Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 350

 

Д.М-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                 Х.Батсүрэн,

Шүүгчид:                              Л.Атарцэцэг, 

                                             Д.Мөнхтуяа,

                                             Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:       Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”,

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 115/ШШ2017/0014 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2018/0077 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нар.

Нэхэмжлэгч Д.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 115/ШШ2017/0014 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.М-ыг Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “ойн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 3182460 /гурван сая нэг зун наян хоёр мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2018/0077 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 115/ШШ2017/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг баримтлан Д.М-ын “Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.С-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гомдол

3. “...Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. а/ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ...жирэмсэн эмэгтэйг 2 үндэслэлээр л халахаар заасан байна. Миний бие ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаал гаргахад жирэмсэн гэдгээ хэлж байсан. Хавтаст хэрэгт ч энэ тухай баримтууд байгаа. Одоо би амаржаад 5 сар гаруй болж байна. Хөдөлмөрийн тухай хуулиар намайг ажлаас чөлөөлөхгүй байх байсан. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн энэ заалтыг хэрэглээгүй. Энэ талаар магадлалдаа ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

4. б/ Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь тухай албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх” шаардлагыг намайг хангаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Би хэдийгээр төрийн удирдлагын мэргэжлийн дипломтой хэдий ч ойн асуудал, байгаль хамгаалал судлалын чиглэлээр Япон Улсад болон дотооддоо хэд хэдэн удаагийн сургалтад суралцаж мэргэшсэн. Өмнө нь Японы өвсний үндсэн төслийн чиглэлээр 2 жил суралцаж байсныг үндэслэж намайг Төрийн албаны салбар зөвлөлд санал явуулж, нөөцөөс энэ албан тушаалд томилсон. Гэтэл давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар анх тус албан тушаалд томилох үеэс ажлын байрны тодорхойлолтод тавигдах ерөнхий шаардлага, дээрх шаардлагыг нэхэмжлэгч мэдэж байсан байна гэж дүгнэжээ.

5. Хариуцагч мэдэж байж намайг авч ажиллуулсан. Нэгэнт би төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон учраас Төрийн албан хаагчийн баталгаа болон Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 33 дугаар зүйлийн 33.5, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлд заасан баталгаагаар хангагдах ёстой. Энэ хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрвээ намайг энэ ажил, албан тушаалд авч ажиллуулаагүй бол би Японы өвсний үндэс төсөл дээр ажиллаад хуульд зааснаар жирэмсний амралтаа эдлэх байсан. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь миний Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхүүдийг ноцтой зөрчлөө.

6. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д заасантай нийцсэн байна.

8. Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Ойн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.М-ыг “ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангахгүй болсон” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.М-ын эрхэлж байсан Ойн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод, уг албан тушаалд “ойн инженер, байгаль хамгаалал судлаач, ургамал хамгаалал экологич” мэргэжилтэй байхыг шаардсан байхад төрийн удирдлагын менежер мэргэжилтэй Д.М- тухайн албан тушаалд хууль зөрчин томилогдсон нь тогтоогдсон байна.

10. Гэтэл анхан шатны шүүх “...хариуцагч нь Д.М-ыг анхнаасаа ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн бус гэдгийг мэдсээр байж уг албан тушаалд томилон, төрийн жинхэнэ албан хаагчийн статусыг олгосон хэрнээ нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн тушаалдаа “ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангахгүй болсон” гэж буйг зөвтгөх боломжгүй ...” гэж дүгнэн, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь Төрийн албаны тухай хуулийн дараах зүйл, заалтуудыг зөрчжээ.

11. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.”, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй”, 33 дугаар зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.4-т зааснаас бусад төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж тус тус заасан.

12. Хуулийн дээрх зохицуулалтуудаар төрийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага, болзлыг хангасан иргэн тухайн албан тушаалыг эрхлэх, улмаар төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д.М- нь тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий шаардлага болох “ойн инженер, байгаль хамгаалал судлаач, ургамал хамгаалал экологич” мэргэжилтэй байх гэсэн шаардлагыг анхнаасаа хангаагүй байхад хууль зөрчиж тухайн албан тушаалд томилсныг давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, нэгэнт хуульд заасан шаардлага, нөхцөл болзлыг хангаагүй этгээдийг шүүхээс тухайн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

13. Иймд, нэхэмжлэгч Д.М-ын “...төрийн удирдлагын мэргэжлийн дипломтой хэдий ч ойн асуудал, байгаль хамгаалал судлалын чиглэлээр Япон улсад болон дотооддоо хэд хэдэн удаагийн сургалтад суралцаж мэргэшсэн, ...ажлаас чөлөөлөх үед би жирэмсэн байсан тул ажлаас чөлөөлөгдөх үндэсгүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

14. Учир нь, нэхэмжлэгч Д.М-ын мэдлэг боловсролоо хөгжүүлэн гадаад, дотоодын сургалтад хамрагдаж байсан нь маргаан бүхий албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн гэдгийг нотлохгүй бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргах үед нэхэмжлэгч 3-4 долоо хоногтой жирэмсэн байсныг хариуцагч мэдээгүй байсан гэсэн тайлбар үндэслэлтэй байна.  

15. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2018/0077 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

                              ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА