Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 352

 

“П” ХХК, “Ж б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Г.Банзрагч

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 104 дүгээр захирамжийн “П” ХХК болон “Ж б” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2018/0023 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0316 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2018/0023 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаартай Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн “Ж б” ХХК, “П” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0316 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2018/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Болатын гомдол: “... “Ж б” ХХК болон “П” ХХК-ийн 2 жил дараалан ашиглаагүй газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд 2017 оны 104 дүгээр захирамжаар хүчингүй болгосон боловч анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж болохоор байна.

4. Эзэмшүүлсэн газраас “Ж б” ХХК нь 1.4 га “П” ХХК нь 0.8 га газарт тариалалт хийж зориулалтаар ашигласан гэх боловч бусад газруудыг ашиглаагүй байна. Нөгөө талаар аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж суурьшлын бүсээс ойжуулах зориулалтаар газар олгосныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тогтоож уг газруудыг хүчингүй болгож, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баримтлан ажиллах талаар дүгнэлт гараад байна.

5. “ПГЖМ”, “Ж б” ХХК-иудын эзэмшил газрын зөвшөөрөл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” дээрх газар нь мөн адил тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдэж батлаагүй газар байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т /аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/ гэснийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэлэлцэж баталж өгсөн Өлгий сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар эзэмшүүлж хууль зөрчсөнийг шүүх зөв үнэлээгүй байна.

6. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т /энэ хуулийн 33.1.1-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ/ гэсний дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулах зарчмаар шийдвэрлэх ёстой байтал хуулийн дээрх процесс хэрэгжээгүй байна.

7. Үер усанд автсан айл өрхүүдэд олгох алга дарам газаргүй байхад “Ж б” ХХК болон “П” ХХК-иудад эзэмшүүлсэн, 100 га газрын огт ашиглаагүй хэсгийг хуулийн дагуу хэсэгчлэн хүчингүй болгох эсвэл анхан шатны шүүхэд буцаах.

8. Иймд хууль, журмын дагуу хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэлж дүгнэж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            9. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

10. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 143 дугаар захирамжаар тус  сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт, Салхитын хөндий гэх газарт тус бүр 100 га газрыг “ойжуулалт хийх” зориулалтаар, “Ж б” ХХК, “П” ХХК-нд 60 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлж, “Ж б” ХХК-нд 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийн 0230153 дугаар, “П” ХХК-нд 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн 0230152 дугаар гэрчилгээ олгосон байна.  

11. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2012 оны 195 дугаар захирамжаар  “... газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр, Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2014 оны 178 дугаар захирамжаар “... газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрыг дуудлага, худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлалгүйгээр эзэмшүүлж хууль зөрчсөн” гэх үндэслэлээр Өлгий сумын Засаг даргын 2010 оны 143 дугаар захирамж, “Ж б” ХХК, “П” ХХК-иудын газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон, “Ж б” ХХК, “П” ХХК-иас уг шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаснаар маргаан үүсч, захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 128, 195, 2014 оны 244 дүгээр тогтоолуудаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэж байжээ.

12. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжаар, “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр, нэхэмжлэгч компаниудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, нэхэмжлэгч нараас уг захирамжийг эс зөвшөөрч маргасан үндэслэлээ “... Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоол гарснаас хойш ... ойжуулах ажлыг өөрсдөө болон гэрээний үндсэн дээр бусдаар хийж гүйцэтгүүлсэн, ... газар хагалах, хашаа татаж хамгаалах, худаг гаргаж газрыг усжуулалт хийх, манаачийн байр барих зэрэг ... ажлууд хийсэн” гэж, хариуцагчаас “...Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 2.6 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй, ... 2010-2014 онд хийсэн ажлаа дурдаж маргаж байгаа нь үндэслэлгүй, ... 2010 онд “ойжуулалт хийх” зориулалтаар анх газар эзэмшсэнээс хойш нэг ч мод ургуулаагүй, ... газрын багахан хэсгийг ашиглаж, ихэнх дээр нь огт үйл ажиллагаа явуулаагүй” гэх зэргээр маргасан байх тул шүүх уг маргааны үйл баримтуудад холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж дүгнэлт хийх шаардлагатай.

13. Тодруулбал,  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 128, 195 дугаар тогтоолуудад зааснаар, нэхэмжлэгч “Ж б” ХХК, “П” ХХК-иуд нь “... 2010 онд гүн өрмийн худаг гаргаж, ... 2012 онд газрын төлөв байдал, чанарыг хадгалах зорилгоор 40 га газарт овьёос, сангас, сонгины үр цацаж, ... 45 га газарт чацарганы үр тарьцаар тарималжуулж эхэлсэн, ... хашаагаар хамгаалж, манаач ажиллуулсан”, “... 2000 шон суулгаж, торон хашаа босгосон, манаачийн байр сууц барьсан ... үйл ажиллагаа явуулсан” гэж тухайн үед маргасан байх тул, эдгээрээс гадна маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлд хамаарах “2.6 жил”-ийн хугацаанд “ойжуулалт хийх” зориулалтаар хэрхэн ашигласан талаар шүүх нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай.

14. Түүнчлэн, нэхэмжлэгч нарт “ойжуулалт хийх” зориулалтаар 2010 онд олгогдсон нийт 200 га газарт одоогийн байдлаар “мод ургуулаагүй” үйл баримттай талууд маргаагүй, нэхэмжлэгч нар үүнтэй холбоотойгоор “... газрын онцлог, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж ...  мод ургахгүй байгаа, ... уг газар нь мод ургахад тохиромжтой газар биш” гэж тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуульд заасан “... газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах” газар эзэмшигчийн үүрэг, газраа зориулалтын дагуу ашиглаагүй “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай хэрхэн холбогдох талаар шүүх дүгнэлт хийж, холбогдох хуулийн заалтуудыг тайлбарлан хэрэглэх ёстой.

15. Мөн, газар эзэмшигч “Ж б” ХХК, “П” ХХК нь 2010 онд анх газар эзэмших эрх олгогдсоноос хойш, маргаан бүхий тус бүр 100 га, нийт 200 га газрын зарим хэсэгт дээр дурдсан байдлаар зохих хэмжээний “ажил хийсэн”, талууд уг үйл баримттай маргаагүй, хариуцагчаас “... 2-3 га газрыг ашиглаж, үлдсэнийг нь ашиглаагүй ... /байхад/ 100 га газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй” гэж, нэхэмжлэгч нараас “... 100 га газрыг 60 жилийн хугацаанд (хуваан) ашиглах ёстой, ... одоо 52 жилийн хугацаа байгаа, эхний 8 жилийн хугацаанд хийсэн зүйлээр газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг дүгнэх боломжгүй” гэж маргасан,  шүүх уг маргааны үндэслэлд холбогдуулж, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг тайлбарлан, дүгнэлт хийх нь зүйтэй байна.

16. Эдгээр үндэслэлээр, хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2018/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0316 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА