Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 935

 

 

 

 

 

 

 

 

 

“М”

зам нийгэмлэг” нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00602 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” зам нийгэмлэг”-т хариуцагч “М” -д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 061 103 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2 560 598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч: М.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” нь”М” зам нийгэмлэг”-ийн Соёлын ордонд 218 м.кв бүхий талбайг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №ТГ/18/068 дугаартай түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Түрээсийн гэрээг 2018 оны 12 дугаар сард УБТЗ ХНН-ээс цуцлах саналыг хүргүүлсний дагуу талууд санал нэгтэй цуцалсан байдаг. Харин түрээсийн гэрээг цуцлах үед хариуцагч нь 2 707 402 төгрөгний түрээсийн төлбөр төлөөгүй тул үндсэн төлбөр болон алдангид нийт 4 061 103 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч “М” аас  4 061 103 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ТГ/18/068 дугаартай түрээсийн гэрээг “М” зам нийгэмлэг”-тэй байгуулан, 218 м.кв талбай бүхий бүжгийн танхимыг Монгол улсад нийтийн бүжгийг дэлгэрүүлэх зорилгын хүрээнд 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон. Ийнхүү бүжгийн үйл ажиллагаа явуулахдаа тус заалны шал болон толь зэргийг нь сайжруулна гэж санал тавьсныг дарга нь зөвшөөрч, нэг жилийн хугацаатай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд оруулсан хөрөнгө, засан сайжруулалтаа авахаар тохиролцож байгуулсан. Түрээсийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Манай байгууллага 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг бүтэн төлсөн. Тэгэхээр 5 өдрийн түрээсийн төлбөр хасагдах ёстой. Мөн нэхэмжлэгч дасгал хийнэ гээд 1 өдөр, мөн хуралтай гэж хэлээд 2 өдөр, нийт 3 өдрийг авсан. Нэг сарын түрээсийн төлбөрөөс нийт 8 өдрийн төлбөр хасагдана. Нэг өдрийн түрээсийн төлбөр 100 000 төгрөг гэж үзээд 800 000 төгрөг хасагдана. Манай байгууллага 1 900 000 төгрөгийг өгөх тооцоо гарна. Гэрээг цуцлах талаараа бид нарт мэдэгдээгүй. Тайлбарлахдаа засвар хийнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл танхимд засвар хийгээгүй. Паркетан шал, толь, хоёр том зураг зэргийг худалдан авч, шалыг мэргэжлийн байгууллагаас хүмүүсийг дуудаж 1 000 000 төгрөгийн хөлс өгч хийлгэсэн. Манай талаас нийт 5 268 000 төгрөгийн зардал гарсан. Бид нарт ямарч мэдэгдэл өгөхгүйгээр гэрээгээ цуцалж бид нарыг хохироосон. Нэг жилийн хугацаанд оруулсан хөрөнгөө нөхнө гэж тооцоо гаргасан байсан. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийн санаачлагаар гэрээг цуцалж бид нар хохирсон. Улаанбаатар төмөр замын соёл урлаг, спортын даргад явуулсан бичиг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Уг бичигт “12 дугаар сарын дутуу төлбөрийн оронд өөрсдийн оруулсан хөрөнгийг үлдээе” гэсэн байдаг. Үүний дараа очиж уулзаад эд хөрөнгөө авах гэхэд та нар бид нарт бичиг өгсөн гээд хоёр удаа очиход эд хөрөнгө өгөөгүй. Одоог хүртэл бидний шинээр хийсэн паркетыг ашиглаж циркийн дасгал, сургуулилт хийлгэж, өөр хүмүүст түрээсэлж ашиг олдог. Паркетан шал элэгдээд авах зүйлгүй болчихсон. Хэрвээ бид нарыг паркет, толь зэргээ ав гэсэн бол аваад явах боломжтой байсан. Манайх 100 гаруй амьд цэцэг тарьсан байсан. Нэг очиход үүдэнд гаргаад орхисон байсан. Нэгэнт бид нар 1 900 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх нь үнэн, нэхэмжлэгч тал бидний оруулсан хөрөнгийг авч байгаа юм чинь дундаа тохиролцсон гэж бодоод мартчихсан байсан. Бид нар 2019 оны 01 дүгээр сард асуудлаа шийдвэрлүүлэх албан бичиг өгсөн байхад, нэхэмжлэгч бүтэн 11 сарын дараа алданги тооцоод шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Бидний оруулсан хөрөнгө оруулалт хавтаст хэрэгт авагдсан зураг болон бусад нотлох баримтаар нотлогдоно. Тэгэхээр 5 268 000 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хасаж үлдэх мөнгийг нэхэмжлэгч талаас шаардана гэжээ.

Хариуцагч “М” ТББ нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан учраас бид нар өөрсдийн оруулсан хөрөнгийг нөхөх боломжтой гэж үзэн засвар хийсэн. Үүнд шалны 230 м.кв паркетны үнэ 3 680 000 төгрөг, хананы тус бүр 120 000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг толины үнэ 480 000 төгрөг, хананд байрлуулсан 2 ширхэг тус бүр 54 000 төгрөгний зураг, нийт 108 000 төгрөг, паркетан шал хийлгэхэд ажлын хөлс 1 000 000 төгрөг, нийт 5 268 000 төгрөгийг зарцуулсан. Тэгэхээр нийт зарцуулсан 5 268 000 төгрөгөөс 12 сарын түрээсийн төлбөрийг хасч, үлдэх 2 560 598 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “М” зам нийгэмлэг” сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж, тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан. Хариуцагч өөрсдийн үйл ажиллагаанд зориулж засан сайжруулалт хийх талаараа дурдсан. Түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан боловч байгууллага маань их засварт орсон учраас гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах талаар нэг сарын өмнө мэдэгдсэн. Хариуцагч өөрийн явуулах үйл ажиллагаанд зориулж хийсэн засан сайжруулалтыг буцаан нэхэмжлэх эрхгүй талаараа гэрээнд тусгасан. Дээрээс нь шинэ паркетан шал авч ирж шахсан гэдэг боловч тавьсан шал энд тэндээ элэгдсэнээс харахад янз бүрийн шал авч ирж шахсан. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин тухайн паркет, шалаа авч болно гэсэн боловч аваагүй, манай зүгээс шалны паркет болон толийг авахад татгалзах зүйлгүй. Харин хананд өлгөсөн 2 ширхэг зураг гэх зүйл байхгүй, тэрийг мэдэхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.2.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “М” аас  2 180 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” зам нийгэмлэг”-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 881 103 төгрөгийн нэхэмжлэлийг, хариуцагч “М” ТББ-ын нэхэмжлэгч “М” зам нийгэмлэг”-ээс нэхэмжилсэн 2 56 ,598 төгрөгний сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 930 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 920 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” аас  улсын тэмдэгтийн хураамжид 49 830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” зам нийгэмлэг”-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх манай холбоог 2019 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй учир төмөр замын Соёлын ордон гэрээгээ цуцалсан гэж шүүхийн шийдвэрт тусгасан байна. Шүүх хурал дээр энэ тухай яригдааүй бөгөөд Соёлын ордны дарга 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/15 тоот албан мэдзгдэл манайд өгч, Соёлын ордон их засварт орох тул байр чөлөөлж өгөх үндэслэлээр гэрээ цуцалсан юм. Манай холбоо Төмөр замын удирдлагаас зөвшөөрөл авч Соёлын ордны удирдлага болох Барилга ашиглалтын 2 дугаар ангийн дарга Т.Э даргатай Нэг жилийн гэрээ хйисэн байхад 2018 оны 12 дугаар сард Соёлын ордны даргаар шинээр ирсэн П.Б гэрээ хийгдээд 3 сар болж байхад дур мэдэн гэрээг цуцалсан. Мөн нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж зохих зөвшөөрөл авч тохижилт засвар хийсэн байхад хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж манай талаас бүжгийн заалны 218 м.кв талбайг шинээр паркетан шал хийсэн салгаж үл болох тохижилт байсаар байхад шүүгч шалыг буцаан хуулан авах шийдвэр гаргажээ. Мөн Соёлын ордны буруугаас манай талд хохирол учраад хуулийн дагуу сөрөг нэхэмжпэл гаргаж хохиролоо барагдуулахаар 2 560 598 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгч хэрэгсээгүй болно. Дээрх үндэслэлийг харгалзан хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “М” нь “М” -д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 061 103 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2 560 598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...түрээсийн гэрээг цуцалсан тул  төлөгдөөгүй төлбөр болон алдангийг хамт гаргуулна” гэж, хариуцагч нь “...гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул оруулсан хөрөнгө, засан сайжруулалт хийхэд гарсан зардал 5 268 000 төгрөгийг тооцуулна, мөн түрээсийн төлбөрөөс 8 хоногийн төлбөрийг хасаж 1 900 000 төгрөг төлнө” гэж тус тус тайлбарласан байна.

 

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ТГ/18/068 дугаар түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “М” нь нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын 2 дугаар давхарт байрлах нийтийн бүжгийн зориулалттай 218 м.кв талбайг 1 жилийн хугацаатай, сарын 2 725 000 төгрөгөөр түрээслэх талаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ. /хх8-14/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Зохигчдын хэн аль нь нийтийн бүжгийн зориулалттай 218 м.кв талбай бүхий өрөөг түрээсэлж, 2018 оны 10, 11 дүгээр сарын төлбөр төлсөн талаар маргаагүй, харин хариуцагч нь гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байтал 2 сарын дараа буюу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж гэрээний үүргээ зөрчсөн гэж маргасан байна.

 

Хэргийн 44, 67 дугаар тал дах 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/15 тоотоор албан бичгээр нэхэмжлэгч нь хариуцагчид “их засварын ажил хийгдэх болсонтой холбогдуулан түрээслэн ашиглаж буй талбайгаа чөлөөлүүлэх” мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гэрээг дуусгавар болгож, хариуцагч нь түрээсийн байрыг чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Хэргийн 56-57, 75 дугаар тал дах ирсэн бичиг бүртгэх дэвтэр болон 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12/34 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч байгууллага нь түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул 2018 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 6 хоногийн төлбөрийг хасч тооцох үндэслэлтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас гэрээний нэмэлт үүрэг мөн нэгэн адил цуцлагдсан учир хариуцагчаас алданги шаардах эрхгүй бөгөөд шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрөөс 6 хоногийн төлбөрийг хасч 2 180 002 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон алданги гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүх дүгнэлт зөв байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд, хариуцагч нь түрээсийн талбайд засан сайжруулалт хийхэд гарсан зардал болох 5 268 000 төгрөгнөөс төлөх байсан түрээсийн төлбөрийг хасч, 2 560 598 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгчээс шаарджээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч нь түрээсийн байранд сетекэн 2 ширхэг том палкат зураг, хананд 4 ширхэг том толь байрлуулсан, паркетан шал хийсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Талууд засан сайжруулалтын талаар гэрээний 5.3-т “барилгын бүтээц, хийц, төлөвлөлтөнд өөрчлөлт оруулахгүй, зориулалтыг өөрчлөхгүйгээр өнгө үзэмж сайжруулах, урсгал засвар, өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн салгаж үл болох өөрчлөлтийг хийж болно” гэж, мөн гэрээний 5.4-т “салгаж үл болох өөрчлөлт тохижилт засан сайжруулалт хийхээр бол урьдчилж бичгээр мэдэгдэж харилцан зөвшилцөн бичгээр баталгаажсаны үндсэн дээр хийнэ” гэж, мөн гэрээний 5.6-д “түрээслэгч өөрийн зардлаар урсгал засвар болон 5.3-т заасан засварын ажлыг гүйцэтгэх бөгөөд энэ зардлыг түрээсийн төлбөрөөс хасаж тооцохгүй, буцаан нэхэмжлэх эрхгүй” гэж тус тус тохиролцжээ.

 

Хариуцагч нь шалны паркетийг салгаж үл болох засан сайжруулалт хийсэн тул буцаан авах боломжгүй үнийг түрээсийн төлбөрөөс тооцно гэх тайлбар гаргасан боловч тэрээр салгаж үл болох засан сайжруулалтыг хийх талаар нэхэмжлэгчид урьдчилж мэдэгдсэн талууд харилцан зөвшилцөж бичгээр баталгаажсаны үндсэн хийсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймээс хариуцагчид Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу салгаж үл болох засан сайжруулалтын зардал нэхэмжлэгчээс шаардах эрх үүсээгүй байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй” гэж заасан тул хариуцагч нэхэмжлэгчийн байгууллагын түрэээсийн байранд хийсэн салгаж болох засан сайжруулалтыг буцаан авах боломжтой гэж үзнэ. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 105 750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ