Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1083

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00751 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-гийн хариуцагч Б.Г , “П” ХХК нарт холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.А Б.Г  нарын хооронд байгуулсан “хувьцаа бэлэглэх гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд “П” ХХК-ийн 52.1 хувийн хувьцааны эрхийг Б.А-гийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б

Хариуцагч: Б.Г ,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ах Б.Г тэй хамтран “П” ХХК-ийг 2009 онд үүсгэн байгуулж, би 52.1 хувийн хувьцааг эзэмшин сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрсэн. Ах Б.Г  нь дээрх хугацаанд голчлон ХБНГУ-д ажиллаж амьдарч компанийн гадаад харилцааг хэрэгжүүлж байсан бөгөөд 2017 оны сүүлээр ирж монголдоо суурин байхаар болсон. Энэ үеэс эхлэн өөрөө ганцаар компанийг удирдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, намайг өөрийн нэр дээр байгаа бүх хувьцаагаа түүний нэр дээр шилжүүлэхийг шаардаж, 10 гаруй хоног гэрт ирж “эрхээ шилжүүл, алив явья” гэх мэтээр дарамталж эхэлсэн. Тэрээр намайг өөрийн хувьцааны эрхийг шилжүүлсэн ч “ажлаа хэвээр хий, 1 жилийн дараа шинэ хувьцаа өгнө” гэж худал амлаж, намайг хууран мэхэлсэн байсан. Намайг компанийн эрхийг шилжүүлсний дараагаас эхлэн “чиний хэрэг одоо байхгүй, чи хамаагүй юманд гар хүрэхгүй шүү” гэх мэтээр доромжилж, компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас буулгаж ажил хийх боломжгүй байдалд оруулж, намайг “компанийн мөнгийг ихээр шамшигдуулсан, их ноолуурыг алга болгосон” гэх мэтээр худал цуу яриа ажилчдын дунд тарааж миний нэр хүндийг гутааж, намайг маш ихээр гомдоосон. Мөн би өөрийн бүхий л хүч чадал, эрдэм мэдлэг, амь амьдралыг байгуулсан “П” ХХК-д зориулж, компанийг өдий зэрэгт хүргэж зүтгэсэн байхад одоо намайг энэ компанийн хувьд ямарч оролцоо, байр суурьгүй болгож намайг үгээр хэлэхийн аргагүйгээр гомдоож, маш хүнд байдалд оруулж, цаашид дур сонирхолтой ажлаа хийж, сэтгэл амар амгалан, аз жаргалтай амьдрах итгэл үнэмшилгүй болгосон. Иргэний хуулийн 39.1 дүгээр зүйл, “Компанийн тухай” хуулийн 32.1 дүгээр зүйл, өмчийн эрх зүйн үндсэн зарчмын үүднээс “П” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.А  өмчлөлийнхөө 52,1 хувийн хувьцааг бусдад шилжүүлэх хүсэл зоригтой байсан эсэх, хуулийн этгээдийн хувьцааг бэлэглэх, худалдах харилцаа нь эрх зүйн өөр, өөр үр дагавартай тул Б.А-гийн хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн илэрхийлэгдсэн эсэхээс гадна Б.Г  нь яагаад компанийн гүйцэтгэх удирдлагын эрхийг авсан, Б.А-гийн хувьцааг бүгдийг өөртөө шилжүүлэн авахаар улайрсан, гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт татах гэж байгаа тул гадаад хөрөнгө оруулагчийн шаардлага нь компанийг зөвхөн 1 хувьцаа эзэмшигчтэй байх гэсэн хуурамч ятгалгаар Б.А г хууран мэхлэсэн байх эргэлзээ төрүүлж байна. Б.А гаас Б.Г т бэлэглэсэн “П” ХХК-ийн 52,1 хувийн хувьцаат хөрөнгө нь үүргийн эрх зүйн харилцааны дагуу биш, өмчийн эрх зүйн харилцаанд хамаарч байгаа тул салшгүй эрхийн зарчимд хамаарахгүй. “П” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн тайланд тус компанийн өмч 3 793 779 523,26 төгрөгөөр тогтоож, тайлагнасан байна. Б.А  компанийг удирдаж байх үед “П” ХХК үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй болсон, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүчин чадалтай болж, харилцагч банкуудаасаа авсан зээлийг бүрэн төлж барагдуулан өөрийн нөөцтэй болсоны дараа эдгээр үйл явдал болсныг анхааран үзэх шаардлагатай. Хариуцагч Б.Г  нь хувьцааг шилжүүлэн авсны дараа түүний хэлж, ярьж байсаны дагуу гадаадаас хөрөнгө оруулалт орж ирээгүй, Б.А  болон үйлдвэрийн ажилтнуудыг олноор нь ажлаас чөлөөлж, ажил хийх бололцоогүй болгох, үйлдвэрийнх нь байранд нэвтрүүлэхийг хориглож, Б.А-гийн хувьцааг буцааж өгөхгүй, компанийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг барьцаалж, Хөгжлийн банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авч, зээлийн хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулж, зээлийг эргэн төлөөгүйгээс эрсдэлтэй ангилалд орсон байна. Иймд Иргэний хуулийн 39.1, 59.1 дүгээр зүйлд заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөр хийгдсэн "Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээг”-г хүчингүй болгуулах, “П” ХХК-ийн 52,1 хувийн хувьцааны эрхийг Б.А-гийн нэр дээр шилжүүлж, бүртгэхийг даалгах шаардлагатай хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хувиараа ноолууран цамцыг дотоодын зах зээлээс худалдан авч улмаар гадаад улсын зах зээлд гарган анх ХБНГУ-д гарган худалдан борлуулж байгаад 1998 оноос эхлэн удаан хугацаагаар ХБНГУ-д ажиллаж, амьдрах шаардлагатай болсон. Миний хийж байсан дээрх худалдаа наймаа болох ноолууран цамцыг дотоодын зах зээлээс худалдан авч гадаадын зах зээлд гарган худалдан борлуулах ажилд тусалдаг болсон бөгөөд миний зөвлөсний дагуу гэрээр хувиараа ноолууран цамц хийж гадаадад гарган худалдан, борлуулдаг болсон. Бид өөрсдөө ноолууран цамц худалдан авч гадагшаа гарган зарах болон өөрсдийн хувиараа хийсэн ноолууран бүтээгдэхүүндээ түшиглэн компани байгуулахаар болсон бөгөөд компани байгуулах, улмаар ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эскпортонд гаргах саналыг анх би гаргасан. 2004 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 гишүүнтэйгээр “П” ХХК-ийг  үүсгэн байгуулсан. Ингэхдээ Б.А г компанид туслуулах үүднээс үүсгэн байгуулагчаар нэмж оруулж, түүнийг гүйцэтгэх захирлаар ажилуулан түүнд эрх мэдэл өгч компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцуулсан. Учир нь Б.Г  миний бие компанийн гадаад харилцаа худалдааг бий болгох улмаар компанийн бизнесийн үйл ажиллагааг өргөтгөх ажлыг хариуцан гардан гүйцэтгэх зорилгоор 1998 оноос 2017 оны 12 дугаар сар хүртэл ХБНГУлсад ажиллаж амьдарч байсан. Энэ үед Б.А  нь 2500 м.кв талбай бүхий газар, түүн дээр баригдсан 800 м.кв галбай бүхий үйлдвэрийн, компанийн агуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч өмчлөгчөөр өөрийнхөө нэрийг оруулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Мөн найрамдал зуслангийн хажуу талд 1 га газар, 3, 4 дүгээр хороололд анх 1 өрөө байр, 3, 4 дүгээр хороололд 3 өрөө байр, Маршал таунд 3 өрөө байр худалдан авч эдгээр орон сууцнуудын гэрчилгээг нь өөрийнхөө нэр дээр гаргуулан авсан. Б.Г  миний нэр дээр ямар нэгэн газрын эрх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болно. Хувьцаа эзэмшигч Б.А-гийн зүгээс “...компапи их хэмжээний зээлтэй байгаа, одоо би цаашид компанийг ажилуулж чадахгүй, тийм учраас та монгол улсад буцан ирж компаниа бүхэлд нь авч өөрөө ажиллаа...” гэсэн хүсэлтийг удаа дараа надад тавьсны дагуу би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ХБНГУ-аас Монгол улсад бүрмөсөн шилжин ирж өөрийн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл гардан гүйцэтгэж байгаа ба гадаад паспортын хуулбараар тухайн өдөр Монгол улсад орж ирсэн болох нь нотлогдох тул нэхэмжлэлд дурьдсан 10 гаруй хоног үүрээр гэрт ирж “эрхээ шилжүүл, алив явья” гэх мэтээр дарамталсан гэх байдал нь үгүйсгэгдэнэ. Монгол улсад намайг ирэхэд “П” ХХК нь Голомт банкинд 270 000 ам.долларын зээлийн үлдэгдэлтэй, нийгмийн даатгал болон татварт их хэмжээний өртэй, компанийн ажилчид бүгд ажлаасаа гарах санал гаргасан зэрэг нөхцөл байдалтай байсан. Нэгэнт дээрх нөхцөл байдал үүссэн байсан учир Б.А-гийн хүсэлтийн дагуу “П” ХХК-ийн хувьцааг бид 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулан түүний эзэмшиж байсан 52.1 хувийн хувьцаа болох 1 ширхэг нь 1000 төгрөгийн үнэ бүхий 850 ширхэг хувьцааны эрхийг Б.Г  би шилжүүлэн авснаар “П” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Өөрөөр хэлбэл “П” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бид 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагчдийн хурлаар Б.А-гийн эзэмшиж байсан 52.1 хувийн хувьцааг миний бие шилжүүлэн авах, ийнхүү авахдаа “бэлэглэлийн гэрээ” болон “эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлэх, түүнчлэн компанийн гүйцэтгэх удирдлагаас Б.А г чөлөөлж миний бие тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн болно. Дээрх шийдвэрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд эдгээр гэрээг нотариатч гэрчилж, бүртгэлд бүртгэсэн бөгөөд уг гэрээнүүд хүчин төгөлдөр байна. Энэхүү гэрээг үндэслэн компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр миний бие компанийн үйл ажиллагааг хариуцах болсон тул түүнийг дарамтлан, 1 жилийн дараа шинэ хувьцаа өгнө гэх зэргээр худлаа амлаж, хууран мэхэлсэн зүйл байхгүй. Б.А г компанийн эрхийг шилжүүлсний дараа компанид менежерээр ажиллах саналыг миний зүгээс тавьсан боловч өнөөдрийг хүртэл огт ажил үүрэг гүйцэтгээгүй бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхгүй байгаа ч гэсэн сар болгон түүний цалин, хөлсийг олгож байна. Миний бие компанийн эрхийг шилжүүлэн авсны дараа дээр дурьдсан “...компанийн мөнгийг ихээр шамшигдуулсан, ноолуур алга болгосон...” гэх худал цуу яриаг ажилчдын дунд огг таараагаагүй бөгөөд түүний нэр хүндийг ажилчдын дунд гутаасан үйлдэл гаргаж байгаагүй. Б.А г захирлаар ажиллаж байх үед компани нь нийгмийн даатгал болон татварт төлөх ёстой татвар, хураамжийн хуримтлал өглөг үүссэн ба үүнийг миний бие ажил авснаас хойш уг хуримтлагдсан татвар, хураамжийг бүрэн төлж барагдуулсан. Түүнчлэн “П” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны жилийн эцсийн тайлангаар нийт 27 730 661 төгрөгний шимтгэл төлөх хуримтлал үүссэн байсныг бүрэн төлсөн бөгөөд мөн татварын байгууллагад төлөх татварыг бүрэн төлсөн бөгөөд одоо нийгмийн даатгал болон татварын ямар нэгэн татвар, хураамжийн өр төлбөргүй болсон. Б.А тай хамтран ажиллах хугацаанд түүний хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хариуцан төлж ирсэн бөгөөд түүний нэг хүүхдийг нь өөрөөрөө овоглон ХБНГУ-д суралцах боломжийг нээж суралцах хугацааны бүхий л зардалыг хувиасаа гарган сургуульд сурган өндөр боловсрол эзэмшүүлсэн бөгөөд одоо ч гэсэн бага охиных нь сургалтын төлбөрийг төлж Америк сургуульд суралцдаг тул ахын үүргээ биелүүлсээр байгаа болно. Б.А г шүүхэд хандан нэхэмжлэх гаргах үед бидний аав Батаа нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан бөгөөд буяны 49 хоногийн хугацаа дуусаагүй байхад түүний зүгээс эд хөрөнгийн маргаан үүсгэн хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаад харамсаж байна. Миний бие “П” ХХК-ний  эрхийг гэрээ, хэлцэлийн үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих ёсоор шилжүүлэн авч компанийн өдөр тутмын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа ба нэхэмжлэгч Б.А г дарамталсан, ажилчдын дунд гутаан доромжилсон, түүнийг хууран мэхэлсэн, маш ихээр гомдоосон зэрэг үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан 2018 оны 01 сарын 17-ны өдөр Б.А Б.Г  нарын хооронд байгуулсан “хувьцаа бэлэглэх гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, “П” ХХК-ийн 52.1 хувийн хувьцааны эрхийг нэхэмжлэгч Хошууд овогт Батаагийн А /ШЗ66121068/-ийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хуулийн этгээдийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж, хариуцагч “П” ХХК-нд  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г ээс 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Г  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухай нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 39 дүгээр  зүйлийн 39.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу дээрхи гэрээнүүдийг “хүчингүй болгох” гэж тодорхойлсон. Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсноос өөрөөр буюу хүчингүй болгох шаардлага гаргаж байхад хүчин төгөлдөр бусд тооцох байдлаар маргааныг шийдвэрлэж уг заалтуудыг “нэгтгэж”хэрэглэсэн нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл “хууран мэхэлсэн” болон “бэлэглэгчийг ноцтой гомдоосон” гэх 2 өөр утга агуулга бүхий зохицуулалтыг хэрэглэхдээ үр дагаврыг шууд хүчин төгөлдөр бусад тооцох байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.” гэж заасан хэсэг нь хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад хамаардаг. Харин Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-т заасан хэсэг нь хүчингүй болгох шаардлагад хамаарч байна. Үүнээс үзвэл маргаан бүхий гэрээнүүд нэг бол “хууран мэхэлж хийсэн тул хүчин төгөлдөр бусд тооцох”, эсхүл “бэлэглэгчийг ноцтой гомдоосон тул хүчингүй болгох” гэсэн үндэслэлүүдийн аль нэгийг сонгон хэрэглэж, үг хэллэг агуулгаар нь ялган салгаж, зааглах нь зүй ёсны болох бөгөөд эдгээр үндэслэлүүд нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар зайлшгүй нотлогдсон байвал зохино. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад дээрхи үндэслэл буюу үйл баримтуудын аль нь ч болж өнгөрсөн гэдгийг нотлох баримт бүрэн байхгүй байхад шүүх зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэж, таамаглалд тулгуурлан шийдвэрээ гаргасан байна. Энэ нь зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн, хамтад нь нэг дор хэрэглэж үл болох өөр, өөр асуудалд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг 1 үйл баримтад хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Түүнээс гадна нэхэмжлэгч талаас хамгийн сүүлд буюу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл шаардлагаа өөрчилж, тодруулахдаа “ноцтой гомдоосон” гэх үндэслэлийг хасаж, энэ тухай шүүх хуралдаан дээрээ тодорхой хэлж тайлбарласан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн үндэслэлээсээ хассан хэсгийг өөрийн санаачлагаараа нэмж шийдвэрлэсэн нь шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл буюу хүрээнээс хальсан гэх үндэслэл болж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэгт хамааралгүй буюу хариуцагч биш этгээдэд хувьцаа шилжүүлж, бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл “даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэрэг маргааны төрөлд хамаардаг төдийгүй, хэргийн оролцогчид улсын бүртгэлийн асуудал дээр маргаагүй, бүртгэлийг хүчингүй болгох шаардлага гаргаагүй байхад шүүх ийнхүү шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн явдал болсон. Иргэний хэрэг маргааны хувьд хэргийн оролцогч талуудын маргасан үйл баримтад л дүгнэлт хийдэг онцлогтой бөгөөд, маргаагүй асуудлыг нотлон тогтоох шаардлагагүй байдаг билээ. Хэрэв нэхэмжлэгч тал улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой бүртгэлтэй холбоотой асуудлаар маргаж байгаа бол захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой бөгөөд энэ нь иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх асуудал биш юм. Нэг үгээр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагад хувьцаа шилжүүлж бүртгэхийг даалгах шийдвэр гаргасан нь хэргийн харъяалал зөрчсөн, маргаагүй асуудал дээр дүгнэлт хийсэн гэсэн үг юм.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргахад тухайн хүсэлтийг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2, 92.6-д тус тус заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх шийдвэрээ гаргахаас өмнөх шүүх хуралдааны аль ч үе шатад гаргах эрхтэй бөгөөд, хэрэв инйхүү хүсэлт гаргасан бол уг татгалзлыг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр Ерөнхий шүүгч шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэсэн төдийгүй, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, зөрчсөн явдал болжээ. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс татгалзан гаргах хүсэлттэй эсэхийг тодруулах үед “байхгүй” гэж хариулсан боловч шүүх хуралдааны явцад энэхүү нөхцөл байдал илэрвэл хүсэлт гаргах биш зөвхөн мэдэгдэх үүрэгтэй гэж дүгнэсэн нь /шүүх хуралдааны тэмдэглэлд энэ тухай тайлбар тодорхой харагдана/ хуулийг буруу тайлбарласан гэж үзэхэд хүргэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаас харахад татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх хуралдааны өмнө гаргасан бол “хүсэлт”, шүүх хуралдааны явцад гаргасан бол хүсэлт биш зөвхөн “мэдэгдэх үүрэгтэй” гэх агуулга биш байх бөгөөд аль ч үе шат байсан мэдэгдэх үүрэг нь хүсэлт хэлбэрээр хэрэгжих тухай ойлголт байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны өмнө эсхүл явцад байхаас үл хамаарч татгалзах гаргах эрх “мэдэгдэх үүргээр” хязгаарлагдахгүй болно.

3. Хөөн хэлэлцэх хугацааны тухай: Аливаа эрх зүйн маргааны хувьд шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжит хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Энэхүү хэргийн хувьд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон аль ч зохицуулалтын хувьд өөрийн эрхээ зөрчигдсөн гэж мэдсэнээс хойш нэг жилийн дотор шүүхэд хандах боломжтой байсан. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 280 дугаар зүйлийн 280.3-т тус тус заасны дагуу аль ч тохиолдолд хууран мэхлэгдсэн эсхүл ноцтой гомдоосон гэж мэдсэнээс хойш 1 жил өнгөрвөл шүүхэд хандах эрхээ алддаг байна. Нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр анх нэхэмжлэл гаргахдаа дээрхи 2 үндэслэлийн “ноцтой гомдсон” гэх хэсэгт хамааруулж нэхэмжлэлээ гаргасан учраас энэ үед өөрийн эрх ашиг сонирхолыг зөрчигдсөн гэдгийг мэдсэн гэж үзнэ. Харин 2020 оны 03 дугаар сарын 18-нд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрчлөхдөө “хуурч мэхэлсэн” гэж үзсэн нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн байж болох талтай байна. Хэрэв ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавар үүсдэг. Гэтэл шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэрээ гаргасан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Б.Г , “П” ХХК нарт холбогдуулан нэр төр гутааж гомдоосон тул Б.А Б.Г  нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “хувьцаа бэлэглэх гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчингүй болгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд “П” ХХК-ийн 52.1 хувийн хувьцааны эрхийг Б.А-гийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хуурч мэхлэгдсэн тул Б.А Б.Г  нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “хувьцаа бэлэглэх гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд “П” ХХК-ийн 52.1 хувийн хувьцааны эрхийг Б.А-гийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г  эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн нэгдүгээр хавтасны 131-134 дүгээр тал дах баримт болон талуудын тайлбараар “П” ХХК-ийг 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улсын бүртгэлийн газар бүртгүүлж, Б.А Б.Г  нар нь Сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үүсгэн байгуулсан байх ба тус компанийн 52.1 хувь буюу 850 ширхэг хувьцааг Б.А 47.9 хувь буюу 780 ширхэг хувьцааг Б.Г  эзэмшиж, компанийн үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүнийг ХБНГУ, АНУ-д худалдан борлуулах үйл ажиллагааг Б.Г , уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Б.А  хариуцаж “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон байна.

Талууд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хувьцаа бэлэглэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.А  нь Б.Г т өөрийн эзэмшлийн “П” ХХК-ийн 52.1 хувь буюу 850 ширхэг хувьцааг бэлэглэсэн, мөн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Б.А  нь Б.Г т “П” ХХК-ийн 52.1 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн, тус компанийн хувьцаа эзэмшигчээс Б.А г хасч, түүнийг захирлын ажлаас чөлөөлж Б.Г ийг сонгосон үйл баримт хэргийн 1 дүгээр хавтасны 7, 53-54, 56 дугаар тал дах гэрээ, хувьцаа зээмшигчдийн тогтоол болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...ах Б.Г  2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “П” ХХК-ийг шилжүүлэн авахдаа ...”хөрөнгө оруулалт авахад нэг гишүүнтэй байх шаардлагатай байна... нэг жилийн дараа хувьцааг буцааж өгнө” гэсэн учир итгэж хувьцаагаа бэлэглэж, улмаар компаниа шилжүүлсэн, гэтэл хувьцааг шилжүүлж авмагц ажилгүй болгож, үйлдвэрийн байранд нэвтрүүлэхгүй, амьжиргааны баталгаагүй болсон... хуурч мэхлэгдсэн тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулна гэж, хариуцагч нь татгалзлаа “...компани их хэмжээний зээлийн өр төлбөртэй, хүнд нөхцөл байдалд орсон... Б.А  нь ирж компаниа ав гээд байсан, Б.А г хуурч мэхлэн дарамталж, залилах, гомдоох үйлдэл гаргаагүй, шилжүүлэн авсан хувьцааг буцааж өгнө гэж тохироогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нотлохоор гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж гэрчээр С.М , О.Б , Г.М Б.С Б.Рэгзэдмаа, Б.Оюун-Эрдэнэ, Ё.Б  нарыг асуужээ.

Шүүхэд гэрч Б.Саранцэцэг “Ариунаагаас сонссон. Ганаа надаас хувьцаагаа өг гээд байна... хөрөнгө оруулалт авах гэж байгаа юм шиг байна... би хөрөнгө оруулалт юм бол өгсөн нь дээр гэж... дэмжсэн... буцааж авсныхаа дараанаас компани руу орох ч эрхгүй болсон... А мөнгө хулгайлаад цаашаа далд хийгээд байгаа юм биш үү гэхэд би юу гэж дээ тийм юм байхгүй гэж ярьж байсан” гэж, гэрч С.М  “Б.Г  Б.А  эндээс бэлэн мөнгө ноолуур хулгайлсан байж магадгүй гэж хэлж байсан... Г  захирлын үгэнд үнэмшсэн... Томоохон хэмжээний зээл, гадаадын хөрөнгө оруулалт хөөцөлдөхөд бүх юм Ариунаагийн нэр дээр байдаг болохоор өөр дээрээ шилжүүлж авч байна гэдэг ойлголт надад төрсөн” гэж, гэрч Г.М “...хөрөнгө оруулалтын талаар ярьж байсан... Г  хувьцаа авсныхаа дараа ...М-тай .... А их хэмжээний ноолуур хулгайлсан... энийг яаж илрүүлэх вэ гэж ярьж байхыг сонссон... энэ хүн хувьцаагаа авахдаа жилийн дараа хувьцаагаа буцааж өгнө гэж байна...” гэж, гэрч Ё.Б  “А захирал энэ бүхнийг хаяад явчих юмсан өөрөө ирж хийнэ биз гэж ярьдаг байсан” гэж тус тус мэдүүлсэн байна.

Хариуцагч Б.Г  нь Б.А г компаниа ав гэсэн, түүнийг хуурч мэхлээгүй, гомдоогоогүй, хувьцааг буцааж өгнө гэж тохироогүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Нэхэмжлэгч Б.А  нь маргааны зүйл болох компанийн хувьцаа болон хувьцаа эзэмших эрхийг хариуцагч Б.Г т үнэ төлбөргүй бэлэглэх хүсэл зориг байгаагүй, хөрөнгө оруулалт авсны дараа буцаагаад өгнө гэсэн болохоор ахдаа итгэсэн гэх тайлбар, гэрч Б.С Г.М С.М  нарын “хөрөнгө оруулалт авах талаар ярьж байсан” гэх агуулга бүхий мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Б.А д хариуцагч Б.Г  компанид хөрөнгө оруулалт авсны дараа буцаан өгнө гэж хуурч мэхлэн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “хувьцаа бэлэглэх гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А  хариуцагч Б.Г т холбогдуулан гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “хувьцаа бэлэглэх гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар хүчингүй болгуулах шаардлагаа өөрчилсөн байхад тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэл заан бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж дүгнэсэн нь буруу.

Шүүх нэхэмжлэгчийг хуурч мэхлэгдсэн гэж дүгнэж талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “хувьцаа бэлэглэх гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, эрхийн бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж болох тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсгийг баримталсныг хасч өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч Б.А  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “П” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан боловч тус компани нь талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “хувьцаа бэлэглэх гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний оролцогч бус тул “П” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагчийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй болно. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуулиар тогтоосон дэг дараалалын дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дах хэсэгт заасны дагуу гаргаагүй, нэхэмжлэгчийн, харьяалалын дагуу хэргийг шилжүүлэх нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хангахгүй орхиж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь анхан шатны хуулиар тогтоосон дэгийг зөрчсөн тул шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00751 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 280 дугаар зүйлийн 280.1.1-т” гэснийг “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй”.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ                                                                                     

                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ