Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 215

 

 

 

 Э.Э-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар магадлалтай, Э.Э-д холбогдох 1814002410187 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Уранцэцэг, П.Өлзийбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй С овогт Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Э-д 1 жилийн хугацаагаар хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Э-д 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, П.Өлзийбаяр нар хамтран гаргасан гомдолдоо “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар холбогдогч Э.Э-г согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг гэрч Б.Б, П.Г, Б.Д, Г.А мэдүүлгээр болон “...сийвэнд спиртийн зүйл тодорхойлох шинжилгээний шаардлагад тэнцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна...” гэх нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэн Э.Э-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж зүйлчлэлийг хүндрүүлсэн нь шүүх хэргийг таамаглалд тулгуурлан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно. Э.Э-г тухайн хэрэгт холбогдох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзсэн үндэслэл нь дээрх гэрчийн мэдүүлэг байх ба тухайн гэрчүүд нь таамаглалд тулгуурласан буюу мөрдөн байцаагчийн хөтөлсөн асуултад зөвхөн хариулсан байдаг. Үүнээс гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг согтуурал шалгах багажаар үлээлгэж тэмдэглүүлэх, эсхүл хэрэгт холбогдогчийн цуснаас авсан цусны дээжээр тогтоогдсон шинжээчийн дүгнэлтээр хөндлөнгөөс тогтоодог болохоос биш таамаглалд тулгуурлаж болохгүй. Э.Э-гийн цуснаас авсан дээжээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь хангалттай тогтоогдоогүй байна.

Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138/А131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”-ын 2.4-т заасан ажиллагааг хийж, цус, шээснээс дээж авч хөндлөнгийн байгууллагаар тогтоох шаардлагатай байдаг ба энэ ажиллагаагаар Э.Э-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Гэтэл шүүх хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд бодитой тогтоох зарчмыг зөрчиж, гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн. Шүүхийн шинжээчийн хууль журмын дагуу явагдаагүй шинжилгээгээр, мөн тэдгээрийн ямар нэгэн алдаатай үйл ажиллагаанаас болж бидний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордох ёсгүй. Шинжилгээгээр тогтоогдоогүй бол согтуурсан гэж үзэх үндэслэл биш. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас согтолтын зэрэг 0.20 проммилээс дээш байх ойлголтыг хэлдэг ба энэ хэмжээнээс доош бол согтуурсан, мансуурсан гэж үздэггүй. Энэ нөхцөл байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хуулийн хүрээнд авагдсан нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан архи үнэртэх шиг болсон гэдгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байгаа нь өрөөсгөл юм. Учир нь, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэдэг ойлголт нь согтуурал мансуурлын хэмжээ сэтгэцэд нөлөөлж байгаа байдлыг ойлгохоор  заасан байтал энэ ойлголтыг үнэртэх мэдрэмжээр хязгаарлаж согтуурлын хэмжээ сэтгэцэд нөлөөлөх хэмжээний байсан эсэхийг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Эдгээр нөхцөл байдал болон хавтас хэрэгт авагдсан бусад баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэл болж байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг гаргасан саналдаа “...Шүүгдэгчийн удаа дараагийн мэдүүлэгт “...би өглөө архи уугаад унтсан бөгөөд орой 20 цагийн үед мотоцикль жолоодон явахад архи гарсан байсан” гэдэг. Цусны шинжилгээг эрүүл мэндийн ажилтан авсан ба шинжилгээний хариу нь эрүүл гэж гарсан. Шинжилгээ авсан ажилтан нь 5 сарын дараа цусыг сольсон талаар мэдүүлдэг боловч Э.Э-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр өмгөөлөгчийн зүгээс мөрдөгч, прокурорт хүсэлт гаргасан боловч гэрчүүдийн мэдүүлгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл ашиглаж осол гаргасан гэж үзээд байгаа юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл ашигласан нь нотлогдохгүй байгаа тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан саналдаа”...Э.Э- нь согтуу байсан гэх нотлох баримт хавтас хэрэгт байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлд зааснаар түүнд ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, П.Өлзийбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Э.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Э- нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улсын дугааргүй мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д заасан суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5-д “тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш эргэх буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт буюу сумын төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны ертөнцийн зүгээр баруун урд талд 54-04 БНЗ дугаартай мотоциклийг жолоодож явсан иргэн Б.Б-н амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Харин, хоёр шатны шүүх Э.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ согтуурсан, мансуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийг хэрэглэж, хууль зүйн дүгнэлт хийх урьдчилсан нөхцөл нь тухайн үеийн нөхцөл байдал буюу үйл баримтыг нотлох баримт, мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ажиллагаа бөгөөд Э.Э- уг гэмт хэргийг үйлдэх үедээ согтуу байсан, үүнийгээ мэдсээр байж мотоциклоор замын хөдөлгөөнд оролцсон гэх нөхцөл байдал нотлох баримтуудаар харилцан зөрүүтэй байхад архи уусан гэдгийг мэдүүлсэн мэдүүлгэн нотлох баримтуудыг үнэлж, объектив байдлаар согтуурсан байсан нь нотлогдоогүй байдлыг үгүйсгэсэн дүгнэлт шийтгэх тогтоол, магадлалд хийгдээгүй байна.

Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэдэг ойлголтод жолооч өөрийгөө согтуурсан болон мансуурсан болохыг мэдсээр байж, эсхүл согтуурсан, мансуурсны улмаас ухамсарт ухаан нь алдагдсан аль аль нөхцөл байдлууд хамаарах бөгөөд үүнийг нотолсон байвал зохино.

Энэ хэргийн тухайд, Э.Э- нь гэмт хэрэг үйлдэхээс 7-8 цагийн өмнө архи хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон боловч гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсныг зөвхөн “архи үнэртэж байсан” гэх гэрчийн “үнэрлэх мэдрэмж”-дээ үндэслэсэн мэдүүлэгт тулгуурлан тогтоосныг илтэд нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд согтуурсан, мансуурсан болохыг мэдүүлгээс гадна объектив байдлаар, тухайлбал цус, шээснээс дээж авч шинжилгээ хийх, драйгер багаж үлээлгэх зэргээр согтуурал, мансуурлын хэмжээг давхар нотолж, эргэлзээгүй тогтоох нь гэмт хэргийг уг үндэслэлээр хүндрүүлэн зүйлчлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой.

Гэтэл шүүгдэгч Э.Э-гийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэдгийг зөвхөн гэрчийн “архи үнэртэж байсан”, өөрийнх нь “тодорхой хугацааны өмнө архи хэрэглэсэн” гэх мэдүүлгүүдийг үндэслэн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж хүндрүүлэн дүгнэхэд эргэлзээ үүсгэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмаар нотлох баримт, түүний үнэлгээ, шүүхийн дүгнэлт, түүний үндэслэлийг авч үзвэл, шүүгдэгч Э.Э- гэмт хэрэг үйлдэх үедээ “согтуурсан” гэж хүндрүүлэн үзэхэд эргэлзээ үүссэн тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, П.Өлзийбаяр нарын “шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Э.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авч энэ талаар шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 дүгээр магадлалд

“Баянхонгор аймгийн прокуророос Э.Э- холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.”,

“Шүүгдэгч Э.Э-г хөдөлгөөний хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай”,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Э-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж,  1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй”,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хоёр жилийн” гэснийг “1 /нэг/ жил 8 /найм/ сарын” гэж,

5 дахь заалтын “...5 /таван/” гэснийг “...3 /гурван/” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН