Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1212

 

 

 

 

 

 

 

 

 

В.А-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/01389 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: В.А-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Н ,

Хариуцагч: Л.Ц  нарт холбогдох,

Гуравдагч этгээд: Ц.У

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч З.Н ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: В.А ,

Хариуцагч: З.Н ,

Хариуцагч: Л.Ц ,

Гуравдагч этгээд: Ц.У ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: З.Н , Л.Ц  нар мөнгө зээлэх хүсэлт гаргасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож зээлдүүлсэн.

Зээлдэгч нар өнөөдрийг хүртэл шалтаг тоочиж ямар ч төлөлт хийгээгүй, тохиролцсон хугацаагаа хэтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 5 000 000 төгрөг гэрээгээр тохирсон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 162 хоногт 4 050 000 төгрөг болохоос 2 500 000 төгрөгөөр тооцож, нийт 7 500 000 төгрөгийг шаардаж байгаа.

Иймд уг мөнгөн хөрөнгийг З.Н , Л.Ц  нараас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч З.Н , Л.Ц  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр В.А тай зээлийн гэрээ байгуулаагүй.

Харин БНСУ руу явах виз гаргуулахаар н.О-аар  хөөцөлдүүлэхэд н.О  нь намайг гэрээ байгуулсан Ц.У тай танилцуулсан. Ц.У тай 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг байгуулж өөрийн дансандаа 5 000 000 төгрөгийг байршуулсан.

Гэтэл БНСУ явах виз гараагүй учир би дансанд байршуулсан 5 000 000 төгрөгийг буцаан авсан. В.А д төлөх төлбөрийн өргүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Ц.У  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 06 дугаар сарын 17-нд З.Н д БНСУ-ын виз гаргахад шаардлагатай дансанд байршуулах 5 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлсэн.

Тухайн үед хамт ажилладаг В.А аас 5 000 000 төгрөгийг авсан бөгөөд В.А-ын  иргэний үнэмлэх байхгүй байсан учир гэрээг миний нэрээр байгуулсан. З.Н  нь намайг залилсан, н.О г таньдаг хамааралтай болгож яриад байгаа боловч би н.О  гэх хүнийг танихгүй.

З.Н  тухайн үед БНСУ-ын виз мэдүүлэх гэж байгаа 5 000 000 төгрөгийг байршуулах шаардлагатай байна гэж хэлээд 5 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж аваад “Хас банк” ХХК-д байршуулсан. Гэвч визний хариугаа хүлээж байх хоорондоо өөрөө хүсэлт гаргаж элчингээс паспортоо татан авч банкинд байршуулсан мөнгийг авсан байсан. З.Н , н.О  хоёрын хоорондох маргаанд би хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Н , Л.Цэцэгээ нараас 4 000 000 /дөрвөн сая/ гаргуулан нэхэмжлэгч В.А д олгож, нэхэмжлэлээс 3 500 000  /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч З.Н  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон байхад шүүх З.Н аас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт цугларсан баримт болон хариуцагч нарын тайлбараад харахад нэхэмжлэгчийг өмнө нь харж байгаагүй бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрвээ нэхэмжлэгч мөнгө зээлсэн гэж үзэж байгаа бол З.Н аас бус Ц.У гаас нэхэмжлэх эрхтэй. Мөн анхан шатны шүүх гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр талууд маргаагүй гэж дүгнэсэн нь хууль дээдлэх зарчимд нийцээгүй буюу шийдвэр хуульд нийцсэн байна гэх шаардлагыг хангаагүй.

Талуудын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй байхад гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна. Ц.У , З.Н  нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний дагуу Ц.У гийн зөвшөөрлөөр З.Н ын данс руу мөнгө шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдоно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч В.А  нь хариуцагч З.Н , Л.Ц  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.У  нь З.Н , Л.Ц  нартай 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Ц.У  нь 5 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдэгч нарт зээлэхээр тохиролцсон байна. /хх 5/

 

Харин Хаан банк дахь В.А-ын  эзэмшлийн 5014324231 тоот данснаас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хаан банк дахь З.Н ын эзэмшлийн 5031567546 тоот дансанд 5 000 000 төгрөг “Солонгос улсын визний зориулалттай зээл олгов” гэх утгаар гүйлгээ хийснийг талууд болон гуравдагч этгээдийн тайлбартай харьцуулан дүгнэвэл анхан шатны шүүхээс нэг талаас В.А  болон нөгөө талаас З.Н , Л.Ц  нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул В.А  нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхгүй, З.Н ын данснаас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр В.А-ын  дансанд төлөгдсөн 1 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасч тооцсон нь зөв болжээ.

 

Харин З.Н  болон Л.Ц  нар нь Ц.У тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг хүлээж аваагүй байна.

 

Зээлдэгч талыг З.Н , Л.Ц  гэж тодорхойлж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд хамтран хариуцагч Л.Ц  давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэж шийдвэрийн энэ дүгнэлтийг хэвээр үлдээв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/01389 дугаар хэвээр үлдээж, хариуцагч З.Н ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА