Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 905

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00313 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б ийн хариуцагч Ц.Э д холбогдуулан хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүннарангийн  тоотод оршин суух, регистр УК01221632, Чонос овогт Б.Б-ийн нэхэмжлэгч Б.Б т холбогдох хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь АНУ-ын Вашингтон хотод ажиллаж амьдардаг. Төрсөн эцэг Л.Б нь Ц.Э тай гэр бүл болж 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж, албан ёсоор хамтран амьдарч байсан. Л.Б нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зуурдаар нас барсан. Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар Ү-2205059146 дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 14 дүгээр гудамж 64 тоот хувийн орон сууцны өмчлөгчөөр Ц.Э, Л.Б нар, Г-2205003305 дугаартай  тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр Л.Б нар тус тус бүртгэлтэй байна. Л.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн нотариатч Ц.О дээр очиж баталгаа гаргаж өгсөн ба баталгаагаар өөрийн өмчлөлийн газар болон орон сууцны өөрт ногдох хэсгээ охин Б.Б т өмчлүүлэхээр болсон. Б.Б нь өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Ц.Э тай өвийн талаар тохиролцох гэсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Өв хүлээн авахаар Баянгол дүүргийн нотариатын газарт хандсан боловч үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ эх хувиараа байх шаардлагатай байсан, Ц.Э эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэсэн тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Б.Баярчимэгийг Л.Б ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, дээрх үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Б.Б ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.3-т заасныг баримтлан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь Ц.Э тай гэр бүл болж, 2015 оны 04 дүгээр сарын 30-нд гэрлэлтээ батлуулсан. Л.Б нь 2018 оны 05 дугаар сарын 04-нд нас барах хүртлээ хамт амьдарсан. Түүний 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн баталгаа нь гэрээслэл биш бөгөөд хэн хэзээ яаж биелүүлэх нь тодорхойгүй хуулийн шаардлагад нийцэхгүй байх бөгөөд тус баримтыг үндэслэн өв залгамжлагчаар тогтоох боломжгүй. Ц.Э нь хүү Б.Б ийн хамт Л.Б ыг хүнд өвчтэй байхад асарч сувилдаг байсан. Үүнийг Б.Б сайн мэдэж байгаа. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт зааснаар Б.Б нь хууль ёсны өвлөгч болох ба нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэ талаар огт дурдаагүй байна. Ц.Э ын хувьд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийг өвлөгчөөр тогтоолгох, хуульд зааснаар ногдох хэсгийг гаргуулахад татгалзах зүйл байхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ч шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Б  нь 2018 оны 05 дугаар сард зуурдаар нас барсан. Уг нэхэмжлэлд өөрийгөө хууль ёсны өв залгамжлагч гэдгээ тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Л шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Б ын ууган охин бөгөөд эцэг маань 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан. Бид өөрсдийн эцэгтэйгээ 1981-1986 оны хооронд хамт байгаад эцэг, эх маань салж тус тусын амьдралаар амьдрах болсон. Ингээд өөрийн эцгийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрын талаар саяхан мэдсэн. Энэ хэргийг шийдвэрлэхэд Б.Л, Б.Ч нарын эрх, ашиг хөндөгдөж хөндөгдөж байгаа тул хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь Л.Б тай гэр бүл болохдоо өөрийн хүү 8 настай хүү Б.Б тай ирсэн. Л.Б ыг хүнд өвчтэй байхад хүү Б.Б нь хамт амьдарч асарч сувилдаг байсан. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө” гэж заасны дагуу Б.Б г хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан Л.Б ын хууль ёсны өвлөгчөөр Б.Б, Б.Ч нарыг тогтоож, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн Б.Л, Б.Б нарын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Э аас 13 679 666 төгрөг гаргуулж Б.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 36 320 334 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 210 600 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э аас 226 348 төгрөг гаргуулж Б.Б-т 70 200 төгрөг гаргуулж Б.Ч д тус тус олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт:”... Ц.Э ын хүү Б.Б нь 2001 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, Л.Б ыг нас барахад 14 настай, түүний асрамжинд байсан нь хорооны Засаг даргын тодорхойололт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч Б.Б, түүний төлөөлөгч асрамжинд байсан талаар маргаагүй байна” гэсэн боловч “... Б.Б нь “хөдөлмөрийн чадваргүй иргэн” гэж тодорхойлсон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтын алинд ч хамаарахгүй байна. Иймд түүнийг хууль ёсны өвлөгч гэх үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэн байжээ” гэжээ. Энэхүү дүгнэлт нь үндэслэлгүй юм. Тухайлбал Л.Б агсан нь хариуцагч Ц.Э тай гэр бүл болох үед Б.Б нь 8 настай байсан. Л.Б агсанг нас барах үед 14 насанд хүрсэн. Энэ хугацаанд Батнаран нь ээжтэйгээ, талийгчтай хамт нэг гэрт амьдарч, Л.Б агсныг хүнд өвчин тусч хэвтэрт орохоос нь эхлээд нас барах хүртэл нь төрсөн хүүхдээс нь илүү асарч байжээ. Энэ талаар талууд маргаагүй, шүүх бодит дүгнэлтийг хийсэн боловч чухам ямар үндэслэлээр Б.Б г “хууль ёсны өвлөгч гэх үндэслэлгүй” гэсэн нь ойлгомжгүй болжээ. Б.Б нь тухайн үед дөнгөж 14 настай байсан, юмны учир холбогдлыг бүрэн дүүрэн ойлгох ухамсар, мэдлэгтэй байх боломжгүй, “хүүхэд”-ээрээ байсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан “этгээд” гэж шууд дүгнэх боломжгүй. Б.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ”гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-дэх хэсэгт ”... өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө" гэж зааснаас үзэхэд Л.Б агсаны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох бүрэн үндэслэлтэй гэж үзнэ. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Б г Л.Б агсаны хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.Э д холбогдуулан хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон Б.Л, Б.Ч нар нь нэхэмжлэлд заасан, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 14 дүгээр гудамж   тоотод байрлах хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон Б.Б нь нэхэмжлэлд заасан, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 14 дүгээр гудамж   тоотод байрлах хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлага гаргажээ.

 

Хэргийн 10-11 дүгээр тал дах баримтаар Л.Б нь Ц.Э тай 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсноо бүртгүүлсэн, улмаар 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Л.Б нас барсан болох нь иргэний бүртгэлийн лавлаагаа болон талуудын тайлбараар тогтоогдсон байх ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар Л.Б нас барснаар түүний өв нээгдсэн, өвлөгч нарын хооронд маргаан үүсчээ.

Б.Б, Б.Ч, Б.Л нар нь Л.Б ын төрсөн хүүхдүүд болох нь хэргийн 15, 42-44 дүгээр тал дах иргэний бүртгэлийн лавлагаануудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Б.Л нь хойд эцэг Ш.Б аар овоглосон тул эцэг хүүхдийн хоорондох харилцаа дуусгавар болсноор өвлөгч биш гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт буруу байгааг залруулах боломжтой. Учир нь Б.Л ыг хойд эцэг Ш.Б аар овоглосноор Л.Б ын төрсөн хүүхэд гэж үзэхгүй, өвлөх эрхгүй байх үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснны дагуу давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Л ыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгчөөр тогтоож, бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй.

Хариуцагч Ц.Э нь Л.Б тай гэр бүлийн баталгаатай байсан, нас барагчийн эхнэр тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны дагуу өвлөгч гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б нь Л.Б, Ц.Э нарын асрамжид байсан, Л.Б ыг нас барах үед 14 настай хөдөлмөрийн чадваргүй этгээд байсан болох нь Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй түүний бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байгааг дараах байдлаар залруулж Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт заасан хууль ёсны өвлөгчөөр тогтоож, түүний гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Хэргийн 9 дүгээр тал дах баримтаар өвлүүлэгч Л.Б нь нас барахдаа Эрхийн улсын бүртгэлийн Г-2205003305 дугаартай, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүннаран 14 дүгээр гудамж   тоот хаягт 629 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Л.Б ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгө тул Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хэргийн 8 дугаар тал дах баримтаар Ц.Э, Л.Б нар Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059146 дугаартай, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүннаран 14 дүгээр гудамж   тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдож байна.

Иймээс дээрх хувийн сууц нь Л.Б, Ц.Э нарын нэр дээр бүртгэлттэй тул тэдгээрийн хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзнэ. Энэ талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Дээрх хөрөнгийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар 24 646 000 төгрөгөөр, хувийн орон сууцыг 32 792 000 төгрөгөөр нийт 57 438 000 төгрөгөөр үнэлсэн. Хувийн орон сууцны үнэ болох 32 792 000 төгрөгөөс өвлүүлэгч Л.Б т ногдох 16 396 000 төгрөгийг 5 хууль ёсны өвлөгч нар өвлөх эрхтэй бөгөөд тэдгээрт адил тэнцүү хэмжээгээр хуваарилахаар 1 өвлөгчид 3 279 200 төгрөг ногдохоор байна.

Харин газрын үнэлгээ 24 646 000 төгрөгөөр хийгдсэн тул тухайн газрыг 5 хууль ёсны өвлөгчид адил тэнцүү хэмжээгээр хуваарилахаар өвлөгч тус бүр 4 929 200 төгрөгөөр өвлөх эрхтэй бөгөөд 1 өвлөгчид нийт 8 208 400 төгрөгийн өв ногдохоор байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б.Б т 8 208 400 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.3 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Б ын хууль ёсны өвлөгчөөр Ц.Э, Б.Б, Б.Ч, Б.Л, Б.Б нарыг тогтоосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “13 679 666” гэснийг “8 208 400” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ