Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2020/00811

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: дүүрэг дүгээр хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Б З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж, өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, О газарт-т холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, түүний өмгөөлөгч Т.У, хариуцагчийн төлөөлөгч Д.Г, гэрч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Оргил нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Б.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: О газарт-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/387 тушаалаар тус газрын “ төв”-ийн Ус хангамжийн инженерийн ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Миний бие жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр амаржиж охиноо төрүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “ төв”-ийн нягтлантай утсаар холбогдоход чамайг ажлаас халсан гэж тайлбарласан. Ингээд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хандаж гомдол гаргасан.  О газарт-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/298 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг гардаж авсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан О газарт-ын дүрмийн 8.3.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн нь хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан харилцааг зөрчиж гаргасан тушаал гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-т “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-т зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна. Хэдийгээр ажилтан С.Сэлэнгэ жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд ажиллаж байсан хэдий ч хөдөлмөрийн гэрээг нарийн тодорхой хугацаатай байгуулаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч О газарт-ын төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын дагуу ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа Ус хангамжийн инженер С.Сэлэнгийн ажилдаа эргэж орох хүртэл хугацаанд Б.З хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан юм. С.Сэлэнгэ ажилдаа орж Б.Зг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/298 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Иймд Б.Згийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бөгөөд ажил олгогч ажлаас халсан тушаал гаргаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.З хариуцагч О газарт-т холбогдуулан “ төв”-ийн ус хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин “Хэдийгээр ажилтан С.Сэлэнгэ жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд ажиллаж байсан боловч Б.Сэлэнгээд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хүлээлцсэн үед би жирэмсэн байсан тул миний ажлын байр хэвээр хадаглагдана” гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч О газарт нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэж маргажээ.

Ажил олгогч О газарт-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/298 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дах заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах заалт,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1 дэх заалтыг үндэслэн тус газрын “ төв”-ийн Ус хангамжийн инженер Б.Сэлэнгийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох болсон тул түүний оронд ажиллаж байсан Б.Згийн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс дуусгавар болгож /хх-ийн 5 тал/ шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай, 23.2.3.ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар Хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж заасан.

          Ажил олгогч 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/387 дугаар тушаалын 1 дэх хэсэгт тус газрын “ төв”-ийн Ус хангамжийн инженер Б.Сэлэнгийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Б.Зг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллуулах, мөн өдөр ажилтан Б.Зтай БТТ/2018 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацааг “Хүүхэд асрах чөлөөтэй байгаа С.Сэлэнгийн оронд” гэж тодорхойлж, харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

О газарт-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1557 тоот тушаалаар “ төв”-ийн Ус хангамжийн инженер Б.Сэлэнгийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан тул ажилд томилж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил хүлээлцсэн болох нь “Ажил хүлээлцэх хуудас” зохигчдын тайлбараар тогтоогдож /хх-ийн 24 тал/ байх ба энэ тухайд талууд маргаагүй.

Гэрч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б.Сэлэнгэ, Б.З нар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хүлээлцсэн. Б.З нь жирэмсэн байсан болохоор эхний чөлөөг дуусах хүртэл нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргаагүй. 2019 оны 3 сарын 26-ны өдөр өргөдөл ирүүлсэн болохоор нь  Б.Згийн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс дуусгавар болгож өөрт нь утсаар мэдэгдсэн” гэв.

Ажилтан Б.З 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас  авч 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр охин Боргужин төрсөн байна. Ажил олгогч 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр охин төрүүлсэн тул жилийн хугацааны хүүхэд асрах чөлөө олгоно уу  гэх өргөдлийг хүлээн авч 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/298 дугаар Б.Згийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын 1 дэх хэсэгт тус газрын “ төв”-ийн Ус хангамжийн инженер Б.Сэлэнгийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орсон тул түүний оронд ажиллаж байсан Батбаатарын Зулаагийн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс дуусгавар болгосугай” гэж шийдвэрлэжээ.

Ажил олгогч Ус хангамжийн инженер Б.Сэлэнгийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох болсон тул түүний оронд ажиллаж байсан Б.Згийн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс дуусгавар болгох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” ажилтан эхийн чөлөөтэй байх хугацаанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчинтэй хэвээр үргэлжлэн түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдана. Ямар хугацаагаар чөлөө авснаас үл хамаарч эх нь чөлөөг бүрэн дуусгаад эсхүл дуусахаас өмнө ажил, албан тушаалдаа эргэн ирж үргэлжлүүлэн ажиллах эрхтэй. Уг эрхээ эдлэх нөхцөлийг нь ажил олгогч нь хангаж ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дах зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байсан инженер Б.Сэлэнгийн ажлын байр хэвээр хадгалагдана. Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан ажилтан Б.Згийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн Б/298 тоот тушаалыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин ажилтан  Б.З 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн байтал түүнийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/298 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байх тул Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч Б.Згийн  төвийн Ус хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт холбогдох нэхэмжлэгч Б.Згийн “ төв”-ийн Ус хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Згийн Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ