Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 907

 

 

 

 

 

 

 

 

 

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00523 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “З” ХХК-ийн хариуцагч “А” ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 519 660 496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “З” ХХК нь “А” ХХК-тай харилцан тохиролцож 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр замын барилгын ажил гүйцэтгэх 386/11 тоот гэрээ, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 227 тоот худалдах худалдан авах гэрээ, 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 269 тоот замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2012 оны 08 сарын 01-ний өдөр 269 тоот гэрээний нэмэлт 368 тоот гэрээнүүдийг байгуулж “А” ХХК-тай хамтран ажилласан. Бид дээрх гэрээнүүдийн хүрээнд Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах Таяннуурын уурхайгаас Бургастайн боомт чиглэлийн 168.3 км хатуу хучилттай авто замын ус зайлуулах хиймэл байгууламжуудын хоолойн барилгын ажлыг дараах байдлаар хийж гүйцэтгэсэн. Үүнд 368/11 тоот замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 20-н цэгийн хоолойн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү гэрээний үнэ 527 900 000 төгрөг бөгөөд гэрээний 3.2-т заасны дагуу захиалагч талаас 15 хувийн урьдчилгаа төлбөр болох 79 185 000 төгрөг, үлдэгдэл санхүүжилт 131 272 297 төгрөг нийт 210 457 297 төгрөгийг захиалагч “А” ХХК-аас авсан бөгөөд үлдэгдэл 183 804 666 төгрөгийг материалын зардалд тооцож талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж уг гэрээ дуусгавар болсон. 269 тоот замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 46-н цэгийн хоолойн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү гэрээний нийт үнэ 999 000 000 төгрөг бөгөөд үүнээс 149 850 000 төгрөгийг захиалагч “А” ХХК-аас авсан. 269 тоот гэрээний нэмэлт 386 тоот гэрээний дагуу нийт З18 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий 14-н цэгийн хоолойн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү гэрээний урьдчилгаа төлбөр болон явцын санхүүжилтийг захиалагч “А” ХХК-аас аваагүй. 227 тоот худалдах худалдан авах гэрээний дагуу 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 86 000 000 төгрөгний үнэ бүхий авто замын ус зайлуулах төмөр бетон хоолойн цагирагны 40 ком төмөр хэвийг 1 комыг 2 150 000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн /40х2 150 000=86 000 000 төгрөг/. Энэхүү гэрээний төлбөрийн урьдчилгаа болох 43 000 000 төгрөгийг 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай компанид шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 43 000 000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлөх ёстой байсан боловч 08 дугаар сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөгийг төлсөн. Энэхүү гэрээний үлдэгдэл төлбөр 23 000 000 төгрөг үлдсэн. Манай компанийн зүгээс замын барилгын ажил гүйцэтгэхэд орсон барилгын материалын зардал, түлш шатахууны зардал, хангамжийн материалын зардал зэргийг хасч захиалагч “А” ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын байдлаар тооцоо нийлэхэд 512 347 996 төгрөгийг бидэнд олгох тооцоо гарсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөгийг манай компанид төлсөн. 512 347 996-50 000 000 =462 347 996 төгрөг үүн дээр 227 тоот худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 23 000 000 төгрөг нийт 485 347 996 төгрөгийг манай компанид төлөх тооцоо гарсан. Энэ нь "“А” ХХК-ийн гаргасан “З” ХХК-ийн гэрээт ажлын төлбөрийн тооцоолол болон захиалагчийн дотоод хяналт шалгалт эрсдэл удирдлагын хэлтсээс бидний гүйцэтгэсэн ажилд хийсэн шалтгалтын дүгнэлтээс тодорхой харагдана. “А” ХХК-ийн  зүгээс 227 тоот гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир бидний зүгээс захиалагчтай хэлэлцэн тохиролцож 30 ком төмөр хэвийг захиалагчийн ашигласан хугацааг түрээсэлсэнд тооцож 1 ком төмөр хэвний түрээсийн төлбөрийг 400 000 төгрөгөөр, мөн буцаан авч буй төмөр хэвийг 1 бүрийг нь 1 750 000 төгрөгөөр тооцож буцаан авч зөрүүг замын барилгын ажлын гэрээний гүйцэтгэлд төлөх төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон. Гэвч захиалагчийн зүгээс 22 ком төмөр хэвийг буцаан өгсөн. Авто замын ус зайлуулах төмөр бетон хоолойн цагирагны ком төмөр хэвний түрээс 22x400 000=8 800 000 төгрөг болсон бөгөөд үүнийг захиалагчийнх манай компанид буцаан өгсөн. Авто замын ус зайлуулах төмөр бетон хоолойн цагирагны ком төмөр хэвний төлбөрөөс хасч 22х1 750 000=38 500 000 төгрөг, 8 800 000 төгрөг=29 700 000 төгрөг болсон бөгөөд үүнийг дээрх гэрээнүүдийн нийт төлбөрөөс хасч тооцсон. 485 347 996-29 700 000=455 647 996 төгрөгийг захиалагч “А” ХХК-аас авах ёстой. Бид дээрх ажлуудыг батлагдсан зураг төсөл, замын барилга угсралтыг гүйцэттэх норм дүрмийн дагуу захиалагч "“А” ХХК-ийн замын хэлтсийн захирал Ч.Идэр болон захиалагчийн зөвлөх “А” ХХК-ийн  барилгын ажлын өдөр тутмын хяналт, зааврын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох албан тушаалтнуудад ажил хүлээлцсэн акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Мөн тооцоо нийлсэн акт, ажлын гүйцэтгэлийг холбогдох албан тушаалтнуудаар хянуулж баталгаажуулсан. Захиалагч ““А” ХХК-ийн хуулийн хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ дүгнэсэн баримтад “З” ХХК-ийн гүйцэтгэсэн төмөр бетон хоолойн барилгын ажил нь чанарын шаардлага хангасан, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул захиалагч “А” ХХК-аас үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Мөн ““А” ХХК-ийн дотоод хяналт шалгалт эрсдэл удирдлагын хэлтсээс манай компанийн гүйцэтгэсэн ажил болон гэрээ дүгнэсэн акт, үлдэгдэл төлбөрийн асуудалд шалгалт хийж "Алтайн хүдэр” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 09-ний байдлаар “ЗЗБ” ХХК-д 368/11 тоот гэрээ, 269/11 тоот гэрээ, 269/11 тоот гэрээний нэмэлт гэрээ, 109/11 тоот гэрээ, 227 тоот гэрээ нийт 5 гэрээний төлбөрөөс 485 347 996 төгрөгийн өглөгтэй байна гэсэн дүгнэлтийг 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан бөгөөд захиалагчийн зүгээс зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Бидний зүгээс захиалагч “А” ХХК-д хэвний үлдэгдэл төлбөр нэхэмжилсэн №02/35, №12/43 тоот, төмөр бетон хоолойн барилгын ажлын санхүүжилт хүссэн №12/45, №13/004, 13/025 тоот албан бичгүүдийг хүргүүлсэн. “А” ХХК-аас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 926 тоот санал хүргүүлэх тухай албан бичгийг манай компанид ирүүлсэн бөгөөд дээрх гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрт 485 347 996 төгрөгийг 2013 оны 08 дугаар cap болон 10 дугаар сард тодорхой хуваарьтайгаар төлж барагдуулах саналыг ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Ингээд хугацаа хэтэрч 2014 онд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Идэр гэдэг хүн зам хариуцсан захиралтай эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн учраас иргэний хэргийг хэрэгсэхгүй болсон юм. 2016 оны сүүлээр гомдол гаргах процесс дуусгавар болсон учраас дахин нэхэмжлэл гаргасан юм. Иймд манай “З” ХХК-ийн “А” ХХК-тай  2012 онд байгуулсан дээрх гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 455 647 996 төгрөг, мөн 2012 онд батлагдсан №269 тоот гэрээ, болон №269 тоот гэрээний нэмэлт №368 тоот гэрээнүүдийн үнийн дүнгээс суутган тооцсон барьцаа төлбөр №269 тоот гэрээт ажлын гүйцэтгэлийн барьцаа 5% буюу 48 112 500 төгрөг, 386 тоот нэмэлт гэрээт ажлын гүйцэтгэлийн барьцаа 5% буюу 15 900 000 төгрөг нийт барьцаа 64 012 500 төгрөг, нийт 519 660 496 төгрөгийг “Алтай хүдэр” ХХК-аас гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “З” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь илт үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэлд дурьдсан гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “А” ХХК нь ихээхэн хэмжээний бараа материалыг “ЗЗБ” ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл “ЗЗБ” ХХК-д бус эсэргээрээ “А” ХХК-д ихээхэн хэмжээний хохирол учирч, зардлууд гарсан. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр ажлын чанар, ажил хүлээн авсан удирдах албаны хүмүүс хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй бөгөөд “З” ХХК-ийн захиралтай найзууд байсан юм. “А” ХХК-аас замын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор материал биднээс гарсан байгаа. “З” ХХК нь манай “А” ХХК-аас бараа материалын зардлыг гаргуулчихаад, төлбөр нэхээд байгаа юм. “А” ХХК-аас гарсан зардал хамаагүй их байгаа юм. Тиймээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаатай холбоотой баримт байхгүй байгаа. Манай компаниас хөрөнгө завшсан гэж үзээд хуулийн байгууллагад хандсан боловч энэ нь тогтоогдоогүй юм. Тухайн үед хийгдэж байсан баримт нь юу гэхээр нэхэмжлэгчтэй ашиг сонирхлын хамааралтай, Бодит байдал дээр гарсан зардал хамаагүй өндөр дүнтэй байгаа юм. Гол асуудал нь юу вэ гэхээр гэрээний дагуу ажлын тооцоог үзэхээр гэрээний дагуу байгаа хэрнээ “А” ХХК-аас илүү зардал гараад байгаа. Замын асуудлыг хариуцаж байсан Ч.Идэр гэдэг хүн компанийн өөрийн зардлаар замын ажил гүйцэтгүүлээд дээр нь гэрээний төлбөр нэхэмжилсэн нөхцөл байдлыг бий болгосон байна гэж үзэж байгаа юм. Хяналт шалгалтын ажилтнууд гэрээ, гэрээт ажлыг хүлээлцсэн актыг дүгнэж дүгнэлт гаргасан. Тухайн үед нэхэмжлэгчтэй холбоотойгоор хуйвалдсан асуудал байгаад байдаг юм. Хийсэн ажил талбай дээр очиж үзсэн бол нөхцөл байдал өөр болох байсан байх. Хэрэгт шаардлагатай баримтыг гаргаж өгөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 342.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 519 660 496 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЗЗБ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 756 300 төгрөгөөс /519 660 496 төгрөг ногдох/ 2 756 252 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 48 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 2 756 252 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “З” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн шинжилгээ хийж дүгнэлт гаргасан ажлын хөлс 1 849 920 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулан Монголын авто замчдын холбоонд олгуулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "З” ХХК нь “А” ХХК-тай 2011, 2012 онд байгуулсан “замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ” болон “худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр гэх 519 660 496 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлд дурдсан замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “З” ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таяннуурын уурхайгаас Бургастай боомт чиглэлд баригдах 168 км авто замын холбогдох хэсэгтт буюу Цээл, Төгрөг, Бугат, Алтай сумын нутагт ус зайлуулах хоолойн барилгын ажлыг гүйцэтгэхээр заасан. “З” ХХК нь гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй гэж хариуцагчийн зүгээс үздэг. ““А” ХХК-ийн замын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Ч.Идэр болон түүний дотны найз “З" ХХК-ийн захирал Л.Э нар хуйвалдаж ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулж, гэрээт ажлын гүйцэтгэлийг тухайн компанийн захирлаар хянуулж, хөндлөнгийн хяналт хийлгэх нэрийдлээр өөрсдийн багшийн компанийг ажиллуулан манай компанийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор хохироосон. Ийнхүү гэрээт ажлын гүйцэтгэлийг зохих ёсоор хийгдээгүй гэж үзэх үндэслэл бүхий шалтгаан хариуцагчид байдаг. Учир нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Л.Э нь “А” ХХК-д замын хэлтсийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд өөрөөр хэлбэл өөрийн компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хянаж, дүгнэх үүрэгтэйгээр 2 жил орчимд ажилласан байдаг. Л.Э зөвлөхөөр ажилд авах ажлыг “А” ХХК-ийн  замын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Ч.Идэр /Л.Э ын дотны найз/ зохион байгуулсан байдаг. Түүнчлэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой заавал үйлдвэл зохих баримт бичиг болох барилгын ил, далд ажлын акт болон холбогдох бусад акт, дүгнэлт манай компанид үлдээгүй байдаг тул эдгээр баримтыг нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181 /Ш32017/16714 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс тухайн баримтууд нэхэмжлэгчид байхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байдаг. Ажлын гүйцэтгэлийг газар дээр нь очиж үзэхэд нийт 47 ширхэг, пекетийн дугаар бүхий хоолой байгаагаас зөвхөн 41 ширхэг дугуй хоолойн тоо нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтад тусгагдсан пекетийн дугаартай таарч байдаг. Иймд нэхэмжлэгчийн 80 ширхэг дугуй хоолойн барилгын ажил гүйцэтгэсэн гэх тайлбар үндэслэлгүй байх тул Таяннуурын уурхайгаас Бургастайн боомт чиглэлийн 168 км замын дагуух барьсан хоолойн тоог тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/11132019/01942 дугаартай захирамжаар “Монголын авто замчдын холбоо” ТББ-ыг шинжээчээр томилж, “талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Таянуурын уурхайгаас Бургастайн боомт чиглэлийн 168 км авто замын дагууд нэхэмжлэгчийн барьсан гэх дугуй хоолойн тоог тодорхойлох” асуулт тавьсан. Гэтэл “Монголын авто замчдын холбоо” ТББ-ын дүрмийн 2.1-т Монголын авто замчдын холбооны зорилго үйл ажиллагааны чиглэлийг “ ... гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодитой үйлчилгээ, туслалцаа үзүүлэхэд оршино" гэж заасан /нэхэмжлэгч “З” ХХК нь Монголын авто замчдын холбооны гишүүн байгууллага/ байх бөгөөд нэхэмжлэгч “З” ХХК-ийн захирал Л.Э ын хадам аав Н.А нь Монголын авто замчдын холбооны зөвлөлдөх хороо болон удирдах зөвлөлийн гишүүн гэх мэдээллийг бид авсан. Үүний дагуу Монголын авто замчдын холбооны албан ёсны веб хуудас хаягаар орж үзэхэд Л.Э ын хадам аав гэх нь үнэхээр Монголын авто замчдын холбооны зөвлөлдөх хороо болон удирдах зөвлөлийн гишүүн мөн байсан тул энэхүү нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2, 91.1.3, 91.1.4-т заасан үндэслэлд бүрэн хамаарч байна гэж үзэж Монголын авто замчдын холбоог шинжээчээр оролцуулахаас татгалзан гаргах хүсэлтийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан боловч шүүгч хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй байсны улмаас шинжээч 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дүгнэлтээ гаргасан байсан. Гэхдээ шинжээч дүгнэлтээ гаргахдаа зөвхөн хэрэгт авагдсан материалын үзэж танилцаж дүгнэлтээ гаргасан байсан тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангах үүднээс дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь алдаатай болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Таянуурын уурхайгаас Бургастайн боомт чиглэлийн 168 км авто замын дагууд нэхэмжлэгчийн барьсан гэх дугуй хоолойн тоог тодорхойлох шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх болон худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 519 660 496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ус зайлуулах хиймэл байгууламжуудын хоолойн барилгын ажлыг хийж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж холбогдох албан тушаалтнуудад ажил хүлээлцсэн акт үйлдэж хүлээлгэн өгсөн” гэж хариуцагч нь “...гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, ихээхэн хэмжээний бараа материалыг “З” ХХК-д хүлээлгэн өгсөн, ажил хүлээн авсан удирдах албаны хүмүүс хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд хүлээлцсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “А” ХХК-иар Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах Таяннуурын уурхайгаас Бургастай боомт хүртэлх 168.3 км авто замын бетоны ажил гүйцэтгүүлэхээр 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 386/11 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр 20 цэгийн хоолойн ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс 527 900 000 төгрөг төлөхөөр, мөн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 269 тоот замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 46 цэгийн хоолойн ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс 999 000 000 төгрөг төлөхөөр, мөн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 269 тоот гэрээний нэмэлт 368 тоот замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 14 цэгт төмөр бетон хоолойн барилгын ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэх, ажлын хөлс 319 500 000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хэргийн нэгдүгээр хавтасны 8-12, 20-35 дугаар талд авагдсан гэрээнүүд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Мөн талууд 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 227 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 40 ширхэг, замын дугуй хоолойн хэвийг 86 000 000 төгрөгөөр худалдах, урьдчилгаа 50 хувь болох 43 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь хэргийн нэгдүгээр хавтасны 13-19 дүгээр тал дах худалдах худалдан авах гэрээ болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 17-19 дүгээр тал дах баримтаар 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “А” ХХК-ийн  замын хэлтэс нь “З” ХХК-иас худалдан авсан хэвнээс 22 ширхэг хэвийг буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаангүй.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 43-44 дүгээр талд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ дүгнэсэн тухай баримт авагдсан байх ба уг баримтаар 386/11 тоот гэрээний үнэ 527 900 000 төгрөг, үүнээс урьдчилгаа болон явцын санхүүжилтанд нийт 210 457 297 төгрөг төлсөн, 269 тоот гэрээний үнэ 990 000 000 төгрөг, үүнээс урьдчилгаанд 149 850 000 төгрөг төлсөн, 386 тоот нэмэлт гэрээний үнэ 319 500 000 төгрөгт өөрчлөлт орж 318 000 000 төгрөг, гүйцэтгэгч талд төлөх үлдэгдэл төлбөрөөс материалын зардал, түлш, шатахууны болон хангамж материалын зардлыг хасч тооцох, 269 тоот, 386 тоот гэрээний үнийн дүнгийн 5 хувийг суутган авч, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцон баталгаажуулж талууд гарын үсэг зуржээ.

Хэргийн нэгдүгээр хавтасны 45-48 дугаар талд “А” ХХК-ийн  Дотоод хяналт шалгалт эрсдэл удирдлагын хэлтсийн гаргасан 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14/02 тоот дүгнэлт байх ба уг дүгнэлтээр “З” ХХК нь 2011 болон 2012 онд 80 ширхэг ус зайлуулах байгууламж /дан болон хос дугуй хоолой/ нийт 1 807 750 000 төгрөгийн ажил гүйцэтгэж 871 082 207 төгрөгийн үндсэн материал болон бусад зардлыг захиалагч талаас гаргасан 410 307 297 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг захиалагч нь гүйцэтгэгчид төлж, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 526 360 496 төгрөг бөгөөд 269 тоот гэрээ түүний нэмэлт гэрээнд заасны дагуу барьцаа төлбөрт 64 012 500 төгрөгийг авч үлдэх бөгөөд үлдэгдэл төлбөр нь 462 347 996 төгрөг, 227 тоот худалдах худалдан авах гэрээний дагуу 23 000 000 төгрөгний өглөгтэй талаар дүгнэж, талууд танилцаж хэн аль нь зөвшөөрч гарын үсэг зурсан, хэргийн нэгдүгээр хавтасны 41-42 дугаар тал авагдсан баримтаар “А” ХХК нь “ЗЗБ” ХХК-д дээрх 4 гэрээний төлбөр 485 347 996 төгрөгийг хугацаанд төлөөгүй 8 болон 10 дугаар сард тодорхой хуваарийн дагуу төлөх саналтай байгаа талаарх санал хүргүүлж байсан зэрэг баримтаас үзвэл Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагч нь хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Ийнхүү дээрх 3 ажил гүйцэтгэх гэрээг талууд 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дүгнэснээс хойш нэхэмжлэгч “З” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагч “А” ХХК нь доголдолтой, дутуу хийсэн талаар гомдол гаргаж байгаагүй учир Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 80 ширхэг цэгийн хоолойн ажил чанарын шаардлага хангаагүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, энэ талаар шүүхэд гомдлын шаардлага гаргаагүй, гэрээ цуцлах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул доголдолтой ажил гүйцэтгэсэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 61-64 дүгээр талд Дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 206 тоот прокурорын тогтоол авагдсан байх ба уг тогтоолоор “А” ХХК-ийн  замын хэлтсийн дарга Ч.Идэр нь 2011-2013 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Таяннуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168.3 км хатуу хучилттай авто зам ус зайлуулах хиймэл байгууламжийг байгуулах ажлыг гүйцэтгүүлэхдээ өөрийн танил Л.Э ын компаниар гүйцэтгүүлэн уг ажлаа шалгаж хүлээн авах төслийн удирдагчийн албан тушаалд авч “А” ХХК-д 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч Ч.Идэрийг төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Уг тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “А” ХХК-ийн  замын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.И болон түүний найз “З” ХХК-ийн захирал Л.Э нар хуйвалдаж ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлийг тухайн компанийн захирлаар хянуулж хөндлөнгийн хяналт хийлгэх нэрийдлээр өөрсдийн багшийн компанийг ажиллуулан тус компанийн эрх ашиг сонирхлыг хохироосон гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болох нь тогтоогдсон.

 

Хариуцагч нь ажлын гүйцэтгэлийг газар дээр нь үзэхэд 47 ширхэг пекетийн дугаар бүхий хоолой байгаагаас 41 ширхэг дугуй хоолойн тоо нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтад тусгагдсан пекетийн дугаартай тохирсон тул 80 ширхэг ус зайлуулах байгууламжийн дан болон хос дугуй хоолойг хийж гүйцэтгээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан тайлбар болон давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь хариуцагчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилж, шинжээч нь нэхэмжлэгч “З” ХХК-ийн барьсан ус зайлуулах дугуйн хоолойн тоог талуудыг оролцуулан тогтоохоор хариуцагчид албан бичиг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, ажил гүйцэтгэх боломжоор хангаагүй байна.

 

Түүнчлэн “А” ХХК-ийн  Дотоод хяналт шалгалт эрсдэл удирдлагын хэлтсийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 14/02 тоот дүгнэлтээр “З” ХХК нь 2011 болон 2012 онд 80 ширхэг ус зайлуулах байгууламжийн дан болон хос дугуй хоолойн ажил гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн талаар дурьдсан, Эрүүгийн хэрэгт гаргасан Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 08-07-033/07/27 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 029 тоот шинжээчийн дүгнэлт, гэрч Д.Д-ын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 22 ширхэг хэвийг 1 750 000 төгрөгөөр тооцон буцаан авсан уг мөнгийг ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 485 347 996 төгрөгөөс хасч тооцож 455 647 996 төгрөг, барьцаанд авч үлдсэн 64 012 500 төгрөгний хамт нийт 519 660 496 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангасан шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн шинжээч томилсон шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй шинжээчээс татгалзсан гэх гомдол үндэслэлгүй. Учир нь шүүхээс шинжээч томилсон боловч шинжээчийг ажиллах боломжоор хангаагүй тул шүүх хүсэлтийг хангасан гэж үзнэ.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бус шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйгээс гадна дахин шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 756 253 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ