Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 023

 

Баян-Ө аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “П” ХХК болон “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Ө аймгийн Ө сумын Засаг даргад холбогдох;
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Ө аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 104 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, “Ж” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн өмгөөлөгч А.Серигжан, С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний үндэслэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Ө сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 104 дүгээр захирамж, түүний хавсралтаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлсэн  захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг үндэслэжээ.
Баян-Ө аймгийн Засаг дарга болон Ө сумын Засаг дарга нар 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус тус газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон. Тус шийдвэрүүдийн эсрэг бид тухайн үед захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаар тогтоол, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 дугаар тогтоолоор, мөн  2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосон. Тус хугацаанд бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон учир бид газрыг ашиглах боломжгүй байсан. Газар тариалангийн асуудал дандаа зуны улиралд явагддаг бөгөөд 2012, 2013, 2014 онуудад тухайн газрыг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосноор шүүхээр маргаж байгаа учраас тодорхой үйл ажиллагааг хийгдээгүй татсан хашаа хулгайд алдагдсан зэрэг асуудал үүссэн.
Улсын Дээд шүүхийн тогтоол гарсанаас хойш бид газрыг зориулалтын дагуу ашиглах үүднээс ойжуулах, үр тариа хийх ажлыг өөрсдөө болон гэрээний үндсэн дээр бусдаар  гүйцэтгүүлж байсан. Газрын онцлог, цаг агаарын нөхцөл байдлаас хамааран ургац гараагүй байдаг. Мөн газар хагалах, хашаа татах хамгаалах, худаг гаргаж газарт усжуулалт хийх, манаачийн байр барих зэрэг хүч хөдөлмөр, мөнгө гаргаж дээрх ажлуудыг хийж байсан. 
Ө сумын Засаг даргын зүгээс шийдвэр гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн судлалгүй, шийдвэр гаргахаас өмнө бидэнтэй зөвлөлдөж, бидний санал тайлбарыг авахгүйгээр шийдвэр гаргасан байна. Тухайн үед  тус газар нь 2010 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсны дагуу зохих хууль журмын дагуу эзэмшиж авсан. Газрыг анх хуулийн дагуу олгогдсон гэдэг нь шат шатны шүүхээр тогтоогдсон бөгөөд уг газрыг хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн маргаан үүсч байгаа. Гэвч тухайн газарт зохих ажиллагаа хийж ирсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн газрыг олон жилийн хугацаагаар өгсөн ба байнга салхитай, аймгийн төсвөөс хол байрласан, усгүй газрыг ойжуулна гэдэг нь амар асуудал биш юм. 
Тийм учраас газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон Ө сумын Засаг даргын 104 дүгээр захирамж бодит байдалд нийцэхгүй байна. Тухайн газарт хашаа татсан боловч татсан хашаа нь нурсан, худаг гаргасан, манаачийн байр барьсан, хэсэг газрыг хагалсан боловч газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж хариуцагч үзэж захирамж гаргасан байгаа. Ойжуулах ажиллагаа хийхийн тулд өвс, ургамлыг хамгаалах үүднээс хашаа татах нь зүй ёсны хэрэг юм. Ус байхгүй байсан учраас худаг гаргасан, мөн мод тарьж, ургуулах зорилгоор хэсэг газрыг хагалсан. Гэтэл хариуцагч тал эдгээр ажиллагааг үгүйсгэж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж нэхэмжлэгчийг буруутган газрыг хүчингүй болгосон нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ө сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:
“Жасылбак” ХХК болон “П” ХХК-иудад анх Ө сумын Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 143 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааны 24 дүгээр тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний 7 дугаар хавсралтад 3, 4 гэсэн заалтыг хууль бусаар албан тушаалыг урвуулан ашиглан нэмж өөрчлсөн байна. 7 дугаар хавсралтад 3,4 гэсэн заалт өөрчлөгдснийг тухайн үед газарт зохион байгуулалт хариуцсан хэлтсийн дарга М.Базархан тус хуудаст харандаагаар тэмдэглэсэн байдаг. Гэхдээ тус төлөвлөгөөг нэмж өөрчлүүлсэн үед “хариуцах эзэн” гэсэн дээр аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хариуцан гэж заасан байхад Ө сумын Засаг дарга захирамж гаргасан нь мөн адил хууль зөрчсөнийг харуулж байна. Тус газрыг 2010 онд эзэмшснээс хойш гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байна.
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэж мараан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосноос хойш 2.6 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй ба газрыг эвдэж хагалсан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6, , 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул эрхийн актыг эрх хэмжээний дагуу хүчингүй болгосон гэжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Ө сумын Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа тал талаас нь судлан үзээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг хоёр жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий газрыг хүчингүй болгосон юм. 
Өмнөх хугацаанд газрын маргаантай холбоотой асуудлаар шүүхийн эцсийн шийдвэр гараад 2 жил 6 сар болсон байхад газраа зориулалтаар нь ашиглаагүй ба  ажил хийх боломж олгоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар газрыг зохистой ашиглахаас илүү газрыг хагалснаар  эвдэж, сүйтгэсэн асуудал гаргасан гэж бид үзэж байгаа юм. Нөгөө талаар аймгийн хүн амын тоо өсөж байгаатай холбогдуулан шинэ хороолол байгуулахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан ба уг тогтоолоор тухайн газарт орон сууц барихаар хэсэгчилсэн төлөвлөгөө гарсан. Уг төлөвлөгөөг зөрчиж газар олгосон учраас Ө сумын Засаг даргын 2017 оны 104  дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй гэж ойлгож байгаа. Үүнээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар  53 аж ахуйн нэгжид олгогдсон газрыг бид хүчингүй болгосон байгаа. Мөн нэхэмжлэгч энэ талаарх захирамж гарснаас хойш 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэртүүлж гаргасан гэж үзэхээр байна. 
Одоогийн нөхцөлд нэг иргэн 0.2 га газрыг авч чадахгүй байхад 1 хүнд 100-200 га газар олгосон, нэхэмжлэгч нар гэрээнд заасан зориулалтаар газрыг ашиглаагүй гэсэн үндэслэлээр Ө сумын Засаг дарга захирамж гаргасан ба уг захирамж хуульд нийцсэн. 
Уг газарт 2010 оноос хойш 8 жилийн хугацаанд тодорхой ажиллагаа хийгээгүй, газар ухсан, хагалсныг тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй, эсрэгээр газрыг эвдэж, сүйтгэсэн гэж үзэж байна. Мөн Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлд хот, тосгон, бусад суурины газрыг зохистой ашиглахаар зохицуулсан бөгөөд маргаан бүхий газар нь улсын төсвөөс их хэмжээний мөнгө гаргаж, шинэ хороолол барихаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан байгаа. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нарт олгохдоо хороолол барих ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэдэг утгаар Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримталсан ба энэ талаарх холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн. Тийм учраас Ө сумын Засаг даргын нэхэмжлэгч нарт газар олгосон шийдвэрийг хүчингүй болгосон захирамжийг хэвээр баталж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан саналд:
Маргаан бүхий захиргааны акт 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гарсан бөгөөд уг захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гарсан шийдвэрийг баримталсан гэж байна. Үндэслэл нь тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар хоёр жил дараалан ашиглаагүй гэж үзсэн байх ба тухайн газрыг хүчингүй болгохдоо эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох  “Жасыл бах” ХХК-ийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй болох нь хариуцагч талын тайлбараар нотлогдсон. Ингэснээр хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлтэд хүрч байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг мөн тогтоогоогүй. Түүнчлэн захиргааны шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулахгүйгээр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлөөс шийдвэр гаргасан, мөн оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ө сумын Засаг дарга захирамж гаргасны дараа энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт хуульчилж өгсөн ба хариуцагчаас 48.2.3-т зааснаар буюу захиргааны актаар олгосон эрхийг нэхэмжлэгч нар хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн захиргааны актыг хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчид олгосон газрыг хуульд заасан хугацаанд, зориулалтаар ашиглаагүй бол 48.2.3-т зааснаар нэхэмжлэгчид олгосон газрыг эрх бүхий албан тушаалтан хүчингүй болгох үндэслэлтэй. Гэхдээ нэхэмжлэгч байгууллага төрөөс эзэмшүүлсэн 100 га газрын тодорхой хэсгийг зориулалтын дагуу ашигласан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Тэгэхээр хэргийн оролцогч нарын хооронд үүссэн маргааныг нэгэнт шүүх эцэслэн тогтоосон учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болох юм. 
Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хавсралтаас үзэхэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэсэн байх ба үүнд “Жасылбах” ХХК нь эзэмшил газарт худаг гаргасан, хашаа татсан, хэсэг газар хагалсан гэх тайлбартай байна. Үүгээр хариуцагч тал  нэхэмжлэгч эзэмшил газрын тодорхой хэсгийг зориулалтын дагуу ашигласан гэж зөвшөөрдөг боловч 100 хувь ашиглаагүй маргаж байгаа, гэвч нэхэмжлэгч байгууллага 100 га газрыг 60 жилийн хугацаанд ашиглах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хавтаст хэрэгт тухайн газарт хийх ажлын 60 жилийн хугацааны төлөвлөгөө авагдсан байгааг анхаарч үзэх нь зүйтэй байна. Хамгийн гол нь маргаан бүхий захиргааны актын “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэсэн хэсгийг нэхэмжлэгч тал огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин нэхэмжлэгч байгууллагад хүндэтгэн үзэх шалтгаан байсан,  анх маргаан бүхий газрыг 2010 онд нэхэмжлэгч байгууллага эзэмшилдээ авч, ашиглах явцад хариуцагч өөрөө тухайн газрыг эзэмшүүлсэн эрхийн актыг удаа дараа хүчингүй болгосон. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул нэхэмжлэгч байгууллага “Балжан” нэртэй компанитай гэрээ байгуулан ажлын төлөвлөгөө гаргаж, газрыг ашиглах тодорхой ажиллагаа хийх явцад газар эзэмшүүлсэн захирамжийг дахиад хүчингүй болгосон. Ингэснээр уг маргаан 2014 оны сүүлээр нэхэмжлэгч талд эцэслэн шийдвэрлэгдсэн ба тэр үеэс эхлэн нэхэмжлэгч байгууллага тухайн газрыг зориулалтын дагуу тодорхой ажиллагаа хийж ашиглах явцад дахиад хүчингүй болгосон байгаа. Дээрх байдлаас үзэхэд хариуцагч тухайн газрыг нэхэмжлэгч байгууллагад ашиглах боломж олгоогүй байгаа юм. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд нэхэмжлэгч байгууллага эзэмшил газрыг зориулалтын дагуу ашигласан ба одоо 52 жилийн хугацаа байгаа учраас эхний 8 жилийн хийсэн зүйлээр тухайн компани газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхийг дүгнэх боломжгүй юм. Маргаан бүхий газрыг төрийн хэрэгцээнд ашиглахаар болж газрыг буцааж авч болно. Энэ тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг зөрчихгүйгээр нөхөн олговор олгох асуудал байгаа юм.  Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 
Хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргасан үед анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан, харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Тийм учраас өнөөдөр хөөн хэлэлцэх хугацааны талаар маргах үндэслэлгүй гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул сумын Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
                                                                     ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “П” болон “Ж” ХХК-иудад анх Ө сумын Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 143 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар  тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Салхитын хөндий” гэх газраас тус тус 100 га  газрыг ойжуулалт хийх зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ. Үүний дагуу сумын газрын даамлаас 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “П” ХХК-д, 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Ж” ХХК-д газар эзэмших эрхийн 0230152, 0230153 дугаартай гэрчилгээ олгож, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг тус тус 60 жилийн хугацаатайгаар байгуулжээ.
Ө сумын Засаг даргаас 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаартай захирамжаар  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн 2010 оны 143 дугаартай захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байжээ.
Ө сумын Засаг даргын уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нар шүүхэд хандсанаар уг маргаан нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мөн  10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны 128, 195 дугаартай тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэгдэж, Ө сумын Засаг даргын 2012 оны 195 дугаар захирамж хүчингүй болжээ.
Үүний дараагаар аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаар захирамжаар  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 33 дугаар зүйлийн 33.4-т  аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, 56 дугаар зүйлийн 56.1-д  “хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ”, 56.2-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдоогүй хот, тосгон, бусад сууринд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж  тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Ө сумын Засаг даргын 2010 оны 143 дугаар захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин хүчингүй болгожээ.
Улмаар уг асуудлаар нэхэмжлэгч нар мөн маргаснаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дугаартай тогтоолоор аймгийн Засаг даргын дээрх шийдвэр буюу 2014 оны 178 дугаартай захирамж хүчингүй болж, нэхэмжлэгч нарын тухайн газрыг эзэмших эрх энэ үеэс сэргэсэн байна.
Гэтэл Ө сумын Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг дахин үндэслэж,  нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн 2010 оны 143 дугаартай захирамжийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосныг дараах байдлаар хууль бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт,
Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж заасан. 
Хариуцагчаас энэ үндэслэлийн талаар тайлбарлахдаа нэхэмжлэгч нарт анх уг газрыг эзэмшүүлэхдээ 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24 дүгээр тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний 7 дугаар хавсралтад 3,4 гэсэн заалтыг хууль бусаар нэмж өөрчилсөн гэжээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай “2010 онд иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын зориулалт байршил, хэмжээ, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах  тухай”  тогтоолын холбогдох хэсгээр Ө сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Салхитын хөндий”-д Ө хотын ногоон бүсийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 600 га газрыг ойжуулахаар төлөвлөгдсний дагуу 200 га газрыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн нь тогтоогдсон, энэ үйл баримтын талаар Улсын дээд шүүхээс урьд нь дүгнэлт хийж, энэ үндэслэлээр нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2014 оны 178 дугаар захирамжийг хүчингүй болгосон байхад дахин уг үндэслэлээр нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн Ө сумын Засаг даргын 2010 оны 143 дугаартай захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон нь хууль бус байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлдааны 50 дугаартай “Ө хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоол болон маргаан бүхий 200 га талбайтай газар нь Ө хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Шинэ-Ө” хороололтой барихаар төлөвлөгдсөн газартай давхцсан байдлыг харуулсан гэх зураглал  зэрэг баримтуудыг гаргаж өгч, маргаан бүхий газар нь Ө хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Шинэ-Ө” хороолол барьж байгуулах газартай давхцсан гэж маргасныг үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь, нэхэмжлэгч нарт уг газрыг анх 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдөр эзэмшүүлсэн,  уг шийдвэрийг хүчингүй болгосон Ө сумын Засаг даргын 2012 оны 195, аймгийн Засаг даргын 2014 оны 178 дугаартай захирамжууд нь Улсын Дээд шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128, 10 дугаар сарын 21-ний өдрийн 195,  2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дугаартай тогтоолоор тус тус хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл Ө хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлахаас өмнө нэхэмжлэгч нарын тухайн газрыг эзэмших эрх Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр сэргэсэн, нэхэмжлэгч нарт уг газрыг эзэмшүүлсэн 2010 оны 143 дугаартай сумын Засаг даргын захирамжийг захиргааны байгууллага, албан тушаалтнаас дээрх байдлаар удаа дараа хүчингүй болгосон нь хууль бус буюу нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн нь, нэхэмжлэгч нар 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн уг газрыг эзэмших эрхтэй байсан нь тогтоогдсон. 
Энэ тохиолдолд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор маргаан бүхий газрыг оролцуулан “Шинэ-Ө” хороолол байгуулахаар төлөвлөснийг төлөвлөгдсөн газартай нэхэмжлэгч нарын эзэмшилд олгосон газар давхцсан гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нарын эзэмшиж буй уг газарт Ө хотын ерөнхий хөгжлийн төлөвлөгөөгөөр “Шинэ Ө” хороолол байгуулахаар төлөвлөгдсөн гэж үзнэ.
Иймд  бусдын буюу нэхэмжлэгч нарын хууль ёсоор эзэмшиж  байгаа газарт дээрх байдлаар шинэ хороолол байгуулах шаардлага үүссэн тохиолдолд Газрын тухай хуульд заасан өөр зохицуулалтууд үйлчлэх бөгөөд Газрын тухай хуулийн 56.1-д заасныг зөрчиж нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн гэж үзэхгүй юм.
Хоёрдугаарт,
Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг нэхэмжлэгч нар зөрчсөн гэх үндэслэлийн талаар хариуцагчаас Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор маргааныг эцэслэн шийдвэрлэснээс хойш 2.6 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй гэж тайлбарлажээ.
Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан зохицуулалтын агуулгыг газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдснээс хойш 2 жилийн дотор ойжуулах зориулалтаар тариалалт хийгээгүй байхыг ойлгоно.
Нэхэмжлэгч нартай 2010 оны 07 дугаар сарын 16, 08 дугаар сарын 11-ний өдөр тус тус газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэн байх ба Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр  анх Ө сумын Засаг даргын 2012 оны 195 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох үед нэхэмжлэгч нар газраа хашаалж, хамгаалалтад авсан, хөрсний шинжилгээ хийлгэсэн, тус тусын газарт чацарганы үрээр 500 м2  талбайд 2012 оны 10 дугаар сард намрын тариалалт хийсэн талаар Улсын Дээд шүүхээс дүгнэлт хийж, уг 195 дугаар захирамжийг хүчингүй болгосон.
Түүнчлэн шүүхээс маргаан бүхий газруудад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийхэд нэхэмжлэгч “Ж” ХХК нь эзэмшил газрын тодорхой хэсгүүд болох  14392 м2, 57318 м2 газруудыг  тариалалт хийх зориулалтаар хагалсан, эзэмшил газартаа усны худаг гаргасан, манаачийн байр барьсан, 8328 м2 талбайтай газарт мод тарих зориулалтаар нийт 530 нүх ухсан нь,”П” ХХК нь эзэмшил газрынхаа 8417 м2 талбайг тариалалт хийх зориулалтаар хагалсан, эзэмшил газартаа гүнийн усны худаг гаргасан,4549 м2 талбайтай газарт мод тарих зориулалтаар нийт 488 нүх ухсан нь, шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтээр “Ж” ХХК нь тооны хувьд 100, “П” ХХК нь 77  чацарганы суулгац тус тус тарьсан зэрэг нь тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нар эзэмшил газартаа ойжуулах зорилгоор дээрх байдлаар тодорхой ажиллагаа хийсэн, тариалалт эрхэлсэн нөхцөл тогтоогдсноор нэхэмжлэгч нарыг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хариуцагчийн маргаан үгүйсгэгдэж байгаа ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа дараалан 2 жил ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  
Нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг анх 2010 оноос хойш 60 жилийн хугацаатайгаар хуульд заасан журмын дагуу эзэмшүүлсэн, Ө сумын Засаг даргын 2012 оны 195, аймгийн Засаг даргын 2014 оны 178 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт уг газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг хууль бусаар хүчингүй болгосноор 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс “П” ХХК ХХК-ийн хувьд 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл, “Ж” ХХК нь  2013 оны  10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, мөн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нар  газар эзэмших эрх, газраа зориулалтын дагуу ашиглах үүргээ хэрэгжүүлж чадаагүй, харин газар эзэмшигчийн хувьд эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан хугацаанд ойжуулах зориулалтаар дээрх дурьдсан ажиллагааг хийсэн, мөн уг газрыг 2010 оноос 60 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй тохиолдолд үлдсэн хугацаанд газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой тул маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хуулийн 35.1.1-д заасан нэхэмжлэгч нарын тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах талаарх зөрчигдсөн эрхийг сэргээх нь  зүйтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анх аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/31 дугаартай тушаалаар  байгуулагдсан ажлын хэсгээс 11 дүгээр сарын 10-ны өдөр  газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдээс 64 иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нийт 278,18 га газартай холбогдуулж тодорхой шалгалт явуулсан байх ба уг шалгалтад хамрагдсан нэхэмжлэгч нарын газрыг...хашаа татсан боловч хашаа нь нурсан, худаг гаргасан, хэсэг газрыг хагалсан, манаачийн байр барьсан, гэрээний дагуу ашиглаагүй гэж  үзэж, газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан нь аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэгдэж, шалгалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсний дагуу Ө Сумын Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.
Маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээс үзэхэд нэхэмжлэгч нар эзэмшил газраа хамгаалж хашаа татсан, усны худаг гаргасан, газрын тодорхой хэсгийг хагалсан, тус газарт манаачийн байр барьсан зэрэг бодит нөхцөлийг хариуцагч тогтоосон гэж үзэхээр байгаа ба үүнийг нэхэмжлэгч нараас газрыг ойжуулах зориулалтаар ашиглахад шаардагдах тодорхой ажиллагааг хийсэн гэж үзэх бөгөөд  харин татсан хашаа нь нурсан гэх үндэслэл нь газар эзэмшигчийн тухайн газрыг эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.
Дээрх байдлаар хариуцагчаас нэхэмжлэгч нарт шууд чиглэгдсэн тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх шийдвэрийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар нэхэмжлэгч нар ойжуулах ажиллагааны хүрээнд тариалалт хийсэн эсэх, энэ хүрээнд ямар ажиллагаа хийсэн талаарх бодит нөхцөлийг тогтоогоогүй, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч нарт  тайлбар, санал гаргах боломж олгоогүй, 27 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагаа явуулаагүй зэрэг нь хууль бус байгааг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан Баян-Ө аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаартай “Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Ж” ХХК, “П” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                 
                 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.РИЗА