Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 602

 


 

      2020 оны 02 сарын 20 өдөр

               Дугаар 102/ШШ2020/00602

               Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: МОХНУБТЗН / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: МУНБХ ТББ –д холбогдох,

 

4,061,103 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2,560,598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гандолгор, Д.Шинэхүү, хариуцагчийн төлөөлөгч М.Мягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МОХНУБТЗН шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУНБХ ТББ нь МОХНУБТЗН-ийн Соёлын ордонд 218 м.кв бүхий талбайг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №ТГ/18/068 дугаартай түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Түрээсийн гэрээг 2018 оны 12 дугаар сард УБТЗ ХНН-ээс цуцлах саналыг хүргүүлсний дагуу талууд санал нэгтэй цуцалсан байдаг. Харин түрээсийн гэрээг цуцлах үед хариуцагч нь 2,707,402 төгрөгний түрээсийн төлбөр төлөөгүй тул үндсэн төлбөр болон алдангид нийт 4,061,103 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч МУНБХ ТББ-аас 4,061,103 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МУНБХ ТББ нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ТГ/18/068 дугаартай түрээсийн гэрээг МОХНУБТЗН-тэй байгуулан, 218 м.кв талбай бүхий бүжгийн танхимыг Монгол Улсад нийтийн бүжгийг дэлгэрүүлэх зорилгын хүрээнд 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон.  Ийнхүү бүжгийн үйл ажиллагаа явуулахдаа  тус заалны  шал болон толь зэргийг нь сайжруулна гэж санал тавьсныг дарга нь зөвшөөрч, нэг жилийн хугацаатай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд оруулсан хөрөнгө, засан сайжруулалтаа авахаар тохиролцож байгуулсан. Түрээсийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Манай байгууллага 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг бүтэн төлсөн. Тэгэхээр 5 өдрийн түрээсийн төлбөр хасагдах ёстой. Мөн нэхэмжлэгч дасгал хийнэ гээд 1 өдөр, мөн хуралтай гэж хэлээд 2 өдөр, нийт 3 өдрийг авсан. Нэг сарын түрээсийн төлбөрөөс нийт 8 өдрийн төлбөр хасагдана. Нэг өдрийн түрээсийн төлбөр 100,000 төгрөг гэж үзээд 800,000 төгрөг хасагдана. Манай байгууллагаа 1,900,000 төгрөгийг өгөх тооцоо гарна.

Гэрээг цуцлах талаараа бид нарт мэдэгдээгүй. Тайлбарлахдаа засвар хийнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл танхимд засвар хийгээгүй. Паркетан шал, толь, хоёр том зураг зэргийг худалдаж авч, шалыг мэргэжлийн байгууллагаас хүмүүсийг дуудаж 1 сая төгрөгийн хөлс өгч хийлгэсэн. Манай талаас нийт 5,268,000 төгрөгийн зардал гарсан. Бид нарт ямарч мэдэгдэл өгөхгүйгээр гэрээгээ цуцалж бид нарыг хохироосон. Нэг жилийн хугацаанд оруулсан хөрөнгөө нөхнө гэж тооцоо гаргасан байсан. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийн санаачлагаар гэрээг цуцалж бид нар  хохирсон. Улаанбаатар төмөр замын соёл урлаг, спортын даргад явуулсан бичиг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Уг бичигт 12 дугаар сарын дутуу төлбөрийн оронд өөрсдийн оруулсан хөрөнгийг үлдээе гэсэн байдаг. Үүний дараа очиж уулзаад эд хөрөнгөө авах гэхэд та нар бид нарт бичиг өгсөн гээд хоёр удаа очиход эд хөрөнгө өгөөгүй. Одоог хүртэл бидний шинээр хийсэн паркетыг ашиглаж циркийн дасгал, сургуулилт хийлгэж, өөр хүмүүст түрээсэлж ашиг олдог. Паркетан шал элэгдээд авах зүйлгүй болчихсон. Хэрвээ бид нарыг паркет, толь зэргээ ав гэсэн бол аваад явах боломжтой байсан. Манайх 100 гаруй амьд цэцэг тарьсан байсан. Нэг очиход үүдэнд гаргаад орхисон байсан. Нэгэнт бид нар 1,900,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх нь үнэн, нэхэмжлэгч тал бидний оруулсан хөрөнгийг авч байгаа юм чинь дундаа тохиролцсон гэж бодоод мартчихсан байсан. Бид нар 2019 оны 01 дүгээр сард асуудлаа шийдвэрлүүлэх албан бичиг өгсөн байхад, нэхэмжлэгч бүтэн 11 сарын дараа алданги тооцоод шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Бидний оруулсан хөрөнгө оруулалт хавтаст хэрэгт авагдсан зураг болон бусад нотлох баримтаар нотлогдоно. Тэгэхээр 5,268,000 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хасаж үлдэх мөнгийг нэхэмжлэгч талаас шаардана гэв.

 

Хариуцагч МУНБХ ТББ нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан учраас бид нар өөрсдийн оруулсан хөрөнгийг нөхөх боломжтой гэж үзэн засвар хийсэн. Үүнд: Шалны 230 м.кв паркетны үнэ 3,680,000 төгрөг, хананы тус бүр 120,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг толины  үнэ 480,000 төгрөг, хананд байрлуулсан 2 ширхэг тус бүр 54,000 төгрөгний зураг, нийт 108,000 төгрөг, паркетан шал хийлгэхэд ажлын хөлс 1,000,000 төгрөг, нийт 5,268,000 төгрөгийг зарцуулсан. Тэгэхээр нийт зарцуулсан 5,268,000 төгрөгөөс 12 сарын түрээсийн төлбөрийг хасч, үлдэх 2,560,598 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч МОХНУБТЗН сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж, тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан. Хариуцагч өөрсдийн үйл ажиллагаанд зориулж засан сайжруулалт хийх талаараа дурдсан. Түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан боловч байгууллага маань их засварт орсон учраас гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах талаар нэг сарын өмнө мэдэгдсэн. Хариуцагч өөрийн явуулах үйл ажиллагаанд зориулж хийсэн засан сайжруулалтыг буцаан нэхэмжлэх эрхгүй талаараа гэрээнд тусгасан. Дээрээс нь шинэ паркетан шал авч ирж шахсан гэдэг боловч тавьсан шал энд тэндээ элэгдсэнээс харахад янз бүрийн шал авч ирж шахсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин тухайн паркет, шалаа авч болно гэсэн боловч аваагүй, манай зүгээс шалны паркет болон толийг авахад татгалзах зүйлгүй. Харин хананд өлгөсөн 2 ширхэг зураг гэх зүйл байхгүй. Тэрийг мэдэхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

      ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч МОХНУБТЗН нь /цаашид “УБТЗ” ХНН гэх/ хариуцагч МУНБХ ТББ-д холбогдуулан 4,061,103 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,  хариуцагч МУНБХ ТББ нь нэхэмжлэгчид холбогдуулан 2,560,598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хариуцагч МУНБХ ТББ нь  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-тэй гэрээ байгуулан, “УБТЗ” ХНН-ийн Дуу бүжгийн чуулгын 2 дугаар давхарт байрлах нийтийн бүжгийн зориулалттай 218 м.кв талбай бүхий өрөөг 1 жилийн хугацаагаар, нийтийн бүжгийн зориулалтаар, сарын 2,725,000 төгрөгний түрээсийн төлбөр төлөх нөхцөлтэйгээр түрээслэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан, эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан байна.

            Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд гэрээний шинж, талуудын эрх үүрэг зэргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

            Нэхэмжлэгч “УБТЗ” ХНН нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч МУНБХ ТББ-д хүлээлгэн өгсөн байх бөгөөд хариуцагч нь 2018 оны 10, 11 сарын төлбөрт нийт 5,450,000 төгрөг төлсөн гэдэгт талууд маргахгүй байна.

           

Талуудын хооронд байгуулагдсан дээрх түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай буюу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-ийн санаачлагаар гэрээг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ... Хариуцагч МУНБХ ТББ нь түрээсийн гэрээ дуусгавар болох өдрийн байдлаар түрээсийн төлбөрт 2,707,402 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан ч төлөөгүй тул алдангид 1,353,701 төгрөг, нийт 4,061,103 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь ...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн талбайг хүлээн авсан боловч төлбөрийг сараар тооцон хийсэн, мөн нэхэмжлэгч тал 3 өдөр тус талбайд үйл ажиллагаа явуулсан тул 8 өдрийн түрээсийн төлбөр хасагдаж, 1,900,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэхдээ энэхүү түрээсийн төлбөр нь засварын зардал болох 5,268,000 төгрөгнөөс хасч тооцогдоно гэх үндэслэлээр эс зөвшөөрч, засварын зардалын үлдэгдэл төлбөрт 2,560,598 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлийг түрээслэсэн хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн зүйлийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн  боловч 10 сарын түрээсийн төлбөрийг бүтэн сараар тооцон авсан, мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн талбайд нэхэмжлэгч байгууллага үйл ажиллагаа явуулсан болох нь Улаанбаатар төмөр замын Соёл урлаг, спортын төвийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12/34 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул 12 сарын түрээсийн төлбөрөөс 6 өдрийн түрээсийн төлбөрийг хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд зааснаар  1 сарын түрээсийн төлбөр нь 2,725,000 төгрөг бөгөөд үүнээс 1 хоногийн түрээсийн төлбөрийг тооцвол 90,833 төгрөг байх тул 6 хоногийн түрээсийн төлбөр 544,998 төгрөг байна.

Иймд хариуцагч МУНБХ ТББ нь 2018 оны 12 сарын түрээсийн төлбөрт 2,180,002 төгрөгийг /2,725,000-544,998/ нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.3-д түрээслэгч тал төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцно гэсний дагуу алдангид 1,353,701 төгрөгийг нэхэмжилжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдаж, хариуцагч нь өөрийн зардлаар түрээсийн талбайд засан сайжруулалт хийсэн байхад нэхэмжлэгч нь 2 сарын дараа гэрээг цуцалсан байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан талуудын хооронд маргаантай нөхцөл байдал бий болсон болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийг баримтаар тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч нь 1 жилийн хугацаанд түрээслүүлэх үүргээсээ татгалзсан байх тул хариуцагчаас алданги шаардах эрхгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй шалтгаан нөхцөл нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үйл явдалтай хамааралтай байх тул нэхэмжэгчийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

 

Хариуцагч нь түрээсийн талбайд засан сайжруулалт хийхэд гарсан зардал болох 5,268,000 төгрөгнөөс төлөх байсан түрээсийн төлбөрийг хасч, 2,560,598 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ...нэхэмжлэгч нь 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан учраас 1 жилийн хугацаанд засварын зардлаа нөхөх боломжтой гэж үзэн,  3,680,000 төгрөгний үнэ бүхий паркет, хананы тус бүр 120,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг толь, хананд байрлуулсан 2 ширхэг тус бүр 54,000 төгрөгний зураг, паркетан шал хийлгэхэд ажлын хөлс 1,000,000 төгрөг, нийт 5,298,000 төгрөгний зардал гаргасан боловч нэхэмжлэгч түрээсийн гэрээгээ хугацаанаас өмнө цуцалснаас үүдэн 5,298,000 төгрөгний хохирол учирсан гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.3.2-т түрээслэгч нь ...түрээсийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах талаар түрээслүүлэгчид санал хүсэлт тавих, зөвшөөрсөн тохиолдолд өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн тохижуулах, шаардлагатай засан сайжруулалт хийх эрхтэй гэж, гэрээний 8.4.7-д түрээслэгч нь түрээсийн хөрөнгөнд хийх урсгал засвар, салгаж үл болох өөрчлөлт, тохижилт, засан сайжруулалтын ажлын зардлыг хариуцах үүрэгтэй гэжээ.

 

Хариуцагч нь гэрээний дээрх заалтын дагуу түрээсийн талбайд өөрийн зардлаар парлетан шал шахаж, толийг нь сольсон, уг засан сайжруулалтыг хийхэд түрээслүүлэгчийн зөвшөөрлийг авч, тэдэнд мэдэгдсэн болох нь  зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэхүү засан сайжруулалт нь түрээсийн зүйлээс салгаж болох засан сайжруулалт гэдэгт талууд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6 дахь хэсэгт хөлслөгч нь ...хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салган авах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь ...хариуцагч талыг өөрийн паркетан шалыг болон, суурилуулсан толийг салгаж авахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж байгаа бол хариуцагч нь ...гэрээ дуусгавар болох үед засан сайжруулалтыг түрээсийн төлбөрт тооцсон гэж ойлгосон, харин одоо уг паркетан шал нь цайж, дахин ашиглах боломжгүй болсон байх тул авахгүй ...гэх тайлбарыг гаргаж байна.

 

Дээрх байдлаас авч үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч нь өөрийн үйл ажиллагаандаа зориулан түрээсийн зүйлийг засан сайжруулах зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй байх тул уг зардлыг нэхэмжлэгчээс нэхэмжлэх эрхгүй байна.

Мөн хариуцагч ...уг паркетан шал нь цайсан, дахин ашиглах боломжгүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6 дахь хэсэгт заасан салгаж болох засан сайжруулалтаа салгаж авах эрхээ хэрэгжүүлээгүйн үр дагаврыг нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

 

Харин сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 54,000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг зураг авч хананд өлгөсөн гэх боловч уг зургийг түрээсийн талбайд үлдээсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Нэхэмжлэгч “УБТЗ” ХНН нь хариуцагчид уг паркетан шал болон толийг өгөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан ба уг паркетан шал, толийг хариуцагч тал авахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.2.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч МУНБХ ТББ-аас 2,180,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МОХНУБТЗН-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,881,103 төгрөгийн нэхэмжлэлийг,  хариуцагч МУНБХ ТББ-ын нэхэмжлэгч МОХНУБТЗН-ээс нэхэмжилсэн 2,560,598 төгрөгний сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,930 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,920 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МУНБХ ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 49,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МОХНУБТЗН-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ЭНХЗАЯА