрөг болсон ба 2017.04.06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу гэрээний зүйл болох 27,600,000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваагүй. Барьцаа хөрөнгийг Г.Б нэр дээр шилжүүлэх баримт үйлдэх шаардлагыг нэхэмжлэгч тавьж байсан тул Г.Б нэр дээр шилжүүлж байсан. Сонгинохайрхан дүүрэгт байрлах газар худалдсан төлбөр 100,000,000 төгрөгийг С.Ж-аас Г.Б авсан. Г.Б бидний хооронд өмнө тооцоотой байсан тул уг төлбөртөө тооцож өгсөн.Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах аялал зуучлалын зориулалттай газраар ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээнүүдийг хаалгахаар хүсэлт гаргасан, уг газрыг худалдсан үйл баримтад маргахгүй, барьцааны гэрээгээр уг газрыг 35,000,000 төгрөгөөр үнэлсэн тул ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээнүүдийн үүрэгт бүхэлд нь тооцуулахаар хүсэлт гаргасан, 15,000,000 төгрөгөөр худалдаж тооцсон үнийн дүнг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

        Хавтас хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

        Их цолмон капитал ББСБ ХХК нь оноосон нэрээ Г. Ф ББСБ ХХК болгож өөрчилсөн болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр 523 тоот даргын тушаалаар тогтоогдож байна. /хх-13/

        Их цолмон капитал ББСБ ХХК болон хариуцагч Ч.Н нар нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эргэлтийн зориулалтаар 10,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эргэлтийн зориулалтаар 10,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээ, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эргэлтийн зориулалтаар 27,600,000 төгрөгийг зээлийн 30 хоногийн хүү 5 хувь, 3 сарын хугацаатай, 3 сар хүүгүй, ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээг тус тус байгуулжээ. /х.х-ийн 17-18, 23-24,30-31 /

         Дээрх гурван зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зүйл болох 27,600,000 төгрөгийг хариуцагч Ч.Н аваагүй гэж маргадаг.

         Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, талуудын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д Зээл олгох хэлбэр- Бэлнээр гэж талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч зээлийг бэлнээр олгосонг буруутгах үндэслэлгүй байна.

      Хариуцагч Ч.Н 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Миний бие Ч овогтой Н нь өөрийн санхүүгийн асуудлаас хамаарч ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2, ЗГ/017/04/06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, зээлүүдийг хааж өгнө үү гэх хүсэлтийг нэхэмжлэгч Г. Ф ББСБ ХХК -нд гаргаж өгсөн байна. /хх-73/

      Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байх ба хариуцагч Ч.Н нэхэмжлэгчид 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдөр гаргасан дээрх хүсэлтийн агуулгын үгийн шууд утгыг харвал ... ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2, ЗГ/017/04/06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж... гэх агуулга нь гурван зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тайлбарлагдаж байх тул 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу гэрээний зүйл болох 27,600,000 төгрөгийг хариуцагч Ч.Н нэхэмжлэгч Г. Ф ББСБ ХХК -иас авсан байна гэж шүүх дүгнэлээ.

   Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэн, зээл тус бүрээр үүргийг дараах байдлаар тооцлоо. Үүнд:

1. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эргэлтийн зориулалтаар 10,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүтэй, ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн газар эзэмших эрх худалдсан 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн тул уг хугацаагаар үүргийг тооцоход үндсэн зээл 10,000,000 төгрөг, нийт хүү 12,500,000 төгрөг төлөхөөс 2017.01.06-ны өдөр 400,000 төгрөг, 2017.02.06-ны өдөр 400,000 төгрөг, 2017.03.06-ны өдөр 400,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгийг хүүнд хариуцагч төлсөн байх тул хүүнд 11,300,000 /12,500,000-1,200,000/ төгрөг, гэрээний 2.4-т зааснаар нэмэгдүүлсэн хүү 2,260,000 төгрөг, ЗГ/016/12/06 дугаар гэрээний дагуу нийт 23,560,000 төгрөгийн үүргийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсчээ.

2. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эргэлтийн зориулалтаар 10,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүтэй, ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн газар эзэмших эрх худалдсан 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн тул уг хугацаагаар үүргийг тооцоход үндсэн зээл 10,000,000 төгрөг, нийт хүү 12,500,000 төгрөг төлөхөөс 2017.01.06-ны өдөр 400,000 төгрөг, 2017.02.06-ны өдөр 400,000 төгрөг, 2017.03.06-ны өдөр 400,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгийг хүүнд хариуцагч төлсөн байх тул хүүнд 11,300,000 /12,500,000-1,200,000/ төгрөг, гэрээний 2.4-т зааснаар нэмэгдүүлсэн хүү 2,260,000 төгрөг, ЗГ/016/12/06-2 дугаар гэрээний дагуу нийт 23,560,000 төгрөгийн үүргийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсчээ.

3. 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эргэлтийн зориулалтаар 27,600,000 төгрөгийг зээлийн 30 хоногийн хүү 5 хувь, 3 сарын хугацаатай, 3 сар хүүгүй, ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 27,600,000 төгрөг, хүүний хугацааг 2017.08.06-ны өдрөөс 2019.05.02 хүртэлх хугацааны хүүг шаардсан тул нийт 21 сарын хүү 28,980,000 төгрөг, уг гэрээгээр талууд нэмэгдүүлсэн хүү тохиролцоогүй, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ нэхэмжлэгч алдсан байх тул ЗГ/017/04/06 гэрээний дагуу нийт 56,580,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хариуцагчид үүссэн байна.

        Нэхэмжлэгч Г. Ф ББСБ ХХК нь 2016.12.06-ны өдрийн ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээний дагуу БГ/016/12/06 дугаар барьцааны гэрээ гэх нэртэй гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо 20000 м.кв талбайтай, Гэрчилгээний №000303538 дугаартай газар эзэмших эрхийг барьцаалсан, 2016.12.06-ны өдрийн ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээний дагуу БГ/016/12/06-2 дугаар барьцааны гэрээ гэх нэртэй гэрээгээр Төв аймаг Эрдэнэ сум, аялал зуучлалын зориулалттай, Гэрчилгээний 000450438 дугаартай 2 га газрын эзэмших эрхийг барьцаалсан барьцааны гэрээ хэрэгт авагдсан байна. /хх 19-22, 25-28/

       Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж, зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, түүнчлэн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ... гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг хуульд зааснаар бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул дээрх хоёр барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

     Г. Ф ББСБ ХХК -ийн хувьцаа эзэмшигч Г.Б болох нь компанийн дүрмээр тогтоогджээ. /хх-7/

      Төмөр транс ХХК-ийн захирал Ч.Н 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төмөр транс ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо 20000 м.кв газар эзэмших эрхийг Г.Б газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлжээ. /хх-16, 29/

      Ч.Н уг газар эзэмших эрхийг С.Ж нэр дээр шилжүүлэхийг Г.Б хандан 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр албан бичиг хийж өгсний дагуу Г.Б 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр С.Ж газар эзэмших эрхийг шилжүүлжээ. /хх-36, 79/

    Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо 20000 м.кв газар эзэмших эрхийн хувьд хариуцагч Т.т. ХХК-ийн захирал Ч.Н газар эзэмших эрхээ өөрөө худалдан борлуулсан, эрх худалдсны төлбөрт 150,000,000 төгрөгийг худалдан авагч С.Ж-аас Ч.Н өөрөө авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

     Харин дээрх газрын төлбөрийн үлдэгдэл 100,000,000 төгрөгийн төлбөрийг ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2, ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Гүмүда финанс ББСБ ХХК тооцсон нь үндэслэлгүй, Ч.Н, Г.Б нарын хооронд өөр зээлийн харилцаанаас үүссэн үүрэгт тооцуулж өгсөн гэж хариуцагч маргаж байх боловч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2, ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээнүүдийн үүргийг хэрхэн төлж барагдуулсан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлаа хариуцагч нотлоогүй байна.

      Ч.Н өөрийн эзэмшлийн Төв аймаг Эрдэнэ сум 1 дүгээр баг, Баяндавааны арал голын тохойд, аялал зуучлал, мод үржүүлгийн зориулалттай 2 га газрыг захиран зарцуулах эрхийг Г.Б 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр итгэмжлэлээр олгожээ. /хх-34/

      Уг хэлцэл нь Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээний үүргийг өөрт чирэгдэлгүй шуурхай хангуулах зорилгоор, хэлцэл байгуулагч талын хүсэл зоригоос гадуур, итгэмжлэл гэх хэлцлийг байгуулан газар эзэмших эрхийг Банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч Г.Б олж авч байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээг халхавчлах зорилгоор итгэмжлэл гэх хэцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

      Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул талууд уг хэлцэлтэй холбоотойгоор ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг.

      2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр БГ/016/12/06-2 дугаар барьцааны гэрээний дагуу Төв аймаг Эрдэнэ сум 0 дүгээр баг, Баяндавааны арал голын тохойд, аялал зуучлал, мод үржүүлгийн зориулалттай 2 га газрыг барьцаалагч буюу нэхэмжлэгч 35,000,000 төгрөгөөр үнэлж, барьцаалсан байна.        

         Хариуцагч Ч.Н Төв аймаг Эрдэнэ сум  0 дүгээр баг, Баяндавааны арал голын тохойд, аялал зуучлал, мод үржүүлгийн зориулалттай 2 га газар худалдсан үйл баримтад маргаагүй, гагцхүү барьцааны гэрээгээр барьцаа хөрөнгийн үнийг харилцан тохиролцсон, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, зээлүүдийг хааж өгнө үү гэх хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсан тул уг газрыг 15,000,000 төгрөгөөр худалдсан үнийн дүнг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

      Хариуцагч Ч.Н 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Миний бие Ч овогтой Н нь өөрийн санхүүгийн асуудлаас хамаарч ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2, ЗГ/017/04/06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, зээлүүдийг хааж өгнө үү гэх хүсэлтийг нэхэмжлэгч Г. Ф ББСБ ХХК -нд гаргаж байсан гэх хариуцагчийн тайлбар тогтоогдож байна. /хх-73/ Уг албан бичигт ... үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, зээлүүдийг хааж өгнө үү гэсэн үгийн шууд утгын агуулга нь барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний бүх үүргээ дуусгавар болгохыг зөвшөөрч олгосон зөвшөөрөл байх тул барьцааны зүйлийг барьцааны гэрээгээр тохиролцсон үнийн дүнгээс доогуур худалдаж, захиран зарцуулсан нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймээс шүүх худалдсан үйл баримтад маргаагүй, гуравдагч этгээдэд газар эзэмших эрх шилжсэн, хэлцлээр шилжүүлсэн газрыг харилцан буцааж өгөх, боломжгүй байх тул барьцааны үнийн дүнгээр тохиролцсон үнэ 35,000,000 төгрөгөөр тооцон хариуцагчийн зээлийн үүргээс хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

     Иймд ЗГ/016/12/06, ЗГ/016/12/06-2, ЗГ/017/04/06 дугаар гурван зээлийн гэрээний дагуу нийт 103,700,000 /23,560,000+23,560,000+56,580,000/ төгрөгийг төлөх үүрэг хариуцагчид үүссэн бөгөөд газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбогдон гарсан зардал 7,232,000 /3872,000+480,000+960,000+1,920,000/ төгрөг, нийт 110,932,000 төгрөгийг хариуцагч Ч.Нэргүй нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн ба дээрх хоёр газар эзэмших эрх шилжүүлсний төлбөрт нэхэмжлэгч 135,000,000 /100,000,000+35,000,000/ төгрөгийг авсан байх тул илүү төлөлт 24,068,000 /135,000,000-110,932,000/ төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

     Хариуцагч илүү төлсөн төлөлтөө нэхэмжлэгчээс бие даан нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт 11,112,865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г. Ф ББСБ ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 192,756 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ