Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/02325

 

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/02325

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: БХ-нд холбогдох,

00 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

00тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц Д.М, Т.С болон 5 хүүхдийн хамтран өмчилдөг хөрөнгө. Энэ орон сууц нь бидний цорын ганц өмч хөрөнгө, үүнээс өөр өмч хөрөнгөгүй юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэх албанаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай орон сууцыг 84,280,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул дуудлага худалдаанд оруулна гэсэн албан бичгийг ирүүлсэн. Орон сууцны үнэлгээ хийлгэхдээ бидэнд мэдэгдэлгүй, санал авалгүйгээр үнэлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд төлбөр төлөгчөөс орон сууцны үнэлгээний талаарх санал авч байж үнэлгээ хийлгэх ёстой байхад энэ ажиллагааг хийлгүйгээр үнэлгээ хийлгэж бидний эрх ашгийг зөрчиж байгаад гомдолтой байна. Мөн манай орон сууц 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 00 тоот Зээлийн гэрээгээр 125,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан бол Барилга.мн сайтаас харахад одоогийн зах зээлийн ханш 145,000,000 төгрөг орчим байхад үнэлгээний компани хэт доогуур үнэлж, үнэгүйдүүлсэнд гомдолтой байна.

Хөрөнгийн үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин н.О хийсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14.1.6-д зааснаар үнэлгээчний хариуцлагын даатгалд даатгуулсан байх ёстой байтал энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Мөн хуулийн 9.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээг хийх тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаар заавал тусгагдаж, хавсралтаар авагдсан байх ёстой. Тайланг нэг бүрчлэн судалж үзэхэд үнийн тайланг тодорхойлон жишиг үнэ, өртгийг гаргасан. Гэтэл орлогын тайлангийн талаар тооцоолол судалгаа байхгүй, Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээний судалгааг хийхдээ 2018 оны 1 дүгээр сарын судалгааг ашигласан байна. Үнэлгээг 2019 оны 12 дугаар сард хийлгэсэн. Бүтэн 1 жилийн дараа хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орох нь тодорхой юм. 2018 оны 1 сарын судалгааг ашигласан нь хөрөнгийг үнэн зөв, бодитой үнэлэх шаардлагад нийцэхгүй байна. Төлбөр авагч болон төлөгч нар Зээлийн гэрээг анх байгуулахдаа 2013 онд харилцан тохиролцож, барьцааны гэрээгээр уг хөрөнгийг 125,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ хөрөнгө яагаад 84,285,000 төгрөг болтлоо үнэ буурсан талаарх баримт, тайлбар байхгүй. Хөрөнгийг хэт доогуур үнэлж төлбөр төлөгчийг хохироож байгаа тул энэхүү хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явцтай холбоотой гомдлыг нэхэмжлэгч гаргаагүй, харин үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчид үнийн саналаа 118,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаар амаар хэлсэн байдаг... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр Б.А, Д.М нараас 95,074,246 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Б.А, Д.М нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэлтэй, 00тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 0 дугаартай тогтоолоор хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан хөрөнгийн үнийн саналыг тус өдөр асуухад төлбөр төлөгч тухайн үед 128,000,000 төгрөгөөр авч байсан, одоогоор үнэлэх боломжгүй гэх тайлбар өгсөн тул үнийн саналаа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ирж өгөхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах хуудас өгсөн. Энэ хугацаанд ирээгүй тул Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3/15361 дүгээр албан бичгээр үнийн санал өгөх тухай хугацаат мэдэгдлийг төлбөр төлөгч Д.М хаягаар нь очиж биечлэн болон төлбөр авагчийн эрх хүлээн авагчийн хаягаар очиж тус тус өгсөн. Үнийн санал өгөх тухай мэдэгдлийн дагуу тогтоосон хугацаанд төлбөр төлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон төлбөр авагч нараас үнийн саналаа харилцан тохиролцож ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0 тоот шинжээч томилох тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 84,280,000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргаагүй байгаа тул хариуцагчаа буруу татсан гэж үзэж байна. Манай байгууллага хуульд заасан журмын дагуу ажиллагааг явуулсан. Ямар аргачлалаар уг үнэлгээг гаргасан талаарх шинжээчийн дүгнэлтийн талаар бид мэдэхгүй. Дүгнэлтэд бид хяналт тавих ёстой... гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч БХ-д холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад түүний өмчлөлийн Ү-00 улсын бүртгэлийн дугаартай, 00тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүйн улмаас хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ гаргуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа учир үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00415 дугаар шийдвэрээр Б.А, Д.М нараас 95,074,246.58 төгрөг гаргуулан Капитал банк ХХК-д олгож, шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-00 улсын бүртгэлийн дугаартай, 00тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэж, уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хянан хэвээр үлдээж, хүчин төгөлдөр болсон байна. /хх 26-33/

Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч Капитал банк ХХК шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1042 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас-ны дагуу БХ-ны шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ. /хх-25

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.А, Д.М нар шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөх талаар Зарлан дуудах болон, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, улмаар нэхэмжлэгч Д.Мын өмчлөлийн Ү-00 улсын бүртгэлийн дугаартай, 00тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 0 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хурааж авсан байна. /хх 34-40/

Улмаар БХ-ны шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Д.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нарт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа тогтоон 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, талууд үнийн санал ирүүлээгүйн улмаас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/28 тоот шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх 41-44/

            Шинжээчээр томилогдсон Сэлэнгэ Эстимэйт ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, 00 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 84,280,000 төгрөгөөр үнэлсэн болохыг тодорхойлж хүргүүлсэн байна. /хх 116-153/

            Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 00 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид хүлээлгэн өгч үнэлгээг мэдэгдэн, уг үнэлгээг Д.М эс зөвшөөрч, үнэлгээний талаарх гомдлоо 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна. /хх-7/

            Нэхэмжлэгч Д.М шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн ханшаар бус нэг жилийн өмнөх хугацааны үнэ ханшийг үндэслэл болгосон, үнэлгээний аргуудыг бүрэн ашиглаагүй, үнэлгээчний хариуцлагын даатгал тайланд хавсаргаагүй зэргээс шалтгаалан зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн... гэх агуулга бүхий үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн дээрх үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж заасны дагуу өөрийн санаачилгаар шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд нийцсэн байна.

Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг тогтоох үүрэг хүлээсэн, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт ...орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээг хуульд нийцсэн эсэх, орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн эсэхэд шийдвэр гүйцэтгэгч хяналт тавих үүрэгтэй.

Гэтэл тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн судалгааг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар харьцуулан гаргахдаа 2018 оны 1 дүгээр сарын орон сууцны индексээр тооцоолж, маргаан бүхий орон сууцтай хамааралгүй буюу оффис, таун хаус зэргийн зах зээлийн хандлагыг харьцуулан дүгнэсэн, шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан шаардлага хангаагүй үнэлгээг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, талуудад мэдэгдсэн байна. /хх 131-133/

Иймд дээрх үндэслэлээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчиж гаргасан үнэлгээг хүчингүй болгож, Д.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Ү-00 улсын бүртгэлийн дугаартай, 00тоот дахь 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           А.САРАНТУЯА