Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1211

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н ” ХХК-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00991 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Н ” ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Э, Ю.М , Ц.Д , А.Т  нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 704 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Л.Э ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Ю.М , Ц.Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Самал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Л.Э 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шинэ бизнес эрхлэх зориулалтаар 20 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3,9 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 12 дугаар байр 115 тоот 30 мкв орон сууцыг барьцаалсан.

Хамтран зээлдэгчээр Ю.М , Ц.Д , А.Т  нар оролцож зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч нар зээлийн хугацаанд нийт 9 791 000 төгрөг төлсөн байна. Хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1 800 000 төгрөгийн төлөлт хийсэн. Компанийн зүгээс удаа дараа зээлээ төлөхийг сануулж мэдэгдэж байсан.

Зээлдэгч нар хоорондоо зээл төлөлтийн асуудлаар маргаантай байдаг талаараа дурдсан байсан боловч үүнийг манай байгууллага харгалзан боломжгүй. Харин нэмэгдүүлсэн хүү, хүүнээс хасалт хийж 25 704 500 төгрөгт эвлэрэх санал тавьсан боловч эвлэрээгүй.  Иймд хариуцагч Л.Э, Ю.М , Ц.Д , А.Т  нараас 30.704.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Э шүүх хуралдаанд тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийг аваад хадам ээж Ю.М д өгсөн. Зээлийн барьцаанд тавигдсан орон сууц манай нөхрийн нэр дээр байсан ба нөхөр маань 2016 онд нас барсан. Жилийн дараа өв шилжигдэж болдог талаар хадам ээж надад хэлээд орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Үүний дараа 20 000 000 төгрөг хэрэгтэй байна тэтгэврийн хөгшин болохоор зээл олдохгүй байна, миний охин зээл аваад өгөөч гэхээр нь “Н ” ХХК-д хүсэлт гаргаж, зээлийн хүсэлт зөвшөөрөгдөж зээлийн мөнгө миний данс руу орсон. Тухайн өдрөө бэлнээр авч Ю.М д өгсөн. Зээлээс Ц.А  надад өгөх ёстой 3 000 000 төгрөгийг суутгаж авсан. Би мөнгийг захиран зарцуулаагүй тул төлөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ю.М , Ц.Д  нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Ю.М  нь Л.Этэй хамтран 20 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай бизнес эрхлэх зорилгоор гэрээ байгуулж зээлсэн. Зээлийн мөнгөөс хураамж төлж Л.Э 3 000 000 төгрөгийг авч үлдсэн 16 000 000 төгрөгийг Ю.М д өгсөн. Ц.Д  зээл аваагүй зөвхөн данснаас данс хоорондын гүйлгээг хийж өгсөн.

Л.Э ийн ах Америкт байдаг, хэвийн боов хийж зарна гэсэн тохиролцоотой орон сууцыг барьцаалж зээл авцгаасан. Л.Э т зээл авсантай холбоотойгоор ойролцоогоор 3 000 000 төгрөгийн бараа материал өгч, түүгээр дамжуулан 9 000 000 төгрөгийг ББСБ-д төлсөн тул одоо 18 000 000 төгрөгийг төлж барагдуулна. Барьцаанд байгаа орон сууцны өөрт оногдох хувиар зээлийг төлөх саналтай. Ц.Д ий хувьд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлээс аваагүй тул хариуцахгүй гэсэн тайлбартай байна гэжээ.

 

Хариуцагч А.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: А.Т ын эмээ Ю.М  мөнгөний хэрэг гарсан байрыг барьцаалж зээл авъя, зээлийг бүрэн төлнө гэж амлаж гуйсны дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс хойш Ю.М  зээлийг төлөхгүй, охин Ц.Алтанцэцэг төлнө гэдэг. А.Т  зээлээс авч хэрэглээгүй тул төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Л.Э, Ю.М , Ц.Д , А.Т  нараас 30 704 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Э, Ю.М , Ц.Д , А.Т  нараас 393 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцаг Л.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч “Н ” ХХК-аас авсан зээлийг Ю.М  авахуулсан ба зээл авахуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан. Хамтран зээлдэгч А.Т , Ц.Д  нар энэ талаар тайлбар гаргасан.

Анхан шатны шүүх шүүхэд гаргасан баримтуудыг үндэслэлгүй, гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр Л.Э, А.Т  нараас зээлийн төлбөрийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэгүй. Иймд Ю.М гаас 30 704 500 төгрөгийг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Н ” ХХК нь хариуцагч Л.Э, Ю.М , Ц.Д , А.Т  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 704 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Э 3 000 000 төгрөгийг авсан нь үнэн, өөр мөнгө аваагүй тул зээл төлөхгүй гэж, Ю.М  нь 18 000 000 төгрөг төлнө, үлдэх төлбөрийг төлөхгүй гэж маргажээ. /хх 56/

 

“Н ” ХХК нь Л.Э, Ю.М , Ц.Д , А.Т  нартай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 20 000 000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж зөв дүгнэжээ.

 

Мөн өдөр талууд баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Л.Э, Ю.М , А.Н , А.Т  нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205013100 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 12 байр 115 тоот, 30 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч Л.Э, Ю.М , Ц.Д , А.Т  нар нь зээлийг гэрээний 3.3-д заасан хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 6.2.1-д заасан гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээл, хүүг төлбөрийг хуваарьт заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр гэрээг цуцалж, хариуцагч нарт холбогдуулж зээлийн төлбөрт зээл 17 902 700 төгрөг, хүү 11 106 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 695 400 төгрөг, нийт 30 704 500 төгрөгийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлийн гэрээнд Л.Э, Ю.М , Ц.Д , А.Т  нар нь хамтран үүрэг хүлээхээр хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан тул тэднийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Хамтран хариуцагчаар татаж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэх хариуцагч Л.Э ийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Э ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00991 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА