Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01035

 

Д.Наранцэцэг, А.Оюунбилэг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00717 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1173 дугаар магадлалтай,

Д.Наранцэцэг, А.Оюунбилэг нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.03-ны өдрийн 181/ШШ2018/02509 дугаар захирамжаар Д.Наранцэцэг, А.Оюунбилэг нараас 75,057,280 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар битүүмжилсэн Д.Наранцэцэгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202004571 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 37 тоот, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зах зээлийн бодит үнэ нь 180,000,000 төгрөг байгаа. Гэтэл хариуцагч байгууллагаас ирүүлсэн мэдэгдэлд битүүмжлэн хураасан, төлбөр төлөгч Д.Наранцэцэг, А.Оюунбилэг нарын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний компанийн тогтоосон зах зээлийн үнэ болох 125,300,000 төгрөгийн 70 хувиар тооцон 87,710,000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдэж байна гэсэн байх бөгөөд уг үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Учир нь хариуцагч байгууллага үнэлгээг хийхдээ орон сууцны үнийг хэт дарагдуулсан, гэрчилгээнд дурдсан байрны хуучин м.кв болох 40 м.кв-аар тооцож үнэлсэн байна. Хуучны орон сууцнуудын талбайн хэмжээнд гал тогоо, ариун цэврийн болон бие засах өрөө, коридор, тагтны хэмжээг оруулалгүй тооцдог байсан үеийн журмаар тооцсон, зах зээлийн үнэлгээг судлахдаа дутуу, буруу аргаар судалсан гэж үзэж байна. Манай орон сууц Улаанбаатар хотын 1 дүгээр бүсийн А зэрэглэлд хамаарагддаг бөгөөд ижил төстэй, байрлал өөр газруудын үнэлгээг харвал миний үнэлсэн үнэлгээтэй жишиг ойролцоо байгаа. Иймд эд хөрөнгийг 125,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.03-ны өдрийн 181/ШШ2018/02509 дүгээр захирамжаар Д.Наранцэцэг, А.Оюунбилэг нараас 72,231,708 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсний дагуу 2019.04.18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.Наранцэцэг, А.Оюунбилэг нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 18 дугаар хорооны 37 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжилж, хураан авч төлбөр төлөгчид хөрөнгийн хадгалалтыг хариуцуулсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналаа төлбөр төлөгч Д.Наранцэцэг, А.Оюунбилэг нар нь тус бүр 180,000,000 төгрөг гэж ирүүлсэн ба төлбөр авагчаас шинжээч томилох хүсэлт гаргасан тул шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилоход үнэлгээчин эд хөрөнгийг 125,300,000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг 2019.12.04-ний өдөр төлбөр төлөгч Д.Наранцэцэг, А.Оюунцэцэг нарт гардуулан өгч, 2019.12.27-ны өдөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж, албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/28969 тоот мэдэгдэлийг төлбөр төлөгч нарт мөн гардуулан өгч, гарын үсэг зуруулсан. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Үнэлгээний байгууллага үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээнд үнэлгээ хийсэн. Улсын бүртгэлийн эрх бүхий байгууллага хэмжилт хийж, гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгчийн зүгээс 40 м.кв талбайн хэмжээг бодитоор тогтоох ёстой байсан гэж яриад байна. Ороогүй талбайг нэмээд оруулсан ч 60 м.кв-аас илүү гарахгүй. Нэхэмжлэгч нар нэмсэн талбайг тооцоод зах зээлийн үнэлгээг 180,000,000 гэж үзэж байгаа. Орон сууц ашиглалтад ороод нэлээд хугацаа өнгөрсөн, 125,000,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг бодитой гэж үзэж байна. Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахад нь уг орон сууцыг 100,200,000 төгрөгөөр үнэлж тооцсон ба уг орон сууц 2014 оноос хойш 6 жил ашиглагдсан, чанарын хувьд муудсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2009 онд гаргасан талбайг хэмжих стандартын дагуу хэмжээ гээд төсөөлж үзээд 60 м.кв хүрлээ гэж үзэхэд 2009 оны сүүлд ашиглалтад орсон ижил талбайтай байрны үнэлгээ 150,000,000 төгрөг орчим байна. Тогтоолын дагуу шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй гэж байна. Мөнх оргил трейд ХХК-ийг томилсон болохоос биш үнэлгээчдийг томилоогүй. Төлөөлж байгаа этгээдэд хууль тайлбарлаж холбогдох ажиллагааг хийсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00717 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Наранцэцэг, А.Оюунбилэг нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 37 тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 125 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Наранцэцэг, А.Оюунбилэг нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1173 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Л.Наранцэцэг, А.Оюунбилэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.29-ний өдрийн 1173 тоот магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Мөнх-Оргил трейд ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатарыг 2019.11.20-ны өдөр уг компанийг шинжээчээр томилсон тогтоолтой танилцуулж, мөн өдрөө Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг танилцуулж тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байх тул шинжээчид хуульд заасан эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн гэж үзнэ. Үнэлгээг хийхэд М.Мягмарсүрэн нь туслах үнэлгээчнээр оролцсон, түүнийг тусгайлан үнэлгээчнээр томилоогүй тохиолдолд түүнд хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагаа явуулах шаардлагагүй байхад анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгожээ гэжээ. Д.Наранцэцэг болон А.Оюунбилэг нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 37 тоот 40 м.кв талбайтай орон сууцны үнэлгээг Мөнх-Оргил трейд ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатар /үнэлгээчин/, туслах үнэлгээчин Б.Мягмарсүрэн нар ажиллаж, үнэлгээний тайлан гаргасан. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.11.20-ны өдрийн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан тухай тэмдэглэлд зөвхөн үнэлгээчин Б.Эрдэнбаатарт л хууль тогтоомжинд заасан эрх, үүрэг, хүлээлгэх хариуцлагыг танилцуулсан. Харин туслах үнэлгээчин болох Б.Мягмарсүрэнд эрх, үүрэг, хүлээлгэх хариуцлага зэргийг огт танилцуулаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл болон шинжээчид эрх, үүрэг хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг хийх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, туслах үнэлгээчин Б.Мягмарсүрэн нь санаатайгаар худал дүгнэлт гаргасан ч гэсэн эрүүгийн болон зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг ямарч тохиолдолд хүлээхгүй гэсэн үг юм. Дээрх бүгдийг харгалзан үзэж 1173 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг, А.Оюунбилэг нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Мөнх-Оргил трейд ХХК-аар 2019.02.02-ны өдөр үнэлүүлсэн барьцаа хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж, ...3 өрөө орон сууцыг 125,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосныг давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, Л.Наранцэцэг, А.Оюунбилэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

...үнэлгээг хийхдээ орон сууцны үнийг хэт дарагдуулсан, гэрчилгээнд дурдсан байрны хуучин м.кв болох 40 м.кв-аар тооцож үнэлсэн байна. Хуучны орон сууцнуудын талбайн хэмжээнд гал тогоо, ариун цэврийн болон бие засах өрөө, коридор, тагтны хэмжээг оруулалгүй тооцдог байсан үеийн журмаар тооцсон, зах зээлийн үнэлгээг судлахдаа дутуу, буруу аргаар судалсан гэж нэхэмжлэгч нар шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02509 дугаар шийдвэрээр Д.Наранцэцэг, А.Оюунбилэг нараас 75,057,280 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Наранцэцэгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202004571 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байр, 37 тоот хаягт байрших, 40 м.кв 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019.04.18-ны өдрийн 19280553 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан орон сууцыг битүүмжилж, хураан авах ажиллагаа явуулсныг хуульд нийцсэн гэж үзнэ.

Төлбөр төлөгч Д.Наранцэцэг 2019.11.18-ны өдөр, А.Оюунбилэг 2019.11.19-ний өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 180,000,000 төгрөгөөр тогтоолгохоор санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрөөгүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан шинжээч томилох үндэслэл болно. Иймд хариуцагч байгууллагаас 2019.11.20-ны өдөр шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон нь үндэслэл бүхий байна.

Хэргийн баримтаас үзэхэд шинжээчээр томилогдсон Мөнх-Оргил трейд ХХК нь уг орон сууцны зах зээлийн үнийг гаргахдаа өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг хийж, харьцуулан 125,300,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд тус компани нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хариуцагч нь 2019.11.20-ны өдөр Мөнх-Оргил трейд ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатарт тус компанийг шинжээчээр томилсон тогтоолтой танилцуулж, мөн өдрөө Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлаж тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байх тул ...шинжээчид хуульд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг нь хариуцагч байгууллагаас тайлбарлан өгсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн ..Үнэлгээг хийхэд Б.Мягмарсүрэн нь туслах үнэлгээчнээр оролцсон, түүнийг тусгайлан үнэлгээчнээр томилоогүй тохиолдолд түүнд хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулах шаардлагагүй байхад анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосныг буруу гэж дүгнэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2-т нийцжээ.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь шүүхийн шийдвэрт заасан 3 өрөө орон сууцны м.кв талбайг 40 м.кв гэж тодорхойлж, 125,300,000 төгрөгөөр үнэлгээ гаргасан нь Д.Наранцэцэгт олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсантай нийцсэн, хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон 87,710,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2019.12.03-ны өдрийн 4/27727 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Наранцэцэгт 2019.12.04-ний өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь гомдол гаргах хуульд заасан хугацааг зөрчөөгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд ...үнэлгээг бодит байдалтай нийцээгүй, зах зээлийн судалгаанд тулгуурлаагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг зөв гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхээс магадлалын тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1173 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Л.Наранцэцэг, А.Оюунбилэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД