Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1009

 

 

 

 

 

 

 

 

 

И

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00549 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И хариуцагч Д.Э дхолбогдуулан байгууллагад учирсан хохирол 3 914 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И Санхүү, хөрөнгө оруулалтын газрын үйлчилгээ, аж ахуйн албаны менежер Д.Энь 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус байгууллагын харьяа Сэргээн засах амралтын газарт 120 хүний хамт үйлчлүүлсний төлбөр 3 914 000 төгрөгийг төлөөгүй ба энэхүү төлбөрийг Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Д-ийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан И даргын зөвлөлийн гишүүдийн өдрийн хоол болон үйлчилгээний төлбөр 500 000 төгрөг нийт 3 500 000 төгрөгөөр хаах байсныг хаагаагүй гэж Д.Этайлбарласан. Гэтэл уг төсвийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 600 хүний комплекс хоолны тооцоо 3 441 000 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас цасны баярын үйл ажиллагаанд гэсэн гүйлгээний утгатайгаар системийн хоорондын тооцоогоор тооцоо нийлж хаасан учраас И Дотоод аудитын албаны шалгалтаар Д.Э-оос 3 914 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж гарсан. Дээрх төсвийн дагуу Сэргээн засах амралтын газраас И ажилчдад зориулсан комплекс хоол нэг хүний 5 735 төгрөг, нийт 600 хүний 3 441 000 төгрөгийн тооцоо гарсан нь тооцооны хуудсаар нотлогдож байгаа. Гэтэл Д.Э-ын гарын үсэгтэй тооцооны хуудсуудад тэмдэглэгдсэн 120 хүний хоол 2 удаа, Экспорт архи 12 шил гэх мэтчилэн худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь И Мөнгөн өвөл-2015 арга хэмжээнд хамрагдаж хоолонд орсон ажилчдын тоотой зөрүүтэй байгааг харуулж байгаа юм. Д.Энь 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэр бүхий 120 хүнийг Сэргээн засах амралтын газарт үйлчлүүлсэн нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч үйлчилгээний төлбөр 3 914 000 төгрөгийг төлөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй ямар ч байсан төлсөн нь үнэн гэж тайлбарладаг нь үндэслэлгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасны дагуу иргэн Д.Э-оос 3 914 000 төгрөгийг гаргуулж Иргэний нисэхийн ерөнхий газарт олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: И Захиргаа хүний нөөц, тамгын газрын менежерээр И 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн б/01 дүгээр тушаалаар Д.Энамайг томилсон билээ. Тухайн үед 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр И харьяа албад салбаруудад нэгдсэн журмаар цасны баяр хийх арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээнд манай салбарын 900 гаруй ажилтнууд оролцсон юм. Мөнгөн өвөл-2015 арга хэмжээнд удирдлагуудаас И дэд дарга Г.М, Санхүү, эдийн засгийн газрын А.Д нар байлцсан бөгөөд тухайн үед тооцооны хуудас аваар ир гэж А.Дагвадорж дарга хэлсэнээр И харьяа Сэргээн засал, сувилал цогцолборт 120 хүнийг 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авалт хийсэн тухай би мэдэхгүй. Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргаж байгаа нэхэмжлэлдээ намайг ярьсан, мэдэж байгаа мэтээр гүтгэж, хувь хүний нэр хүндийг гүтгэсэн агуулгатай зүйл бичсэнд хууль хяналтын холбогдох байгууллагад гомдол гаргах болно. Миний бие улсад 45 жил ажиллах хугацаандаа улс ардын аж ахуйн олон барилга байгууламжийг хариуцан бариулж, улс төр болон төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллахдаа хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өмч хөрөнгө ашиглан шамшигдуулж байгаагүй, гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй үнэнч шударгаар ажил хөдөлмөр эрхэлж байна. Д.Энамайг гүтгэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан байгаа учраас холбогдох хуулийн байгууллагаар шалгуулан үнэн зөвийг тогтоолгох хүсэлттэй байна. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилтандаа гаргасан 3 914 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч Д.Э-оос 3 914 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 574 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2020 оны 02 дугаар сарын 27-наас 2020 оны 03 дугаар сарын 05-ны хүртэл хугацаанд уушигны архаг бронхит өвчний улмаас 7 хонгийн хугацаанд эрчимтэй эмчилгээ хийлгэж, вирусын гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эмнэлгийн акттай байсан бөгөөд ийм өвчинтэй хүн олон нийтийн газраар удаан хугацаагаар явахыг хориглох зөвлөмжийг эмчлэгч эмч маань надад анхааруулсан. Мөн энэ чиглэлээр Улсын Онцгой байдлын комиссоос анхааруулж сэрэмжлүүлэг гарсан байсныг миний бие дагаж мөрдсөн. Би шүүх хурал болохоос өмнө хурлыг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, эмнэлэгийн акгаа хүргэж өгсөн нь шүүхийн үйл ажиллагааг хүндэтгэн үзсэн. Иргэний нисэхийн ерөнхий газар нь 3 914 000 төгрөг нададаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Миний бие тухайн нэхэмжлэлд дурьдсанчлан 120 хүнийг хүлээн авалт зохион байгуулаагүй, тийм эрх мэдэлч байхгүй бөгөөд зөвхөн ажил үүргийн хуваариар байгууллагынхаа “Мөнгөн өвөл-15” цасны баярын арга хэмжээг зохион байгуулахад оролцож удирдлагаас тооцооны хуудсыг авч ир гэснии дагуу л авахад гарын үсэг зуруулсан билээ. Иймд тухайн үед 2014-2015 онд И харъяа Сэргээн засах сувилал цогцолборын даргаар ажиллаж байсан н.Батцэцэг нь албан тушаалаа урвуулан эрх мэдлээ ашиглаж тус сувилалд 49 сая төгрөгний хохирол учруулсан тухай эрүүгийн хэргийг Иргэний Агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс шалгаж, Тээврийн прокурор хяналт тавьж байсан хэрэгт И итгэмжлэгдэсэн төлөөлөгчөөр Д.Энамайг томилж, байгууллагаа төлөөлөн учруулсан хохирлыг барагдуулах ажлыг хариуцан ажиллаж байсан юм. Тухайн үед Сэргээн засах сувилал цогцолборын даргаар ажиллаж н.Батцэцэг холбогдолтой эрүүгийг хэрэг хэрэгсэхгүй болгосон байсныг Тээврийн прокурорт би гомдол гаргаж, хэргийн бөгөөд байгууллагын олон нийтийн арга хэмжээний зардлыг дотроо хоорондын тооцоогоор төлбөр хийсэн байхад н.Батцэцэг нь надаас авах авлагатай болгон нягтлан бодох бүртгэлийн дансандаа өртэй үлдээж, өш хонзонгийн чанартай үйлдлийг шүүх олж тогтоохгүй байгаад нь гомдол гаргаж байна. Улс орны хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа өнөөгийн нөхцөлд Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу хорио цээрийн дэглэмтэй үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 25.2.3-т зааснаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй дутуу байхад нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, мөн арга байдлын харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь хариуцагч Д.Э дхолбогдуулан байгууллагад учирсан хохирол 3 914 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь хариуцагч Д.Э дхолбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн 183/ШЗ2020/02485 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /хх-21/

 

Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар анхан шатны шүүх нь шүүх хуралдаан хэзээ хаана болохыг товлох бөгөөд мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх ажиллагааг хийнэ.

 

Анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдааныг товлосон байх бөгөөд тус өдөр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан боловч хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00549 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 574 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ