Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 857

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Э гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00542 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Э гийн хариуцагч Б.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 870 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.З,

Хариуцагч: Б.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Ш.Э  миний бие 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б.Э 137 000 юанийн зээл авах тухай хүсэлт гаргасны дагуу хүү алдангигүй, барьцаагүй, 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр аман гэрээ байгуулан 137 000 юань буюу 48 870 640 төгрөгийг "Их Монгол Кредит" ББСБ-аар дамжуулан юанийн шилжүүлгээр Б.Э ын 62284 8008 68566 61177 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн. Гэтэл Б.Э нь 137 000 юань хүлээн авснаас хойш 1 сарын дараа буцааж надад төлөөгүй бөгөөд удаа дараа нэхэж шаардсаны эцэст 2018 оны 04 дүгээр сард 10 000 000 төгрөг, 09 дүгээр сард 15 000 000 төгрөгт тооцон 31-91 УНӨ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл 23 870 640 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Миний бие Б.Э аас үлдэгдэл 23 870 640 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн 137 000 юанийг 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкны хаалтын ханшаар 1 юанийн төгрөгтэй харьцах ханш буюу 356.72 төгрөгөөр үржүүлж 48 870 640 төгрөг хэмээн тооцоолсон болно. Иймд Б.Э аас 23 870 640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй. Би 2017 оны 03 дугаар сард Р.Б (Алтайн Хүдэр ХХК-ийн эзэн)-т 137 000 юанийг зээлдэх тухай хүсэлт гаргаж улмаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлд дурдсан буюу түүний харьяаллын ББСБ-аар дамжуулан өөрийн дансанд шилжүүлэн авсан. Гэтэл нэхэмжлэлд Ш.Э тэй хэлцэл хийсэн мэтээр дурдсан байгаа нь үндэслэлгүй юм. Р.Б бид хоёр 2017 оны 03 дугаар сард харилцан тохиролцохдоо 137 000 юанийг 1 жилийн хугацаанд багтаан хэсэгчлэн төлж барагдуулахаар аман гэрээ байгуулсан нь үнэн болно. Гэтэл нэхэмжлэлд 1 сарын хугацаатай гэж дурдсан байгаа нь үндэслэлгүй юм. Би Р.Б тай 2017 оны 06 дугаар сард түүний харьяаллын “А” ХХК-д төлбөртэйгөөр ажиллах (аливаа татвар, хураамжгүй) тухай амаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус хэлцэлд би дээрх компанийн зарим нэгэн ажил үүргийг 90 хоногийн хугацаатай гүйцэтгэх бөгөөд хэлцлийн нийт үнийн дүн нь үүргийн гүйцэтгэл, ажлын бүтээмжийг харгалзалгүйгээр тооцогдох буюу энэхүү хөлсийг өмнө зээлсэн мөнгөн хөрөнгөнөөс суутгах талаар аман гэрээ байгуулсан юм. Энэхүү хэлцлийг байгуулснаар өмнөх гэрээний нөхцөлд өөрчлөлт орж шинээр гэрээ байгуулагдсан атал нэхэмжлэлд огт дурдаагүй байгаа нь үндэслэлгүй болно. 2017 оны 07 дугаар сард Р.Б бид хоёр дахин аман гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу миний 90 хоногийн ажлын хөлснөөс урьдчилгаа болгон 3 000 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Мөн 2017 оны 03 дугаар сард зээлсэн 137 000 юань буюу 48 870 640 төгрөгөөс би 25 000 000 төгрөгийг 2018 онд багтаан бэлнээр, хэсэгчлэн төлөх ба үлдэгдлийг миний 90 хоногийн ажлын хөлсөнд тооцон барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Иймд нэхэмжлэлд дурдсан 23 870 640 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн үнийн дүн болох 23 870 640 төгрөгийг өгөхөөс бүхэлд нь татгалзаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Э аас 23 870 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Э гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Хариуцагч Б.Э нь надаас зээл авах тухай хүсэлт гаргасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүү алдангигүй, барьцаагүй, 1 сарын хугацаатай 137 000 юань буюу 48 870 640 төгрөгийг зээлдүүлэхээр аман гэрээ байгуулан “Их Монгол Кредит” ББСБайгуулагаар дамжуулан юанийн шилжүүлгээр Б.Э ын 62284 8008 68566 61177 тоот дансанд шилжүүлсэн болно. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч миний бие хариуцагчид зээлдүүлсэн мөнгийг шилжүүлсэн тухай "Их Монгол Кредит” ББСБ-аас гарган өгсөн тодорхойлолтыг нотлох баримтаар гарган өгсөн. Гэтэл шүүх тус нотлох баримтыг хариуцагчид шилжүүлж гүйлгээ хийснийг нотолсон баримт” гэж дүгнэсэн мөртлөө мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлснээр зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг нотлохгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Гэтэл шүүх өөрийн биеэр хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлж, түүнийгээ нотолсон баримтыг хэрэгт гарган өгсөн байгааг, хариуцагч өөрийн өмчлөлдөө 137 000 юань буюу 48 870 640 төгрөгийг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч байгааг, хариуцагч татгалзлаа нотлох ямар нэгэн баримт хэрэгт огт гаргаагүй, гарган өгөх үндэслэл ч үгүй байгааг, мөн зохигчдын хооронд хуульд заасан үндэслэлийн дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байгааг тус тус шүүх анхаарч үзэлгүй, үндэслэл бүхий дүгнэж, шийдвэрлээгүйд гомдолтой байна. Мөн шүүхээс зээлийн гэрээний харилцаа хэрхэн үүссэн, хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх шалтгаанаа нэхэмжлэгч шүүхэд бодитой тайлбарлаагүй "...нэхэмжлэгчийн хусэл зоригийн илэрхийлэл тодорхой бус” гэж дүгнэсэн бөгөөд миний бие ийнхүү дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Б.Э зээл авах тухай хүсэлт гарган миний бие хүсэлтийг нь хүлээн авч бидний хооронд зээлийн аман гэрээ байгуулагдан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар миний бие шүүхэд маш тодорхой тайлбарласан. “Их Монгол Кредит” ББСБ-аас гарган өгсөн тодорхойлолтыг хариуцагчид мөнгө шилжүүлсэн баримт учраас нотлох баримтаар гарган өгсөн. Гэтэл шүүх “...хариуцагчид мөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой ч гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийн хусэл зоригийн илэрхийлэл тодорхой бус ” гэж дүгнэсэн. Харин зээлдүүлсэн мөнгийг хүлээн авч, авсан мөнгөнөөсөө хэсэгчлэн төлөлт хийсэн бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байх үүднээс өөр хүнээс мөнгө зээлсэн хэмээн тайлбарлаж байгаа хариуцагч талын хүсэл зоригийг шүүх бодитойгоор анхаарч дүгнэж үзээгүй.

Шүүх гэрчийн мэдуүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй галаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Шүүх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр "..зохигчдын тайлбар агуулгын зөруүтэй ...шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах хэргийн бодит байдлыг тодруулах шаардлагын үүднээс” иргэн Р.Б, Б.Л, М.А нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9, 123.3 дахь хэсгийг удирдлага болгон 101/Ш32019/06822 дугаар захирамжийг гаргасан. Захирамжийн дагуу гэрч Б.Л 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдөр, М.А 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус тус шүүхэд мэдүүлэг өгсөн. Б.Л,  М.А нар нь нэхэмжлэгч миний хүсэлтээр хариуцагч Б.Э аас 2018 оны 04 дүгээр сард 10 000 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сард 15 000 000 төгрөгт тооцон 31-91 УНӨ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг хүлээн авахад тусалсан. Өөрөөр хэлбэл Б.Л,  М.А нар нь намайг Б.Э аас зээлдүүлсэн мөнгөө хэсэгчлэн хүлээн авч байсныг минь гэрчилж байгаа хүмүүс юм. Харин эдгээр хүмүүс 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б.Э надад зээл авах тухай хүсэлт гаргахад, хүсэлтийг нь хүлээн авч бидний хооронд зээлийн аман гэрээ байгуулагдахад, зээлийн гэрээний дагуу миний бие Б.Э т 137 000 юань буюу 48 870 640 төгрөгийг “Их Монгол Кредит" ББСБ-аар дамжуулан юанийн шилжүүлгээр зээлдүүлэхэд хамт байгаагүй, харж байгаагүй, энэ талаар мэдэхгүй бөгөөд зөвхөн миний хүсэлтийн дагуу Б. Эрдэнэбаяраас мөнгөө хэсэгчлэн хүлээн авахад минь тусалсан бөгөөд энэ талаараа ч шүүхэд мэдүүлсэн. Мөн миний бие энэ талаар маш тодорхой шүүхэд тайлбарлаж байсан. Гэтэл шүүх “...Б.Л ...мэдүүлснээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагчид 137 000 юань буюу 48 870 640 төгрөг зээлдүүлснийг шууд нотлоогүй, нэхэмжлэгчээс сонссон мэдээлэлд үндэслэн зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг гэрчилжээ. Иймд гэрч Б.Лхасүрэнгийн мэдүүлгийг зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг шууд нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэж, гэрчийн мздүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрч нар өөрсдийн мэдэх зүйлсээ л гэрчилж мэдүүлэг өгсөн нь нэхэмжлэгч миний хариуцагчид мөнгө зээлдүүлсэн эсэх, зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар дүгнэх шууд нотлох баримт болж байгаад гомдолтой байна. Түүнчлэн шүүх гэрч М.Адъяахүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасныг зөрчин гэрчээр асуусан тул мэдүүлгийг үнэлэгдэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Гэтэл М.А нь нэхэмжлэгч миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүхэд зөвхөн нэхэмжлэл гаргасан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх явцад миний бие өөрийн биеэр оролцож байсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А гээр өөрийгөө шүүхэд төлөөлүүлээгүй. Мөн М.А миний хүсэлтийн дагуу Б.Э аас 15 000 000 төгрөгт тооцон 31-91 УНӨ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг хүлээн авахад тусалсан хүн. Энэ талаараа шүүхэд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг зөвхөн зохигчийн төлөөлөгч гэх үндэслэлээр үнэлэгдэхгүй байгааг ойлгох боломжгүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасан зохицуулалтыг нэхэмжлэгч өөрийг нь төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзан өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нөхцөл байдалтай огт нийцэхгүй байхад хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн хариуцагч тал “...Р.Б аас мөнгө зээлсэн’’ гэх тайлбарыг шүүхэд гаргасныг үгүйсгэн иргэн Р.Б аас "Тайлбар мэдүүлэг” гаргуулан нотариатаар баталгаажуулан шүүхэд нотлох баримтаар гарган өгснийг шүүх 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101 /Ш32020/01611 дугаар захирамжаар “...иргэн Р.Б ыг гэрчээр асуух шаардлагагүй” гэж дүгнэн захирамжилсан учраас Р.Б ын “Тайлбар мэдүүлэг” гэсэн баримтыг нотлох баримтаас хассан. Шүүх өөрийн санаачилгаар Р.Б ыг гэрчээр асууж, мөн асуухгүй байж болно. Харин нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтыг үнэлэх ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Э аас зээлийн үлдэгдэл төлбөр 23 870 640 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Давж заалдах гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Э  нь хариуцагч Б.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 870 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Э  нь “...Б.Э т 137 000 юань буюу 48 870 640 төгрөгийг зээлдүүлсэн, үлдэгдэл 23 870 640 төгрөгийг гаргуулна” гэж, хариуцагч Б.Э нь “...Ш.Э тэй хэлцэл хийгээгүй, мөнгө аваагүй. Харин Р.Б аас зээлсэн мөнгийг Ш.Э  шилжүүлсэн. Р.Б бид хоёр 2017 оны 03 дугаар сард харилцан тохиролцохдоо 137 000 юанийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар амаар тохиролцсон” гэж тус тус тайлбарласан байна. /хх-1, 13-14/

 

Хэргийн 3 дугаар тал дах “Ш.Э  нь манай банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Э т 137 000 юаний шилжүүлгийг шилжүүлсэн нь үнэн болно” гэх агуулгатай “Их Монгол Кредит” ББСБ-ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт авагдсан ба уг баримт нь Ш.Э  Б.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг шууд тодорхойлохгүй. Учир нь талуудын хооронд шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгө нь хэргийн баримтаар хэний хөрөнгө болох нь тодорхойгүй, хариуцагчийн нэрлэн заасан Б.Базарын хөрөнгө мөн эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоолгүйгээр хэрэгт авагдсан баримтыг үнэлж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.  

Мөн хэргийн 38-39 дүгээр тал дах Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн 101/ШЗ2019/06822 дугаар захирамжаар “...хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулж Р.Б, Б.Л,  М.А нарыг гэрчээр оролцуулах, дээрх зээлд тооцож өгсөн гэх автомашины өмчлөгчийн талаархи дэлгэрэнгүй лавлагааг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Хэргийн баримтаар зохигчдын хэн аль нь автомашины өмчлөгчийн талаар лавлагаа гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх өөрийн санаачилгаар лавлагаа гаргуулах, гэрч асуулгах ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Мөн эрх зүйн байдлын хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан н.А-г гэрчээр асуусан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Зөвхөн  гэрчийн мэдүүлгийг үнэлснээр дээрх мөнгөн хөрөнгө нь Ш.Э гийн мөнгө гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Иймээс хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авах, үзлэг, шинжилгээ хийлгүүлэх, хуулийн этгээдээс лавлагаа гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэх боломжтой. Энэ тохиолдолд хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлан талуудыг хүсэлт гаргах эрхээр хангаж чиглүүлэх, хуульд нийцүүлсэн байдлаар нотлох баримт гаргах, улмаар тухайн баримтуудад дурдагдсан үйл баримтын талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг бүрэн хийсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, талуудын хоорондын маргааны зүйл тодорхой бус, энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 203 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ