Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1061

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00573 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т ын хариуцагч Г ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 237 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Я,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Оффис захиалан бариулах, барих гэрээ”-г байгуулсан. Гэрээний 2.3-т гүйцэтгэгч болох Г ХХК-ийн нь захиалагч талаас 100 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүү тооцож, зээлийн хүүг зээлийн хугацааг дуусах хүртэл сар бүр тогтмол төлж 6 дахь сар дээр үндсэн зээлийг төлөхөөр бие даасан гэрээний харилцааг үүсгэсэн. Ингээд талууд тохиролцоод зээлийн гэрээний хугацааг сунгасан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 100 000 000 төгрөг, 47 сарын зээлийн хүүд 141 000 000 төгрөг төлөхөөс 54 000 000 төгрөгийг төлсөнийг хасаж тооцон 87 000 000 төгрөг, алдангид 93 500 000 төгрөг, нийт 280 500 000 төгрөгийг хариуцагч Г аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, алдангид 93 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 43 500 000 төгрөгөөс татгалзаж, алдангид 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 237 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Түвшинжаргалд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Түвшинжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 1 560 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г аас улсын тэмдэгтийн хураамжид 1 342 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Түвшинжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болж өнгөрсөн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихийн зэрэгцээ хууль хэрэглээний алдаа гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байхын зэрэгцээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг алдааг гаргасан байна. Нэхэмжлэгч Г аас гадна иргэн Г ийг хариуцагчаар татсан эсэхийг анхан шатны шүүхээс зайлшгүй тодруулах ёстой байтал тодруулаагүй, энэ асуудлыг орхигдуулан шийдвэрээ гаргасан байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжпэл, хүсэлт, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбар зэргээс Г аас гадна иргэн Г ийг хариуцагчаар татсан гэж ойлгохоор нөхцөл байдал үүссэн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн агуулгаас иргэн Л.Г ийн эд хөрөнгө, дансыг битүүмжпэх арга хэмжээ авахуулах хүсэлт гаргасныг харж болох бөгөөд энэ нь нэхэмжлэлийг зөвхөн компанид холбогдуулан гаргаагүйг илтгэж байгаа юм. Мөн шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа нэхэмжилж буй зээлийн мөнгөн хөрөнгөө Л.Г гэх хүнд хүлээлгэн өгсөн талаараа тайлбарласан байна.  Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчээс асуусан асуултад гэрээ хийж өгсөн талыг “энэ хүн өөрөө” гэж тодорхойлж байсан зэргийг анхан шатны шүүх анхаарч үзэх ёстой байсан юм. Дээрх баримтуудаас нэхэмжпэгч нь зөвхөн компанийг хариуцагчаар татаагүй бөгөөд мөн давхар Г ийг татсан байхад энэ нөхцөл байдлыг тодруулаагүй нь хэргийг шийдвэрлэсэн явдал нь жинхэнэ хариуцагчийг зөв тогтоосон гэж үзэх үндэслэлийг няцааж байна. Л.Ганхуягтай тусдаа зээлийн асуудал байгаа гэх үндэслэл байгаа бөгөөд тухайн зээлийн асуудлаа компаниас нэхэмжилсэн байгааг мөн шүүхээс анхаарч үзээгүй байна. Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан байх боловч тэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй, “хуулбар хувь” байх бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган өгсөн байна. Тухайн хуулбар баримтаас үзвэл 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл С.Батцэнгэл, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Л.Гантуяа, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш Г гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байна. Гэтэл гүйцэтгэх захирлаар бүртгэгдээгүй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй Г ийг гэрээ байгуулах эрхтэй эсэх асуудлыг дүгнээгүй, Л.Г нь компанийг бус өөрийгөө төлөөлж гэрээ байгуулсан нөхцөл байдлыг ялгаж салгаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг үгүйсгэж байна.

 

Л.Г аас удаа дараа зээлийн төлбөр гэсэн утгатай гүйлгээгээр нэхэмжпэгчид төлбөр төлж байсан нь хэрэгт авагдсан дансны хуулгаас харагддаг. Мөн Л.Г нь компанийн төлөөлөх эрхгүй хэрнээ нэхэмжлэгчтэй удаа дараа гэрээ байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан байна. Эдгээр нөхцөл байдлыг шууд компанид хамаатуулан үзэхдээ компанийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтыг гаргуулах байдлаар төлөөлөх бүрэн эрхийн асуудлыг нягтлаагүй байна. Түүнчлэн хоёр иргэний хоорондын зээлийн асуудлыг тухайн асуудалд хамааралгүй компанид хамаатуулан шийдвэрлэж болохгүй байтал энэ нь иргэд хоорондын зээлийн асуудал эсэх, эсвэл компанитай байгуулсан гэрээний асуудал эсэхийг ялгаж салгалгүй шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шинжийг давхар үгүйсгэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах зайлшгүй шаардлага байсныг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээл, зээлийн хүү, алданги гаргуулах гэж тодорхойлж, зээлийн нийт төлбөрт анх 280 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар оффисс захиалан бариулах, барих гэрээ байгуулагдсан болох нь харагддаг. Захиалгын гэрээний төлбөрт 100 000 000 төгрөг төлсөн талаар гэрээний 2.2-т заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний 2.3-т заасан зээлийн гэрээний үүргийг шаарддаг. Тэгвэл нэхэмжлэгч нь гэрээний 2.2-т заасан захиалгын төлбөрөөс гадна зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн мэтээр нэхэмжпэл гаргасан ба нэхэмжлэгчийн тайлбараар нийт 200 000 000 төгрөг төлсөн гэж ойлгогдохоор байгаа юм. Гэтэл захиалгын зүйлээ биш зээлийн төлбөрөө л эргүүлэн шаардсан байна. Захиалгын төлбөрт 100 000 000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа хэрнээ яагаад захиалгын зүйлээ буцаан шаардалгүйгээр гагцхүү зээлийн төлбөрөө шаардаж байгааг шүүхээс зохих журмаар тодруулаагүй байна. Үүнийг тодруубал, нэхэмжлэгч тал шүүхэд өгсөн тайлбартаа Оффис захиалан бариулах асуудлаас тусад нь 100 000 000 төгрөг зээлүүлсэн гэж хэлсэн. Оффис захиалан бариулах гэрээг дүр үзүүлсэн гэрээ, оффис бариулсан зүйл байхгүй гэж тайлбарласан байна. Гэтэл анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээний 2.1-т заасны дагуу 1 м.кв үнийг 1 000 000 төгрөг байхаар тохиролцож, 100 м.кв талбайг захиалж төлбөр 100 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Үүнийгээ гэрээний 2.2-т зааснаар баталгажуулсан гэж тайлбарласан байсан. Мөн гэрээний үүрэг өнөөдрийг хүртэл биелээгүй гэж маргасан байсан. Шүүх хуралдааны үеэр гэнэт тайлбараа өөрчилж, оффис захиалсан зүйл байхгүй, тухайн байрны гэрчилгээ нь гарчихсан байсан, тухайн гэрээг дүр үзүүлсэн гэрээ, оффис захиалгын төлбөр төлсөн зүйл байхгүй зөвхөн зээл өгсөн гэж анх гаргасан тайлбараа зориуд өөрчилсөн байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дахин тодруулаагүй байна. Угтаа бол оффис захиалж, төлбөрөө төлсөн бөгөөд тухайн үед 80 хувийн гүйцэтгэлтэй байсан. Харин зээлийн асуудал огт байгаагүй, оффисын төлбөр гэсэн ганц асуудал яригдах учиртай байсан. Гэтэл оффисын төлбөрт хийсэн мөнгөө хожим зээл хэлбэрээр нэхэмжпэх боломжгүй, гагцхүү оффисын байр эсвэл гэрээнээс татгалзаж төлсөн мөнгөө шаардах ёстой байтал зээл гэж шаардсан байгааг шүүхээс анхаарч үзээгүй байна. Харин Л.Г аас өөр төрлийн зээлийн асуудал байгаа эсэхийг тодруулах шаардлагатай юм. Мөн зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлсэн эсэх, хэнд шилжүүлж зээлийн гэрээний үүрэг үүсгэсэн зэрэг нь хэрэгт ач холбогдолтой байхад үүнийг нотолсон баримтыг аваагүй байна. Учир нь захиалгын зүйлийн төлбөрийг төлсөн эсэх асуудлыг гэрээний 2.2-т төлж барагдуулсан талаар заасан байдаг бол зээлийн мөнгөн хөрөнгийн хувьд энэ талаар гэрээнд заагаагүй байна. Гэтэл зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж зээлдүүлэгчийн зүгээс зээл олгох үүргээ биелүүлсэн эсэх асуудлыг тодруулаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2.2-т заасны дагуу төлсөн төлбөрөө зээлийн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэж тооцуулаахаар тайлбарлаж байгаа эсэх, эсвэл эдгээр төлбөр хоёр өөр төлбөр эсэхийг тодруулаагүй, энэ талаарх төлбөрийн баримтуудыг хэрэгт аваагүй байна. Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байтал энэ талаар хэрхэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнбатыг оролцуулах, хэрэгтэй танилцах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй байтал шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хувиар оролцуулсан нь байгаа нь Өмгөөллийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультай хэрхэн нийцэж байгаа нь тодорхойгүй байна. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаагүй хэрнээ шүүх хуралдаан хийсэн зэрэг зөрчлийг гаргасан байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан   үүргийн гүйцэтгэлд 237 000 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан зээл төлөх баталгаа болгож оффис захиалга гэж оруулсан гэх, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд Л.Г оффис захиалгын гэрээ, зээлийн нэмэлт гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах байсан гэх тайлбар тус тус гаргасан.

 

Талууд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “оффис захиалан бариулах, барих гэрээ” гэх нэртэй бичгийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд 100 м.кв оффисын талбайг, 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр захиалж 100 000 000 төгрөг бүрэн төлсөн  бөгөөд уг мөнгийг гэрээ байгуулсан өдрөөс 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, сар бүр зээлийн хүүг төлж, зээлээ төлөөгүй нөхцөлд дээрх оффисын талбай нэмэлт төлбөргүйгээр шилжих, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр талууд тохирсон байна.

 

Дээрх гэрээний агуулга болон хэрэгт авагдсан удаа дараа гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, хариуцагч талаас буцаан мөнгө төлсөн байдлыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй зөв болсон энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хэргийн 8-17 дугаар талд талуудын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээнд 9 удаа зээлийн гэрээний хугацааг сунгаж 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нэмэлт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэргийн 18 дугаар талд тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд 141 450 000 төгрөгийн тооцоотой болох нь тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх гэрээний хугацааг 47 сараар тооцож үндсэн зээл 100 000 000 төгрөг, түүний хүүд 141 000 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй боловч хариуцагч дээрх зээлийн төлбөрөөс 54 000 000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний зээл хүүгийн үлдэгдэл 187 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Г гарын үсэг зурж, тус компанийн тамга тэмдэгийг дарж баталгаажуулснаас гадна 9-24 дүгээр талд авагдсан депозит дансны харилцагчийн монгол дансны хуулгаас дүгнэвэл Г ХХК-ийн  зээл хүүгийн төлбөрт гэх гүйлгээний утгаар төлбөр төлөгдөж байсан нь тогтоогдсон, хариуцагч зээлийн хүү төлж байснаа үгүйсгээгүй байна. Иймд Л.Г нь тус компанийг төлөөлөх эрхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д “гүйцэтгэгч нь гэрээний 2.3-т заасан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул Б.Т нь алданги шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Г ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 187 000 000 төгрөг, алданги 50 000 000 төгрөг нийт 237 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Түвшинжаргалд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчийн компаниас гадна Г ийг татсан түүнтэй холбоотой зээлийн асуудлыг тодруулалгүй шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй болно. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаар Г ХХК татсан, шүүх “Г” ХХК-д холбогдох хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гаргасан, хариуцагч “Голд койн” ХХК-д холбогдох иргэний хэрэгт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гаргаж шүүх хуралданаар хэлэлцүүлснээс үзвэл хариуцагчаар Г ийг нэхэмжлэгч тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 342 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО                                                                                         

                          ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ