Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1173

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Н  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00717 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Н , А.О  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Дэлгэрцогт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02509 дугаар захирамжаар Д.Н , А.О  нараас 75 057 280 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар битүүмжилсэн Д.Н ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202004571 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 37 тоот, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зах зээлийн бодит үнэ нь 180 000 000 төгрөг байгаа.

Гэтэл хариуцагч байгууллагаас ирүүлсэн мэдэгдэлд битүүмжлэн хураасан, төлбөр төлөгч Д.Н , А.О  нарын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний компанийн тогтоосон зах зээлийн үнэ болох 125 300 000 төгрөгийн 70 хувиар тооцон 87 710 000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдэж байна гэсэн байх бөгөөд уг үнэлгээтэй санал нийлэхгүй байна.

Учир нь хариуцагч байгууллага үнэлгээг хийхдээ орон сууцны үнийг хэт дарагдуулсан, гэрчилгээнд дурдсан байрны хуучин м.кв болох 40 м.кв-аар тооцож үнэлсэн байна.

Хуучны орон сууцнуудын талбайн хэмжээнд гал тогоо, ариун цэврийн болон бие засах өрөө, коридор, тагтны хэмжээг оруулалгүй тооцдог байсан үеийн журмаар тооцсон, зах зээлийн үнэлгээг судлахдаа дутуу, буруу аргаар судалсан гэж үзэж байна. Манай орон сууц Улаанбаатар хотын 1 дүгээр бүсийн А зэрэглэлд хамаарагддаг бөгөөд ижил төстэй, байрлал өөр газруудын үнэлгээг харвал миний үнэлсэн үнэлгээтэй жишиг ойролцоо байгаа.

Иймд эд хөрөнгийг 125 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02509 дүгээр захирамжаар Д.Н , А.О  нараас 72 231 708 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч Д.Н , А.О  нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 18 дугаар хорооны 37 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжилж, хураан авч төлбөр төлөгчид хөрөнгийн хадгалалтыг хариуцуулсан.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналаа төлбөр төлөгч Д.Н , А.О  нар нь тус бүр 180 000 000 төгрөг гэж ирүүлсэн ба төлбөр авагчаас шинжээч томилох хүсэлт гаргасан тул шинжээчээр “М ” ХХК-ийг томилоход үнэлгээчин эд хөрөнгийг 125 300 000 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Д.Н , А.О  гардуулан өгч, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж, албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/28969 тоот мэдэгдэлийг төлбөр төлөгч нарт мөн гардуулан өгч, гарын үсэг зуруулсан.

Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Үнэлгээний байгууллага үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээнд үнэлгээ хийсэн. Улсын бүртгэлийн эрх бүхий байгууллага хэмжилт хийж, гэрчилгээг олгосон.

Нэхэмжлэгчийн зүгээс 40 м.кв талбайн хэмжээг бодитоор тогтоох ёстой байсан гэж яриад байна. Ороогүй талбайг нэмээд оруулсан ч 60 м.кв-аас илүү гарахгүй. Нэхэмжлэгч нар нэмсэн талбайг тооцоод зах зээлийн үнэлгээг 180 000 000 гэж үзэж байгаа. Орон сууц ашиглалтад ороод нэлээд хугацаа өнгөрсөн, 125 000 000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг бодитой гэж үзэж байна.

Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахад нь уг орон сууцыг 100 200 000 төгрөгөөр үнэлж тооцсон ба уг орон сууц 2014 оноос хойш 6 жил ашиглагдсан, чанарын хувьд муудсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2009 онд гаргасан талбайг хэмжих стандартын дагуу хэмжээ гээд төсөөлж үзээд 60 м.кв хүрлээ гэж үзэхэд 2009 оны сүүлд ашиглалтад орсон ижил талбайтай байрны үнэлгээ 150 000 000 төгрөг орчим байна. Тогтоолын дагуу шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй гэж байна. “М ” ХХК-ийг томилсон болохоос биш үнэлгээчдийг томилоогүй. Төлөөлж байгаа этгээдэд хууль тайлбарлаж холбогдох ажиллагааг хийсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н , А.О  нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж, Н холбогдох, “М ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 37 тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 125 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Н , А.О  нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгийг хариуцагч байгууллагаас хуульд заасны дагуу битүүмжилж, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул “М ” ХХК-аар үнэлгээ тогтоолгуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шинжээчээр томилсон ба тус байгууллагын захирал Б.Э  Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх, үүргийг хуульд заасны дагуу танилцуулсан.

Гэтэл анхан шатны шүүх шүүх шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй үндэслэлээр “М ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хямд буюу хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуур буюу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан процессыг хүчингүй болгож хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

                                                               

Нэхэмжлэгч Д.Н, А.О нар нь хариуцагч Н холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02509 дугаар шийдвэрээр Д.Н , А.О  нараас 75 057 280 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Н ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202004571 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байр, 37 тоот хаягт байрших, 40 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н даалгаж шийдвэрлэжээ. Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 19280553 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх16-31/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Д.Н ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202004571 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байр, 37 тоот хаягт байрших, 40 м.кв 3 өрөө орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр битүүмжилж, уг орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. /хх 32, 37/

 

Төлбөр төлөгч Д.Н  2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, А.О  2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 180 000 000 төгрөгөөр тогтоолгохоор тус тус санал гаргасан байна. Төлбөр авагч шинжээч томилох хүсэлт гаргасан гэх тайлбараа хариуцагч нотлоогүй ч нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна. Иймд хариуцагч байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шинжээчээр “М ” ХХК-ийг томилсон ажиллагааг буруутгах боломжгүй байна. /хх 39, 40, 43/

 

Шинжээч “М ” ХХК нь уг орон сууцны зах зээлийн үнийг гаргахдаа өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг хийж харьцуулан дүгнэж 125 300 000 төгрөгөөр үнэлсэн нь тогтоогджээ.

 

Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тушаалаар “М ” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Э  хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгосон нь 07120004 тоот гэрчилгээгээр, тус компани нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “М ” ХХК-ийн захирал Б.Э  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр уг компанийг шинжээчээр томилсон тогтоолтой танилцуулж, мөн өдрөө Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг танилцуулж тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байх тул шинжээчид хуульд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгсөн гэж дүгнэнэ.

 

Үнэлгээг хийхэд Б.М  нь туслах үнэлгээчнээр оролцсон, түүнийг тусгайлан үнэлгээчнээр томилоогүй тохиолдолд түүнд хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулах шаардлагагүй байхад анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгожээ.

 

Шинжээч “М ” ХХК нь маргаан бүхий 3 өрөө орон сууцны м.кв талбайг 40 м.кв гэж тодорхойлон үнэлгээ гаргасан нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.Н т олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсантай нийцсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон 87 710 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, уг үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4/27727 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Н т 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлджээ. /хх 61, 62/

 

Нэхэмжлэгч нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргасан нь гомдол гаргах хуульд заасан хугацааг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “үнэлгээг бодит байдалтай нийцээгүй, зах зээлийн судалгаанд тулгуурлаагүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Н холбогдох эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Л.Н , А.О  нарын нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н холбогдох эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Л.Н , А.О  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                         

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА