Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 260

 

“Жи энд юу голд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Чинтөмөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 221/ШШ2017/0151 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0369 дүгээр магадлалтай, “Жи энд юу голд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0151 дүгээр шийдвэрээр: Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Жи энд юу голд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “MV-12806А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгаж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0369 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0151 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Жи энд юу голд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Жи энд юу голд” ХХК нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт орших Өвөр хөшөөтийн амны алтны шороон ордын МV-012806 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийн талбай анх 204,37 га байсан. Харин “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”, улмаар Засгийн газрын 174 болон 194 дүгээр тогтоолууд гарч, түүгээр тогтоосон хязгаарлалтын бүсийн хилийн заагт МV-012806 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг нь багтаж, улмаар хасагдсан байдаг. Нэхэмжлэгчийн МV-012806 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу хасагдсан.

Харин 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орж, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор дээр дурдсан Засгийн газрын 174 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон.

Мөн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малмтал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 1 дүгээр зүйл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-д заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул, уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөгдсөн нь өмнө нь тухайн хориглогдсон талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү заалтын дагуу тухайн талбайдаа дахин үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгсөн явдал юм.

Давж заалдах шатны шүүхээс энэ хуульд заасан 3 сарын дотор өргөдөл гаргасан эсэх нь тодорхойгүй гэж үзсэн бөгөөд энэхүү дүгнэлт дараах байдлаар үндэслэлгүй.

Тухайлбал, нэхэмжлэгч компаний зүгээс хуульд заасан хугацааны дотор өргөдөл, хүсэлтүүдийг олон удаа гаргаж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрдөг, хугацаандаа хүсэлт, өргөдлөө гаргаагүй гэж маргадаггүй болно. Энэ тохиолдолд 2015 оны 02 дугаар сарын 18-наас хойш 3 сарын дотор өргөдөл гаргасан эсэхийг тодруулахаар хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шаардлага байхгүй юм.

Мөн хариуцагчийн зүгээс тухайн үед Засгийн газар солбицлыг дахин тогтоох учраас түүнээс өмнө бид ямар нэгэн өргөдөл шийдвэрлэх боломжгүй гэсэн байр суурь ч баримталж байсан.

Улмаар Засгийн газар дээрх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор 289 дүгээр тогтоолыг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан ба уг тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг багасгасан Засгийн газрын 174 дүгээр тогтоол нь хүчингүй болсон байдаг. УИХ-аас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-д өөрчлөлт оруулснаас хойш 5 сарын дараа энэхүү тогтоол гарсан гэсэн үг.

Мөн давж заалдах шатны шүүх хариуцагчийн өөрийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон нэхэмжлэгчид хүргүүлсэн 2016 оны 1/3879 албан тоотуудын агуулга зөрүүтэй байгааг тодруулах шаардлагатай гэж үзсэн ба анхан шатны шүүхээс үүнийг “тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг солбицлоор нь тооцон буцаан олгох эрх нь төрийн захиргааны байгууллагад хамаарах тул буцаан олгох талбайн хэмжээг шийдвэрт тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй” гэсэн буюу хэдий хэмжээний, ямар талбайг олгохыг хариуцагчийн эрх хэмжээний асуудал гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбар, албан тоотуудын агуулгын зөрүүтэй байдлыг тодруулаагүйгээс шийдвэр буруу гарсан гэх үндэслэл байхгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасны дагуу шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч “Жи энд юу голд” ХХК-ийн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт орших Өвөрхөшөөтийн Хавчуугийн гол нэртэй, MY-012806А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 204,37 гектар талбайн зарим хэсэг болох 97,62 гектар талбай нь Улсын Их Хурлаас 2009 онд баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-д заасны дагуу Засгийн газрын 2011 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоол, 2012 оны “Хилийн зааг тогтоох” тухай 194 дүгээр тогтоолоор баталсан ашигт малтмал ашиглахыг хориглосон газарт хамрагдаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 333, 440 дүгээр шийдвэрүүдээр хориглосон хэсэгтэй давхацсан талбайн ашиглах эрхийг цуцалж, 106,75 гектар талбайд ашиглах эрхийг баталгаажуулан, солбицолд өөрчлөлт оруулж бүртгэжээ.

2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, улмаар Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 282 дугаар тогтоолоор солбицлыг шинэчлэн тогтоож, нэхэмжлэгчийн дээрх  хуулийн дагуу давхцалтай байсан талбайн зарим хэсэг тогтоолд заасан хилийн заагт хамаарахгүй болсонтой холбогдуулан нэхэмжлэгч нь уг чөлөөлөгдсөн талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2012 оны 333, 440 дүгээр шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлснийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай энэ хуулийн 1 дүгээр зүйлд “... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл ... гурван сарын дотор.... өргөдөл гаргана” гэжээ.

Энэ хууль батлагдан гарснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч өмнө нь эзэмшиж байсан талбайдаа дахин үйл ажиллагаа явуулах боломж нээгдсэн, харин энэ эрхээ эдлэхийн тулд “...хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор...” эрх бүхий этгээдэд өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатайг мөн хуулиар тодорхойлсон байна.

Иймээс тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрхээ эдлэхийн тулд дээрх хуулиар тавигдсан шаардлагыг хангаж, үүргээ бүрэн биелүүлсэн байх зайлшгүй шаардлагатай, энэ нь түүний чөлөөлөгдсөн талбайгаа буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс дүгнэхэд ач холбогдолтой үйл баримт юм.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй тул заавал хүсэлт гаргасан баримт шаардлагагүй,...3 сарын дотор хугацаандаа өргөдөл гаргаж байсан...” гэж, хариуцагч захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...хугацаандаа өргөдөл гаргасан талаар мэдэхгүй” гэж маргасан, хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргасан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Ашигт малтмалын газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/3879 албан бичиг нь үүнийг шууд нотлох баримт биш, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймээс анхан шатны шүүх нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасантай нийцсэн, анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэж, хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, гомдлыг хангах боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонхийн саналаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0369 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ