Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2017/0020/з |
Дугаар | 221/МА2017/0818 |
Огноо | 2017-11-16 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2017/0818
“Ж Э Ю Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 617 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ж Э Ю Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 617 дугаар шийдвэрээр: Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж э Ю г” ХХК-ийн гаргасан MV-12806А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлага болох Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд тус тус өөрчлөлт оруулж баталсан бөгөөд дээрх тогтоолын хавсралтад оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын МV-012806 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг хамаарахгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн МV-012806 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 369 дүгээр магадлалд заагдсан ажиллагааг бүрэн хийгээгүй, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчжээ.
Нэхэмжлэгч “Ж Э Ю Г” ХХК-ийн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг, Өвөрхөшөөтийн ам нэртэй газарт орших MV-12806А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 204,37 гектар талбайн зарим хэсэг болох 97.62 гектар талбай нь Улсын Их Хурлаас 2009 онд баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-д заасны дагуу Засгийн газрын 2011 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоол, 2012 оны “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолоор баталсан ашигт малтмал ашиглахыг хориглосон газарт хамрагдаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 333, 440 дүгээр шийдвэрүүдээр хориглосон хэсэгтэй давхацсан талбайн ашиглах эрхийг цуцалж, давхцалгүй 106.75 гектар талбайд ашиглах эрхийг баталгаажуулан, солбицолд өөрчлөлт оруулж бүртгэсэн үйл баримтууд тогтоогдсон.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, улмаар Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицол өөрчлөгдсөн байх ба дээрх хуулиар давхцалтай байсан талбайн зарим хэсэг 289 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хамаарахгүй болсон тохиолдолд чөлөөлөгдсөн талбайд дахин үйл ажиллагаа явуулах боломж олгосон, энэ эрхээ эдлэхийн тулд хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор эрх бүхий этгээдэд өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатайг тодорхойлжээ.
Гэтэл шүүх Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицолд оруулсан өөрчлөлтийн хүрээнд нэхэмжлэгч “Ж Э Ю Г” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр урьд эзэмшиж байсан 97.62 гектар талбайгаас хэдий хэмжээтэй талбай нь чөлөөлөгдөж хилийн заагт хамаарахгүй болсон нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Шүүхэд гаргасан “Ж Э Ю Г” ХХК-ийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус, өөрөөр хэлбэл Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор урьд давхцалтай байсан талбайгаас чөлөөлөгдсөн хэсэгт ашиглалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсч байгаа, эсхүл дээрх 289 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор урьд ашиглаж байсан 97.62 гектар талбайдаа бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрлөө сэргээлгэхийг хүсч байгаа эсэх нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүх эргэлзээ бүхий дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр “MV-12806А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж заасантай нийцээгүй гэж үзнэ.
Хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүх эрх мэдлийн акт болох шийдвэр нь хэргийн оролцогч болон олон нийт, нийгэмд ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцлийг хангасан байхыг шаарддаг атал энэхүү шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь ойлгомжгүй байна.
Иймд хариуцагчийн “Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын хавсралтад оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын МV-12806А тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг хамаарахгүй” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН