Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00141

 

   

Б.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00573 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1061 дүгээр магадлалтай,

 

Б.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй,

Голд койн ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 237,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваанямын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Давааням, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Б.Түвшинжаргалаас Голд койн ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 237,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00573 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Голд койн ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 237,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Түвшинжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1061 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Давааням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг буюу хүү 87,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөгийг төлүүлэхээр шийдсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу дүгнэж нэг талыг барьсан дүгнэлт гаргасан байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дээрх гэрээний агуулга болон хэрэгт авагдсан удаа дараа гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, хариуцагч талаас буцаан мөнгө төлсөн байдлыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй зөв болсон энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй гэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбар болон нотлох баримтаар авагдсан Оффис захиалан бариулах, барих гэрээ зэрэгт 2 өөр төрлийн гэрээ хийсэн мэт нөхцөл байдал тогтоогддог. Угтаа талууд оффис захиалан барих гэрээг Голд койн ХХК-тай байгуулсан, харин зээлийн гэрээг Л.Ганхуяг гэж иргэнтэй байгуулсан нөхцөл байдал нотлох баримтууд болон нэхэмжлэгч талын удаа дараагийн тайлбаруудаас тогтоогдож байхад Голд койн ХХК иргэн Б.Түвшинжаргал нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж давж заалдах шатны шүүхээс шууд дүгнэлт өгч байгаа нь нотлох баримтыг буруу үнэлж, хуульд үл нийцсэн магадлал гаргасан гэж үзэх үндэстэй байна. Анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг нарийн тодруулах үйл ажиллагааг хийгээгүй бөгөөд энэ байдал нь тухайн үндэслэн гарсан шийдвэр, магадлалыг ойлгомжгүй, нэг талыг барьсан таамаглал хийхэд хүргэсэн гэж үзэж байна.

4.2. Бид Оффис захиалан бариулах, барих гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч талын нэхэмжилж буй төлбөрийн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Зээлийн гэрээ эхнээсээ байгуулаагүй байтал байгуулсан мэтээр шүүхээс дүгнэж хүү, алданги төлүүлэхээр шийдвэр гаргасан нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг илтэд нэг талд ашигтайгаар тайлбарлаж байна гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлээс хүү, алданги хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал хариуцагч Голд койн ХХК-д холбогдуулан үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 87,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 237,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан боловч шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

7. Хэрэгт нотлох баримтаар 2016.01.07-ны өдрийн Оффис захиалан бариулах, барих №01/07 дугаартай гэрээ авагдсан, тус гэрээгээр гүйцэтгэгч Голд койн ХХК Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэрлэх ёслолын ордны хойд талд баригдаж байгаа Office center 9 давхар барилгыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч тус барилгын 9-р давхрын баруун жигүүрт 100 м.кв талбайг 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр үнэлэн захиалж, 100,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх боловч гэрээний 2.3 дахь заалтаар гүйцэтгэгч нь 100,000,000 төгрөгийг энэхүү гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай сарын гурван хувийн хүүтэй зээлсэн бөгөөд сар бүр зээлийн хүүг төлсөөр 6 дахь сар дээр үндсэн зээлээ төлөхөөр талууд харилцан тохиролцсон ба гүйцэтгэгч тал уг хугацаанд зээлээ төлөөгүй нөхцөлд захиалагч талын өмчлөлд дээрх оффисын талбайг ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр шилжүүлнэ гэж, 6.1-д зээлээ хугацаандаа төлөөгүй нөхцөлд 0.5 хувьтай тэнцэх алдангийг төлнө гэж тус тус тохиролцсон, 2016.07.07-ны өдрөөс 2019.12.07-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг 6 сарын хугацаагаар удаа дараа сунгасан гэрээний нэмэлт өөрчлөлтүүд авагджээ.

 

8. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зохицуулсан ба хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, 232 дугаар зүйлийн 232.3-т ...анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, гэрээний дагуу үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүүд 141,000,000 төгрөг төлөхөөс 54,000,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдсон тул үлдэх 187,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 237,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрийн эрх хэмжээний хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д нийцжээ.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримтыг буруу дүгнэж, нэг талын барьсан дүгнэлт гаргасан, ...хэрэгт авагдсан баримтаар Оффис захиалан бариулах, барих гэрээг хуулийн этгээд, зээлийн гэрээг Л.Ганхуяг гэж иргэнтэй байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн, ...эхнээсээ зээлийн гэрээ байгуулаагүй байхад хүү, алданги төлүүлэхээр шийдвэр гаргаснаар хариуцагчийн эрх ноцтой зөрчигдсөн... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3.-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, 72.2.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 100 дугаар зүйлийн 100.3.-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж, 116 дугаар зүйлийн 116.3.-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж тус тус зохицуулсан.

 

Хариуцагч Голд койн ХХК нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээ Оффис захиалан бариулах, барих гэрээ нэртэй боловч гэрээний агуулгаас үзвэл зээлдэгч буюу гүйцэтгэгч нь өөрийн барьж, ашиглалтад оруулах Office center барилгын 9 давхрын баруун жигүүрт байрлах 100 м.кв талбайг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байх тул ...эхнээсээ зээлийн гэрээ байгуулаагүй тул зээлийн хүү, алдангийг төлүүлэхээр шийдвэр гаргасан нь хариуцагчийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00573 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1061 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваанямын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Голд койн ХХК-иас 2020.06.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 842,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД