Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00392

 

 

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00392

 

 

 

Нэткапитал финанс корпораци

ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00991 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1211 дүгээр магадлалтай,

Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, *******, *******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,704,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал, хариуцагч *******ийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК нь хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,704,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00991 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч *******, *******, *******, ******* нараас 30,704,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, *******, ******* нараас 393,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1211 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00991 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 102/ШШ2020/00991 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийнн 1211 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын шүүх хуралд гаргасан тайлбарууд, хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгч, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйд гомдолтой байна. Шийдвэр, магадлалын ҮНДЭСЛЭХ нь хэсэгт мөн талууд баталгаат ипотекийн гэрээ байгуулж, *******, *******, А.Номин-Эрдэнэ, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205013100 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 бичил хороолол 12 байр 1158 тоот , ЗО м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэрээ хүчин төгөлдөр байна. гэж дүгнэсэн байх бөгөөд барьцааны эд хөрөнгийн өмчлөгч нар нь улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр *******, *******, *******, ******* нар байх бөгөөд А.Номин-Эрдэнэ гэх хүн хаанаас гарч ирсэн хариуцагчаар татагдсан эсэх нь тодорхойгүй шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд алдаатай, эргэлзээтэй байдлаар шийдвэрээ бичсэн байна. ... Зээлийн гэрээнд *******, *******, *******, ******* нар нь үүрэг хүлээхээр хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан тул тэднийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнээд хамтран хариуцагчаар татаж, зээлийн төлбөрийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн бөгөөд энэхүү дүгнэлт шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй гэж миний бие үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шүүхийн үндэслэл болсон нотлох баримт гэх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хариуцагчийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан хариуцагч нь үнэн зөв тайлбар гаргах, тайлбараа нотлох нотлох баримтыг гаргах үүргийн дагуу гаргасан зээлийн гэрээнээс олгогдсон зээлийн мөнгийг өөрөө авсан, би төлнө гэсэн тайлбар мөн бусад хариуцагч нарын гаргасан тайлбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар үгүйсгэгдсээр байхад зээлийн гэрээний дагуу зээлийг хэрэглэж төлөх үүрэг хүлээсэн *******гаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргуулахаар хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй надаас давхар гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээр дурдагдсан хуульд заасан аргаар бэхжүүлэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хууль зүйн дүгнэлт хийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК нь хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан 2018.01.25-ны өдөр 106205695 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч 20,000,000 төгрөгийг, сарын 3,90 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх, мөн 2018.01.25-ны өдөр 106205695 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, *******, *******, А.Номин-Эрдэнэ, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205013100 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 12 байр 115 тоот, 30 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,902,700 төгрөг, хүү 11,106,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,695,400 төгрөг, нийт 30,704,500 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

 

6. Хариуцагч ******* ...Тухайн өдрөө бэлнээр авч *******д өгсөн. Зээлээс Ц.Алтанцэцэгийн надад өгөх ёстой 3,000,000 төгрөгийг суутгаж авсан. Би мөнгийг захиран зарцуулаагүй тул төлөхгүй..., хариуцагч ******* ...зээл авсантай холбоотойгоор 3,000,000 төгрөгийн бараа материал өгч, түүгээр дамжуулан 9,000,000 төгрөгийг ББСБ-д төлсөн, одоо 18,000,000 төгрөгийг төлж барагдуулна..., хариуцагч ******* ...зээл аваагүй, данснаас данс хоорондын гүйлгээ хийж өгсөн..., хариуцагч ******* ...зээлээс авч хэрэглээгүй тул төлөхгүй... гэж тус тус маргажээ.

 

7. Анхан шатны шүүх ...Нэхэмжлэгчээс мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, хариуцагч нар гэрээнд зааснаар уг мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй, зээлийн гэрээний 3.13, 3.18-д зааснаар ...гэрээ байгуулж, зөвшөөрч гарын үсэг зурсан тул хариуцагч нарын татгалзал хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

8. Давж заалдах шатны шүүх ...Зээл болон баталгаат ипотекийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

9. Хариуцагч *******ийн ...барьцааны эд хөрөнгийн өмчлөгч нар нь улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр *******, *******, *******, ******* нар байх бөгөөд А.Номин-Эрдэнэ гэх хүн хаанаас гарч ирсэн хариуцагчаар татагдсан эсэх нь тодорхойгүй шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд алдаатай, эргэлзээтэй байдлаар шийдвэрээ бичсэн. ... зээлийн мөнгийг өөрөө авсан, би төлнө гэсэн тайлбар мөн бусад хариуцагч нарын гаргасан тайлбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар үгүйсгэгдсээр байхад зээлийн гэрээний дагуу зээлийг хэрэглэж төлөх үүрэг хүлээсэн *******гаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргуулахаар хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй надаас давхар гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Учир нь, хэргийн 19 дүгээр талд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205013100 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 12 байр 115 тоот, 30 м.кв талбай бүхий орон сууц *******, *******, А.Номин-Эрдэнэ, ******* нарын өмчлөлийнх болох нь тогтоогджээ. Түүнчлэн, нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

 

Мөн зээлийн гэрээнд зээлдэгч *******, *******, *******, ******* нар хамтран үүрэг хүлээхээр хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч нараас 30,704,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлснийг буруутгах боломжгүй .

 

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн гэрээний маргааны үйл баримтад Иргэний хуулийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч *******ийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00991 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1211 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 311,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН