Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0737/з |
Дугаар | 221/МА2017/0609 |
Огноо | 2017-08-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2017/0609
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 480 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 480 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрийн хэлтсийн /хуучнаар/ даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 28 гектар талбайн хуулиар хориглосон талбайд давхцаагүй хэсэг болох 27,25 гектар талбайг эзэмших тусгай зөвшөөрөл цуцалсан хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн дээрх давхцаагүй хэсэг болох 27.25 гектар талбайг эзэмших тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. “Т” ХХК-ийн эзэмшлийн 15332А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан мөн нөхөн олговор авах талаар хууль, нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй бөгөөд улмаар Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт “хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй” болохыг дурьдсан байна. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль, журмаар хориглосон талбайтай давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байсан бол ГУУКХ-т хүсэлт гаргаж давхацсан хэсгээ хасуулж, солбицолд өөрчлөлт оруулж, үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой төдийгүй эрх нь байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөн олговорыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэсэн заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, Гол,мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тухай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын 5 дугаар зүйлийн 5.2-д заасан болон тодорхойлолтыг баталгаажуулсан тухай Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу Геологи уул уурхайн кадастрийн хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно. Шийдвэр гаргахдаа мэдэгдлийг 2012 онд холбогдох албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлж байсан нь нотлогдож байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр цуцлагдсан талбай тул сонгон шалгаруулалтын журмаар олгогдох талбай юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 480 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучнаар/ даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5.2, “Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай” Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу” гэх үндэслэлээр “Т” ХХК-ийн MV-015332 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд 1.42 м.кв талбай давхацсан, харин давхцаагүй үлдсэн талбайг бүхэлд нь цуцалсан нь хууль бус” гэх үндэслэлээр “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн давхцаагүй хэсэг болох 27.25 гектар талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Баруун зах нэртэй газарт, MV-015332А ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 28 гектар талбайгаас 1,42 гектар талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т зааснаар Засгийн газрын 2011 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор баталсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх ба давхцаагүй 27,25 гектар талбайд хамаарах хэсгийг цуцалсан хариуцагчийн шийдвэр холбогдох хууль, журмыг зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлээ “нэхэмжлэгч нь нөхөн олговор авах тухай хүсэлтээ хууль журамд заасан хугацаанд ирүүлээгүй тул “0” төгрөгөөр нөхөн олговрыг тооцож ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалж шийдвэрлэсэн” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл “Т” ХХК-ийн ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцсан 1,42 гектар талбайн тухайд нөхөн олговор олгох харилцаа үүсэх бөгөөд давхцаагүй 27,25 гектар талбайн тухайд нөхөн олговортой холбоотой ямар нэг эрх зүйн харилцаа үүсэхгүй болно.
Гэтэл маргаан бүхий актын холбогдох хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөн олговорыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасныг буруу хэрэглэж “Т” ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Баруун зах нэртэй газарт, MV-015332А ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 28 гектар талбайг хуулиар хориглосон талбайтай бүхэлд нь хамааруулж тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн 27,25 гектар талбайд тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Иймд хариуцагчаас гаргасан “давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байсан бол давхацсан хэсгээ хасуулж, үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой төдийгүй эрх нь байсан, нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй тул цуцалж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Түүнчлэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6100 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байх тул хариуцагчийн “нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй” гэх гомдлыг хангах боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН