Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/02278

 

 

 

 

 

 

 

 

  2020        06          22                                          101/ШШ2020/02278          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Э     

 

Хариуцагч: Б.Э

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,870,640 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Ш.Э миний бие 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Болдбаатарын Э 137,000 юанийн зээл авах тухай хүсэлт гаргасны дагуу хүү алдангигүй, барьцаагүй, 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр аман гэрээ байгуулан 137.000 юань буюу 48,870,640 төгрөгийг "Их Монгол Кредит" ББСБайгуулагаар дамжуулан юанийн шилжүүлгээр Б.Эын 62284 8008 68566 61177 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн.

Гэтэл Б.Э нь 137,000 юань хүлээн авснаас хойш 1 сарын дараа буцааж надад төлөөгүй бөгөөд удаа дараа нэхэж шаардсаны эцэст 2018 оны 4 сард 10,000,000 төгрөг. 9 сард 15,000,000 төгрөгт тооцон 31-91 УНӨ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл 23,870,640 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Миний бие Б.Эаас үлдэгдэл 23,870,640 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна.

Мөн 137,000 БНХАУ-ын юанийг 2017.03.26-ны өдрийн Монгол банкны хаалтын ханшаар 1 юанийн төгрөгтэй харьцах ханш буюу 356.72 төгрөгөөр үржүүлж 48,870,640 төгрөг хэмээн тооцоолсон болно. Иймд Б.Эаас 23,870,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй. Хариуцагч нь н.Базартай аман гэрээ байгуулсан гэх тайлбаруудыг хэлээд байдаг. Энэ талаарх ямар ч нотлох баримт хэрэгт байдаггүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод, Давж заалдах шатны шүүхээс энэ хэрэг нь процессоор унаад, Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүхээс н.Базарыг гэрчээр асуухаар болсон. н.Базар нь Б.Эыг танина. Гэхдээ бидний дунд зээлийн асуудал яригдаагүй гэж тайлбар бичсэн. н.Базарын тайлбарыг хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэгч нь Төрийн банкиндаа 90,000,000 төгрөгтэй байсан. Сарын дараа хариуцагч мөнгөө зээлдүүлсэн. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа нь үүссэн. Хариуцагч тал хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаа огт гаргаж өгөөгүй. Манай талаас зээлийн гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч нь дансандаа 90,000,000 төгрөгтэй байсан гэдгийг нотлох баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь Их Монгол кредит ББСБ-аар дамжуулан хариуцагчийн данс руу мөнгөө шилжүүлсэн байдаг.

Зээлийн гэрээний харилцаа үүссэн. Хариуцагчийн өмчлөлд мөнгийг шилүүлсэн. Хариуцагч эргэн төлөлтийг хийдэг байсан. Хариуцагч мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч нь татгалзлаа нотлох ёстой. Бид нотлох баримтуудаа хангалттай гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй.

Би 2017 оны 03 дугаар сард Р.Базар (Алтайн Хүдэр ХХК-ийн эзэн)-т 137,000 юанийг зээлдэх тухай хүсэлт гаргаж улмаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлд дурдсан буюу түүний харьяаллын ББСБ-аар дамжуулан өөрийн дансанд шилжүүлэн авсан. Гэтэл нэхэмжлэлд Ш.Этэй хэлцэл хийсэн мэтээр дурдсан байгаа нь үндэслэлгүй юм. Б.Базар бид хоёр 2017 оны 03 дугаар сард харилцан тохиролцохдоо 137,000 юанийг 1 жилийн хугацаанд багтаан хэсэгчлэн төлж барагдуулахаар аман гэрээ байгуулсан нь үнэн болно. Гэтэл нэхэмжлэлд “1 сарын хугацаатай” гэж дурдсан байгаа нь үндэслэлгүй юм.

Би Р.Базартай 2017 оны 06 сард түүний харьяаллын “Алтайн Хүдэр” ХХК-д төлбөртэйгөөр ажиллах (аливаа татвар, хураамжгүй) тухай амаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус хэлцэлд би дээрх компанийн зарим нэгэн ажил үүргийг 90 хоногийн хугацаатай гүйцэтгэх бөгөөд хэлцлийн нийт үнийн дүн нь үүргийн гүйцэтгэл, ажлын бүтээмжийг харгалзалгүйгээр тооцогдох буюу энэхүү хөлсийг өмнө зээлсэн мөнгөн хөрөнгөнөөс суутгах талаар аман гэрээ байгуулсан юм. Энэхүү хэлцлийг байгуулснаар өмнөх гэрээний нөхцөлд өөрчлөлт орж шинээр гэрээ байгуулагдсан атал нэхэмжлэлд огт дурдаагүй байгаа нь үндэслэлгүй болно.

2017 оны 07 дугаар сард Р.Базар бид хоёр дахин аман гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу миний 90 хоногийн ажлын хөлснөөс урьдчилгаа болгон 3,000,000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Мөн 2017 оны 03 дугаар сард зээлсэн 137,000 юань буюу 48,870,640 төгрөгөөс би 25,0000 төгрөгийг 2018 онд багтаан бэлнээр, хэсэгчлэн төлөх ба үлдэгдлийг миний 90 хоногийн ажлын хөлсөнд тооцон барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Иймд нэхэмжлэлд дурдсан “23.870.640 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна” гэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн үнийн дүн болох 23.870.640 төгрөгийг өгөхөөс бүхэлд нь татгалзаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Э, хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,870,640 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 137,000 төгрөг буюу 48,870,640 төгрөгийг Б.Эт зээлдүүлсэн, зээлээс 25,000,000 төгрөгийг буцаан авсан хэмээн 23,870,640 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба “...ЦЖ87082101 регистрийн дугаартай Ш.Э 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр D.Erdenebayar нэртэй, хүлээн авагчийн 62284 8008 68566 61177 дугаартай данс руу 137,000 юанийг  шилжүүлсэн нь үнэн...” гэх утгатай “Их Монгол Кредит ББСБ” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолтыг үндэслэл болгож байна.

Нэхэмжлэгч Ш.Эгийн эзэмшдэг Төрийн банк дахь 102200210244 дугаартай дансанд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 26-ны өдөр 80,000,000 төгрөгийн орлого орсон байх ба мөн оны 02 дугаар сарын 26-ны өдөр 90,000,000 төгрөгийн зарлага гарсан тухай Депозит дансны харилцагчийн монгол хуулга, “Их Монгол Кредит ББСБ” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт хэрэгт авагдсан боловч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгчээс зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг нотлохгүй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сард 10,000,000 төгрөг, 9 дүгээр сард 15,000,000 төгрөгт тооцож автомашин авсан гэх боловч уг 25,000,000 төгрөгийн дүн бүхий эд хөрөнгө, мөнгийг хариуцагчаас хэрхэн хүлээн авсан, зээлийн гэрээний дагуу авсан хариу төлбөр байсан эсэхийг нотлох баримтаар нотлоогүй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхээр бүрдүүлж авахаар хүсэлт гаргах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг бүхий эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үүрэг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй нь хүндэтгэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Эаас 23,870,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.УНДРАА