Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1020

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00566 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М ын хариуцагч Н холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 24 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц Д.М, Т.С болон 5 хүүхдийн хамт хамтран өмчилдөг болно. Энэ орон сууц нь бидний цорын ганц өмч хөрөнгө, үүнээс өөр өмч хөрөнгөгүй болно. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай орон сууцыг 84 280 000 төгрөгөөр үнэлэгдсэн тул дуудлага худалдаанд оруулна гэсэн албан бичгийг ирүүлсэн. Орон сууцны үнэлгээ хийлгэхдээ бидэнд мэдэгдэлгүй, санал авалгүйгээр үнэлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгчөөс орон сууцны үнэлгээний талаарх санал авч байж үнэлгээ хийлгэх ёстой байхад энэ ажиллагааг хийлгүйгээр үнэлгээ хийлгэж бидний эрх ашгийг зөрчиж байгаад гомдолтой байна. Мөн манай орон сууц нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн № 13/100 тоот зээлийн гэрээгээр 125 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан ба “Барилга.мн” сайтаас харахад одоогийн зах зээлийн ханш 145 000 000 төгрөг орчим байхад үнэлгээний компани манай орон сууцыг хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэнд гомдолтой байна. Иймд биднээс орон сууцны үнэлгээний санал авалгүйгээр хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл тул хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч Д.М нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 3/15361 тоот албан бичгийг хүлээн авч гарын үсэг зурсан талаараа маргахгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр Б.А , Д.М нараас 95 074 246 төгрөгийг гаргуулж “Капитал” банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Б.А , Д.М нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-2205029102 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 24 тоотод байрлах 40 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 19280089/1 дугаартай тогтоолоор хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаар хураагдсан хөрөнгийн үнийн саналыг тус өдөр асуухад “...тухайн үед 128 000 000 төгрөгөөр авч байсан. Одоогоор үнэлэх боломжгүй” гэх тайлбар өгсөн тул үнийн саналаа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ирж өгөхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах хуудас өгсөн. Тус хугацаанд ямар ч санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3/15361 дүгээр албан бичгээр үнийн санал өгөх тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Мөнх-Одод хаягаар болон биечлэн тус тус өгсөн. Үнийн санал өгөх мэдэгдлийн дагуу тогтоосон хугацаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр төлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон төлбөр авагч нараас үнийн саналаа харилцан тохиролцож ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/28 тоот “Шинжээч томилох тогтоол”-оор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилсон бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 84 280 000 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож ирүүлээгүй учир тус байгууллага хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгосон. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205029102 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 21-24 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.М ын гомдлыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Миний бие эрх зүйн мэдлэггүй учир өмгөөлөгчтэй шүүх хуралд орж эрхээ хамгаалуулах хүсэлт гаргасныг хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Учир нь Монгол улсын үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч авах эрхтэй гэж зохицуулсан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай орон суүцыг үнэлгээ хийлгэсэн тухай болон дуудлага худалдаанд оруулах болсон тухай шийдвэрүүдээ богино хугацаанд ирүүлсэн өөрсдийн үнийн санал өгөх боломж олгоогүй зах зээлийн үнээс хэтэрхий бага үнэлсэнг мэдээд хууль зөрчсөн үйлдэлд нь шүүхийн байгууллагад хандсан. Гэтэл шүүх энэ байдлыг анзаарч хянан үзээгүй ба зөвхөн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн бичиг баримтууд дээр үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь авч үзэх хуулийн шаардлага хангаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Н холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 45-46 дугаар талд “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан байх боловч уг хөрөнгийн үнэлгээг хийхдээ орлого болон өртгийн аргаар тооцоолж, зах зээлийн харьцуулах мэдээлэлтэй хэсэгт жишиг үнийн аргаар тодорхойлсон талаарх үндэслэл, дүгнэлт тодорхойгүй, харьцуулан судалсан баримтгүй, үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан эсэх зэрэг нөхцөл байдал шинжээчийн үнэлгээнд тодорхой тусгагдаагүй эргэлзээтэй байхад анхан шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь маргааны зүйл бөгөөд хэргийг шийдвэрлэхэд тайлангийн бүрдэл хэсгүүд нь хэрэгт ач холбогдолтой байна.

 

Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний талаарх 2 хуудас баримт авагдсан бусад баримт нь байхгүй. Ийм учраас хөрөнгийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу хийсэн эсэх талаар талуудын гаргаж байгаа тайлбарт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулах замаар алдааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00566 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сандагдорж давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                                           

         ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ