Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1156

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00607 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А ийн хариуцагч Ж.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 160 824 614 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.О,

Хариуцагч: Ж.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э нь 2016 оны 09 дүгээр сард нөхөр бид хоёртой уулзан хувийнхаа бизнесээ санхүүжүүлэхэд тодорхой хэмжээнд мөнгө хэрэгтэй байна, та нар зээлдүүлж тус болооч гэж биднээс мөнгө зээлж авах хүсэлт гаргасан. Ж.Э ийн хувьд хамаатан нь төрийн өндөр алба хашдаг, мөн өөрөө тодорхой хэмжээнд тогтсон бизнес хийдэг, боломжийн орлоготой, зээлсэн мөнгөө эргүүлэн төлчих байх гэсэн ойлголт, итгэл төрүүлсэн учир би нөхөртэйгээ ярьж байгаад түүнд мөнгө зээлүүлэхийг зөвшөөрсөн. Ингээд би Хаан банкин дахь өөрийн хадгаламжийг барьцаалан 3 сарын буюу 90 хоногийн хугацаатай 23.2 хувийн хүүтэй, 45 000 000 төгрөгийн зээл авч, тухайн өдөрт нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр банкнаас авсан үндсэн нөхцөл болох 90 хоногийн хугацаатай, 23.2 хувийн хүүтэй 45 000 000 төгрөгийн зээлийг Ж.Э д өгсөн. Ж.Э энэхүү зээлийг хадгаламж барьцаалан авсан, зээлийн хугацаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 сарын хугацаанд ашиглан буцаан 23.2 хувийн хүү болох 2 717 260 төгрөгийн хамт мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийт 47 717 260 төгрөгийн хамт эргүүлэн төлөхөөр тохирсон. Ийнхүү дээрх зээлийг авсны дараа Ж.Э дахин бидэнд хандаж нэмэлт санхүүжилт хэрэгтэй байна, тус болооч өмнөх зээлийн хамт найдвартай эргүүлэн төлнө гэж хэлсний дагуу миний бие мөн өөрийн Хаан банкин дахь хадгаламжийг барьцаалан нэмж 55 000 000 төгрөгийг мөн сарын 23.2 хувийн хүүтэйгээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлдэн авч Ж.Э д банкны нөхцлөөр нь зээлсэн. Миний бие ийнхүү өөрийн нэр дээр нийт 100 000 000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч Ж.Э д зээлдүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээл төлөх хугацаа болсон ч Ж.Э надад нэг төгрөгийн үндсэн зээл болон хүүгийн төлөлт хийгээгүй. Харин миний авсан хадгаламж барьцаалсан зээлийн төлөлтийн хугацаа болсон тул арга буюу түүнд зээлсэн 100 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүү 9 220 085 төгрөг, нийт 109 220 085 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би өөрөө бүрэн төлж барагдуулсан. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд олох байсан ашиг болох нийт 160 824 614 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний эхний баримтанд 45 000 000 төгрөг олгох, дараа нь 55 000 000 төгрөг олгох баримтууд байгаа. Энэ баримтуудаар нэхэмжлэгч зээл авсан, зээл авах хүсэл зоригоо харилцан илэрхийлж зээлийг олгосон. Хуулинд зээлийг олгосноор тухайн зээлийн гэрээ байгуулагдсан тооцдог. Хариуцагч 100 000 000 төгрөгийн зээл авсан гэдэгт маргахгүй байна. Талууд хуулийн хүрээнд хүүг тохирсон байна. Тэгэхээр зээлийн харилцаа үүсээгүй гэж маргах үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд талууд гэрээ байгуулж үүрэг үүссэн бол түүнийгээ тогтсон хугацаанд биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр итгэлцэлд үндэслэгдэн байгуулагдсан гэрээний үүргээс татгалзаж байгаа байдал өөрийнх нь тайлбараар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч банкинд байсан урт хугацаатай хадгаламжаас зээл авч өгсөн. Хаан банкнаас авсан бодитой зээлийн жилийн хүү 23.2 хувь, энэ хүүгийн хэмжээгээр нь хариуцагчид зээлсэн. Хариуцагч зээлээ өгөхгүй байсан учраас энэ хүүгийн хэмжээгээр нь нэхэмжлэгч банкинд зээлээ төлсөн. Хариуцагч зээлийн хүү тохирсон зээлийг гэрээг үгүйсгэж байна. Талууд хүү тохирсон тохиолдолд гэрээг бичгээр байгуулах ёстой. Хариуцагч хэрэв үгүйсгэж байгаа бол нэхэмжлэгчийн хариуцагчийн өмнөөс төлсөн мөнгийг төлөх ёстой. Хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн. Хариуцагчид бодитоор олгогдсон 100 000 000 төгрөгийг, банкинд төлсөн бодит зээлийн хүүг хариуцагч төлөх ёстой. Ингээд нэхэмжлэгчийн хадгаламжаас энэ зээл хасагдаж, түүнээс хойш нэхэмжлэгчийн тухайн мөнгийг хадгалуулсан бол олох байсан орлогыг хариуцагч төлөх ёстой.  Иргэний хуулийн тодорхой зүйл, заалтын дагуу хариуцагч төлөх бүрэн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 онд н.Х д хандан өөрийн ажилдаа зарцуулах зорилгоор 100 000 000 төгрөгийг авсан ба үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. 2018 оноос 2019 оны хооронд бид хамтран бизнес хийхээр тохиролцож өөрийн эзэмшиж байсан “Зууны төгөл” ХХК-ийн 64 хувийг шилжүүлж өгсөн. Бидний хамтран хийх гэж байсан бизнест цаг хугацаа болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан одоогийн байдлаар хүлээлт үүссэн. Нэхэмжлэгч нийт 160 824 614 төгрөгийг нэхэмжлэхдээ  үндсэн зээл, зээлийн хүү, хохирол хэмээн тодорхойлсон байна. н.Хадхүү, Б.А болон бидний хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй. Иймд хүү төлөх үндэслэл байхгүй. Мөн учирсан хохирлыг барагдуулахгүй болно. Би өнөөдрийг хүртэл н.Хадхүүтэй өөрийн найз нөхөд гэж бодож ирсэн. Уг 100 000 000 төгрөгийг тодорхой хугацааны дараа эргүүлэн төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул 60 824 614 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би нэхэмжлэгч болон түүний нөхөр н.Х гэдэг хүмүүстэй гэнэт танилцсан зүйл биш. 2011, 2012 онд хамтарч ажиллаж байсан юм. Иймэрхүү байдлаар бусдын нэр хүндийг барьж нэхэмжлэгчээс зээл авсан зүйл байхгүй. Би н.Х рүү ярьж мөнгө авсан нь үнэн, үүнийгээ төлөхгүй гэж хэлээгүй. Түүнээс хойш бид нар хамтдаа ажил хөөцөлдөж 2019 оныг дуустал явсан. Ингээд эдгээр ажлууд зогсонги байдалд орох мөчид өгсөн мөнгөө надаас хүүгийн хамт нэхэж байна. Тодорхой цаг хугацаанд надтай хамт ажил хөөцөлдөж байсан үйл баримтууд миний утсан дээр байна. Найз нөхөд гэж байгаад гэнэт л шүүхэд өгсөн байсан. Тухайн үед бид хоорондоо санхүүгийн туслалцаа үзүүлдэг байсан болохоор тэр үед зээл, зээлийн гэрээ яриагүй. Бид хамтран ажилладаг байсан учраас өөрийн эзэмшдэг компанийг зуун хувь шилжүүлж өгсөн. Мөн өөр нэг компанийн тодорхой хувийг шилжүүлж өгсөн. Тэгэхээр бид нэг нэгэндээ мөнгө зээлдэг хүмүүс бол биш гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Ж.Э өөс 100 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А д  олгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60 824 614 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962 073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 657 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.А Хаан банкин дахь өөрийн хадгаламжийг барьцаалан 3 сарын буюу 90 хоногийн хугацаатай сарын 23.2 хувийн хүүтэй нийт 100 000 000 төгрөгийн зээлийг 2016 оны 09, 10 дугаар сард хоёр хуваан хариуцагч Ж.Э д авч өгсөн болох нь банкны хадгаламжийн болон зээлийн баримтуудаар нотлогддог. Ийнхүү бусдын хадгаламж барьцаалан хүүтэй, тодорхой хугацаатай зээл авч байгаагаа хариуцагч маш сайн мэдэж байсан талаараа маргадаггүй. Тухайн үүргийн онцлог, шинж чанар буюу талуудын ойлголцол, хүсэл зориг, гол тохиролцоо нь Б.А ийн банкны өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ж.Э авсан зээлээ зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх ёстой гэсэн туйлын ойлгомжтой бодит нөхцөл байдал бөгөөд талуудын энэ талаар эхнээсээ мэдэж, ойлголцож, хүлээн зөвшөөрч байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын гаргасан тайлбараар нотлогддог. Тухайн зээл төлөх хугацаа болж Хаан банкинд зээл төлөх гэрээний дагуу зээлээ төлөхийг нэхэмжлэгч шаардсан, хариуцагч энэ хугацаанд зээлээ төлөөгүй учир арга буюу түүний өмнөөс зээлийг төлсөн талаар тодорхой тайлбараа шүүхэд гаргасан, хариуцагч энэ талаар үгүйсгэж маргаагүй. Ийнхүү зээл олгосон болон зээлийг банкинд төлөх хугацаа хэтэрснээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн хариуцагчтай байнга уулзаж зээлээ төлөхгүй бол гэр бүлийн хүрээнд асуудал үүсээд байгаа талаар хэлж байсан, тодорхой ажил хийгээд зээлийг төлөх болно гэж удаан хугацаанд арга саам хийж явсан талаараа хариуцагч шүүхэд гаргасан тайлбараараа давхар нотолдог. Энэхүү талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл зээлийн хүрээнд онцлог шинж чанар буюу бодит нөхцөл байдал нь нэхэмжлэгч хариуцагчид өөрийн хадгаламжаа барьцаалан авч өгсөн 2016 оны 12 дугаар сарын 18-нд буцаан төлөхөөр банктай гэрээ байгуулсан зээл, тухайн зээлийн хүрээнд гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн зээл, зээлийн хүүг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх үүрэг юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн банкны өмнө хүлээсэн энэ гэрээний үүргийг хариуцагч нэхэмжлэгчийн өмнө хүлээж, хариуцагч энэ үүргээ хугацаанд нь тогтсон дүнгээр нь төлснөөр нэхэмжлэгч банкны өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр талуудын тохиролцож, бодит нөхцөл байдал үүссэн байдаг. Энэ дагуу банктай байгуулсан гэрээний хугацаа дуусч нэхэмжлэгч хариуцагчаас үүргийг шаардсан, хариуцагч энэ хугацаанд үүргийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлэн өнөөдөр 3 дахь жил нь болж байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлд “Үүргийг хуупь буюу гэрээгээр заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаас өөрөөр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсанчлан зээлийн гэрээний хугацааг заавал бичгээр тохирсон байх зөвхөн энэ нөхцөлд эрх зүйн үр дагавар үүсч олох байсан орлого, хүү нэхэмжпэх, шаардах эрх үүсэх тухай хуулийн зохицуулалт байхгүй байна. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчилж байгаа бөгөөд нэхэмжлэгч хугацаа тогтоон үүргийг шаардсан, ийнхүү шаардсанаас хойш үүргийг гүйцэтгэх хуулиар тогтоосон хугацаа аль хэдийн өнгөрсөн боловч хариуцагч үүргийг биелүүлээгүй байна. Талуудын харилцан мэдэж, ойлгож байсан бодит нөхцөл байдал буюу гуравдагч этгээд болох банкнаас авсан зээлийг төлөх хугацаанд хариуцагч зээлийг төлөөгүй, үүнээс хойш бүтэн 3 жилийн хугацаанд зээл төлөхийг шаардаж Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.2-т зааснаар хугацаа тогтоон шаардах эрхээ хэрэгжүүлсэн боловч үүнийг үүрэг гүйцэтгэгч биелүүлээгүй бодит үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал үүргээ зөрчин, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгч хугацаа хэтрүүлэн үүргээ зөрчсөн үүрэг гүйцэтгэгчээс хуулийн дагуу аливаа хариуцлагыг түүний дотор нэхэмжлэгчээс авч Хаан банкинд төлсөн зээл, зээлийн хүү, энэ хугацаанд нэхэмжлэгчийн олох байсан бодит орлого буюу хадгаламжийн хүүгээ нэхэмжлэн шаардах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм байдлаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбар, хуулийн зохих зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байдал нь анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх шаардлагыг зөрчин, тухайн шийдвэрийг эс зөвшөөрөх үндэслэл болж байна. Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн талаар, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогч нь хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн, нотлох баримт гарган өгөх, мөн хэрэгт цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, өөрийн шаардлага татгалзлын үндэслэл болж байгаа гэж үзсэн бичгийн болон эд мөрийн баримтуудыг шүүгчийн сонгосноор болон зохигч өөрийн хүсэлтээр шинжлэн судлуулж, шүүх хуралдаанд уншиж сонсгон, танилцуулж болох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлд хуульчлан зохицуулсан. Энэхүү бичмэл болон эд мөрийн баримт шинжлэн судлах үйл явц нь хэн нэгний үзэмжээр хийгддэг, аль нэг тал нотлох баримт шинжлэн судлуулахаар хүсэлт гаргасан байхад шүүх, шүүгч хязгаарлан хориглож болдог, сайн дурын шинжтэй процесс биш шүүх хуралдааны бие даасан бүрэлдэхүүн хэсэг билээ. Тухайн хэрэг маргааны хувьд нэхэмжлэгчийн хувьд өөрөө эрсдэл хүлээн өөрийн нь эзэмшилд банкны хадгаламжид байсан, бодит орлого буюу хүү олж байсан хувийн хадгаламжаа барьцаалан, буцаан банкинд тодорхой хүүтэйгээр төлөх, буцаан төлөх тогтсон хугацаатай зээлийг өөрийн нэрээр авч хариуцагч Ж.Э д зээл болгон өгсөн байдаг. Хариуцагч нэхэмжлэгчийг ийнхүү эрсдэл хүлээн, гуравдагч этгээдийн өмнө хугацаатай үүрэг хүлээн хүүтэй зээл авч өгч байгааг эхнээс нь мэдэж, банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаанд, энэхүү гэрээгээр тогтоосон дүнгээр нь зээлийг төлж барагдуулахаар талууд харилцан ойлголцож хүсэл зоригоо илэрхийлэн зээл олгогдсон болох нь нэхэмжпэгч Б.А ийн Хаан банкинд эзэмшиж байсан хадгаламжийн гэрээ түүнд холбогдох бичгийн баримтууд, хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ түүнд хамаарах бусад бичгийн баримтуудаар төлж бүрэн нотлогддог. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, нотлох, мэтгэлцэн оролцох эрхийнхээ хүрээнд дээрх тодорхой нотлох баримтуудыг шүүх хуралдаанд уншиж сонсгох, хүү, хугацаа тохирсон заалтуудыг онцлон шинжлэн судлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд тухайн шүүх хурлын явцад нотлох баримт шинжлэн судлах үйл явц огт явагдаагүй болно. Шүүх нотлох баримт огт шинжлэн судлаагүй болох нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдах бөгөөд шүүх хурлын төгсгөлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгч хууль зөрчин нотлох баримт шинжлэн судлах үйл ажиллагаа огт явуулаагүй, нотлох баримт шинжлэн судлуулах оролцогчийн хүсэлтийг хангаагүй, эрхийг хязгаарласан болохыг тодорхой хэлсэн. Мөн ямар нотлох баримтыг шинжлэн судлуулах, энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих, нотлоход ямар ач холбогдолтойг өөрт олгогдсон цөөн минутанд хагас дутуу илэрхийлсэн үгнээс иш татан нотлох баримт шинжлэн судалж оролцогч үг хэлсэн мэтээр шүүхийн шийдвэрт ташаа зүйл тусгажээ. Хамгийн гол асуудал болох зээлийн хугацаа, зээлийг буцаан шаардсан эсэх, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэн үүргээ зөрчсөн эсэх, үүнээс үүдээд нэхэмжлэгчид ямар хохирол учирсан болох нь ямар баримтаар хэрхэн нотлогдож байгааг шүүх хуралдааны явцад холбогдох баримтыг хуулийн дагуу шинжлэн судлуулах замаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин нотлох, тэгш эрхтэйгээр мэтгэлзэн оролцох боломж хязгаарлагдаж, үүнээс үүдэн шүүх нотлох баримтыг бодитойгоор бүрэн дүүрэн үнэн зөв үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй. Иймд дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчиж гаргасан, үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байх шаардлага хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрхийн сэргээн хамгаалж, учирсан бодит хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ж.Э өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон хохирол шаардаж үндсэн зээлд 100 000 000 төгрөг, зээлийн хүүд банкинд төлсөн 9 220 085 төгрөг, зайлшгүй олох байсан орлого 51 604 529 төгрөг нийт 160 824 614 төгрөг нэхэмжилжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “зээл авсан зүйл байхгүй, 100 000 000 төгрөг авсан, хамтран бизнес хийхээр тохиролцож өөрийн эзэмшдэг компанийн зуун хувь хувьцааг, өөр компанийн тодорхой хувийг шилжүүлсэн, бизнест цаг хугацаа, бусад нөхцөл байдлаас шалтгаалан хүлээлт үүссэн, зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, зээлийн хүү, хохирол төлөхгүй” гэж татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь “Хаан банк” ХХК-д өөрийн хадгаламжийг барьцаалж 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус банкнаас 45 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 55 000 000 төгрөг нийт 100 000 000 төгрөг зээлсэн байх ба уг 100 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Э д шилжүүлсэн үйл баримт хэргийн 5-8, 10 дугаар тал дах бичгийн баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргасангүй.

 

Хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг зээл биш, бизнест оруулсан мөнгөн хөрөнгө байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж гаргасан хэргийн 5-7 дугаар тал дах бэлэн мөнгөний зарлагын баримт, Хаан банкны зарлагын мэдүүлэг зэрэг баримтыг үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог байна.

Б.А нь “Хаан банк” ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 9 220 085 төгрөг нийт 109 220 085 төгрөгийг хадгаламж барьцаалсан зээлийн төлбөрт төлсөн болох нь “зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга” гэх баримтаар тогтоогдож байна. /хх-10 дах тал/

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ж.Э өөс “Хаан банк” ХХК-д хадгаламж барьцаалсан зээлийн хүүд 9 220 085 төгрөг төлснийг гаргуулна гэж нэхэмжилсэн боловч талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй, зээлийн хүү тохиролцоогүйгээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь хүү шаардах эрхээ алджээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Ж.Э өөс зээлийн хүүд төлсөн 9 220 085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.А ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар зээлийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Талууд зээлийн гэрээний хугацааны талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч нь  хариуцагчаас зээлийг шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэх байдлаа баримтаар нотлоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс зээлийг шаардсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ үеэс нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг буцаан төлөхийг шаардсан учир зээлийн гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан байна.

 

Хэргийн баримтаар хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу хохирол шаардах эрхгүй.

 

Иймд анхан шатны шүүх талууд бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулаагүй тул зээлийн хүү болон хохирол шаардах эрхгүй гэж зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 000 төгрөгийг хангаж, үлдэх 60 824 614 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг шинжлэн судлаагүй, шинжлэн судлаагүй нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гаргасныг зөвшөөрөхгүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл бүх нотлох баримтыг шинжлэн судалсан гэж тэмдэглэл үйлдэгдсэн байна. Талууд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаад буруу алдаатай бичигдсэн байвал 3 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасны дагуу засвар оруулах эрхтэй. Нэхэмжлэгч нь нь шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах талаар хүсэлт гаргаагүй тул давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 462 073 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                            ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Хугацаандаа мөнгөө өгөөгүйгээс хохирол үүссэн. Банкнаас авсан зээлийн хэмжээгээр хүү төлөх үүрэгтэй байсан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Хариуцагч эс зөвшөөрч маргасан. 100 000 000 төгрөгийг буцааж авсан тухайд хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч зээлийн гэрээний харилцааны үндсэн дээр 100 000 000 төгрөгийг өгсөн гэдэг үйл баримтыг шүүх зөв тогтоож талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн дүгнэлтийг хийсэн. Хариуцагч энэ тал дээр гомдол гаргаагүй учраас давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв болсон гэж үзнэ.

Зээлийн гэрээ нь хүүтэй байсан уу гэдгийг тодорхойлохын тулд Иргэний хуульд зааснаар зээлийн хүү шаардахаар бол бичгээр гэрээ байгуулна гэдэг. Зээлийн хүүгийн талаар тохиролцсон бичгийн харилцаа байсан талаар нэхэмжлэгч нотлоогүй учраас зээлийн гэрээг бол хүү төлөх бол шаардах эрхээ шаардахгүй. Ийм учраас зээлийн гэрээний хүү шаардсан хэсэг хүчингүй болно.

Хохирол шаардахын тулд үүргийн зөрчил байх ёстой. Үүргийн зөрчил хэдийд гарсан бэ гэдэг талаар нэхэмжлэгч тайлбарладаг боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл, хугацаагүй зээлийн гэрээний хувьд шаардах эрхийг хэрэгжүүлсэн байдлаа нотлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тодорхойлсон цаг хугацааны хувьд хохирол шаардах эрх байхгүй гэж дүгнэлээ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр зөв болсон 100 000 000 төгрөгийг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Процессын хувьд нотлох баримтыг шинжлэн судлаагүй, шинжлэн судлаагүй нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гаргасныг зөвшөөрөхгүй гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл бүх нотлох баримтыг шинжлэн судалсан гэдэг тэмдэглэл үйлдэгдсэн байна. Талууд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаад буруу байвал засвар оруулах эрхтэй. Ийм засвар оруулсан үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

282.3-т бичгийн хэлбэрт хүү тооцно бичгийн хэлбэрээр хүү тохироогүй тохиолдолд хүү тооцохгүй хүү тохироогүй учраас хүүг гаргахгүй, олох байсан орлого гэж мөнгө тооцож гаргахгүй