Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 00324

 

 

 

 

 

2017        12              08                                            324        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Хохирогч А.Дарьжав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баянбилэг,

Шүүгдэгч Л.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.гийн Н-т холбогдох эрүүгийн 1738003450150 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л.Н, 1995 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт …оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ... дугаартай,

Шүүгдэгч Л.Н- нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрт А.Дарьжавыг зодож эрүүл мэндэд тархи доргилт, эрүүний үений зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Н-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10-р сарын 19-ний өдөр байсан санагдаж байна. Манайх тухайн өдөр хонио туулганд оруулж байсан. Ингээд байж байтал Дарьжав гуай манай үхрийг Л. гэх хүний малын өвөлжөө рүү туугаад явж байсан. Тэгсэн чинь манай ээж Дарьжав гуай гэрлүүгээ явчих шиг боллоо манай үхэр айлын өвөлжөө рүү гарлаа очоод үхрээ эргүүлээд хүрээд ир гэсэн. Тэгээд би мотоциклиор үхэрлүүгээ очиход Дарьжав гуай харьж явснаа буцаж ирээд муу сайн цагаачид гээд гартаа барьж явсан модоороо миний нуруу руу 2-3 удаа цохисон. Сүүлийн цохилтонд нь миний  нуруу сонин болоод өвдөөд байхаар нь би үхрээ хаячхаад шууд гэрлүүгээ явсан. Тэгээд ээжид хэлээд нуруугаа үзүүлэхэд миний нуруу хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Дарьжавын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10-р сарын 19-ний өдөр байсан санагдаж байна. Намайг гэртээ байж байхад манай нутгийн иргэн Цэцэгболдын үхэр нь манай гадаа ирчихсэн, манай өвсний хашаа руу орох гээд байсан. Тэгэхээр нь би Цэцэгболдын үхрийг нь гэрээсээ холдуулаад 200 орчим метр газар туугаад явж байтал Цэцэгболдын хүүхэд болох Н- нь мотоцикльтой ирээд намайг хэл амаар доромжилж чамайг жижгэрүүлнэ чи үхэр яагаад туугаад байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би танай үхрийг би алаад идчихсэн биш чи яагаад хүн ална гэж байдгийн гэхэд мотоциклиороо намайг дайрах гээд байсан. Намайг нэг удаа дайрах гэж ирээд тулж зогсоод дахиад нэг удаа миний урд тулж ирж зогсоод миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд дахиад дайрах гэхээр нь тулж зогсох гэтэл сөхрөөд уначихсан. Тэгээд тэр залуу давхиад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Ю.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А.Дарьжав гэдэг хүн нь булчин татах хууч өвчтэй. 2017 оны 10 сарын 24-ний өдөр манай эмнэлгийн бага эмч Сүрэнхорлоо нь дуудлагаар очиж авчирч хэвтүүлсэн. А.Дарьжав гуайн биед болон нүүрэн хэсэгт ил харагдах шарх сорив өвчин зовиур байгаагүй. Энэ талаар надад ямар нэг зүйл ярьж эмчлүүлээгүй. А.Дарьжав гуай нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үедээ хүнд зодуулсан, тэгээд хууч хөдөлчихлөө гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Б.Сүрэнхорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 сарын 24-ний өдөр би Түнэл сумын 5-р багт Ёлгос гэх газарт А.Дарьжав гэдэг хүний нуруугаар хатгаад толгой өвдөөд байна гэсний дагуу очиход гэртээ хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Би өвчин намдаах тариа хийгээд сумын эмнэлэгт авчирч их эмч Цэвэлмаад үзүүлээд хэвтүүлсэн. А.Дарьжав нь хууч нурууны өвчтэй хүн 2-3 жил гаруй болж байна. Хүнд зодуулсан талаар надад ярьж хэлээгүй. Нүүр хэсэг хавдсан ил шарх сорив харагдаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Т.Цэцэгболдын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай үхэр бэлчээртээ явж байсан чинь Дарьжав гуай мод годолзуулаад манай үхрийг Л. гэх хүний малын өвөлжөө рүү туугаад байсан. ... манай хүүхэд үхэр дээрээ очоод мотоцикль дээрээ хоёр хөлөө унжуулчихсан аяархан үхрээ туугаад явж байсан чинь Дарьжав гуай манай хүүхдийг нэг модоор цохиод, үхрийг маань ч модоор цохиод байгаа харагдсан. ... намайг та яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэхэд урдаас хэрэлдээд танай хүүхэд намайг алгадсан гээд эрүүгээ үзүүлээд байсан. Тухайн үед эрүү нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Б.Л.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Түнэл сумын 5 дугаар багт өвөлжөөний хашаан дээр хашаагаа засаж байсан чинь Н-ын үхэр нь Янгасын амаар хөндлөн гараад Ёлгос руу өгсөөд бэлчээд явж харагдсан. ...Тэр үед Н- нь мотоцикльтэй ирээд үхрээ буцаагаад гэр лүүгээ  тууж явж харагдсан. Н-ыг үхрээ мотоцикльтэй  тууж явж байхад А.Дарьжав гуай модоор 2-3 удаа цохиж харагдсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 66 дугаар хуудас/,

Хөвсгөл  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 638 дугаартай:

  1. А.Дарьжавын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. А.Дарьжавын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 664 дугаартай:

  1. А.Дарьжавын биед тухайн үед тархи доргилт, нэмэлтээр эрүүний үеийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. А.Дарьжавын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн31-43 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 51-55 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудыг шалган  үзэхэд: Шүүгдэгч Л.Н- нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрт А.Дарьжавыг зодож эрүүл мэндэд тархи доргилт, эрүүний үений зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байна.

Тухайлбал: Хохирогч А.Дарьжав нь “...Н- нь мотоцикльтой ирээд намайг амаар доромжилж чамайг жижгэрүүлнэ чи яагаад үхэр туугаад байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр би танай үхрийг би алаад идчихсэн биш чи яагаад хүн ална гэж байдгийн гэхэд мотоциклиороо намайг дайрах гээд байсан. Намайг нэг удаа дайрах гэж ирээд тулж зогсоод дахиад нэг удаа миний урд тулж ирж зогсоод миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд дахиад дайрах гэхээр нь тулж зогсох гэтэл сөхрөөд уначихсан” гэх боловч дээрх үйл баримтыг нотолсон баримтат мэдээлэл хангалттай хэрэгт тусгагдаагүй байна.

Тодруулбал: Гэрч Ю.Цэвэлмаагийн “...А.Дарьжав гэдэг хүн нь булчин татах хууч өвчтэй. 2017 оны 10 сарын 24-ний өдөр манай эмнэлгийн бага эмч Сүрэнхорлоо нь дуудлагаар очиж авчирч хэвтүүлсэн. А.Дарьжав гуайн биед болон нүүрэн хэсэгт ил харагдах шарх сорив өвчин зовиур байгаагүй. Энэ талаар надад ямар нэг зүйл ярьж эмчлүүлээгүй. А.Дарьжав гуай нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үедээ хүнд зодуулсан, тэгээд хууч хөдөлчихлөө гэж ярьж байсан...”,

Гэрч Б.Сүрэнхорлоогийн “...2017 оны 10 сарын 24-ний өдөр би Түнэл сумн 5-р багт Ёлгос гэх газарт А.Дарьжав гэдэг хүний нуруугаар хатгаад толгой өвдөөд байна гэсний дагуу очиход гэртээ хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Би өвчин намдаах тариа хийгээд сумын эмнэлэгт авчирч их эмч Цэвэлмаад үзүүлээд хэвтүүлсэн. А.Дарьжав нь хууч нурууны өвчтэй хүн 2-3 жил гаруй болж байна. Хүнд зодуулсан талаар надад ярьж хэлээгүй. Нүүр хэсэг хавдсан ил шарх сорив харагдаагүй юм...”,

Гэрч Т.Цэцэгболдын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай үхэр бэлчээртээ явж байсан чинь Дарьжав гуай мод годолзуулаад манай үхрийг Л. гэх хүний малын өвөлжөө рүү туугаад байсан. ... манай хүүхэд үхэр дээрээ очоод мотоцикль дээрээ хоёр хөлөө унжуулчихсан аяархан үхрээ туугаад явж байсан чинь Дарьжав гуай манай хүүхдийг нэг модоор цохиод, үхрийг маань ч модоор цохиод байгаа харагдсан. ... намайг та яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэхэд урдаас хэрэлдээд танай хүүхэд намайг алгадсан гээд эрүүгээ үзүүлээд байсан. Тухайн үед эрүү нь зүгээр байсан ...”,

Гэрч Б.Л.гийн “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Түнэл сумын 5 дугаар багт өвөлжөөний хашаан дээр хашаагаа засаж байтал Н-ын үхэр нь Янгасын амаар хөндлөн гараад Ёлгос руу өгсөөд бэлчээд явж харагдсан. ...Тэр үед Н- нь мотоцикльтэй ирээд үхрээ буцаагаад гэр лүүгээ  тууж явж харагдсан. Н-ыг үхрээ мотоцикльтэй  тууж явж байхад нь А.Дарьжав гуай нь модоор 2-3 удаа цохиж харагдсан...”гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх бөгөөд хохирогчийн мэдүүлгээр  шүүгдэгчийн гэм буруутайг нотлох шийдвэрийн үндэслэл болохгүй байна.

Мөн гэрч Ю.Цэвэлмаа, Б.Сүрэнхорлоо нарын мэдүүлэг нь  шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон өвчний түүх болон бусад баримтат мэдээллээс өөрөөр мэдүүлсэн,   

Шүүгдэгч Л.Н-ын үйлдлээс болж А.Дарьжавын эрүүл мэндэд тархи доргилт, эрүүний үеийн зөөлөн эдийн гэмтэл учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул шинжээч, эмчийн дүгнэлтүүдийг  шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр улсын яллагчийн шийдвэрийг хүчингүй болгож, цагаатгах тогтоол гаргах нь зүйтэй байна.

Хохирогч А.Дарьжавын шүүгдэгчээс 500.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738003450150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 5, 36.3 дугаар зүйлийн 2, 36.6, 36.9, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Удгат овогт Л.гийн Н-ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгасугай.
  2. Хохирогч А.Дарьжав нь 500.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхисугай.
  3. Эрүүгийн 1738003450150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож,  хэргийг прокурорт буцаасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.ЭРДЭНЭ-ОЧИР