Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 540

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Оюунчимэг

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “С.Оюунчимэгийг ажлаас чөлөөлөх тухай” Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган, нэхэмжлэгч С.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст ажилд орсон. 

Би үүрэгт ажлаа Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хариуцлагатай, үнэнч, шударгаар гүйцэтгэж ирсэн.

2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн.

Ажил үүргийн хуваарь ёсоор ажилд зуучлан, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээлэл, зэрэг төлөвлөгөөт ажлуудыг хурдан, шуурхай цаг хугацаанд нь гүйцэтгэж ирсэн.

Ажлын цагаас гадуурх олон нийтийн бүх ажилд тасралтгүй оролцож ирсэн бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 16-нд намайг өвчтэй байгаад ирэхэд шууд сануулах арга хэмжээ авсан байснаа надад танилцуулсан.

2015 оны 09 дүгээр сарын 29-нд шинээр томилогдсон Хөдөлмөрийн сайд Т.Баярсайхан манай хэлтэс дээр ирж, уулзалт хийж, гар барин мэндэлж, ярилцсаны төлөө түүнийг явангуут шууд өрөөндөө дуудаж чиний танил сайд боллоо гээд яадаг юм. Би хүн халах эрхтэй гээд халах тушаал үзүүлж чамайг халлаа, шүүхээр заргалдаарай гэсэн.

Иймд ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сурахбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өвчтэй байхад сануулах арга хэмжээ авсан гэжээ.

С.Оюунчимэг нь хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/51 тоот тушаалын дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн хариуцлагатай жижүүрийн ажлыг 7 дугаар сарын 13-ны өдрийн 14.00-19.00 цагийн хооронд гүйцэтгэж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгээгүй.

Мөн 2016 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд хэлтсийн дотоод журмын 11.3-т заасны дагуу чөлөө хүссэн өргөдөл болон өвчтэй байгааг нотолсон эмнэлгийн магадлагаа зэргийг ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул “шалтгаангүйгээр ажил тасал, албан үүргээ биелүүлээгүй” гэж үзэн Хэлтсийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгийг үндэслэн Б/81 тоот тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан юм.

Мөн хэлтсийн дарга Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, иргэдэд хүргэх үйлчилгээ сайжруулах зорилгоор дүүргийн 32 хороодоор явж, хороодын Засаг дарга, зохион байгуулагч нартай уулзахад 12 дугаар хорооноос С.Оюунчимэг нь байнга ажил тасалдаг, хордлого авсан, хүүхдийн гэдэс өвдсөн гэсэн шалтгаан хэлж удаа дараа ажил тасалж, ирсэн үедээ шинэ ажлын байрны бүртгэлтэй гээд гараад явчихдаг, хамтран ажиллах боломжгүй гэсэн гомдол гаргаж байсан.

Төрийн алба нь ил тод байх, ард түмэнд үйлчлэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд С.Оюунчимэг нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа иргэнээс төслийг нь дэмжиж өгөх нэрийдлээр мөнгө авсан нь Төрийн албаны тухай хуульд заасан дээрх зарчмыг болон Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг зөрчсөн ноцтой үйлдэл болсон.

Ийнхүү 2 дахь удаагаа сахилгын ноцтой зөрчил гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4.4, Хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.1б-д заасныг тус тус үндэслэн хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Оюунчимэгийг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно” гэжээ.

Нэхэмжлэгч С.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...н.Баярмагнай гэдэг даргыг ажилд орсоноос хойш өөрийн биеэр очиж 4, 5 удаа очиж уулзсан боловч ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй. Мөн Хөдөлмөрийн сайд н.Баярсайхан нь намайг ажилд нь эргүүлэн авах боломж байна уу, ажилд нь авах боломж байна уу гэсэн хүсэлт тавьж байхад намайг ажилд авна гээд би 2, 3 удаа очиж уулзахад ажилд орох өргөдлийг бичүүлж авсан хэрнээ Хөдөлмөрийн сайдад энэ хүнийг 1 жилийн хугацаанд төрийн албанд орох эрхгүйгээр халсан гэж олон дахин худлаа хэлж намайг чирэгдүүлсэн. 

Мөн н.Улаанхад гэдэг хүнээс мөнгө авсан гэдэг байдлаар намайг ажлаас халсан байгаа. Тухайн үед намайг халсан Ц.Сарантуяа гэдэг хүнд би энэ хүнээс мөнгө аваагүй, надад мөнгө төгрөг өгөөгүй бидний хооронд ийм үйл явдал болоогүй гэж хэлсэн. Намайг амралттай байх хугацаанд н.Улаанханд гэдэг хүнийг дуудаад Ц.Сарантуяа нь миний тухай янз бүрийн зүйл бичүүлж авсан байдаг. 

Улмаар би амралтаа дуусгаад ирэхэд намайг байгууллагын ёс зүйн хорооны хурлаар оруулна гэсэн. Би тухайн ёс зүйн хорооны хуралд орж тайлбар хийсэн байгаа. Харин тухайн ёс зүйн хорооны хурлын гишүүд нь намайг мөнгө төгрөг авсан нь тодорхой бус байна гэж хэлэлцээд хурлаа хаасан байгаа. Мөн хуралдааны тэмдэглэл дээр тусгасан байдаг. 

2016 оны 07 дугаар сарын 15, 16-ны өдөр намайг ажилдаа ирээгүй гэдэг байдлаар надад сануулах арга хэмжээ авсан байдаг. Харин би тэр үед ажилдаа очсон тэгэхдээ би өвчтэй байгаа гээд өвчтөний актаа өгсөн байгаа. Харин нөгөөдөр нь намайг очиход шууд надад сануулах арга хэмжээ авсан байсан. Ц.Сарантуяа дарга “...чи сануулах арга хэмжээ авсан байгаа учраас чамайг төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолд оруулахгүй. Мөн чамтай хамтран ажиллах боломжгүй, чи энд удаан ажиллах эсэх нь тодорхой маягаар хэлдэг байсан...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст төсөл хөтөлбөрийн мэргэжилтнээр ажилд орсон. 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хорооны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь тайлбартаа ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүртэж байгаагүй гэж байна. Нийт ажиллаж байх хугацаандаа 4 удаа сахилгын шийтгэл хүртсэн байдаг. 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус тус сахилгын шийтгэл хүртсэн. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасан сануулах сахилгын шийтгэл авсан байдаг. 

2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр н.Улаанханд гэдэг хүнээс өргөдөл ирсэн байдаг. Энэ өргөдөл нь хавтаст хэрэгт байгаа. 

Тухайн үед очоод уулзахад мөнгө өгсөн тухай асуудал яригддаг. Өнгөрсөн шүүх хуралдаанд н.Улаанханд гэдэг хүнийг гэрчээр дуудаж асуусан байдаг. Улмаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө дараах тайлбарыг өгсөн байна. 

Ямар нэгэн байдлаар С.Оюунчимэгт мөнгө өгсөн гэсэн утгатай зүйл яригддаг ийм асуудал байгаа юу гэхэд. Тухайн үед цаг нь тулсан учраас дэмжих боломж байна уу гэж С.Оюунчимэгээс асуусан тэгэхэд хүнээр яриулж мөнгө хэрэг болно шүү гэж байсан. Миний утасны дугаарыг авч үлдсэн. Дараа нь утсаар ярихаар нь “Хаан банк”-ны автомат машинаас 50000 төгрөг шилжүүлж байсан гэж мэдүүлсэн байгаа юм. Тэгэхээр мөнгө авсан гэдэг асуудал нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. 

Мөн ёс зүйн хорооноос ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэж хэлж байна. Харин ёс зүйн хорооноос холбогдох байгууллага шийдвэрлэх нь зүйтэй гэсэн. Холбогдох байгууллага гэдэг нь Төрийн албаны тухай хуулиар ажилд авах, ажлаас чөлөөлөх, сахилгын шийтгэл оногдуулах тухай албан тушаалтны эрх мэдэл байж байгаа. Ийм учраас тухайн албан тушаалтанд энэ эрх хэмжээг олгосон байдаг. 

2015 онд сахилгын шийтгэл оногдуулахад өвчтэй байсан гэж байна. 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан болохоос өмнө өвчтэй байсан, тухайн актыг олгосон эмч н.Болормаагаас гэрчийн мэдүүлэг авсан байдаг. 

Тэгэхээр гэрчийн мэдүүлгээр н.Болормаа нь хуурамч акт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэл байдаг. Тухайн тэмдэглэл дээр нэхэмжлэгч нь бид хоёр авлага, өглөгөтэй байсан гэж тайлбарладаг. Үүнээс үзэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.3-д заасныг тус тус зөрчсөн байгаа юм. 

Улмаар ажлаас чөлөөлөх тушаал гарсан байдаг. Тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25.1.1, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Хэлтсийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.1б-д заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш энэ хэрэг нь 2 удаа бүрэн хэлэлцүүлэгдэж дууссан. Гэхдээ энэхүү шүүх хуралдаанууд бүгд хойшлогдсон байгаа. 

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр Улс төрийн намуудын томилгооны үндсэн дээр хүмүүсийг ажлаас нь халаад байдаг. Ц.Сарантуяа дарга нь өөрөө анхнаасаа “... би чамайг хална, чамтай цаашид хамтран ажиллахгүй...” гэх маягаар анхааруулга өгч байсан. Энэ нэхэмжлэгчийн ажиллаж байгаа албан тушаал нь тодорхой хэмжээгээр ашиг сонирхол байгаа гэж харж байна. Үнэхээр үндэслэл болгоод байгаа Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм. 

Тэгэхээр энэхүү тушаалыг хууль бус гэж үзэж байгаа болохоор ажилгүй байсан цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилуулах бүхий нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Оюунчимэгийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэсэн Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар “... удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр  2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн тухайд: С.Оюунчимэг нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар “хөдөлмөр эрхлэлтийн зорилтот бүлгүүдийн төсөл, хөтөлбөрийн мэргэжилтнээр, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар  хорооны асуудал хариуцсан мэргэжилтний  албан тушаалд,  2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар 12, 25 дугаар хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажилласан байна. Энэ хугацаанд  Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар “сануулах”, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар “сануулах”, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар “сануулах” арга хэмжээ тус тус авагдаж байсан ба энэ талаар маргаж байгаагүй болно. Энд 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр авагдсан “сануулах”, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “сануулах” арга хэмжээнүүдийн хоорондох хугацаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан “ Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл  хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаас үзэхэд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан “... удаа дараа /2 ба түүнээс дээш/...” гэсэн заалттай нийцэхгүй байна. 

Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар “С.Оюунчимэгийг ажлаас чөлөөлсөн” үндэслэлээ “...албан үүргээ гүйцэтгэж байхдаа төслийг дэмжиж өгөх нэрийдлээр мөнгө авч төрийн албан хаагчийн ёс зүйг 2 дахь удаагаа ноцтой зөрчсөн. 

Тухайн иргэн нь мөнгө өгсөн өргөдлөө өгч өөрийн биеэр ирж уулзсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар арга хэмжээ тооцсон гэж тайлбарлаж байх ба Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүртгэл хяналтын картын маягтад: 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 639 дугаарт 12 дугаар хорооны иргэн Л.Улаанхадаас гомдол ирсэн бүртгэл байх бөгөөд “хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн С.Оюунчимэг нь төсөл дэмжиж өгөх нэрийдлээр зохих хэмжээний мөнгө авсаныг буцааж өгнө үү” гэсэн утга бүхий  өргөдөл өгсөнийг бүртгэжээ. 

Уг гомдлыг хүлээн авч  Хөдөлмөрийн хэлтсийн  даргын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн  “ёс зүйн хороо байгуулах” тухай А/60 дугаар тушаалаар, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ёс зүйн хуралдаанаар Л.Улаанхадаас С.Оюунчимэгийн нэр дээр ирсэн гомдлыг хэлэлцэж “С.Оюунчимэг нь төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн зөрчил гаргасан эсэх, мөнгө авсан үгүйг холбогдох байгууллага нь шийдвэрлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гарчээ. 

Ёс зүйн хорооны энэ шийдвэрийн дагуу С.Оюунчимэгийг холбогдох байгууллагаар шалгуулж Л.Улаанхадаас мөнгө авсан эсэхийг тогтоосон эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр гараагүй байна. 

Мөн хавтаст хэрэгт авагдсан С.Оюунчимэгийн эрхэлж байсан хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод түүний ажил үүргийн хуваарь нь тухайн хорооны иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүргэх зорилготой болохоос төсөл хэрэгжүүлэх чиг үүрэггүй байна. 

Үүнээс үзэхэд  Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ын 2.3-т "Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг харъяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн түүнийг ажилд томилсон  албан тушаалтны шийдвэрээр ногдуулна", 2.4-т "Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх. дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй, 4 5-д “Сахилгын шийтгэл ногдуулах тухай санал, баримт материалтай танилцаад сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана" 

а/ зөрчлийн шинж байдал, зөрчил гаргасан шалтгаан болон зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах,

  б/ дахин шалгалт хийлгэх, нэмэлт баримт, материал шаардан авах; 

в/ төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргахаар зохицуулсантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий болон нэмэлт баталгааг эдлэх, хууль. журамд зааснаар өөрт нь хамааруулсан зөрчлийг шалгуулах эрхтэй байхад түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үүргээ биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг зохих журмын дагуу шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгчээс нэмэлт тайлбар аваагүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагчаас гаргасан маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгаж тогтоолгүйгээр дээр тайлбарласан үндэслэлүүдээр хууль журмаар олгосон эрхийг нь хязгаарлаж болохгүй ба баримт мэдээллээр нэгэнт илэрхий болсон гэж үзэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд гэж буруутгах үндэслэлгүй. 

Нэхэмжлэгч зөрчил гаргасан, тэр нь нийтэд илэрхий байлаа ч эрхийг нь ханган шалган тогтоох хууль дээдлэх тэгш байдлыг хангах хуульд зааснаар төрийн үйл ажиллагаа явагдах зарчмын хүрээнд дээрх үндэслэлүүдээр зөрчлийг нь зохих журмын хүрээнд шалгасан, нэхэмжлэгчид зохих ёсоор арга хэмжээ авсан нь захиргааны акт болж чадаагүй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Оюунчимэгийг 12, 25 дугаар хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 25-ны шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг суутган тооцож, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ