Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 0014

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дийн Мын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж,  урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч,  хариуцагч Д.С, гэрч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 143 дугаар тогтоолыг тус тус үндэслэн намайг ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Д.М миний бие Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо 2017.04.12-ны өдөр гаргасан боловч шалгаж байгаа гэсэн үндэслэлээр өнөөг хүртэл хариу өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Намайг ажлын байранд заасан тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллгааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байсан. Би мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор 2015 онд “Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн хөнөөлт шавж өвчний судалгаа, тэмцлийн ажлын үр дүнг тооцох” мөн ондоо “Ойн нөөцийн судалгаа, түүнд ашиглах программ хангамж”, 2016 онд “Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол” сургалтанд тус тус хамрагдаж гэрчилгээ авсан болно. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 143 дугаар тогтоол нь намайг ажлаас чөлөөл гэсэн тогтоол байсан бол түүнийг надад танилцуулаагүй. 2017.03.31-ний өдрийн байдлаар миний бие 3-4 долоо хоногтой жирэмсэн байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байх тул урьд эрхэлж байсан Ойн асуудал хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулна. 

Хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрүүддээ гаргуулсан цалингийн хэмжээгээр нөхөн бичилт хийлгэнэ. Д.М миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашгийг хөндсөн 2017.03.31-ний өдрийн Б/06 тоот Дорноговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын тушаалыг хууль бус гэдгийг тогтоож, ажилгүй  байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрүүдэд бичилт хийхийг даалгаж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргаж өгнө үү.

 

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 143 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Д.М нь Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо 2017.04.12-ны өдөр гаргасан боловч шалгаж байгаа гэсэн үндэслэлээр өнөөг хүртэл хариу өгөхгүй байсан тул шүүхэд хандсан. Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллгааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байсан. Нэхэмжлэгч нь мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор 2015 онд “Ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн хөнөөлт шавж өвчний судалгаа, тэмцлийн ажлын үр дүнг тооцох” мөн ондоо “Ойн нөөцийн судалгаа, түүнд ашиглах программ хангамж”, 2016 онд “Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол” сургалтанд тус тус хамрагдаж гэрчилгээ авсан болно. 2017.03.31-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч нь 3-4 долоо хоногтой жирэмсэн байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчин хууль бусаар чөлөөлсөн. Иймээс Дорноговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2017-03-31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Д.Мыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Хариуцагч нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Д.Мыг ойн асуудал хариуцсан мэргэжилтэнээр авъя гэсэн санал гаргаад Төрийн албаны зөвлөлөөс Д.Мыг нэр дэвшүүлээд тэр саналыг дэмжиж энэ хүнийг ажилд авна гэснээр энэ хүнийг томилсон байдаг юм. Ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас чөлөөлсөн гэж байгаа боловч уг тушаалыг үзэхээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн байгаа юм. 23 дугаар зүйлд ажилтныг ажил албан тушаалаас нь бууруулах гэж байгаа, энэ заалтуудыг үндэслэсэн мөртлөө төрийн албанаас чөлөөлсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг авсан байдаг. Энэ заалтад ажил албан тушаалдаа шаардлага хангахгүй байгааг мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон байхыг шаарддаг. Ажилдаа тэнцэхгүй боллоо  гэсэн ямар нэгэн дүгнэлт гараагүй байдаг. Тийм учраас хуулийн шаардлагыг хангаагүй акт байна гэж үзэж байгаа. Төрийн албаны зөвлөлийн 133 дугаар тогтоол, тушаалыг тус тус үндэслэн гэж байгаа. Энэ дээр ямар тушаал гэдгийг тодорхой заагаагүй байдаг. Тушаалд 2017-03-31-ний өдрөөс чөлөөлнө гэж зааснаас биш энэ өдрөөр чөлөөлсөн юм уу, ажил хүлээлцсэн өдрөөр чөлөөлөгдсөн юм уу гэдгийг заагаагүй. Ээлжийн амралтын тухай заагаагүй. Төрийн албан тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулын заалтуудыг зөрчсөн байдаг учраас хариуцагчийн 2017.03.31-ний өдрийн А/06 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

  Хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.С шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 

1. Д.М нь их хэмжээний мод үхүүлж, ажилдаа хариуцлагагүй хандаж байгууллагад хохирол учруулсан, 2016 оны үр дүнгийн үнэлгээ F буюу хангалтгүй үнэлэгдсэн /Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/.

2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсээс 2017.03.15-ны өдрүүдэд ажиллаж чиглэл өгсөн. /1-р заалт/ Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан шаардлагыг хангаагүй мэргэжлийн бус ажилтан ажиллуулж байгаа нь салбарын бодлого үйл ажиллагааны хэрэгжилт саарахад нөлөөлж байна. Байгууллагын бүтэц орон тоог Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн бүтэц орон тоонд багтаан ажил үүргийн ачааллыг тэнцвэржүүлэн оновчтой тогтоох, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангах мэргэжлийн ажилтантай болох замаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өгсөн. 1/716/

Түр сургалт нь мэргэжлийн баклаврын сургалтад тооцогдохгүй ойн мэргэжлийн бакалаврын дипломгүй, төрийн албаны шалгалтыг сумын хурлын нарийн бичгийн даргын ажлын байранд өгсөн байсан. /2015.04.10-нд батлагдсан ажлын байрны тодорхойлолтын мэргэжлийн шаардлагад ойн инженер, байгаль хамгаалал судлаач, ургамал хамгаалал экологич, дээд боловсролтой, бакалавр байх шаардлага тусгагдсан/. Удирдлагын эсрэг үг яриа гарган ажилтнуудын эв нэгдлийг алдагдуулан талцуулж төрийн байгууллагын үйл ажиллагаа явуулахад саад учруулан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байрны тодорхойлолтод ёс зүйн зөрчил гаргавал ажлаас чөлөөлөхөөр тусгагдсан. /2015.04.10-нд батлагдсан ажлын байрны тодорхойлолтын албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлагад тусгагдсан/. Ажлын хариуцлага үүрэг даалгавар биелэгдэхгүй байгаа талаар анхааруулж, ажлаас чөлөөлөх асуудлыг  өөрт нь хэлсэн. Ингэхэд Солонгосын визнд орох хүсэлт тавьсан тул тодорхойлолт гарган өгсөн /2017.03.24-ний өдрийн 98 дугаар тоот/. Гэр бүлийн доторхи эхнэр нөхрийн хувийн харилцааг мэдэх болон зохицуулан амьдралд оролцох боломжгүй. Гэр бүлийн дотоод хувийн нууц нандин асуудал гэж үзэж байна гэжээ. 

     Хариуцагч  Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мын хувьд ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангаагүй ажилтан байсан. Анх тамгын газрын дарга Б санал болгосноор Тамгын газарт хандаад Д.Мыг ажилд авч байсан. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар “Ойн инженер, ургамал хамгалагч, экологич мэргэжилтэй” хүнийг ажиллуулах ёстой байсан. Д.М нийгмийн чиглэлтэй мэргэжилтэй байгаа. Тухайн үед Тамгын газрын дарга санал болгосон байсан учраас ажилд авсан байсан. Тушаал нь мэргэжлийн хүн биш учраас ажилдаа хариуцлагагүй хандаж мод үржүүлгийн талбайгаас их хэмжээний модыг агуулахад /зоорь/ хийж үхүүлсэн. Буянт үйлс компаниас их хэмжээний мод аваад зарж борлуулсан гэх мэт ажилдаа шаардлага хангахгүй байсан юм. Үр дүнгийн мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байсан учраас тушаал гарсан. Нөгөө талаар 3 сард аймгийн Засаг даргын Тамгын газраас, Газрын харилцааны алба, хөдөө аж ахуйн алба, хяналт шинжилгээний баг ажиллаад тухайн багаас дүгнэлт гаргасан. Дүгнэлтэнд мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа ажилтнаа чөлөөлөх талаар заасан. 3 дугаар сарын 15-нд ажиллаад 17-нд фокус ярилцлага хийгээд гарсан дүгнэлт. Миний хувьд мэргэжилтнүүдээ аль болох л ажлыг нь жигдрүүлээд, тэр хүн ажилдаа сэтгэлтэй байх юм бол дадлагажуулах тал дээр анхаарч ажиллаж ирсэн. Нэг хэсэг ажилгүй байх хугацаанд манай байгууллагын ажилчид хоорондоо хов жив ярьдаг, харилцаа дорой болсон байсан. Мэргэжилтнээр ажиллуулъя гэхээр 1 дүгээр сарын 30-нд анхааруулж хэлж байсан. Бүх ажилтнуудаад шаардлага хангахгүй байгааг нь хэлж байсан. Мэргэжлийн хувьд ажилтнуудаа бүгдийг нь сургалтанд хамруулахыг зорьдог. Д.Мын хувьд нийгмийн чиглэлийн бакалаврын дипломтой, ойн асуудал хариуцсан мэргэжилтэний хувьд “Ойн инженер, байгаль хамгаалал судлаач, ургамал хамгаалал экологич” мэргэжлийн бакалаврын дипломтой байх ёстой. Мэргэжлийн шаардлага хангаагүй гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Тухайн үедээ мэргэшүүлээд авъя гэж бодож ажилд авсан. Ажиллах явцад түр сургалтуудад хамруулж ирсэн. Үр дүнгийн гэрээг 12 дугаар сард хуралдаж дүгнэх ёстой, тухайн үед ажилтай байсан учраас дараа нь хуралдсан, 1 дүгээр сард хурал хийж гэрээгээ дүгнэсэн, тушаалаа өмнөх оны 12 сараар гаргасан, гэрчийн хэлсэн үнэн. Сахилгын болон ёс зүйн зөрчилд дүгнэлт гаргаагүй, мөн арга хэмжээ аваагүй, мод үхүүлсэн талаар акт тогтоосон зүйл байхгүй, сануулж хэлж байсан. Хохирлыг төлүүлэхээр байсан гэхдээ амьдрал ахуйг нь бодоод 3 дугаар сард ажлаас нь чөлөөлсөн. Г.Б хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, миний гаргасан тушаалын дүгнэлтийг шивэх үүрэгтэй. Тэрнээс биш өөрөө дур мэдэн шивэх эрхгүй. Д.Мыг ажлаас чөлөөлөх тушаал гарахаас өмнө би Солонгос явна гэхээр нь би тодорхойлолт гаргаж өгсөн. Жирэмсэн гэдгийг нь мэдээгүй. Зөрчил гаргаад байхад цаашдаа ажиллуулаад байна гэх хуулийн зохицуулалт  байхгүй. Төрийн албаны зөвлөлөөс санал авах ёстой учраас хандсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар цуцалсан заалтыг барьсан гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгчээс шүүхэд анх “Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын Б/06 дугаар тушаалыг хууль бус гэдгийг тогтоолгох,  урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг өөрчлөн тодруулсан болно.

1. Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж,  урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар  /цаашид “маргаан бүхий акт” гэх/ тус газрын “ойн асуудал хариуцсан мэргэжилтэн” Д.Мыг “ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангахгүй болсон” гэж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь зүйлүүдийг үндэслэн төрийн албанаас чөлөөлжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хариуцагч нь маргаан бүхий актдаа төрийн албаны хуулийг буруу хэрэглэсэн, ёс зүйн зөрчил гаргасан, мод үхүүлсэн, ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон зэрэг нь үндэслэлгүй, сахилгын болон ёс зүйн зөрчил тогтоогдоогүй, хариуцагчийн гаргасан акт нь хууль бус” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан;

харин хариуцагч нь “мэргэжлийн бус хүн, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй ажилтан, мөн 2016 оны үр дүнгийн гэрээ хангалтгүй дүгнэгдсэн, ёс зүйн зөрчил болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байсан, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэх агуулгаар маргаан бүхий актаа зөвтгөн маргаж байна.

     “Ажлын байрны тодорхойлолтыг хангахгүй болсон” гэх маргаан бүхий актынхаа үндэслэлийг тайлбарласан хариуцагчийн дээрх тайлбарыг маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан үзэхэд дараах байдлууд тогтоогдож байна. Үүнд;

 1.1. Нэхэмжлэгч Д.М нь 2015 онд Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн Дорноговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн  2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 тогтоолоор  төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгджээ.

Үүний дараа хариуцагч Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын дарга Д.С нь /тухайн цаг хугацаанд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан/ нэхэмжлэгч Д.Мыг “ойн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох” саналыг Дорноговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргад гэж хаяглан 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №110 дугаар албан бичгээр  хүргүүлсэн байх ба мөн салбар зөвлөлөөс саналыг дэмжиж “Нэр дэвшүүлэх тухай” 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаар тогтоолыг 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 80 дугаар албан бичгээр  хариуцагчид хүргүүлсэн байна. 

     Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар  Д.Мыг “Ой, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтнээр” томилжээ.

Дээрхийг цаг хугацааны хувьд дүгнэн үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгч Д.Мыг “Ой, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтнээр” томилох саналыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилсон Б/18 дугаар тушаал нь 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр буюу Д.Мыг тухайн албан тушаалд “Нэр дэвшүүлэх тухай” Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол гарахаас 1 хоногийн өмнө гарсан байна. Зүй нь Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг нэр дэвшүүлсэн тогтоолыг төрийн байгууллага, албан тушаалтанд хүргүүлсний дараа тухайн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох учиртай. 

     Гэтэл хариуцагч нь төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоол гарахаас урьтаж Д.Мыг ажилд томилсон тушаалыг гаргасан атлаа “...Бөххүү даргын санал болгосноор ажилд авсан” гэж маргаж байгаа үндэслэлгүй байна. 

1.2. Нэхэмжлэгч Д.М нь 2013 онд “Засагт хан” дээд сургуулийг “Төрийн захиргааны удирдлага” мэргэжлээр суралцаж төгссөн болох нь №D201312128 дугаар бүхий бакалаврын дипломоор , мөн түүнчлэн эрхэлж байсан “Ойн асуудал хариуцсан мэргэжилтний” албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй байсан болох нь “Ажлын байрны тодорхойлолт”-ын  Ажлын байранд тавигдах шаардлага гэх хүснэгтийн “мэргэжил” гэх хэсэгт “Ойн инженер, байгаль хамгаалал судлаач, ургамал хамгаалал экологич” гэж заасан байгаагаар тус тус тогтоогдож байна.

    Гэвч дээр дурдсанчлан хариуцагч нь өөрөө нэхэмжлэгч Д.Мыг “ойн асуудал хариуцсан мэргэжилтнээр” томилох саналыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн бөгөөд мөн түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “...мэргэжлийн шаардлага хангаагүй гэдгийг нь мэдэж байсан, тухайн үедээ мэргэшүүлээд авъя гэж бодож ажилд авсан” гэж тайлбарсанаас дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Д.Мыг анхнаасаа ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн бус гэдгийг мэдсээр байж “Ойн асуудал хариуцсан мэргэжилтний” албан тушаалд томилон, төрийн жинхэнэ албан хаагчийн статусыг олгосон хэрнээ нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн тушаалдаа “Ажлын байрны тодорхойлолтыг хангахгүй болсон” гэх шалтгаан заасныг зөвтгөх боломжгүй юм. 

1.3. Хариуцагчаас нэхэмжлэгч Д.Мыг “2016 оны үр дүнгийн гэрээг “F” буюу хангалтгүй дүгнэгдсэн нь төрийн албанаас халах үндэслэл болсон гэж маргаж байна.

      Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийг үнэлэх тухай” А/30 дугаар тушаалын  хавсралтын д/д 4-т нэхэмжлэгч Д.Мын үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг “F” буюу хангалтгүй гэжээ. 

      Харин Дорноговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаар албан бичигт  хавсарган ирүүлсэн “Төрийн албан хаагчийн Бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан”-гийн программын мэдээлэлд  Д.Мын 2016 оны үр дүнгийн гэрээний үнэлгээг шууд харъяалагдах даргын үнэлгээ гэх хэсэгт “В” буюу хангалттай гэж бүртгэсэн байна.

      Дээрх үр дүнгийн гэрээний үнэлгээний талаар гэрч Г.Б “...бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан 12 дугаар сарын 12-нд шивэгдэхээр байсан, тэгэхэд Д.С дарга чи дарга хийж байснаараа дүгнэ, ер нь надад хамаагүй гэсэн байдлаар чи өөрөө мэдэж байгаа юм чинь дүгнэчих гэснээр би бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланд ажилтнуудын үнэлгээг шивсэн, “А/30” дугаар тушаалын тухайд 2017 оны 1 дүгээр сард хурал хийгээд тушаалаа өмнөх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан болгож хэлбэржүүлсэн” гэх мэдүүлгийг, харин хариуцагч нь “...үр дүнгийн гэрээг 12 сард хуралдаж дүгнэх ёстой, тухайн үед ажилтай байсан учраас дараа нь хуралдсан, 1 дүгээр сард хурал хийж гэрээгээ дүгнэсэн, тушаалаа өмнөх оны 12 сараар гаргасан, гэрчийн хэлсэн үнэн” гэх тайлбарыг тус тус гаргаж байна.

      Захиргааны байгууллага, албан тушаалтан үйл ажиллагаандаа Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлах учиртай. Гэтэл хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/30 дугаар “Албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийг үнэлэх тухай” А/30 дугаар тушаалыг гаргахдаа дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.4-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх..” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг зөрчсөн байна. 

      Иймээс А/30 дугаар тушаалыг үнэн зөв нотлох баримт гэж үзэхэд эргэлзээ төрж байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

      Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн 2016 оны үр дүнгийн гэрээг F буюу хангалтгүй гэж дүгнэсэн А/30 баримтыг үнэлээгүй тул нэхэмжлэгчийг энэ асуудлаар буруутгах үндэслэлгүй байна.

1.4. Нэхэмжлэгчийг их хэмжээний мод үхүүлж байгууллагад 5.000.000 орчим төгрөгийн хохирол учруулсан, ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлийн талаар хариуцагч нь А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр наасан 3 ширхэг фото зургаас өөр баримтыг  шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...ёс зүйн болон сахилгын зөрчилд дүгнэлт гаргаагүй, мөн арга хэмжээ аваагүй, мод үхүүлсэн талаар акт тогтоосон зүйл байхгүй, сануулж хэлж байсан” гэх тайлбараар Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 2 дугаар зүйлийн 4-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоогоогүй болох нь, мөн  Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн талаар шалган тогтоосон дүгнэлт гараагүй болох нь тус тус тогтоогдож байна. Иймээс дээрх асуудлуудаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байх ба мод үхүүлснийг нотлох зорилготой 3 ширхэг фото зургийг  хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн үнэлээгүй болно.

      Түүнчлэн нэхэмжлэгч нь “намайг жирэмсэн байхад ажлаас чөлөөлсөн” гэж маргасан боловч хариуцагч нь “жирэмсэн гэдгийг нь мэдээгүй” тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. Учир нь Д.М ажлаас чөлөөлөгдөх үедээ 3-4 долоо хоногтой жирэмсэн байсан болох нь түүний нэхэмжлэлдээ дурдсанаар тогтоогдож байх ба эмчийн тодорхойлолтгүйгээр жирэмснийг мэдэх боломжгүй юм. Иймээс энэ талаар нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн жирэмснийг нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн, мөн нэхэмжлэгчийг гомдол гаргаснаас хойш 2 сарын дараа гомдлыг шийдвэрлээд гаргасан Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг /хариуцагч шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн/ хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн тус тус үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

1.6. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар

Хариуцагч нь маргаан бүхий актдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь зүйлийг удирдлага болгон үндэслэж, нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн байна.

    Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх үндэслэлийг заасан байх ба 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэжээ. 

     Хуулийн энэ зохицуулалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдгийг баримтаар нотлож тогтоосон, мөн үр дүнгийн гэрээний үнэлгээгээр тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон нь нотлогдсон нөхцөлд хэрэгжих учиртай бөгөөд энэ тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх бус харин албан тушаалаас буруулахаар заасан байна. 

       Дээр дүгнэснээр ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үр дүнгийн гэрээний үнэлгээгээр тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй гэх үндэслэл бий болоогүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөхөөр 2017 оны 03 дугаар сарын Б/06 дугаар тушаалыг гаргасан нь хууль бус болжээ.

      Түүнчлэн Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь Төрийн албаны тухай хууль байхад хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2 дахь зүйлүүдэд тодорхойлон заасантай адил асуудлыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх зүйлийг маргаан бүхий актдаа баримталсан нь хууль бус байна.

      Иймээс хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт болох 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг нэхэмжлэгчийн төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Мыг Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын “Ойн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

2. Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаал нь нэхэмжлэгч Д.Мын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон ба шүүхээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн тул түүний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар хангагдах үндэслэлтэй байна.

     Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заажээ.

     Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг түүний ойн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан үеийн цалингийн тооцооны карт, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг  үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7-ийн “а”-д “... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” тодорхойлохоор заасны дагуу тооцоолоход сүүлийн 3 сарын дундаж цалин 725483 болж байна. 725483 төгрөгийг сарын ажлын өдрийн дундаж тоонд хуваахад нэг өдрийн дундаж цалин 725483/21,2=34220 төгрөг, үүнийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацаа 03 сар 03 хоног буюу /2017 оны 3 дугаар сарын 31-нээс 2017 оны 7 дугар сарын 03-ны өдрийг хүртэлх/ 93 хоногоор тооцон ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор нийт 3182460 /гурван сая нэг зун наян хоёр мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газраас гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгох нь зүйтэй байна.

       Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргад даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Д.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Мыг Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын “ойн асуудал хариуцсан мэргэжилтэн"-ий албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 3182460 /гурван сая нэг зун наян хоёр мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОТГОНТУЯА