Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1213

 

 

 

 

 

 

 

 

 

Б.З  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00811 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Б.З  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О  ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Ууганбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.З  нь О  ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/387 тушаалаар тус газрын “Б ”-ийн Ус хангамжийн инженерийн ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Б ”-ийн нягтлантай утсаар холбогдоход ажлаас халсан гэж тайлбарласан.

Б.З  ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа мэдээгүй, О  ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/298 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан.

Уг тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “О ” ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1-т заасныг тус тус үндэслэсэн нь хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан харилцааг зөрчиж гаргасан тушаал гэж үзэж байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсэгт “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-т зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж үндэслэлгүйгээр ажлаас халсан байна.

Ус хангамжийн инженер С.С  жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд ажиллаж байсан хэдий ч хөдөлмөрийн гэрээг нарийн тодорхой хугацаатай байгуулаагүй. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа Ус хангамжийн инженер С.С  ажилдаа эргэж орох хүртэл хугацаанд Б.З  хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан юм.

С.С  ажилдаа орж Б.З г Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/298 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд Б.З  хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бөгөөд ажил олгогч ажлаас халсан тушаал гаргаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О т холбогдох нэхэмжлэгч Б.З  “Б ”-ийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.З  Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч О т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон мөн хуулийн 40.1.4, 40.1.5-т зааснаас бусад тохиолдолд ажпаас халахыг хориглоно” гэж заасан заалтыг зөрчиж үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг тушаалын үндэслэл болгосон нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэл үүсээгүй. Хэрэв ажил олгогч хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж үзэж байгаа бол энэ тухайгаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу жирэмсний болон амаржсаны амралтаа авах үед ажилтан Б.З д мэдэгдэх ёстой байсан.

Гэвч хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа тухай мэдэгдэлгүй 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь үндэслэлгүй. Мөн энэхүү тушаал гарсан даруйд ажилтан Б.З д мэдэгдэх ёстой байсан үүргээ биелүүлээгүйгээс нийгмийн даатгал шимтгэл өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй, ажилтан буюу нэхэмжлэгч Б.З  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна.

Ажлаас халсан тушаал Хөдөлмөрийн гэрээний 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэж заасныг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.З  нь хариуцагч “О ” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“О ” ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/387 дугаар тушаалаар “Б ”-ийн ус хангамжийн инженер С.С  хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Б.З г 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ус хангамжийн инженерээр ажиллуулахаар шийдвэрлэж, мөн өдөр талууд хөдөлмөрийн БТТ/2018 тоот гэрээг байгуулжээ./хх18, 20-23/

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.6-д хөдөлмөрийн гэрээний хугацааг хүүхэд асрах чөлөөтэй байгаа С.С  оронд түр гэж, гэрээний 1.7-д ажил үүргээ гүйцэтгэж эхлэх хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэж тус тус тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасантай нийцсэн, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, үндэслэлийг тодорхойлон тохиролцсон байна.

 

“О ” ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/298 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн 217 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “О ” ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1-д заасныг тус тус үндэслэн Б.З тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс дуусгавар болгосон үндэслэлийг С.С  хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох болсон гэж тодорхойлжээ. /хх 19/

 

Тодруулбал, “О ” ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1557 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг үндэслэн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орохыг хүссэн С.С  тус газрын “Б ”-ийн ус хангамжийн инженерээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 24/

 

Түүнчлэн Б.З  нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр С.С тэй ажил хүлээлцсэн акт үйлдэж “Б ”-ийн ус хангамжийн инженерийн ажлыг хүлээлгэн өгсөн байх бөгөөд Б.З  нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд жирэмсний болон амаржсаны чөлөө авчээ. /хх 9/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацааг дууссаны дараа ажил олгогч Б.З тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсныг буруутгах боломжгүй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн 2019 оны Б/298 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Ажил олгогчийн дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээр бус мөн хуулийн 37.1.3-т заасан үндэслэлээр гарсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөн....” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу Б.З  нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг “О ” ОНӨААТҮГ-т даалгаж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00811 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                          ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                                          Э.ЗОЛЗАЯА