Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2020/00549

 


2020 оны 03 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2020/00549 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ......., И  газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, .......... тоот оршин суух, Э  /РД:........./-д холбогдох,

 

байгууллагад учирсан хохирол 3,914,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчитгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: И  газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын үйлчилгээ, аж ахуйн албаны менежер Д.Э  нь 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус байгууллагын харьяа Сэргээн засах амралтын газарт 120 хүний хамт үйлчлүүлсний төлбөр 3,914,000 төгрөгийг төлөөгүй ба энэхүү төлбөрийг Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Дагвадоржийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан И ТБ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өдрийн хоол болон үйлчилгээний төлбөр 500,000 төгрөг нийт 3,500,000 төгрөгөөр хаах байсныг хаагаагүй гэж Д.Э  тайлбарласан. Гэтэл уг төсвийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 600 хүний комплекс хоолны тооцоо 3,441,000 төгрөгийг И ТБ-аас цасны баярын үйл ажиллагаанд гэсэн гүйлгээний утгатайгаар системийн хоорондын тооцоогоор тооцоо нийлж хаасан учраас И ТБ-ын Дотоод аудитын албаны шалгалтаар Д.Э оос 3,914,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж гарсан. Дээрх төсвийн дагуу Сэргээн засах амралтын газраас И ТБ-ын ажилчдад зориулсан комплекс хоол нэг хүний 5,735 төгрөг, нийт 600 хүний 3,441,000 төгрөгийн тооцоо гарсан нь тооцооны хуудсаар нотлогдож байгаа. Гэтэл Д.Э ын гарын үсэгтэй тооцооны хуудсуудад тэмдэглэгдсэн 120 хүний хоол 2 удаа, Экспорт архи 12 шил гэх мэтчилэн худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь И ТБ-ын Мөнгөн өвөл-2015 арга хэмжээнд хамрагдаж хоолонд орсон ажилчдын тоотой зөрүүтэй байгааг харуулж байгаа юм. Д.Э  нь 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэр бүхий 120 хүнийг Сэргээн засах амралтын газарт үйлчлүүлсэн нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч үйлчилгээний төлбөр 3,914,000 төгрөгийг төлөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй ямар ч байсан төлсөн нь үнэн гэж тайлбарладаг нь үндэслэлгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасны дагуу иргэн Д.Э оос 3,914,000 төгрөгийг гаргуулж И  газарт олгуулах шийдвэр гаргаж өгнө үү. И  газар нь Төсвийн байгууллага буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: И ТБ-ын Захиргаа хүний нөөц, тамгын газрын менежерээр И ТБ-ын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн б/01 дүгээр тушаалаар Д.Э  намайг томилсон билээ. Тухайн үед 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр И ТБ-ын харьяа албад салбаруудад нэгдсэн журмаар цасны баяр хийх арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээнд манай салбарын 900 гаруй ажилтнууд оролцсон юм. Мөнгөн өвөл-2015 арга хэмжээнд удирдлагуудаас И ТБ-ын дэд дарга М, Санхүү, эдийн засгийн газрын Д нар байлцсан бөгөөд тухайн үед тооцооны хуудас аваар ир гэж Д дарга хэлсэнээр И ТБ-ын харьяа Сэргээн засал, сувилал цогцолборт 120 хүнийг 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авалт хийсэн тухай би мэдэхгүй. И ТБ-аас гаргаж байгаа нэхэмжлэлдээ намайг ярьсан, мэдэж байгаа мэтээр гүтгэж, хувь хүний нэр хүндийг гүтгэсэн агуулгатай зүйл бичсэнд хууль хяналтын холбогдох байгууллагад гомдол гаргах болно. Миний бие улсад 45 жил ажиллах хугацаандаа улс ардын аж ахуйн олон барилга байгууламжийг хариуцан бариулж, улс төр болон төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллахдаа хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өмч хөрөнгө ашиглан шамшигдуулж байгаагүй, гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй үнэнч шударгаар ажил хөдөлмөр эрхэлж байна. Д.Э  намайг гүтгэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан байгаа учраас холбогдох хуулийн байгууллагаар шалгуулан үнэн зөвийг тогтоолгох хүсэлттэй байна. Иймд И ТБ-аас ажилтандаа гаргасан 3,914,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх И  газрын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасны дагуу үйлчилгээний төлбөр 3,914,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан, хариуцагч ...тухайн үед Д  дарга тооцооны хуудсанд гарын үсэг зурчих гэсэн, И ТБ-ын харьяа Сэргээн засал, сувилал цогцолборт 120 хүнийг 2015.02.07-ны өдөр хүлээн авалт хийсэн тухай би мэдэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд Д.Э  нь 2015.01.31-ний өдрөөс эхлэн И ТБ-ын Захиргаа, хүний нөөц, тамгын газрын менежерээр, 2020.02.01-ний өдрөөс эхлэн И ТБ-ын Хэвлэх цех, аж ахуйн үйлчилгээний албанд ААТасгийн менежерээр ажиллаж байгаа болох нь И ТБ-ын даргын 2015.01.07-ны Б/01 тушаал, 2020.01.31-ний өдрийн Б/49 тушаал, хөдөлмөрийн гэрээнүүд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох зорилгор Дотоод аудитын тайлан, Сэргээн засах амралтын газрын зарлагын падаанууд, гэр баазын зоогийн газрын тооцооны хуудсууд, Мөнгөн өвөл-2015 арга хэмжээний төсөв, И ТБ-ын 2015.01.01-нээс 2015.12.31-ний хоорондох өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл зэрэг бичгийн баримтуудыг ирүүлсэн, харин хариуцагч хариу тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.1, 25.2.2, 25.2.3-т зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх зэрэг үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч И ТБ-ын Дотоод аудитын 2018.07.18-ны өдрийн ажлын тайланд ...тус байгууллагын харъяа Сэргээн засах амралтын газарт 120 хүний үйлчлүүлсэний төлбөр 3,914,000 төгрөгийг төлөөгүй ба энэхүү төлбөрийг Санхүү, эдийн засгийн газрын дарга Д-гийн 2015.02.04-ний өдөр баталсан И ТБ, түүний харъяа алба, салбарын Мөнгөн өвөл-2015 арга хэмжээний төсвийн 4-т өдрийн зоог 600 хүн Жаргалант ресторан 3,000,000 төгрөг бэлэн бус..., 7-д И ТБ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өдрийн хоол болон үйлчилгээний төлбөр 500,000 төгрөг нийт 3,500,000 төгрөгөөр хаах байсныг хаагаагүй гэж Д.Э  тайлбарласан, гэтэл уг төсвийн дагуу 2015.02.07-ны өдөр 600 хүний комплекс хоолны тооцоо 3,441,000 төгрөгийг И ТБ-аас цасны баярын үйл ажиллагаанд гэсэн гүйлгээний утгатайгаар хоорондын тооцоогоор тооцоо нийлж хаасан байна, иймд Д.Э оор 3,914,000 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж тусгажээ.

 

Хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд И ТБ-ын нэхэмжлэл болон Дотоод аудитын дүгнэлтийг эс зөвшөөрч, ...хувь хүний нэр хүндийг гүтгэсэн агуулгатай зүйл бичсэнд гомдолтой гэсэн боловч дээрх дүгнэлтийн талаар холбогдох газар хандаагүй, шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.

 

Хариуцагч Д.Э  2020.02.07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Э оос 3,914,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И  газарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77,574 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ