Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1031

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00654 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Э ын хариуцагч И ХХК Б нарт холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц захиалан гүйцэтгэх гэрээгээр захиалсан 703 байрны 1305 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч Ж.Э ын нэр дээр гаргуулахыг даалгах, Б болон Б.Э нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ, И болон Б.Э нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан гүйцэтгэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Модун таун хотхоны 703 байр, 1305 тоот, 79.97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б. Энэр дээр гаргуулан авах, тус үл хөдлөх эд хөрөнгийг “Төрийн банк” ХХК-ийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах бие даасан шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Л.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон бие даасан шаардлагад гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тасралтгүй 13 жил ажиллаж байгаа бөгөөд тус алба нь 2015 онд ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор албанд 5-аас дээш жил ажилласан ажилчиддаа орон сууцны квот олгогдож, хамрагдсан. Энэ ажлыг зохион байгуулах зорилгоор Нийслэлийн өмчийн харилцааны газраас Б дамжуулан И ХХК-тай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан. 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр барилгын зургийн үнэ болох 838 970 төгрөг, 2016 оны 05 сарын 12-ны өдөр байрны урьдчилгаанд 5 000 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 14 000 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 27 300 000 төгрөг, нийт 46 300 000 төгрөгийг тус тус Б дамжуулан И ХХК-д  төлөхдөө ямар нэгэн байдлаар төлбөрийг хүлээн авахгүй, гэрээ цуцалсан гэх зэргээр тайлбар хэлээгүй. Нэхэмжлэгч нь орон сууц ашиглалтанд орохоос өмнө нийт байрны төлбөрийн 50 хувийг төлж, тооцоо нийлсэн. Мөн орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамруулахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгчийг хугацаандаа урьдчилгаа төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр хамт албанд ажилладаггүй Б.Э гэх хүнд захиалсан орон сууцанд давхар гэрээ байгуулсан гэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, И орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Б ын  гүйцэтгэх захирал болох Д.Н нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг хүлээн зөвшөөрсөн. Мөн И нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг дүгнэж, төлбөрийн үлдэгдэлээ тооцсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гэрээг нь цуцалсан талаар мэдэгдээгүй, хэвийн төлбөр хүлээн авсан гэж дурдсан байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талуудаас шүүхэд гаргаж өгсөн мэдэгдэл, албан бичгүүдийг огт мэдэхгүй хүлээн авч байгаагүй ийм мэдэгдэл ирж байгаагүй гэж тайлбарлаж байна. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б тай байгуулсан гэрээний 4.5-д заасан боловч төлбөрийн нэхэмжлэх, гэрээг цуцлах мэдэгдлийг огт өгч байгаагүй учир нэхэмжлэгч Ж.Э-тай байгуулсан гэрээ цуцлагдаагүй, талууд үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн нь харагдаж байна. Харин Б нь цуцлагдаагүй хүчин төгөлдөр гэрээтэй 703 байрны 1305 тоот орон сууцанд Б.Э гэгч иргэнтэй давхар гэрээ байгуулж байгаа нь хууль бус үйлдэл тул 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.Э-тай байгуулсан гэрээ, хэлцлийг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэлтэй юм. И нь тайлбартаа Б тай байгуулсан гэрээ, албан бичгийг үндэслэн Б.Э гэх иргэнтэй орон сууц захиалах, захиалгаар бариулах гэрээг байгуулсан гэдэг тул “Б, Б.Э нарын дунд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Иймд гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээгээр захиалсан 703 байрны 1305 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч Ж.Э ын нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү. Харин гуравдагч этгээд Б.Э нь яагаад уг байрны квот авах шаардлага хангасан ажилтан болсон гэдэг нь ойлгомжгүй байдаг. Өөрөөр хэлбэл тус албанд 5-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан ажилчдаас шилж сонгон гэрээ байгуулсан бөгөөд Б.Э гэдэг хүн нь тус албанд 2 жил гаран ажилласан боловч одоо ажлаасаа гарсан хүн байдаг. Иймд үндэслэлгүйгээр хууль зөрчиж, гэрээ байгуулсан гэж үзэж байгаа тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Хариуцагч “Б-ийн төлөөлөгч нэхэмжлэл болон бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нь Ж.Э-тай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 86 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан. Ж.Э-т орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ний 4.5-д захиалга хүлээн авагч тал нь энэхүү гэрээний 2.1, 2.2, 2.3-т заагдсан төлбөрийн нэхэмжлэлийг захиалагч талд 3 удаа хүргүүлж биелүүлээгүй тохиолдолд дангаар болон гүйцэтгэгч талын ирүүлсэн хүсэлтийн дагуу гэрээг цуцлах эрх эдэлнэ гэж заасан. Ж.Э нь гэрээний 2.1-д заасныг зөрчиж урьдчилгаа төлбөрийн 30 хувийг хугацаанд төлөөгүй тул гэрээнд зааснаар түүнтэй байгуулсан 86 тоот гэрээг цуцалж, түүнийн оронд Б.Э тай гэрээ байгуулсан болно. Б Ж.Э болон урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлөөгүй нийт захиалагч нарт 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр алданги "тооцох тухай 01 тоот мэдэгдэл, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тоот "Гэрээний заалт хэрэгжүүлж ажиллах тухай 2016 оны 01 дүгээр сарын 24-ний дотор төлбөрөө төлөх тухай мэдэгдэл, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 16/05 тоот тус байгууллагатай байгуулсан гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөрийн эхний 30 хувийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний дотор төлөх үүргээ биелүүлэлгүй, төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлахыг мэдэгдэж байна гэсэн утгатай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч тухайн заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй. Энэхүү мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй учир 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 16/06 тоотоор заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд эрх цуцлахаар байгууллагын удирдлагаас шийдвэрлэсэн болохыг мэдэгдье гэх мэдэгдлийг дүүрэг, хэлтсийн нягтлан бодогч, дарга нарт хүргүүлж гарын үсэг зуруулан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Санхүү аж ахуйн хэлтэст авчирч өгөхийг тухайн мэдэгдэлд дурдсан байдаг. Б 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 05/02 албан тоотоор Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т-т хандан тус нөхөрлөлийн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар эхний 30 хувийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, удаа дараагийн мэдэгдлүүдийг хэрэгжүүлээгүй хавсралтад заасан нэр бүхий ажилтнуудын гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн тул эдгээр ажилтнуудын байрны хуваарилалтыг дахин хийж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд энэхүү хүсэлтийн хавсралтын 6-д Ж.Э ын нэр орсон байна. Ж.Э нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б -д хандан өргөдөл гаргаж НӨХГ-ын Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн Ж.Э нь орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 2.1-д дансанд төвлөрүүлэх болно. Энэ хугацаанд төлөөгүй тхиолдолд гэрээ цуцлахад татгалзахгүй болно гарын үсэг зурсан. Иймээс түүнтэй байгуулсан гэрээг цуцалж Б.Э тай гэрээ байгуулсан болно. Иймд Ж.Э ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Харин гуравдагч этгээд Б. Эшаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч И ХХК төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэл болон бие даасан шаардлагад гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид юуны түрүүнд шүүхийн шийдвэрийг дагана гэдгээ хэлмээр байна. Б ын  шийдвэрийн аль нь хүчинтэй эсэх нь ойлгомжгүй байна. Б ын  Б.Э тай хийсэн гэрээний шийдвэр хуульд нийцэж байна уу, эсвэл Ж.Э хийсэн гэрээний шийдвэр хуульд нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Б ын  хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан 703-р байр 1305 тоот 3 өрөө байрны гэрчилгээг Б. Энэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ асуудлыг бол улсын бүртгэлийн газар шийдэх учиртай. Тиймээс эхний бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага нь төрийн банктай байгуулсан барьцааны гэрээ юм. И төрийн банктай зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний барьцаа хөрөнгө нь тухайн байр юм. Тиймээс барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас барьцаанаас чөлөөлөх асуудалд үүрэг хүлээх боломжгүй. Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг Б.Э тай байгуулсан гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар ажил гүйцэтгэх гэрээгээр гуравдагч этгээдийн шаардаж байгаагаар иргэний хуулийн 350.1.6-д биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүн өгөх ёстой гэж тайлбарлаж байна. И нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаагаар орон сууц захиалах, захилга гүйцэтгэх гэрээгээр бус худалдан авах гэрээгээр худалдагчид биет байдлын догдолгүй эд хөрөнгийг хүлээлгэж өгөх асуудал яригдаж байна. Тиймээс Иргэний хуулийн 350.1.6-г үндэслэж байгаа нь ойлгомжгүй юм. Дараагийн асуудал Иргэний хуулийн 352-д заасан доголдолыг арилгуулах эрхийн хүрээнд барьцаанаас чөлөөлүүлэх талаар дурдсан. Энэ нь тухайн хөрөнгө барьцаанд байгаа нь доголдол биш юм. Энэ байр анхнаасаа хөрөнгө оруулалтаар баригдахдаа Төрийн банкны зээлийн хөрөнгөд орж баригдсан. Баригдах явцдаа орон сууц захиалагч Б ын  шийдвэрийг үндэслэлээд албан хаагчдын орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тийм учраас гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч нэхэмжлэл болон бие даасан шаардлагад гаргасан тайлбар, бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Орон сууцны гэрчилгээ гаргахад шаардлагатай баримтад юу орохыг мэдэхгүй, нэрлэж шаардах ёстой байсан. Шүүх өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд очоод ямар баримт гаргаж өгөхийг, ямар баримт гаргаж өгсөн үед орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгүүд буюу шүүхийн шийдвэрт заасан баримт бичгүүд өгөгдсөн, шүүхийн шийдвэр биелэсэн гэж үзэх нь тодорхой биш байна. Энэ нь орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөчээ гэсэн шаардлага биш гэдгийг ялгах нь зүйтэй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаараа баримт бичиг шаардаж байна уу, гэрчилгээг шаардаж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа гэрээнүүд цуцлагдсан. И ХХК-тай байгуулсан гэрээ, Б тай байгуулсан гэрээнүүд цуцлагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагууд эдгээр гэрээн дээр үндэслэгдэж байгуулагдсан. И ХХК гэрээ цуцалсан мэдэгдэлдээ 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 319/19 тоот албан бичгээр Б.Э ыг орон сууцны захиалагч гэж тодорхойлсон тул Ж.Э хийсэн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ цуцлагдаж байгааг мэдэгдье гэснийг нэхэмжлэгч Ж.Э хүргүүлсэн. Тийм учраас И ХХК гэрээ цуцалсан гэдэг нь харагдаж байна. Б ын  хувьд тухайн гэрээ цуцлагдсан талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Б ын  2016 оны 02 дугаар сарын 16-ны мэдэгдэл хүргүүлэх тухай, 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлахыг мэдэгдэж байна гэсний хавсралтын 24 дүгээрт Ж.Э ын гарын үсэг байна. Нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэж маргаагүй учраас гэрээ цуцлах тухай мэдэгдэл явж өгснийг нотлох баримт юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа гэрээний үүргийн дагуу төлөгдвөл зохих төлбөрөө төлөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй иргэн Б.Э нь хариуцагч И ХХК-тай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Тус гэрээний дагуу Б.Э нь гэрээнд заасан төлбөрийг төлөх, И нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлэх, түүний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг тус тус хүлээжээ. Гэрээний 3.1, 4.1 дэх хэсгүүдэд гэрээнд заасан төлбөрийг захиалагч бүрэн төлсөнөөр үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх буюу өмчлөх эрхийг шилжүүлэх талаар тодорхой заасан байна. Б.Э нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийг бүрэн гүйцэтгэсэн байх тул тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авахыг шаардах эрхтэй байна. Гэвч тус компани гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан. Түүнчлэн, И нь гэрээнд тусгасан ёсоор болон Иргэний хуулийн 350.1.6-д заасан ёсоор биет байдлын болон эрхийн доголдолгүй байдлаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнө нь одоогоор “Төрийн банк” ХХК-ийн барьцаанд байдаг байна. Иймд тэрээр Иргэний хуулийн 352.2.1 дэх хэсэгт заасны дагуу доголдлыг арилгуулах эрхийн хүрээнд тус байрыг барьцаанаас чөлөөлүүлэхийг И ХХК шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э ын хариуцагч Б болон Б.Э нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 91 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, И болон Б.Э нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 91 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч И ХХК Б нартай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээгээр захиалсан 703 байрны 1305 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч Ж.Э ын нэр дээр гаргуулахыг даалгах шаардлагыг, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. ЭХан-Уул дүүргийн 11-р хороо, Модун таун хотхоны 703 байр, 1305 тоот, 79.97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б. Энэр дээр гаргуулан авах, тус үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкны барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Энхбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 419 950 төгрөгийг, гуравдагч этгээд Б.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б , И ХХК улсын тэмдэгтийн хураамжинд тус бүр 305 000 төгрөгийг, нийт 710 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий нэг байрны хувьд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд давхардуулан гэрээ байгуулаагүй. Мөн нэг байранд давхардуулан гэрээ байгуулагдсан хэмээн үзсэн ч энэ нь сүүлд байгуулагдсан гэрээг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм. Аливаа гэрээ, хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчиж хийсэн хэлцэл” гэдэгт хамруулахын тулд тус хэлцэл нь хуулиар тогтоосон ямар нэгэн хоригийг зөрчсөн байх шаардлагатай. Гэтэл нэг эд хөрөнгийн хувьд хоёр этгээдтэй, давхардсан байдлаар худалдах-худалдан авах гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй. Өөрөөр хэлбэл, худалдагч нь нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд зарахыг хориглох боломжгүй юм. Энэ нөхцөлд ямар үр дагавар үүсэх тухай Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан бөгөөд сүүлд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх тухай заагаагүй. Харин нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан, өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд харилцан адилгүй, тус тусдаа байгуулсан хэд хэдэн худалдах-худалдан авах гэрээний хувьд эд хөрөнгийг түрүүлж эзэмшилдээ авсан худалдан авагч нь давуу эрхтэй тухай заасан байна. Хуулийн тус хэсэгт сүүлд гэрээ байгуулсан этгээд гэрээний зүйлийг түрүүлж эзэмшилдээ авсан бол тэрээр тухайн эд хөрөнгийг өмчлөх, эзэмших тухай зааснаар сүүлд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх агуулгыг илтгэж байна. Хэрэв түрүүлж эзэмшилдээ авсан бол тухайн этгээд нь эзэмших, харин худалдан авагчдын аль нь ч эд хөрөнгийг эзэмшилдээ аваагүй бол түрүүлж гэрээ хийсэн этгээд давуу эрхтэй болох бөгөөд харин хэн нь эзэмших эрхтэй байхаас үл хамааран нөгөө этгээдийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй юм. Энэ талаар Иргэний хуулийн онолын тайлбарт “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн удаа худалдаж болох уу, энэ ч гэсэн боломжтой. Худалдагч нь үүргийн эрх зүйн хувьд эд юмсын өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх л үүрэг хүлээдэг. Худалдагч нэг хөрөнгийг хоёр өөр этгээдэд худалдсан бол тэрээр хүчин төгөлдөр хоёр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэхдээ тэрээр хоёр гэрээний нэгийг л биелүүлж чадна. Гэхдээ энэ нь худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд огт нөлөөлөхгүй” гэж, “худалдагч нэг эд хөоөнгийг хэд хэдэн этгээдэд зарахыг хориглох боломжгүй. Бусад худалдан авагчид зөвхөн хохирлоо нөхөн төлүүлэхээр худалдагчаас шаардах эрхтэй. Үүргийн эрх зүйн гэрээ нь харин бүгд хүчин төгөлдөр байна” гэж тус тус тайлбарласан байна. Түүнчлэн, гэрээ нь зөвхөн гэрээний талуудад эрх, үүрэг үүсгэх тул нэхэмжлэгч нь Б болон И ХХК-тай гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн тэдгээртэй байгуулсан хэлцлийн талаар маргах болон бусад байдлаар гуравдагч этгээдийн гэрээтэй холбоотой ямар нэгэн эрхийг нэхэмжлэгчид олгохгүй юм. Иймд тэрээр гуравдагч этгээдийн хариуцагч нартай байгуулсан гэрээний хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шүүх хүлээж авах үндэслэлгүй байсан. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс Б. Эхариуцагч нартай байгуулсан гэрээг хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт юм. Энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Мөн гуравдагч этгээд Б. Эхариуцагч нартай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул тус гэрээнүүдийн үндсэн дээр гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд “гэрээ хүчин төгөлдөр бус” гэх үндэслэлээр бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн зүгээс “худалдагч маргаан бүхий нэг байрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд худалдсан" хэмээн үзсэн. Гэвч энэ нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Маргаан бүхий байрны хувьд Б.Э болон Ж.Э нартай Б болон И нар гэрээ байгуулаад байгаа тул тэдгээрийн хэн нь худалдагч эсэхэд дүгнэлт өгсний дараа тухайн худалдагч нь давхардуулан гэрээ байгуулсан эсэхийг дүгнэх шаардлагатай болно. Учир нь, нэг эд хөрөнгийн хувьд хоёр этгээд хоёулаа нэгэн зэрэг худалдагч байж чадахгүй. Иргэний хуулийн 243.1-д заасны дагуу хөрөнгийн өмчлөгч нь худалдагч байх юм. Энэ тохиолдолд маргаан бүхий байр төдийгүй барилга бүхэлдээ И ХХК өмчлөлийнх юм. Тус компани өмчлөгч болох хувьдаа байрыг барьцаалсан, мөн өмчлөх эрхийн гэрчилгээг хэний нэр дээр гаргуулахаа шийдвэрлэж, тус байгууллагын албан бичгийн дагуу гэрчилгээ гарч байгаа. Иймд маргаан бүхий байрны худалдагч нь И юм. Харин Б нь хөрөнгийг худалдагч биш юм. Тодруулбал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 18 дахь талд тусгагдсан түүний тайлбарт тэрээр “Ж.Э болон И ХХК байгуулсан гэрээ нь орон сууц захиалгын гэрээ юм. Ж.Э болон Б ын  хооронд байгуулагдсан гэрээнд заагдсан нөхцөл, журам нь зуучлалын шинжтэй гэрээний шинж харагдаж байна. Хэрвээ захиалгын гэрээ байгуулах юм бол ТББ нь дүрмээр заасан зорилгоосоо хаасан хэлцэл байгуулах болчих учир зуучлалын асуудлыг ТББ хийж байна. Харин зуучлалын гэрээг хүчингүй болгоно. Харин үндсэн захиалгын харилцааг хүчингүй болгоход Б ямар ч хамааралгүй юм. Зуучлалын гэрээ үндсэн захиалагчтай байгуулсан гэрээ бол И ХХК-тай байгуулсаныг тайлбарлаж хэлмээр байна” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий байрыг шилжүүлэх тухай худалдах-худалдан авах гэрээ нь И болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан тухай, Б тэдгээрийг холбож өгч буй тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч Б -р дамжуулан И тай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан” гэсэн байна. Мөн Б ын нэхэмжлэгч болон гуравдагч этгээдтэй байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээнд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийг “захиалагч” гэж, Б -ыг “захиалга хүлээн авагч” гэж, “Их модун” ХХК-ийг “гүйцэтгэгч” гэж томьёолсон байгаа нь Б нь худалдагч биш болохыг харуулна. Мөн тус гэрээний 4.1, 4.3-т “Барилга угсралтын ажлын санхүүжилтийг тухайн орон сууцанд захиалга өгсөн захиалагч нараас урьдчилгаа төлбөр авч, орлогоос захиран зарцуулах, гүйцэтгэгчийн ажилд хяналт тавих зэрэг барилга барихтай холбоотой ажлуудыг захиалагчийн өмнөөс хариуцан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан нь Б нь худалдагч бус захиалагч, нэхэмжлэгч болон гүйцэтгэгч И тай нарын хоорондын харилцааг зохицуулах, захиалагчийн өмнөөс, түүнийг төлөөлж И ХХК-тай харилцах эрх бүхий этгээд байна. Б ын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 07 дугаар албан бичигт “Иймд танай компани тус ТББ-ийн дараах нэр бүхий захиалагчидтай орон сууц захиапгын гэрээг үйлдэн хамтран ажиллана уу" гэж заасан нь И ХХК-тай гэрээ байгуулах, орон сууц худалдан авах этгээдүүдийн нэрсийг явуулж, талуудыг холбож өгч байгаа хэрэг байна. Иймд маргаан бүхий байрны худалдагч нь И байх тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь тус компанитай давхардуулан гэрээ байгуулсан эсэхийг дүгнэх нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Хэрэгт авагдсан баримтууд ёсоор нэхэмжлэгч Ж.Э нь И ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан бол Б.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байрны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж, И ХХК-тай тооцоо нийлж, гэрээ байгуулсан. Энэ хооронд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн И ХХК шийдвэрээр тус компани Ж.Э байгуулсан гэрээгээ цуцалсан байдаг. Иймд тухайн үед гэрээ цуцлагдсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь нотлогдож байна. Анхан шатны шүүхийн зүгээс нэг байрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд давхардуулан худалдсан гэж дүгнэхдээ зөвхөн Б тай холбогдуулан дүгнэсэн. Харин И ХХК хувьд давхардуулан худалдсан тухай дүгнээгүй. Энэ нь И ХХК-тай нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд давхардуулан худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүйг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдийн хариуцагч нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ гуравдагч этгээдийн И ХХК-тай байгуулсан гэрээг “маргаан бүхий байрыг давхардуулан худалдсан” гэж маргаагүй. Харин Б тай байгуулсан гэрээг тус үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж, И ХХК-тай байгуулсан гэрээний хувьд Б ын  гэрээний үндсэн дээр байгуулагдсан тул Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд хамаарна" хэмээн маргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч И нь маргаан бүхий байрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд давхардуулан худалдсан гэж маргаагүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт ч гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх тухай заасан байна. И ХХК гэрээ цуцлах мэдэгдэл нь нэхэмжлэгч Ж.Э тухайн үед нь хүрсэн бол Б ын  гэрээ цуцалсан шийдвэр нь ч гэрээ цуцлагдсаны дараа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөгөө талд хүрсэн болох нь маргаангүй юм. Иймд тэдгээрийн гэрээ цуцлах хэлцэл нь хүчин төгөлдөр болсон буюу гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Нэгэнт нэхэмжлэгчийн гэрээ нь цуцлагдсан тул тэрээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь давхардсан гэрээгүй тул Иргэний хуулийн 250.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм. Түүнчлэн, Иргэний хуулийн 250.1 дэх заалт бол хэд хэдэн худалдан авагч давхардуулан гэрээ байгуулсан, нэгэн зэрэг шаардах эрхтэй байх тохиолдлыг зохицуулсан заалт. Гэвч нэхэмжлэгчийн хувьд гэрээний төлбөрөө бүрэн төлөөгүй тул байрны гэрчилгээг гаргуулах авах, байрыг өмчлөх эрх нь үүсээгүй. Төлбөр бүрэн төлөгдсөнөөр байрны гэрчилгээ гаргах тухай нэхэмжлэгчийн гэрээнд тусгасан байгаа. Үүнтэй холбоотой нэхэмжпэгчийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь хоёулаа байр шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 250.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм. Хэрэв, И нь нэг эд хөрөнгийг давхардуулан худалдсан/нэхэмжлэгчийн гэрээ цуцлагдаагүй гэж үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь байр шилжүүлэхийг шаардах эрхтэй эсэхийг дүгнэх шаардлагатай. Иргэний хуулийн 250.1-д эд хөрөнгийг түрүүнд эзэмшилдээ авсан этгээд шаардах эрхтэй тухай заасан байна. И ХХК зүгээс байрны эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй. Харин тус компанийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 329/19 дүгээр албан тоот, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 323/19 дүгээр албан тоот зэргээс харахад байрны эзэмшлийг Б.Э д шилжүүлсэн байна. Иймд тэрээр байрны гэрчилгээг гаргуулах, өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин Б ын  хувьд байрны худалдагч биш тул түүнтэй байгуулсан гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ биш. Иймд тус ТББ-ын гэрээний харилцаанд Иргэний хуулийн 250.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй. Иймд гуравдагч этгээд Б.Э нь байрны өмчлөлийг шилжүүлж өгөхийг шаардах эрхтэй тул түүний гэрчилгээ гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлагыг хангах агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй юм. Түүнчлэн, Иргэний хуулийн 243.1, 254.1-д тус тус заасны дагуу доголдлыг арилгуулах хүрээнд гуравдагч этгээдийн барьцаанаас чөлөөлж өгөхийг шаардах эрхтэй юм. Иймд тус шаардлагыг ч нэгэн адил хангах агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч И ХХК Б -д холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний үүрэг биелүүлж Ж.Э ын нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 703 байрны 1305 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах, Б болон Б.Э нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Орон сууц захиалах гэрээ, И болон Б.Э нарын хооронд байгуулсан орон сууц захиалах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Д.Э нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Модун таун хотхоны 703 байр, 1305 тоот, 79.97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б. Энэр дээр гаргуулах, тус үл хөдлөх эд хөрөнгийг “Төрийн банк” ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, 90 айлын орон сууц бариулах, уг ажлыг зохион байгуулах зорилгоор тус газрын дэргэд Б -ыг байгуулж, ажилчдад орон сууцны квот олгоход Ж.Э хамрагдсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Э нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б болон И ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан, уг гэрээгээр 3 өрөө орон сууцны үнэд 96 025 000 төгрөг төлөхөөр талууд тохиролцож, урьдчилгаанд 46 300 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 4-7 дугаар тал, 2 дугаар хавтасны 14-16, 21-22 дугаар тал дах баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 33, 39-41, 43 дугаар талд Б ын урьдчилгаа төлбөр төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээ цуцална гэсэн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01, 02 тоот, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16/01 тоот, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/05 тоот, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16/06 тоот мэдэгдлүүд байх боловч уг мэдэгдлүүдийг нэхэмжлэгч Ж.Э гардуулсан гэх баримт хэрэгт үгүй байна.

 

Хариуцагч Б ын  Удирдах зөвлөл нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж орон сууцны урьдчилгаа төлбөрөө огт төлөөгүй Ж.Э нарын нэр бүхий 6 ажилтантай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалж, уг гэрээг цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлэхээр тогтсон боловч тус “Бидний байшин” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар Удирдах зөвлөлийн шийдвэр болох тогтоолыг гаргаагүй тул гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч Б , И нь гуравдагч этгээд Б.Э тай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан, маргааны зүйл болох 3 өрөө орон сууцны үнийг Б.Э бүрэн төлсөн болох нь талуудын тайлбар болон хэргийн 1 дүгээр хавтасны 81-83, 153-157, 188-192 дугаар тал дах баримтаар тогтоогджээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нь нэхэмжлэгч Ж.Э 3 удаа мэдэгдэл өгсөн, мэдэгдэлд заасан хугацаанд урьдчилгаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул түүнтэй байгуулсан гэрээг цуцалж Б.Э тай гэрээг байгуулсан гэх тайлбар гаргасан байна.

 

Гуравдагч этгээд Б.Э тай хариуцагч Б , И орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний эрх чөлөөний хүрээнд утга агуулгаараа хууль зөрчөөгүй гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Хариуцагч Б , И нь гуравдагч этгээд Б.Э тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч Ж.Э ын эрх ашгийг шууд зөрчсөн агуулгатай бус мөн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан хүрээнд худалдагч нь нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдаж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч Ж.Э хариуцагч Б , И ХХК байгуулсан орон сууц захиалгын гэрээ цуцлагдаагүй байсан гэх үндэслэл нь гуравдагч этгээд Б.Э тай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б ын  байгуулсан орон сууцны захиалгын гэрээг, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр И ХХК байгуулсан орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

 

Мөн хариуцагч Б , И ХХК 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гуравдагч этгээд Б.Э тай хийсэн хэлцлийн хувьд нэхэмжлэгч Ж.Э ын эрх ашиг зөрчигдсөн, уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй этгээд биш байна. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг дараах байдлаар зөвтгөх боломжтой. Иймд хариуцагч Б , И ХХК-тай Б. Э2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус тус байгуулсан орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ж.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Ж.Э гуравдагч этгээд Б.Э нар нь хариуцагч Б , И ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, хэдийгээр Ж.Э Б.Э-аас гэрээ түрүүлж байгуулсан боловч маргааны зүйл болох 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулахыг даалгуулах тухай шаардах эрхгүй. Учир нь нэхэмжлэгч Ж.Э нь маргаж буй 3 өрөө орон сууцны үнийг бүрэн төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шилжүүлэн авахтай холбоотой баримт бичгийг шаардах эрх үүсээгүй байна. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээний дагуу шаардлага гаргаж үүрэг гүйцэтгүүлэгч буюу худалдагчаас худалдагчийн биелүүлэх  үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан тохиолдолд шаардлага гаргасан этгээд өөрөө үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь уг үүргийг гүйцэтгэхгүй саатуулах эрхтэй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөж Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ж.Э ын бичиг баримт гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулсан болно.

 

Гуравдагч этгээд Б. Эбие даасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч Б , И нь гуравдагч этгээд Б.Э тай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан, уг гэрээний дагуу Б.Э маргааны зүйл болох 3 өрөө орон сууцны үнийг бүхэлд нь төлсөн боловч худалдах худалдан авах гэрээг худалдагч нь хоёр этгээдтэй байгуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймээс Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь Ж.Э болон Б.Э тай байгуулсан гэрээний хувьд аль аль тал нь худалдах худалдан авах гэрээний худалдан авагч байх боломжтой ба хэд хэдэн этгээдтэй гэрээ байгуулсан тохиолдолд хэн эзэмшилдээ түрүүлж авсан нь худалдан авах зүйлийнхээ өмчлөлийг шилжүүлэхээр шаардах эрхтэй. Шүүх хуралдаанд Ж.Э, Б.Э нарын хэн аль нь маргааны зүйл болох орон сууцыг бодитойгоор эзэмшилдээ аваагүй гэж тайлбарлаж байх тул хуульд нийцүүлэн хэн түрүүлж гэрээ байгуулсныг харгалзан үзэх учиртай.

 

Гуравдагч этгээд Б.Э хэдийгээр орон сууцны үнийг бүхэлд нь төлсөн боловч уг худалдах, худалдан авах гэрээг худалдагч нь хоёр этгээдтэй байгуулсан ба нэхэмжлэгч Ж.Э нь худалдах худалдан авах гэрээг түрүүлж байгуулсан байна. Иймд Б. ЭИргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар давуу эрхтэйгээр маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр  шилжүүлж авахтай холбоотой баримт бичгүүдийг гаргуулахаар шаардах эрх үүсээгүй тул гуравдагч этгээд Б. Эхариуцагч И ХХК-д  холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Модун таун хотхоны 703 дугаар байрны 1305 тоот 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б. Энэр дээр гаргуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт барьцааны эрх  дуусгавар болох үндэслэлүүд, барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэг үүсэх талаар зохицуулсан байна. Гуравдагч этгээд Б.Э нь барьцаалуулагч буюу өмчлөгчийн эрх үүргийг өөртөө шилжүүлэн авсан этгээд биш байна. Иймээс Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Б. Э хариуцагч И ХХК-д  холбогдуулан гаргасан “Төрийн банк” ХХК-ийн барьцаанд байгаа тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Гэрээг давхардуулан байгуулаагүй, түрүүлж эзэмшилдээ авсан бол тухайн этгээд нь эзэмших, харин худалдан авагчдын аль нь ч эд хөрөнгийг эзэмшилдээ аваагүй бол түрүүлж гэрээ хийсэн этгээд давуу эрхтэй болох бөгөөд харин хэн нь эзэмших эрхтэй байхаас үл хамааран нөгөө этгээдийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй. Мөн хэн нь худалдагч эсэхэд дүгнэлт өгсний дараа тухайн худалдагч нь давхардуулан гэрээ байгуулсан эсэхийг дүгнэх шаардлагатай” гэх гомдлыг гаргасан боловч уг гомдол үндэслэлгүй болно. Учир нь гуравдагч этгээд Б.Э нь орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан боловч Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар Ж.Э гэрээ байгуулсан тул энэ гомдол үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00654 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний үүрэг биелүүлж Ж.Э ын нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 703 байрны 1305 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах, Б болон Б.Э нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан орон сууц захиалах гэрээ, И болон Б.Э нарын хооронд байгуулсан орон сууц захиалах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Д.Э-ын Хан-Уул дүүргийн 11-р хороо, Модун таун хотхоны 703 байр, 1305 тоот, 79.97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б. Энэр дээр гаргуулах, тус үл хөдлөх эд хөрөнгийг “Төрийн банк” ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “...үлдээж,” гэснийг “үлдээсүгэй.” гэж, “...хариуцагч Б , И тэмдэгтийн хураамжид тус бүр 305 000 төгрөгийг, нийт 710 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид Ж.Э олгосугай.” гэснийг хасч шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй”.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 128 217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                          

                         ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ