Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/00313

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

           Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 10-р хороо, Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн 10-р хороо,Ц.Э-д холбогдох хуувь ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн 28-р хороо, Б.Л,

 

           Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн 12-р хороо, Б.Ч нарын хариуцагч Ц.Э-д холбогдох хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагатай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 10-р хороо, Б.Б-ийн нэхэмжлэгч Б.Б-т холбогдох хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлагатай хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ч, Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь АНУ-ын Вашингтон хотод ажиллаж амьдардаг. Төрсөн эцэг Л.Б нь Ц.Э-тай гэр бүл болж 2015 оны 04-р сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж, албан ёсоор хамтран амьдарч байсан. Л.Б нь 2018 оны 05-р сарын 04-ний өдөр зуурдаар нас барсан. Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар Ү-2 дугаартай Баянгол дүүргийн 10-р хороо, хувийн орон сууцны өмчлөгчөөр Ц.Э, Л.Б нар, Г-22 дугаартай 14-61 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр Л.Б нар тус тус бүртгэлтэй байна. Л.Б нь 2015 оны 01-р сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн нотариатч Ц.О дээр очиж баталгаа гаргаж өгсөн ба баталгаагаар өөрийн өмчлөлийн газар болон орон сууцны өөрт ногдох хэсгээ охин Б.Б-т өмчлүүлэхээр болсон. Б.Б нь өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Ц.Э-тай өвийн талаар тохиролцох гэсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Өв хүлээн авахаар Баянгол дүүргийн нотариатын газарт хандсан боловч үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ эх хувиараа байх шаардлагатай байсан, Ц.Э эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэсэн тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Б.Б-ийг Л.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, дээрх үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ч шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Б нь 2018 оны 05-р сард зуурдаар нас барсан. Уг нэхэмжлэлд өөрийгөө хууль ёсны өв залгамжлагч гэдгээ тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Л шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Б-ын ууган охин бөгөөд эцэг маань 2018 оны 05-р сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан. Бид өөрсдийн эцэгтэйгээ 1981-1986 оны хооронд хамт байгаад эцэг, эх маань салж тус тусын амьдралаар амьдрах болсон. Ингээд өөрийн эцгийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрын талаар саяхан мэдсэн. Энэ хэргийг шийдвэрлэхэд Б.Л, Б.Ч нарын эрх, ашиг хөндөгдөж хөндөгдөж байгаа тул хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь Л.Б-тай гэр бүл болохдоо өөрийн хүү 8 настай хүү Б.Б-тай ирсэн. Л.Б-ыг хүнд өвчтэй байхад хүү Б.Б нь хамт амьдарч асарч сувилдаг байсан. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дугаар зүйлд Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж заасны дагуу Б.Б-г хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь Ц.Э-тай гэр бүл болж, 2015 оны 04-р сарын 30-нд гэрлэлтээ батлуулсан. Л.Б нь 2018 оны 5-р сарын 4-нд нас барах хүртлээ хамт амьдарсан. Түүний 2015 оны 01-р сарын 21-ний өдрийн баталгаа нь гэрээслэл биш бөгөөд хэн хэзээ яаж биелүүлэх нь тодорхойгүй хуулийн шаардлагад нийцэхгүй байх бөгөөд тус баримтыг үндэслэн өв залгамжлагчаар тогтоох боломжгүй. Ц.Э нь хүү Б.Б-ийн хамт Л.Б-ыг хүнд өвчтэй байхад асарч сувилдаг байсан. Үүнийг Б.Б сайн мэдэж байгаа. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар Б.Б нь хууль ёсны өвлөгч болох ба нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэ талаар огт дурдаагүй байна. Ц.Э-ын хувьд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийг өвлөгчөөр тогтоолгох, хуульд зааснаар ногдох хэсгийг гаргуулахад татгалзах зүйл байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батнарангийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.3-т заасныг баримтлан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Б нь Ц.Э-д холбогдох хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Б.Л, Б.Ч нар нь хариуцагчид холбогдох хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг, гуравдагч этгээд Б.Б нь нэхэмжлэгч Б.Б-т холбогдох хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Л.Б, Ц.Э нар нь 2015 оны 4-р сарын 30-ны өдөр гэрлэлтээ /хх 10/ бүртгүүлжээ.

 

Гэрлэгч Л.Б нь 2018 оны 5-р сарын 4-ний өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар /хх 11/ тогтоогдсон байх ба өвлүүлэгч нас барснаар өв нээгдэж, өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгчид 1 жил өнгөрсний дараа олгодог байна.

 

Харин өв нээгдсэнээр өвлөгч нарын хооронд маргаан гарч өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байжээ.

 

Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд...хууль ёсны өвлөгч байна. Энэ тохиолдолд нас барагч Л.Б-ын эхнэр Ц.Э, охин Б.Б, хүү Б.Ч нар хууль ёсны өвлөгч болох нь төрөл садангийн лавлагаа, төрөлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлт цуцлалтын лавлагаа зэрэг баримт /хх 42/, зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Гуравдагч этгээд Б.Л нь 1982 оны 03-р сарын 02-ны өдөр төрж, түүний эцгээр Л.Б, эх М.Д нар бүртгэгдэж төрсний гэрчилгээ олгогдож /хх 71, 75/ байжээ.

 

Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 10-р сарын 30-ны өдрийн 371 тоот захирамжаар түүний хүсэлт, Ш.Б-ын хүсэлт зэргийг үндэслэн эцэг Л.Б-ын нэрийг өөрчилж, Ш.Б-ыг түүний эцгээр бүртгэж, Б.Л гэсэн 464 тоот гэрчилгээ олгосон /70, 71, 74-79/ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 18-р зүйлд зааснаар бүртгэгдсэн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.3 дахь хэсэгт зааснаар хойд эцэг, дагавар хүүхдийн хооронд эцэг, хүүхдийн эрх, үүрэг үүсэх бөгөөд эцгийн нэрийг өөрчилснөөр Л.Б-ын эцгийн үүрэг дуусгавар болсон, Б.Л нь түүний хууль ёсны өвлөгч байх боломжгүй гэж дүгнэлээ.

 

Ц.Э хүү Б.Б нь 2001 оны 2-р сарын 16-ны өдөр төрсөн, Л.Б-ыг нас барахад 14 настай, түүний асрамжинд байсан нь хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтаар /хх 29-32/ тогтоогдсон, нэхэмжлэгч Б.Б түүний төлөөлөгч асрамжинд байсан талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.3 дахь заалт нь энэ хуулийн 520.1, 520.2-т дурьдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдохоор заасан байна.

 

Б.Б нь хөдөлмөрийн чадваргүй иргэн гэж тодорхойлсон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтын алинд ч хамаарахгүй байна. Иймд түүнийг хууль ёсны өвлөгч гэх үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 16-р зүйлд заасан эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэн байжээ.

 

Өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205059146 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн нарангийн 14 дүгээр гудамжны 64 тоот хувийн орон сууцны өмчлөгчөөр Ц.Э, Л.Б нар, улсын бүртгэлийн Г-2205003305 дугаарт бүртгэгдсэн 14-61 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр Л.Б тус тус бүртгэгдсэн байна.

 

Шинжээч хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь тухайн газрын зах зээлийн үнэлгээг 24 646 000 төгрөгөөр, хувийн орон сууцыг 32 792 000 төгрөгөөр нийт 57 438 000 төгрөгөөр үнэлсэн тул хууль ёсны өвлөгч нарт адил тэнцүү хуваарилах нь зүйтэй. /хх 63-108/

 

Газрын үнээс хууль ёсны өвлөгч Ц.Э, Б.Б, Б.Ч нар тус бүр 8 215 333 төгрөг, сууцны үнэ 32 792 000 төгрөгөөс өвлүүлэгчид ногдох 16 396 000 төгрөгийг 3 өвлөгч тус бүр 5 464 333 төгрөгөөр өвлөх эрхтэй, өөрөөр хэлбэл, 1 өвлөгчид 13 679 666 төгрөгийн өв ногдохоор байна.

 

Иймд хариуцагч Ц.Э-аас 13 679 666 төгрөг гаргуулж Б.Б-т олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй. Харин Б.Ч өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Б хууль ёсны өвлөгчөөр Б.Б, Б.Ч нарыг тогтоож, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн Б.Л, Б.Б нарын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Э-аас 13 679 666 /арван гурван сая зургаан зуун далан есөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Б.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 36 320 334 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 210 600 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-аас 226 348 төгрөг гаргуулж Б.Б-т, 70 200 төгрөг гаргуулж Б.Ч-д тус тус олгосугай.

 

4.Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА