Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 0010

 

Б.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 179/2017/0352/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч: Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолтой Б.Эад холбогдох 1738000000026 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Зүүн хариад овогт Б-ын Э, …. оны. ..... дугаар сарын .....-ны өдөр төрсөн, …. настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан /регистрийн дугаар: ............../.

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт оршин суух иргэн Ч.Эийн монгол гэрийн хаалганы баруун талын ханыг эвдэн орж, эд зүйл хулгайлж 430 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Мөрөн сумын 9 дүгээр багт иргэн З.Лийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Эыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 1738000000026 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Шүүгдэгч Б.Э нь урьд өмнө нь Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 85 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нээлттэй, хаалттай хорих байгууллагын нөхцөлийг хуулиар тогтооно” гэж заасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Эад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд эдлүүлэх үндэслэлтэй байна.

Иймд Б.Эад холбогдох хэргийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг “2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 14 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-44-10 тоотод оршин суух иргэн Ч.Эийн монгол гэрийн хаалганы баруун талын ханыг эвдэн орж эд зүйл хулгайлж 430 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 8 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Мөрөн сумын 9 дүгээр багт иргэн З.Лийг зодож эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/-аас үзэхэд тэрээр 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн хорих 435 дугаар ангиас хуулийн тэгшитгэлээр суллагджээ. Гэтэл энэхүү ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Нэмэлт: 100.0 төг эд/х хураасан. үлд 6 ж 5 с 29 х” гэсэн нь ойлгомжгүй байх ба шүүгдэгчийг хорих ангиас сулласан шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан “Эрүүгийн хуульд заасан бусад байдал” буюу шүүгдэгчийн хувийн байдлыг шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр байна.

Хэрэв шүүгдэгч Б.Э нь хянан харгалзах хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байвал уг ялыг сэргээн эдлүүлэх журмыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тодорхой заасан ба дээрх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэх юм.

Мөн хохирогч З.Лийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор хийсэн Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 492 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...зүүн талын дунд чөмөг ясны хүзүү хэсгээрээ хугарсан бороожилт муутай” гэсэн байхад дүгнэлт хэсэгт хуучин хугарлын талаар огт дурдаагүй байх тул хуучин хугарал нь дахин сэдэрснийг гэмтлийн зэрэгт тооцох эсэхийг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан нотолбол зохих байдал болох “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотлоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Эад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шийтгэх тогтоол нь хүчингүй болсон тул дээд шатны прокурорын “...хорих ял эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийн талаар гаргасан” эсэргүүцлийг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Эад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                                С.ЦЭЦЭГМАА

                                                                     Н.БАЯРХҮҮ