Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2020/01389

 

         2020 оны өдөр

  04 сар       24  р                                               184/ШШ2020/01389

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б овогт В.А /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, дугаар хороолол, тоот

Хариуцагч: А овогт З.Н /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Хилчин хотхон дүгээр байр, тоот

Хариуцагч: С овогт Л.Ц  /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Зээл  дүгээр гудамж, тоот

Гуравдагч этгээд: Д овогт Ц.У /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, дугаар хороолол, дугаар байр,  тоот

Зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, хариуцагч З.Н, Л.Ц эцгээ, бие даасан шаардлага гаргаагүй гудавдагч этгээд Ц.У, нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.                                                                                                                                                                               

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие З.Н, Л.Ц нарын хүсэлтээр харилцан тохиролцож 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №1271 тоот зээлийн гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувиар алданги төлөх нөхцөлөөр зээлүүлсэн. Зээлдэгч энэ өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл шалтаг шалтгаан тоочиж ямар ч төлөлт хийгээгүй харилцан тохиролцсон хугацаагаа хэтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 5,000,000 төгрөг гэрээгээр тохирсон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 162 хоногт 4,050,000 төгрөг болохоос миний зүгээс боломж олгож хасаад хууль буюу гэрээнд заасан алданги 2,500,000 төгрөгийг тооцож нийт 7,500,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул уг мөнгийг З.Н, Л.Ц нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч З.Н, Л.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр В.А-тай зээлийн гэрээ байгуулаагүй Солонгос улс руу явах виз гаргуулахаар өөрийн дансандаа 5,000,000 төгрөг байршуулсан. Харин н.О гэгчээр визээ хөөцөлдүүлэхэд н.О нь намайг гэрээ байгуулсан Ц.У-тай танилцуулсан. Ц.У-тай 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг байгуулж өөрийн дансандаа 5,000,000 төгрөгийг байршуулсан. Гэтэл Солонгос явах виз гараагүй учир би дансанд байршуулсан 5,000,000 төгрөгөө буцаан авсан. Иймд В.А-д төлөх төлбөрийн өргүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Гуравдагч этгээд Ц.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 6 дугаар сарын 17-нд З.Н-д Солонгос улсын визний зориулалттай 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Тухайн үед надтай хамт ажилладаг В.А-аас 5,000,000 төгрөгийг авсан бөгөөд В.А-ын иргэний үнэмлэх байхгүй байсан учир гэрээг миний нэрээр байгуулсан. З.Н нь намайг залилсан, н.О-г таньдаг хамааралтай болгож яриад байгаа боловч би н.О гэдэг хүнийг танихгүй. З.Н тухайн үед БНСУ-ын виз мэдүүлэх гэж байгаа 5,000,000 төгрөгийг байршуулах шаардлагатай юм байна гэж манай дээр ирсэн. Тэгээд 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээгээр аваад “Хас банк” ХХК-д байршуулсан. Гэвч визний хариугаа хүлээж байх хоорондоо өөрийн хүсэлтээр элчингээс паспортоо татан авч банкинд байршуулсан байсан манай мөнгийг санаатай авсан байсан. З.Н, н.О хоёрын хоорондох маргаанд миний бие ямар ч хамааралгүй. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.А нь хариуцагч З.Н, Л.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг дансаар  хүлээн авсан тухайд маргахгүй, харин хүү болох 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд урьдчилан шилжүүлсэн, мөн тэдний найз н.О гэгчид 5,000,000 төгрөг өгсөн, энэ асуудлаар цагдаагийн байгуулллагад хандсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нар 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гуравдагч этгээд Ц.У-тай  зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлэн авсан, мөнгийг нэхэмжлэгчийн 5014324231 тоот данснаас хариуцагч З.Н-ын 5031567546 тоот дансанд /Солонгос улсын визний зориулалтаар/ гэх агуулгаар шилжүүлсэн нь талуудын тайлбар, хэрэг авагдсан гэрээ, дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 4-6/

Зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж хариуцагч З.Н, Л.Ц эцэгээ  нар, зээлдүүлэгчийг төлөөлж, Ц.У гарын үсгээ зурсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

Гэрээний дагуу зээлдэгч 5,000,000 төгрөг шилжүүлэхээс өмнө хариуцагч З.Н нэхэмжлэгчийн дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар зохигчид 2 сарын хүүг хариуцагчаас уьдчилан авсан /өгсөн/ гэж тайлбарласан.

Хариуцагч нар нь зээлийн гэрээг гуравдагч этгээд Ц.У-тай байгуулж  хүү, анз /алданги/-ийн талаар тохиролцсон, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч В.А мөнгийг шилжүүлэн өгснөөр өөр этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг бүрэн биелүүлэхийг хариуцагч нараас шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

Учир нь зээлдэгч нь зээлдүүлэгч Ц.У-гийн заасан дансанд зээлийн хүү 1,000,000 төгрөг шилжүүлсэн, мөн зээл 5,000,000 төгрөгийг хэнээс авч өгсөн нь хариуцагч нарт хамааралгүй, түүний өмнө гэрээний үүргийг хүлээх үндэслэлгүй юм.

Харин хэрэгт авагдсан баримт, гуравдагч этгээд Ц.У-гийн тайлбараас  үзэхэд тэрээр  нэхэмжлэгч В.А-ын мөнгийг хариуцагч нарт зээлдүүлсэн нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч В.А-ын хариуцагч З.Н-ын дансанд  шилжүүлсэн 5,000,000 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг хасч 4,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, үлдэх 3,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийг хамтан хариуцуулахаар хариуцагчаар татан шаардлагаа гаргасан, мөн үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар  хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх, мөн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцуулах  үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Н, Л.Ц эцэгээ нараас 4,000,000 /дөрвөн сая/ гаргуулан нэхэмжлэгч В.А-д олгож, нэхэмжлэлээс 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ